Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д  ийн Б эд холбогдох эрүүгийн 2209000002173 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим хзрэгсэлд жолооны үнэмлэх гаргана гэсэн хуурамч зар байршуулан улмаар зарын дагуу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... тоот гэртээ байхдаа холбогдсон хохирогч Д.С д “45 хоногийн дотор жолооны үнэмлэх гаргаж өгнө, урьдчилгаа 400.000 төгрөг шилжүүл” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 400.000 төгрөгийг иргэн К.Б ын эзэмшлийн “Голомт” банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

Мөн 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Багшийн дээдэд байхдаа холбогдсон хохирогч Т.А т “жолооны үнэмлэх хурдан шуурхай гаргаж өгнө, урьдчилгаа 450.000 төгрөг шилжүүл” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 450.000 төгрөгийг иргэн Н.Б ын эзэмшлийн “Голомт” банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулан, нийт 850.000 төгрөг бусдаас залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь ...үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим хзрэгсэлд жолооны үнэмлэх гаргана гэсэн хуурамч зар байршуулан улмаар зарын дагуу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... тоот гэртээ байхдаа холбогдсон хохирогч Д.С д “45 хоногийн дотор жолооны үнэмлэх гаргаж өгнө, урьдчилгаа 400.000 төгрөг шилжүүл” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 400.000 төгрөгийг иргэн К.Б ын эзэмшлийн “Голомт” банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

Мөн 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Багшийн дээдэд байхдаа холбогдсон хохирогч Т.А т “жолооны үнэмлэх хурдан шуурхай гаргаж өгнө, урьдчилгаа 450.000 төгрөг шилжүүл” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 450.000 төгрөгийг иргэн Н.Б ын эзэмшлийн “Голомт” банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулан, нийт 850.000 төгрөг бусдаас залилан авсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Д.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... тоот гэртээ байхдаа жолооны үнэмлэх гаргуулахаар фейсбүүкээс хайлт хийхэд ... гэсэн фейсбүүк хаягаас жолооны үнэмлэх гаргана гэсэн постны доор ... дугаар бичсэн байхаар нь тухайн дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн авахаар нь жолооны үнэмлэх гаргах уу гэж асуухад гаргана гэхээр нь би гаргуулъя гэсэн чинь 45 хоногийн дотор гаргана, жолооны үнэмлэх гаргахад 800.000 төгрөг болно, эхлээд урьдчилгаа 400.000 төгрөг шилжүүл гэхээр нь тухайн хүний өгсөн Голомт банкны ... дугаарын данс руу өөрийн “Хаан” банкны ... дугаарын данснаас 400.000 төгрөгийг ... гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд 45 хоногийн дараа тухайн хүнээс жолооны үнэмлэхээ асуухад хөдөө байна гэхээр нь би болиод мөнгөө авъя гэсэн чинь хотод очихоороо мөнгийг чинь буцаагаад өгчихье гэж хэлээд намайг жолооны үнэмлэхээ асуух болгонд шалтаг хэлээд хойшлуулсаар байгаад 5 сар болсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

 

Хохирогч Д.С ийн Хаан банк-нд эзэмшдэг ... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 6 дугаар тал/, хохирлын 400.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Хохирогч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын эхээр фейсбүүк цахим орчинд “... ” гэсэн фейсбүүк хаягтай иргэн жолооны үнэмлэх хурдан шуурхай гаргаж өгнө гээд ... дугаар бичээд пост байрлуулсан байсан. Уг ... дугаар руу залгасан чинь жолооны үнэмлэх гаргаж өгнө, 6 дугаар сард багтаад гаргаж өгнө, та урьдчилгаа 450.000 төгрөгийг эхлээд шилжүүлчих гээд байсан. Тухайн үл таних хүний хэлсний дагуу Голомт банкны ... тоот данс руу 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн Хан банкны ... тоот данснаас 450.000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

Хохирогч Т.А ийн Хаан банк-нд эзэмшдэг ... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 87 дугаар тал/,

Гэрч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би ... дуудлагын төвд менежерээр ажилладаг бөгөөд манай дуудлагын төвд 2021 оны 12 дугаар сард Б  гэдэг эмэгтэй оператораар ажилд ороод ажиллаж байхдаа надад ашиглах ямар ч данс байхгүй, миний дансыг шүүхийн шийдвэрээс хаачихсан ашигладаггүй, ашиглачих данс байна уу гэж асуухаар нь надад ашигладаггүй “Голомт" банкны ... дугаарын данс байдаг болохоор нь тухайн дансыг ашиглахгүй юу гээд Голомт банкныхаа картыг өгсөн. Тэгээд Б  миний дансыг ашиглаж байгаад 3 дугар сард ажлаасаа гарахдаа миний картыг өгөлгүй аваад явчихсан. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Тухайн үед би ажилгүй байсан учраас “... ” гэх фэйсбүүк хаягаас жолооны үнэмлэхийн эрх сэргээнэ, үнэмхлэх гаргана гэсэн зарыг 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр, 5 дугаар сарын эхээр зарын групп дээр байршуулсан. Үүний дагуу 5-6 хүн холбогдсон ба хүмүүсээс 400.000 төгрөг авдаг байсан. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...2018 онд биткойны ханш уналтаас болж 13-14 хүний нийт 140.000.000 төгрөгийн хохирол гараад уг мөнгийг төлж явсаар байгаад 63.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2021 оны 12 дугаар сард ... төвд ажилд орсон. Тухайн үед Б гэх оператор хүүхэнд бараа захиалах гэж 2.000.000 төгрөг өгөөд 400.000 төгрөгийн бараа ирсэн. 1 дүгээр сарын эхээр Б төрөөд ажлаасаа гараад би мөнгөө авч чадаагүй. Б үнэмлэх гаргах хүн байна уу гэхэд нь би 4 хүн олж өгсөн. Би С , У  нарт хохирлыг төлсөн. А 280.000 төгрөг шилжүүлсэн, 170.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Д.Б эд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тухайлбал шүүгдэгч Д.Б ийн үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл буюу фэйсбүүк ашиглан хуурамч зар байршуулж, бусдыг төөрөгдөлж оруулж, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Б ийг Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.С д 400.000 төгрөгийн, хохирогч Т.А т 450.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.С д 400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хх-17-18/ байх тул түүнд төлөх төлбөргүй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ээс хохирогч Т.А т 280.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлгийг гаргах боловч энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Д.Б ээс 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.А т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Д.Б эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна… ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Б ээс ...хохирлыг төлж барагдуулах тул зорчих эрхийг хязгаарлах ялыг үргэлжлүүлж өгнө үү... гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргаж мэтгэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 52-59, 67-70 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Д.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Д.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зорчих эрхийг хязгаарлах ял” оноож, ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б ийг шүүхээр ял шийтгүүлснээс хойш дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хор уршиг, хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэхэд түүнд оногдуулах ялыг хүндрүүлж хорих ял оноох шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. 

Шүүгдэгч Д.Б нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/654 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 11 сар 02 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн албан бичигт: “...шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 645 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас ...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 1 жил 11 сар 17 хоногийн үлдэгдэлтэй байна...” гэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б ийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/654 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 17 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь ... тоотод оршин суудаг болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн биеийн байцаалтаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Д.Б ийг дээрх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д  ийн Б ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б эд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/654 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 17 /арван долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б эд шүүхээс оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ээс 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.А т олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Буяннэхэмэд урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТСАЙХАН