Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Марина, С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р баг, Уртбулаг 5 хороолол, 2 байрны 8 тоотод оршин суух, Л. овогт Н.ийн Э /.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт /Ховд аймгийн Дарви сумын Булган багийн 3-02 тоот үндсэн хаягтай/ оршин суух, Ш овогт Оийн Б / /-д холбогдох,

Гэм хорын хохиролд 19,250,000 /арван есөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 153/2019/00059/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, иргэдийн төлөөлөгч Ш.Зоригт, нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч О.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нацагдоржийн Э миний бие 2018 оны 2-р сарын 26-ны өдөр 2554ХОҮ улсын дугаартай Тоёота Хайс маркийн автомашинтай Ховд аймгаас Хөшөөтийн уурхай зорчиж явахдаа О.Бийн жолоодож явсан 9910 ДГО улсын дугаартай аксент маркийн автомашинтай мөргөлдөж биедээ хүндэвтэр гэмтэл авсан.

Энэхүү зам тээврийн ослын улмаас 2018 оны 02-р сарын 26-наас 2018 оны 08-р сарын 27-ны өдөр хүртэл, мөн 2018 оны 11-р сарын 13-ны өдрөөс 2018 оны 12- р сарын 12-ныг хүртэл нийт 7 cap ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон.

Энэ хугацаанд ослоос үүдсэн гэмтлээ эмчлүүлэн 2 удаагийн мэс засалд орсон. 2018 оны 12-р сарын 18-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Орсоогийн Бийг гэм буруутайд тогтоож миний бие Н.Э намайг өөрт учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардал иргэний журмаар нэхэмжлэхээр заасан. Иймд миний 7 cap ажилгүй эмчилгээтэй байсан хугацааны цалин болох нийт 19,250,000 төгрөгийг хариуцагч Орсоогийн Боос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2018 оны 02 дугаар сарын 26-нд уг хэрэгт холбогдож Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 192 тоот шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаатай тэнсэх ял авсан. Уг шийтгэх тогтоолоор би 141,414 төгрөгийг Н.Эт, 24,440,000 төгрөгийг МоЭнКо компанид, 11,644,909 төгрөгийг Тэнгэр даатгал ХХК-д төлөхөөр болсон. Үүнээс Н.Эт 141,414 төгрөгийг 2019 оны 1 сард өгсөн. Одоо МоЭнКо болон, Тэнгэр даатгал ХХК-д шийтгэх тогтоолд заасан мөнгийг боломжоороо төлж байгаа.

Одоо миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, сарын орлоггүй болчихсон учир Н.Эын нэхэмжилж буй уг мөнгийг төлөх ямар боломжгүй байна. Н.Э 7 сарын цалингын мөнгө нэхэмжилсэн байна. Уг хэрэг маргаан 2 сарын 26-нд болсон учир Н.Э 2 сарынх нь цалин гүйцэд орсон байсан. Мөн тэр 2 удаагийн мэс заслын төлбөрийг Тэнгэр даатгал ХХК-аас гаргаж өгсөн бөгөөд одоо би Тэнгэр даатгал ХХК-д уг эмчилгээний зардлыг төлөөд явж байгаа учир эмчилгээний зардлыг төлөх ямар ч үндэслэлгүй. Иймд уг нэхэмжилж буй мөнгийг төлж чадахгүй. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь О.Бид холбогдуулан гэм хорын хохирол 19,250,000 /арван есөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмж гэж олгосон 7,015,235 /долоон сая арван таван мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийг хасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 12,235,654 /арван хоёр сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөг гэж тодрууллаа.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулбал хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас 7 сар ажилгүй эмчилгээтэй байсан хугацааны цалин 19,250,000 төгрөг гэх ба хариуцагч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сарын орлогогүй учраас төлөх боломжгүй, мөн Тэнгэр даатгал ХХК-д уг эмчилгээний зардлыг төлөөд явж байгаа учраас төлөх үндэслэлгүй. Харин Тэнгэр даатгал ХХК болон МоЭнКо ХХК-д төлөх ёстой хохирлоо төлж барагдуулсаны дараа 5,600,000 төгрөгийг төлөх боломжтой гэж тайлбарлан мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч О.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас өөрийн жолоодож явсан 99-10 ДГО улсын дугаартай Aксент маркийн тээврийн хэрэгслээр нэхэмжлэгч Н.Эын 25-54 ХОҮ улсын дугаартай Toyota Hiace маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхад мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолоор[1] нотлогдож, тогтоогджээ.

Уг шийтгэх тогтоолоор ....Орсоогийн Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ....хохирогч Н.Э нь ажилгүй байсан хугацааны цалингаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдаж .... шийдвэрлэжээ[2].

Н.Э нь хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин, хөлс түүнтэй адилтгах орлого 12,235,654 төгрөг нэхэмжилсэн ба энэ хохирлыг дээрх шийтгэх тогтоолоор хэлэлцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцлээ.

Ослын улмаас нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэж, ажил эрхлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд[3], эмнэлгийн магадлагаа[4], .... зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.Э нь МоЭнКо ХХК-ийн Хөшөөтийн уурхайд 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Агуулахын ахлах ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд сарын дундаж цалин нь 2,750,127 /хоёр сая долоон зуун тавин мянган зуун хорин долоо/ төгрөг болох талаар МоЭнКо ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 045/19 дугаартай албан бичиг[5]хавтаст хэрэгт авагджээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримт болон тайлбарыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба хариуцагчийн хууль бус үйлдэл ба нэхэмжлэгчид учирсан хохирол нь шалтгаант холбоотой байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй эмчилгээтэй байсан хугацааны цалинг шаардах эрхтэй бөгөөд үүнийг хариуцагч нь хариуцан арилгах үүрэгтэй учраас шүүх учирсан хохирол, дутуу авсан цалин хөлсний зөрүү, төлбөрийг баримтаар тогтоогдож буй хэмжээгээр тооцож, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч О.Боос 12,235,654 /арван хоёр сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Н.Эын гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар чөлөөлөгддөг тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч О.Боос 12,235,654 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 210,720 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснын баримтлан хариуцагч О.Боос 12,235,654 /арван хоёр сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,200 /хоёр зуун тавин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Эт буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч О.Боос улсын тэмдэгтийн хураамжид 210,720 /хоёр зуун арван мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Б.МАРИНА

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ