Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00176

 

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2019/00176

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 10-3 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Х. овогтой Ц.ын Нийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 153/2019/00175/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Нямдаваа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Ц.Нямдаваа нь 1964 онд Ховд аймгийн Мянгад суманд малчин ард Хандын ууган хүүхэд болж төрсөн. Дороо 6 дүүтэй. 1980 оны 5 дугаар сард наймдугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр гарч эцэг эхийнхээ хамт бог мал маллаж байгаад 1984 оноос эхлээд Мянгад сумын Давшилт нэгдэл тарах хүртэл буюу 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үхэр маллаж байсан. Ар гэрийн гачигдлын улмаас цэргийн алба хаагаагүй.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн архиваас надтай холбоотой ямар нэгэн баримт гарахгүй байгаа учраас хохироод байна. Миний хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүд бас бүрэн биш бичигдсэн байгаа. Мянгад сумын архив шатсан учраас миний мал маллаж байсан хугацааны баримтууд гарахгүй байгаа болно. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1980 оны 6 дугаар сараас 1983 оныг дуустал хоньчноор, 1983 оны 01 дүгээр сараас 1991 он хүртэл үхэрчнээр тус тус ажиллаж байсаныг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Нямдаваа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оны 6 дугаар сараас 1983 оныг дуустал, 1984 оны 01 дүгээр сараас 1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Нямдаваа нь 1980 оны 6 дугаар сараас 1983 оныг дуустал, 1984 оны 01 дүгээр сараас 1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдринй 240 тоот албан бичиг,

- Хүсэлт гаргагчийн 1981 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1600002314 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А0776189 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Онцгой байдлын албаны гал түймрийн улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт,

- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 42 тоот лавлагаа,

- Ц.Нямдаваа, Ц.Эрдэнэбилэг нарын гэрлэлтийн бүртгэлийн 126/101240 дугаар лавлагаа,

- Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн 126/101238 дугаар лавлагаа,

Гэрч Д.Янсанжавын ... “Би 1950 онд Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг баг буюу 2 дугаар бригадад төрсөн. 1971 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1971-1993 оныг дуустал малчнаар ажилласан.  Ц.Нямдаваа нь 1980 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн 8 дугаар анги төгсөөд 1980 оноос 1983 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад, 1983-1993 оныг дуустал Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг

Гэрч Г.Нямсүрэнгийн “....Би 1953 онд Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутагт төрсөн. 1964 онд Мянгад сумын 4 дүгээр ангийг төгсөөд аав ээжийн хамт 1971 он хүртэл мал малласан. 1971-1974 онд цэргийн алба хаагаад 1974 оны 6 дугаар сараас Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар 1993 оны дуустал малчнаар ажилласан. Ц.Нямдаваа нь 1980 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн 8 дугаар анги төгсөөд 1980 оноос 1983 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад, 1983-1993 оныг дуустал Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Н дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ханд овогт Цогт-Очирын Н 1980 оны 6 дугаар сараас 1983 оныг дуустал, 1984 оны 01 дүгээр сараас 1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ