| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0716/З |
| Дугаар | 221/МА2025/0168 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0168
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалыг хүчингүй болгуулах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0012 дугаартай шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0716/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0012 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-ээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ..."Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны А/379 дүгээр тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 "Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2. 40.1.3. 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр", мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д"... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.
"Г" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ж аманд аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Тухайн газар дээр ямар ч үйл ажиллагаа явагдаагүй, түүнчлэн орц гарц илэрхий хаагдсан зүйл байхгүй буюу үйл ажиллагаа явуулах боломжгүй хүртэл хэмжээнд орц гарц хаагдсан зүйл байхгүй нь хэрэгт авагдсан агаар сансрын зураг бусад бичгэн баримтуудаас тодорхой харагддаг.
Тухайлбал, Нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 02 дугаар албан бичгээр хамгаалалтын захиргаанд хандаж хүсэлт гаргасан ба тухайн хүсэлтдээ нэхэмжлэгч өөрөө зэргэлдээх газар ашиглагч нартай тохиролцож шийдвэрлэх болно гэсэн агуулгатай албан бичиг ирүүлсэн байдаг. (хавтаст хэргийн 239 дүгээр хуудас). Мөн Хамгаалалтын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаар албан бичгээр "Г" ХХК-д орц, гарцны асуудлыг газар ашиглагч нар харилцан тохиролцож шийдвэрлэх боломжтой хэмээн албан бичиг хүргүүлсэн байдаг бөгөөд тухайн албан бичигтэй холбогдуулж орц гарцны асуудлыг шийдвэрлүүлэх талаар БОУАӨ яам болон шүүхэд хандаж маргаан үүсгээгүй болно.
Нэхэмжлэгч нь гурвалсан гэрээ, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хүлээсэн газар ашиглагчийн үүргээ биелүүлж гурвалсан гэрээний биелэлтийг жил бүр тайлагнаагүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан төлөвлөгөөг биелүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан.
2.1. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ж аманд 20021 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болж, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулжээ.
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар нэхэмжлэгчийн газрын эрхийг хүчингүй болгохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/629 тоот албан бичгээр цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалжээ.
3. Нэхэмжлэгчээс “...коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон газрыг ашиглах үйл явц удааширсан, ...орц гарцын асуудлаас болж тухайн газраа ашиглах боломжгүй байсан атал энэ хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлүүдийг захиргааны байгууллагаас бүрэн гүйцэт тогтоогоогүй, ...сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, ...бид аялал жуулчлалын цогцолбор барих зураг төслийн ажлыг эхлүүлсэн бөгөөд хашаа, хайс барих ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажил гүйцэтгүүлэх хугацаагаа хүлээж байна” гэж, хариуцагчаас “...ковидын нөхцөл байдалтай байсан хугацааг хасаад тоолоход ч хуулийн 2 болон түүнээс дээш жил ашиглаагүй гэдэг хугацааг хангаж байгаа, ...газар дээрээ барилга байгууламж бариагүй, мөн бичиг баримтын бүрдлээ ч хангаагүй, ...орц гарцын асуудлаар 2022 онд 1 удаа л Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаад түүнээс хойш огт хүсэлт гаргаагүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 107 дугаар зүйлийн 107.4. Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасантай нийцээгүй байна.
4.1. Учир нь анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчид анх маргаан бүхий газрыг сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон хэдий ч тухайн газартаа нэвтрэх боломжгүй болтол нь бусад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн, уг зөрчлийг арилгах талаар удаа дараа хүсэлт гаргахад шийдвэрлээгүй, ... газар ашиглах боломжийг хариуцагчаас олгоогүй атлаа зориулалтын дагуу 2 жил даруулан ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй” гэж маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд 1/-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
5.1. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч компани нь анх 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандаж “...аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг ашиглах хүсэлттэй байна. ...тус газарт үйл ажиллагаа явуулахад орц, гарцыг Монгол Улсын хуульд заасны дагуу зэргэлдээх газар ашиглаж буй компани болон хувь хүнтэй тохиролцон шийдвэрлэх болно” гэх агуулга бүхий 02 дугаар албан бичгийг хүргүүлсэн.
Мөн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “...уг газартаа бид үйл ажиллагаа явуулахын тулд орц, гарцгүй байгаа тул орц, гарцыг гаргаж өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэх албан бичгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалатын захиргаанд хүргүүлсний дагуу тус газраас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 485 тоот албан бичгээр “...Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу орц, гарцны асуудлыг газар ашиглагч нар харилцан тохиролцож шийдвэрлэх боломжтой” гэх хариуг хүргүүлжээ.
5.2. Үүний дараа, маргаан бүхий акт гарах хүртэлх хугацаанд буюу сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалаар “....хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гарсан тус өдрийг хүртэл нэхэмжлэгчээс орц гарцны асуудлыг шийдвэрлүүлэх талаар “хүсэлт ирүүлээгүй” болох нь тус компанийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24/01 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1511 тоот албан бичгээр тогтоогдож байх атал анхан шатны шүүхээс “... тухайн газартаа нэвтрэх боломжгүй болтол нь бусад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн, уг зөрчлийг арилгах талаар удаа дараа хүсэлт гаргахад шийдвэрлээгүй, газар ашиглах боломжийг хариуцагчаас олгоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
5.3. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон газрыг ашиглах үйл явц удааширсан, газраа ашиглахаар аялал жуулчлалын цогцолбор барих зураг төслийн ажлыг эхлүүлсэн бөгөөд хашаа, хайс барих ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажил гүйцэтгүүлэх хугацаагаа хүлээж байна хэмээн тайлбарлан маргаж байх боловч, эдгээр үндэслэлүүд газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж, маргаан бүхий актыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахааргүй байна.
5.4. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болж, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гурвалсан гэрээ байгуулсан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт боловч тухайн цаг хугацаанаас хойш буюу 2022 оны 02 дугаар сараас хойш маргаан бүхий акт гарсан 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааг тооцсон ч 2 болон түүнээс дээш жил ашиглаагүй гэх хуулийн хугацаанд хамаарч байх тул энэ талаарх хариуцагчийн “...ковидын нөхцөл байдалтай байсан хугацааг хасаад тоолоход ч хуулийн 2 болон түүнээс дээш жил ашиглаагүй гэдэг хугацааг хангаж байгаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
5.5. Түүнчлэн “Г” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “М Б” ХХК-тай “Төмөр хашаа угсрах, ажил гүйцэтгэх” гэрээг, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр М ц у ХХК-тай “...хуанлийн 32 хоногийн хугацаанд Аяллын отог /Кемп/-ийн ерөнхий төсөл боловсруулах ажил гүйцэтгэх”-ээр Г/2022-021 дугаар гэрээг, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “У г” ХХК-тай “Газар шорооны ажил гүйцэтгэх”-ээр Г/2022-028 дугаар гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх хэдий ч эдгээр гэрээнүүд бодит байдал дээр хэрэгжээгүй, маргаан бүхий газар дээр ямар ч хашаа, барилга, байгууламж, зам талбай бариагүй, зураг төсөл батлуулаагүй болох нь шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгч “Г” ХХК-ийг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу, 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
5.6. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш ч газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан боловч тухайн газартаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн орц гарц илэрхий хаагдсан зүйл байхгүй буюу үйл ажиллагаа явуулах боломжгүй хүртэл хэмжээнд орц гарц хаагдсан гэж үзэх нөхцөл байдал бодит байдал дээр үүссэн, уг шалтгаанаас болж газраа ашиглах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;” 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасан.
6.1. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/86 тоот “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн, тус компаниас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24/01 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байх тул хариуцагч захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж буруутгах боломжгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г" ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН