| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00152/И |
| Дугаар | 00178 |
| Огноо | 2019-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 00178
| 2019 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00178 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сумын Наран багийн 8-8 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Х. овогт Н.ын Дын хүсэлттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 153/2019/00152/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг 1972 оноос 1980 оны хооронд 8 дугаар ангиа төгссөн. 1980 оноос 1982 оны хооронд Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийн өрлөгийн ангийг 2 жилийн хугацаанд сурч төгссөн. 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймаг, Жаргалант сумын Ховд барилга угсралтын конторт өрөгч, угсрагч, засал чимэглэлийн ажил хийж 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан.
Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд 2 жил суралцаад мэргэжлийн үнэмлэх олгоход миний нэрийг Намжил овогтой Дсүрэн гэж бичсэн байсан. Ингээд 1982 оны 7 дугаар сараас эхлэн Ховд аймаг, Жаргалант сумын Ховд барилга угсралтын конторт өрөгч, угсрагч, засал чимэглэлийн ажил албан тушаалд томилогдоход Хөдөлмөрийн дэвтэр дээр мөн Намжил овогтой Дсүрэн гэж алдаатай нэр бичгдсэн болоод тэтгэвэртээ гарч чадахгүй хохироод байна.
Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 344 дугаар лавлагаагаар “...Ховд аймгийн Барилга угсралтын трестын даргын 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар “Цомхотгол хийх тухай” тушаал, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар “Ажлаас чөлөөлөх” тушаал, Мөн Барилга угсралтын трестын даргын 1982, 1992 онуудын тушаал Н.Дт холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй болно...” гэх албан тоот өгсөн бөгөөд уг тушаалуудад миний нэрийг мөн Намжил овогтой Дсүрэн гэж бичигдсэн байна.
Иймд Н.Дсүрэн гэж бичигдсэн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч нь Н.Д мөн болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант сумын Ховд барилга угсралтын конторт өрөгч, угсрагч, засал чимэглэлийн ажил хийж байсан 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолыг тус тус тогоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 007478 дугаартай 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Хүнхэр овогт Намжилын Д мөн болохыг тогтоож, 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Д нь 007478 дугаартай 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох, 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд өрөгч, засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 344 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга угсралтын трестын даргын 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 50 тоот тушаалуудын эх баримтын хуулбарууд,
- Хүсэлт гаргагчийн 007478 дугаартай 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрий нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон 1600000814 дугаартай баталгаажилтын хуудас, А000018814 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Хүсэлт гаргагчийн 8221 дугаартай мэргэжлийн зэргийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн 126/001023 дугаар лавлагаа,
- Ө.Баярхүү, Н.Д нарын гэрлэлтийн бүртгэлийн 126/001024 дугаар лавлагаа,
- Хүсэлт гаргагчид 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон дурсгалын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Т.Наранхүүгийн “...Би Баян-Өлгий аймгийн өрлөгийн ангийг 1980 онд төгсөөд Ховд аймгийн Барилга конторт ажилд орж Ховд аймгийн Буянт суманд хуваарилагдан 1984 он хүртэл ажилласан. Ховд аймгийн Жаргалант суманд 1 жил ажиллаад Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд суманд 1990 он хүртэл ажилласан. 1990 оноос Ховд аймгийн Жаргалант суманд орж ирээд 1992 он хүртэл Ховд аймгийн Барилга угралтын трест, Хас түлхүүр компанид ажиллаж байсан. Намайг Ховд аймгийн Буянт суманд ажиллаж байхад Н.Д нь 1982 онд анх манай суманд хуваарилагдан нэг бригадад хамт ажиллаж шавар өрлөг, заслын ажлыг хийж эхэлсэн. Тэгээд бид нэг бригад учир 1992 он хүртэл хамт ажилласан.... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч С.Шүхэрцэцэгийн “...Би 1983 онд Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийг төгсөөд 1984 онд Баян-Өлгий аймгийн техник мэргэжлийн сургуулийг шавар засалчин мэргэжлээр төгсөн 1986 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын тсрестэд шавар засалчнаар ажилласан. Би 1986 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Услалтын системийн барилга дээр хамт ажиллаж эхэлсэн. 6 дугаар бригад хамт байсан учир 1992 он хүртэл бид хамт ажилласан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Дыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, 007478 дугаар 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Н.Дыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Хүнхэр овогт Намжилын Дыг 007478 дугаартай 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд өрөгч, засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Дын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгохоор улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ