Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00177

 

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2019/00177

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, .. дугаарын регистртэй, Х. овогтой Т.ын Эгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 153/2019/00192/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт Төрбатын 3 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8-н жилийн дунд сургуульд 1974 онд 1 дүгээр ангид орж 1981 онд төгсөөд мал маллаж байгаад, 1986 онд барилгын жилийн курс төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын барилга угсралт Трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 175, 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 104 тоот тушаалын дагуу засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд 1987 оноос 1990 оныг дуустал тасралтгүй 4 жил ажиллаж байсан.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаарлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас лавлагаа авч хэрэгг хавсаргасан.

 

Иймд Т.Э намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын барилга угсралт Трестэд 1987 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал барилга угсралтын трестэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Т.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Э нь 11987 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1323 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 187 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 175, 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 104 тоот тушаалуудын хуулбарууд,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1616000580 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А000117161 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- С.Пүрэвхүү, Т.Э нарын гэрлэлтийн бүртгэлийн 126/101408 дугаар лавлагаа,

- Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн 126/101411 дугаар лавлагаа,

- Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаар лавлагаа,

Гэрч С.Шүхэрцэцэгийн ... “Би 1983 онд Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийг төгсөөд 1984 онд Баян-Өлгий аймгийн техник мэргэжлийн сургуулийг шавар засалчин мэргэжлээр төгсөн 1986 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын тсрестэд шавар засалчнаар ажилласан. Манай 6 дугаар бригад 1986 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллаж байх үед Т.Э 1987 онд сургуулиа төгсөөд манай бригадад шаварчнаар ажиллахаар ирсэн. 1986-1990 он хүртэл бид хамт ажилласан. 1990 оноос хойш Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум руу яваад малчин болсон... гэх гэрчийн мэдүүлэг

Гэрч Ж.Отгонхишигийн “... Би 1950 онд Эрдэнэбүрэн сумын Баянгол багт төрсөн. 1970 онд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 7 анги төгссөн. Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг шаварчнаар 1972 онд төгссөн. 1972 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Барилга трестийн газрын 6 дугаар бригадад шаварчнаар ажилласан. Би 1986 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллахаар очих үед Т.Э 6 дугаар бригадад нормчин хийж байсан. Тэр үеэс эхлэн хамтран ажилласан. Т.Этай 1992 он хүртэл хамт ажиллаж байгаад би Ховд аймаг руу шилжиж орж ирсэн... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Эг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хяргас овогт Төрбатын Эг 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Т.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ