Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 11

 

“******* *******”-ны Сэлэнгэ салбарын

  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00495/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                                  Б.Батзориг

                             Шүүгчид                                             С.Оюунцэцэг

                                                                                        Г.Давааренчин

                                Оролцогчид

                                Хариуцагч нарын өмгөөлөгч            Л.Доржпүрэв

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор “******* *******”-ны нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 6.715.44087 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар  сарын  13-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч “******* *******”-ны Сэлэнгэ салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч *******, ******* нар нь тус *******ны Сэлэнгэ салбарын Төв тооцооны төвөөс 2014 оны 12-р сарын 25-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 20.000.000 /хорин сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулттай авсан юм. ...Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 161 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд ******* зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах:

1. Үндсэн зээлийн үлдэгдэл 6.337.89696 төгрөг

2. Зээлийн хүүгийн төлбөр 350.71491 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26.829 төгрөг нийт 6.715.44087 төгрөг Улсын тэмдэгтийн хураамжийн 122.39706 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014 оны 12 дугаар сарын 25-нд ******* тоот зээлийн гэрээ байгуулан ******* *******наас ******* нь 20.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлээ төлж явж байгааг 2016 онд Япон улсад сурахаар яваад цалингийн зээлийн төлөлт тасарсан. Банк удаа дараа зээл төлөх талаар шаардсан. Цалингийн орлогогүй байгаа учир 2018 оны 08 дугаар сарын 20-нд ажилдаа орно. Тэр хугацаанд түр түдгэлзүүлээд өгөөч. Цалин орлоготой болоод ирхээрээ цалингийн зээлээ хугацаанд нь төлөөд явъя гэсэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд шүүхэд хандсан. Шүүхэд гаргасан ******* *******ны гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт би итгэмжлэлээр орж ирээд тайлан тооцоог нь үзэхээр өнөөдрийн гаргаж өгсөн хүсэлт дээр дурдагдсан зөрүү гараад байна. Би энэ мөнгийг ******* *******ны нэхэмжлэлээс хасаж тооцох юм бол хүлээн зөвшөөрөх боломжтой байна гэжээ.

 

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Уг зээл нь цалингийн зээл бөгөөд цалингийн орлогоос төлөх үндсэн нөхцөлтэй зээл гэж тохиролцож уг зээлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Охин ******* нь суралцах шалтгааны улмаас цалингийн орлогогүй болсноор зээлийн төлөлт тасалдсан болно. Нэхэмжилж буй зээлийн төлбөр тооцоотой холбоотой тайлбарыг ******* гаргах ба *******гийн тайлбарыг дэмжинэ гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 13 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нараас 6.715.44087 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “******* *******”-ны Сэлэнгэ салбарт олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.39706 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцаг нараас уг  122.39706 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан “Шинжээч томилуулах хүсэлт”-ийг хүлээн авахаас татгалзаж хэрэг хянан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* *******наас гаргаж өгсөн дансны хуулгатай танилцаж уг хуулга дахь тоо баримтыг *******ны өөрийн хөтөлсөн гүйлгээний утгаар нь дансны ангиллаар нь ангилж үзэхэд гарч байгаа зөрүү нь 953.668.23 төгрөг болж байгаа билээ. ...Түүнчлэн цалингийн зээлийн гэрээ нь гэрээний стандарт нөхцлийг илтэд зөрчсөн цалингийн зээлийн зорилго, агуулгаас хэт хальсан, цалингийн санг байршуулсан давуу талаа тулган хийсэн гэрээ байхад шүүх үүнд мөн дүгнэлт хийсэнгүй. Мөн тусгай нөхцөлтэй хүүгээр цалингийн зээл олгосон гэж ******* ******* тайлбарлаж байгаа хэдий ч төсөвт байгууллагын цалингийн санг буюу улсын төсвийн баталгаат зарлагын санг барьцаалан олгож буй тусгай нөхцөлтэй цалингийн зээлийн бүтээгдэхүүн нь дараах 3 үндсэн шинж чанарын шийдлийг агуулж байж цалингийн зээл гэх бүтээгдэхүүний нэр томьёо, тодорхойлолтод нийцэх ёстой гэх манай маргаж буй гол үндэслэлийг шүүх огт авч үзсэнгүй. ...Иймд цалингийн зээлийн гэрээ нь цалингийн зээлийн бүтээгдэхүүн гэх нэр томьёонд тохирсон хүчин төгөлдөр гэрээ эсэхэд хуулийн тайлбар хийж өгнө үү. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр мэдсэн 953.668.23 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

 Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зөрүү 953.668.23 төгрөгийг хасаж тооцуулах хүсэлтийг анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ огт тусгаагүй.  Энэ зөрүү гарсан талаар хариуцагчийн төлөөлөгч тодорхой тооцоо гарган шүүхэд ирүүлсэн байгаа. Иймд дээрх тооцоог үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн бодолтын зөрүүг хасаж тооцож өгнө үү гэв. 

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч *******гаас 953.68823 төгрөгийн зөрүүн дээр маргаан гарч байгаа юм. Харин анхан шатны шүүхээс дээрх маргаж буй асуудал дээр дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан зөрүү мөнгөн дээр дахин дүгнэлт хийх болон шинжээч томилуулах хүсэлт гаргахад татгалзсан зэрэг байдлууд хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас *******ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв. 

 

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч “******* *******” нь хариуцагч  *******, ******* нартай  2014 оны 12-р сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг 6.715.44087 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нарын төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч “******* *******” нь хариуцагч  *******, ******* нартай  2014 оны 12-р сарын 25-ны өдөр  ******* тоот  зээлийн гэрээ байгуулан 20.000.000 /хорин сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалттай авсан байна.

 

Тухайн зээлийг буцаан төлөх хуваарь гарган  сар бүрийн 02-ны өдөр тогтмол дүнгээр төлж байхаар харилцан тохирч, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д  заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд  энэхүү гэрээгээр ******* нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч  нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг  хүүгийн хамт  буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Ийнхүү байгуулсан зээлийн гэрээний дагуу  “******* *******” нь  зээлдүүлэгчид гэрээнд заасан мөнгөө шилжүүлсэн боловч хариуцагч нар нь  зээлийн төлөлтөө гэрээнд заасан хугацаанд төлөхгүй  гэрээгээр хүлээсэн үүргээ  зөрчсөн болох нь зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  гаргасан тайлбар хэрэгт авагдсан бичгийн  баримтуудаар тогтоогдож байна. Зээлдэгч нар нь гэрээнд заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй шалтгаанаа зээлдэгч ******* нь Япон улсад суралцах болсон шалтгааны улмаас цалингийн данс орлогогүй болж, зээлийн төлөлт тасарсан. Цалингийн зээл нь  цалингийн орлогоос төлөх болзолтой хийгдсэн гэрээ тул зээлдэгчийг суралцах хугацаанд зээл төлөх хугацааг түр түдгэлзүүлэх үндэслэлтэй  мөн нэхэмжлэлийн шаардлага  тооцоолол зөрүүтэй гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д  гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тодорхойлсон. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүнийхээ агуулгыг тодорхойлно гэдэг нь өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эсэх болон хэнтэй  гэрээ байгуулж, гэрээгээр үүсэх эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ  талууд өөрсдөө чөлөөтэй  шийдвэрлэнэ гэсэн үг юм. 

 

    Хэдийгээр хариуцагч нь цалингийн орлогогүйн улмаас зээлийг хугацаанд нь төлөөгүй, зээл төлөх хугацааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх боломжтой гэж  тайлбарлаж байгаа боловч энэ талаар талууд гэрээндээ  тусгаагүй, гэрээний нөгөө тал болох “******* *******”-тай  энэ талаар талууд гэрээгээрээ  тохиролцоогүй байх тул   шүүх  талуудын хооронд байгуулсан гэрээг гэрээний нэг талын хүсэлтээр гэрээг өөрчлөх, үүрэг гүйцэтгэх хугацааг хугацаагаар түдгэлзүүлэх боломжгүй тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

 

 Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр  зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан  бөгөөд уг хуваарьт заасан хэмжээ, хугацааны дагуу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд  талууд нэмэгдүүлсэн хүүг тооцохоор  тохирч  үүнийхээ дагуу нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах, зээлийн гэрээнийхээ үүргийг  хариуцагч нар нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр  гаргасан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч *******ны зээлийн төлбөрт төлсөн  үндсэн зээл болон зээлийн хүүгийн  тооцоо нь өөрсдийн төлбөрт хийсэн тооцоотой  зөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 953.66823 төгрөг хасуулах тухай хүсэлт  гаргасан боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох боломжгүй байна.

 

 Мөн хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүний тооцоог төлж дуусгасан гэж тайлбарладаг боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн  хүү төлөх үүрэгтэй байхаар тус тус заасан тул шүүх хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулахаар  шийдвэрлэсэн  нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй  хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж  заасан үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад  хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь   хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  01 сарын 09-ний өдрийн 13 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

1 дэх заалтыг:  

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар  хариуцагч *******, ******* нараас 6.715.44087 төгрөг гаргуулж, “******* *******”-нд олгосугай.”  гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН