| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00168/И |
| Дугаар | 00175 |
| Огноо | 2019-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 00175
| 2019 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00175 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин суух оршин суух, дугаарын регистртэй, Я овогтой Өын Нын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 153/2019/00168/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний биө Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1978 оны 6 дугаар сараас эхлэн илгээлтийн эзэн болж эцэг, эхийнхээ хамтаар мал малласан. 1980 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид 3 жилийн цэргийн алба хаагаад 1983 оны 6 дугаар сард халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд эцэг, эхийнхээ хамтаар мал маллаж байгаад эхнэр А.Дарьсүрэнтэй 1984 онд гэр бүл болж, улмаар 1991 он хүртэл тасралтгүй мал малласаар ирсэн.
Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учраас аймгийн архиваас баримтуудаа шүүлгэж үзэхэд тухайн үеийн 70 дугаар дансны бичилт дутуу, лавлагаа гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Ө.Н намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 31- ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ө.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ө.Н нь 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 264 тоот албан бичиг,
- Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зас нэгдлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16 тоот ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
- Хүсэлт гаргагчийн А1461954 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1605000555 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 401627 дугаар цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1978 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1009 дугаар эвлэлийн илгээлтийн үнэмлэх,
- Ө.Н, А.Дарьсүрэн нарын гэрлэлтийн бүртгэлийн 126/000956 дугаар лавлагаа,
- Хүсэлт гаргагчийн 1979 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн, 1979 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн сайшаалын үнэмлэхүүд,
- Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн 126/000955 дугаар лавлагаа,
- Хүсэлт гаргагчид 1978 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон талархал,
- Хүсэлт гаргагчийн 16/13 дугаар Сайн малчин медалийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Б.Зуноровын “.... Би 1957 онд Дөргөн суманд төрсөн. 1975 онд цэрэгт яваад 1978 онд халагдаж ирсэн. 1975 оноос 1982 оны 06 дугаар сар хүртэл Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд тэмээчнээр, 1982 оны 06 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад тоо бүртгэгч, ёл хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Ө.Н нь 1962 онд төрсөн. 1978 онд Мянгад сумын 8 жилийн дунд сургууль төгсөж, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад илгээлтээр малчнаар очсон. 1978 оноос 1980 он хүртэл аав ээжийн хамт мал маллаж байгаад 1980 оноос 1983 оны 6 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. 1983 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд аав ээийн хамт мал маллаж байгаад 1984 онд А.Дарьсүрэнтэй айл өрх болсноос хойш 1991 он хүртэл бог малчнаар ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг
Гэрч С.Батсуурийн “... Би Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад 1955 онд төрсөн. 1964 онд Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийг 4 дүгээр анги төгссөн. 1964 оноос 1976 он хүртэл аав ээжийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад бог мал малладаг байсан. 1976 оноос гэр бүл болж 1992 он хүртэл уг нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Ө.Н нь 1978 онд Мянгад сумын 8 жилийн дунд сургууль төгсөж, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад илгээлтээр малчнаар очсон. 1978 оноос 1980 он хүртэл аав ээжийн хамт мал маллаж байгаад 1980 оноос 1983 оны 6 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. 1983 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд аав ээжийн хамт мал маллаж байгаад 1984 онд А.Дарьсүрэнтэй айл өрх болсноос хойш 1991 он хүртэл бог малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ө.Ныг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Яргай овогт Өлзийбатын Ныг 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ө.Нын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ