Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч У.Дэндэвдорж,

            Шүүгдэгч П.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

            Шүүгдэгч А.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Ц.Загдсүрэн нарыг оролцуулан,

            Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 216 дугаар зүйлийн 216.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Мөр Зайсан овогт Пүрэвжавын Мэндбаяр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Гонгор овогт Ариунаагийн Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн 201501000186 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Франц хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 13-01 тоотод оршин суух боловч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Олимп виллаж 200 дугаар байр 1-79 тоотод оршин суудаг, “Голден Бридж” төвийн захирал ажилтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мөр зайсан овогт Пүрэвжавын Мэндбаяр (РД:ХК84032511),

2.Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот 7 дугаар баг, Ган зам 3-126 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Сот 3-1-2 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гонгор овогт Ариунаагийн Мөнхбаяр (РД:УШ95061577),

(яллах дүгнэлтэд тэмдэглэснээр)

1.П.Мэндбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Залуучууд зочид буудлын 304 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

-А.Мөнхбаяртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол СОТ-ын 3-н 1 дүгээр байрны 1 дүгээр орцны гадаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай зип лок түгжээ бүхий гялгар ууттайгаа 0.6 грамм мөс мэт зүйлийг хууль бусаар олж авахыг завдсан,

-2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 57-55 УНД улсын дугаартай Форд маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны орчимд автомашины зогсоол дээр байсан иргэн Н.Энхтуяагийн эзэмшлийн 63-59 УНӨ улсын дугаартай Тоёота Рав 4 маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан,

-2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины үйлчилгээнд явж байсан Б.Баттулгын 15-53 УНС улсын дугаартай автомашины тоолуурыг санаатай устгаж гэмтээн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

2.А.Мөнхбаяр нь 2015 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламжтай цэнхэр өнгийн асаагуурт наалдсан 1.5 см урттай шавар гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

-П.Мэндбаяртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3 дугаар хороолол СОТ-ын 3-н 1 дүгээр байрны 1 дүгээр орцны гадаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай зип лок түгжээ бүхий гялгар ууттайгаа 0.6 грамм мөс мэт зүйлийг хууль бусаар олж авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

      Шүүх хуралдаан дээр шүүгдэгч П.Мэндбаяраас мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 09-нд Нацагдорж бид хоёрыг ажил дээрээ байж байхад Батболд гаднаас мөс олоод барьж орж ирсэн. Цагдаа нарыг ирэхэд ажлын өрөөнд хэрэглэсэн шил байсан. Би өмнө нь Мөнхбаярыг таньдаг байсан. 11 дүгээр сарын 23-нд Мөнхбаяр утасдаад хүнээс юм авах уу гэхээр нь тэгье гэсэн. Мөнхбаяраар дамжуулж, Ишгэрэлээс авахыг завдсан. Тухайн үед өөртөө л хэрэглэе гэж бодсон. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би 57-55 УНД улсын дугаартай Форд маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны орчимд автомашины зогсоол дээр байсан 63-59 УНӨ улсын дугаартай Тоёота Рав 4 маркийн автомашиныг мөргөсөн  нь үнэн. Тэр үед би эхнэрийгээ эмнэлэгт хүргэж өгөх гээд явж байсан тул тэндээсээ эмнэлэг орчихоод буцаж ирье гэж бодсон. Хохирогч Энхтуяад 680.000 төгрөгийн хохирол төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр таксинд явж байтал тоолуур нь хэт их гүйгээд, түүнээс болоод жолоочтой нь маргалдаад, бид хоёр машин дотор ноцолдож байхад уг тоолуур нь миний гарнаас мултраад цонхоор унасан. Тоолуурын үнэд 300.000 төгрөг төлсөн. Би 2015 оны 10 дугаар сараас өмнө мансууруулах бодис хэрэглэж үзэж байгаагүй. Би хэрэглэснээр эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон. Би өөрөө санаачлаад бусдыг хар тамхинаас ангижруулах зорилгоор Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Одоо 3 хүүхэдтэй, эхнэр ажилгүй, түрээсийн байранд амьдардаг, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

      П.Мэндбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Мөнхбаяр над руу утсаар яриад мөс авах уу мөнгө байна уу гээд байсан. Би Чүлтэмсүрэн гэдэг жолоочдоо 90.000 төгрөг өгч явуулсан. Харин Ишгэрэл гэх хүнийг бол огт мэдэхгүй. Би Ишгэрэл гэх хүнээс мансууруулах бодис олж авч байгаагүй. Би Мөнхбаяраас урд өмнө нэг ч удаа мансууруулах бодис худалдаж авч байгаагүй. Би Мөнхбаярт зарж борлуулдаг хүн байдаг байж магадгүй гэж бодсон, түүнээс биш мэдэх зүйл байхгүй. Би өмнө өгсөн сэжигтэний мэдүүлэгтээ сэтгэл санаа тогтворгүй байсан, маш сандарсан байсан учир худлаа мэдүүлэг өгсөн байна. Би Мөнхбаяраас 4 удаа мансууруулах бодис авч байсан тохиолдол байхгүй. Нацагдорж гэдэг найзтайгаа хамт Голден бридж дээр байж байтал Батболд гэдэг Нацагдоржийн найз ирсэн. Тэгээд новокайны шил, зип лок түгжээтэй, гялгар ууттай мөс гаргаж ирсэн. Бид 3 хамт хэрэглэсэн. Миний зүс таних Анужин, Сүрэн нар Голден Бриджийн гадаа хүрээд ирсэн ба бид нар хамтдаа Залуучууд зочид буудал явсан. Тэгээд 304 тоот өрөөнд ороод Нацагдорж, Батболд нар хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй гараад явсан. Би Анужин, Сүрэн нартай буудалд үлдсэн. Тэгээд үлдэгдэл бохирлогдсон новокайны шилийг би биедээ авч явж байгаад гаргаж ирээд Анужин, Сүрэн бид 3 хамт хэрэглэсэн. Тэгээд байж байтал цагдаа нар орж ирээд баривчилсан. Манай эхнэр О.Нарансувд цус алдаад яаралтай эмнэлэг явах гээд хойд суудал дээрээ эхнэрээ суулгаад хөдөлтөл зам дээр нэг Рав-4 зам хаагаад тавьсан. Тэгэхээр нь би буугаад хүнийх нь утсыг харж амжихгүй эхнэр муудаад байсан болохоор шууд машинаараа түлхэж холдуулаад хажуугаар нь гараад явсан юм. Би эхнэрээ нэгдүгээр эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төв дээр хүргэж өгөөд буцаагаад машинаа аваачаад тавьсан юм. Мөн нэг хогны тэрэг байсан тэрийг арагш ухраагаад холдуулаад хажуугаар нь гарсан юм. Би тухайн үед эмнэлэг явж байсан болохоор зогсохгүй шууд яваад өгсөн юм. Би тэр цагаан өнгийн Рав-4 маркийн машины зүүн хойд талын буфер хэсгийг шүргээд явсан юм. Тоолуур их гарсан шалтгаанаар тоолуурыг нь мулт татаж аваад цонхоор нь гаргаж шидсэн. Тэгэхэд гудамжинд явж байсан нэг ах тоолуурыг авч өгөхдөө намайг загнаад байхаар нь уур хүрээд тоолуурыг буцааж авч шидчихээд, буугаад тэр ахтай хэрүүл хийгээд байж байхад цаанаас замын цагдаа хүрч ирж салгаад намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирсэн гэжээ. 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч А.Мөнхбаяраас мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 12-ний үед 50 дугаар дэлгүүрийн хажуугийн ХОМ гэх баарны хажууд байж байхад танихгүй хүн сонирхох уу гээд нэг шавар өгсөн байсан. Түүнийг аваад хадгалсан байсан. 11 дүгээр сарын 23-нд мөнгө хэрэг болоод, Мэндбаяр ах бодис олоод өгөөч гэхээр нь Ишгэрэлээс асуусан. Тэгээд Ишгэрэлээс авах гэж байгаад цагдаад баригдсан. Гэнэн томоогүй зангаасаа ийм буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж харамсч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

А.Мөнхбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Мэндбаяр ах надаас урд өмнө нь олон удаа мөс гэх мансууруулах бодисыг олоод өгөөч гээд байдаг байсан. Тэр үед нь би олж өгдөггүй байсан. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө Ишгэрэл над руу болчихлоо авах уу гэхээр нь би Мэндбаяр ах руу утсаар яриад олчихлоо гэтэл жолоочдоо мөнгө өгөөд явуулчихая гээд явуулсан. Жолооч нь гэрийн гадаа 90.000 төгрөгтэй ирсэн байсан. Тэгээд надад байсан 100.000 төгрөг нэмээд нийт 190.000 төгрөгтэй болсон байсан. Тэгээд Ишгэрэлтэй манай байрны гадаа уулзаж байгаад цагдаа нарт баригдсан. Надад Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 32 дугаар зүйлийн 32.2, 36 дугаар зүйлийн 36.6-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар ял сонсгож байгааг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 11 сарын 23-ны өдөр миний биед үзлэг хийхэд илэрсэн цэнхэр өнгийн асаагуурт наалдсан байсан 1.5 см урттай шавар гэх мансууруулах бодисыг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 50 дэлгүүрийн хажуу талын “ХОМ” гэх баарны гадаа тамхи татаж зогсож байгаад үл таних хүнээс авсан. Тэр хүн намайг баарны гадаа тамхи татаад зогсож байсан болохоор май үүнийг татаж үзэх үү гээд жижиг гялгар ууттай шавар шиг зүйл өгсөн түүнийг нь би цэнхэр асаагууртаа наагаад халаасандаа хадгалж байсан юм. Тэр гялгар уутан дотор бас мөс шиг зүйл хамт байсан. Би шавар гэх зүйлийг цагдаад баригдахаасаа 14 хоногийн өмнө танихгүй хүнээс авчихаад гэртээ 2 удаа хэрэглэж үзсэн гэжээ.

Хохирогч Б.Баттулгаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2015 оны 11 сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын Соёл төвийн үүднээс такси дуудсаны дагуу би өөрийн эзэмшлийн 15-53 УНС улсын дугаартай автомашинтайгаа очиход 30 орчим насны дунд зэргийн нуруутай, шар царайтай эрэгтэй, тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан. Сүүлд нэрийг нь мэдсэн Мэндбаяр гэх залуу урд талын суудал дээр миний хажууд орж ирж суугаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүр рүү очъё гэж хэлээд өөрөөсөө 20.000 төгрөг гаргаж ирээд “май энэ таксины мөнгө, хэд гарсан ч бай хариулт мөнгө хэрэггүй” гээд суусан. Тэгээд тэр эрэгтэй миний машинд суусан цагаасаа эхлээд элдвийн хараал хэлж, орилж чарлаад агсраад Уртцагааны тэнд гар утасныхаа дугаарыг ломбарданд тавьчихсан байгаа тийшээ явъя гэж хэлээд байхаар нь би согтуу байна даа гэж бодож явсаар Уртцагааны Улсын Их дэлгүүр рүү эргэдэг гэрлэн дохионы уулзвар дээр ногоон гэрэл асах дохио хүлээлгээд зогсож байсан. Тэр залуу намайг “чи яв л даа” гээд хэд хэдэн удаа миний автомашины хянах самбар руу цохьсон чинь автомашины тоолуур ховилноосоо салаад гараад ирсэн. Тэгээд би гэрэл дохио асахыг хүлээж байна гэж хэлтэл автомашины тоолуурыг шууд татаж аваад цонхоор гаргаад шидчихсэн. Тэгсэн чинь яг тэр үед явган хүний гарцан дээр гэрэл хараад зогсож байсан эрэгтэй хүнийг “чи наад тоолуураа аваад өг” гэж хэлсэн чинь тэр эрэгтэй хүн газар унасан байсан тоолуурыг Мэндбаярт аваад өгтөл Мэндбаяр дахиад янз бүрийн хараал хэлээд орилж байгаад, дахиад миний автомашины тоолуурыг аваад газар шидсэнээ дахин тэр эрэгтэйг “чи наадахаа дахиад аваад өг” гэж орилсон чинь тэр эрэгтэй хүн “чи чинь яасан хүн бэ, хүний юм авч шидээд байдаг чинь яаж байгаа юм” гэж хэлээд явган хүний гарцан дээр зогсож байсан чинь Мэндбаяр намайг “чи яваач” гэхээр нь би “би тоолуураа авахгүй бол болохгүй” гэж хэлээд машинаас буух гэтэл Мэндбаяр хаалгаа онгойлгоод газар унасан тоолуурыг аваад тэр эрэгтэй хүний нүүр рүү нь шидчихсэн. Тэгсэн чинь тэр эрэгтэй хүн толгойгоо дараад зогсож байснаа “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд уурласан чинь Мэндбаяр тэр эрэгтэйгийн бие үү 2, 3 удаа цохиод авах шиг болоод барьцалдаж эхэлсэн. Тэр үед зам дээр миний ардаас автомашинууд сигналдаад бөөн түгжрэл үүссэн байсан ба хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй удалгүй цагдаа нар хүрч ирээд тэр хоёрыг салгаад аваад явсан. Тухайн үед миний автомашины тоолуур газар унасан байсан бөгөөд хэд хэд хагарч цуурч дахин ашиглагдах боломжгүй болсон тул Улаанбаатар такси компаниас би өөрийн мөнгөөр дахин 350.000 төгрөгөөр шинийг авч тавьсан. Эвдэрсэн тоолуурын төлбөр болох 350.000 төгрөгийг Мэндбаяр төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

            Иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны 1 дүгээр орцны урд чиглэлд саадны хажуудах машины зогсоол дээр 63-59 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Т.Рав-4 маркийн автомашинаа тавьсан байсан. Тэгээд 15 цаг 20 минутын үед талбайн цэвэрлэгч утасдаж таны машиныг цэнхэр өнгийн Тундра маркийн том машин мөргөөд арын буферийг нь унагаад гараад явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад машин дээрээ очтол миний машины зүүн талын хойд хэсгийг мөргөөд буфер дээр байдаг жижиг гэрлийг салгаад газарт унагаад явсан байсан. Тэгээд би мөргөсөн машиныг олохын тулд араас нь гүйгээд тэр хавийн газрыг нэгжээд цагдаад дуудлага өгөөд байж байтал манай байрны нөгөө талд ахмадын эмийн сангийн үүдэнд цэнхэр өнгийн Тундра маркийн автомашин байсан. Тэгээд би цэвэрлэгч болон гэрч Ариунаа нар надад хэлэхдээ ардаа номергүй том, цэнхэр өнгийн ачааны Тундра машин, жолооч нь залуу хүн байсан гэж надад хэлж байсан. Тэгээд хогны машины хажуугаар гарах гэхэд нь наад машин чинь багтахгүй байна гэхэд тэр жолооч залуу нь чи муу цэвэрлэгч хогоо түүвэл барав гээд шууд дайраад гараад явсан гэсэн. Тийм болохоор манай байрны цэвэрлэгч болон гадаа байсан хүмүүс жолоочийг нь сайн харсан байсан. Мөн манай байрны цэвэрлэгч тэр жолоочид хандан наад машин дээр чинь утас нь байна жолоочийг нь дуудъя гэж хэлэхэд загнаад гараад явсан гэсэн. Миний машинд учирсан гэмтлийн талаар хэргийн газрын үзлэг дээр дэлгэрэнгүй тусгаж бичүүлсэн байгаа. Дээр нь нэмээд миний машины аваарын дэрний гэрэл асаад унтрахгүй байгаа. Одоо би Тоёота засварын газарт очиж гэмтлээ тогтоолгоно. Тэгээд машинаа засуулах мөнгөнийхөө тооцоог гаргаж өгнө гэжээ.

            Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.М.Чулуунборгилоос:-Би 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уртцагааны уулзвар дээр явган хүний гарцан дээр зам гарах гээд ганцаараа зогсож байсан. Нэг автомашины цонхоор дөрвөлжин хэлбэртэй шар өнгийн автомашины тоолуур газар шидсэн. Тэгээд зогсож байхад тэр автомашин дотроос нэг хүн намайг тэр хайрцагийг аваад өг гэж хэлсэн. Би нөгөө хайрцагийг аваачиж өгөхөд тухайн авто машины жолоочийн эсрэг талд, урд сууж байсан сүүлд нэрийг нь мэдсэн Мэндбаяр гэх залуу бууж ирээд над руу дайраад “би хар тамхи хэрэглэсэн хүн байна” гэж хэлээд миний аваачиж өгсөн шар өнгийн автомашины тоолуураар миний духан дээр цохиод над руу дайраад байсан чинь цагдаа ирж тэр залууг болиулсан гэжээ.

2.Ч.Чүлтэмсүрэнгээс:-11 дүгээр сарын 23-нд Мэндээ ах над руу залгаад хорооллын эцсийн СОТ-ын байранд очоод өчигдрийн залуутай уулзаад хүнээс юм аваад ир гэж хэлсэн. Түүний дагуу би 17 цагийн үед нөгөө залуутай уулзаад Мэндээ ахын хэлсний дагуу надад байсан 90.000 төгрөгөө тэр залууд өгөөд нөгөө залууг машинд нь хүлээгээд сууж байтал цагдаа нар ирээд намайг барьсан гэжээ. 

            3.О.Нарансувдаас:-Манай нөхөр П.Мэндбаяр тухайн осол болох үед машиндаа ганцаараа явсан гэсэн. Тухайн үед би Модны хоёрт байрлах Намуун гэх хувийн эмнэлэгт ходоодоо эмчлүүлээд эмнэлэгт хэвтэж байсан. Энэ ослоос 2-3 хоногийн өмнө эмнэлэгт хэвтээд уг эмнэлэгт 10 гаран хоног эмчилгээ хийлгээд гарсан. Би ослын талаар огт мэдэх зүйл алга гэжээ.

            4.Т.Анхбаяраас:-Би замаас гараад зам тавьж өгтөл нөгөө цэнхэр Форд машин хажуугаар гарахдаа өөрийнхөө баруун талд байсан 63-59 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Рав-4 маркийн автомашины зүүн хойд буферийг шүргээд зугтаад яваад өгсөн гэжээ.

            5.Х.Цэрэнчимэдээс:-Хогны машины жолоч зам тавиад өгтөл хажуугаар нь гарахдаа зогсоол дээр тавьсан 69-59 УНӨ улсын дугаартай автомашины зүүн хойд буфер хэсгийг шүргээд шууд зугатаад яваад өгсөн гэжээ.

            6.Д.Цэцэгдэлгэрээс:-Хогны машины жолооч зам тавьж өгтөл хажуугаар нь гарах гэтэл хажуу талд нь зогсож байсан 63-59 УНӨ гэсэн цагаан  өнгийн Рав-4 машиныг шүргэхээр нь нөгөө жолоочид хандан, та хажуу талын машин шүргэчихлээ гэхэд шууд хаазлаад л зугатаад яваад өгсөн. Тэр машин хойноо номер байхгүй том цэнхэр өнгийн ачаатай жийп машин байсан. Жолооны үнэмлэхний лавлагааг харлаа, мөргөсөн хүн мөн байна гэжээ.

            7.Ц.Ганжаргалаас:-…Уртцагааны зүүн талд зодоон болоод байна гэх дуудлагын дагуу очиход иргэн Б.Чулуунборгилын толгойн тус газар нь П.Мэндбаяр нь сууж явсан таксиныхаа тоолуурыг авч шидэн танхайрч Б.Чулуунборгилын толгойн тус газрыг гэмтээсэн байсан. П.Мэндбаяр гэх залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт боловч өөрийгөө хар тамхи хэрэглэсэн гэх, мөн Эрүүгийн газарт шалгагдаж байгаа гэж байсан. Ингээд түүний биеийг нэгжиж үзэхэд нэр бүхий капсултай 19 ширхэг эм бэлдмэл илэрсэнийг түр хураан авах тэмдэглэл үйлдэн Хайрхан 20-т хүлээлгэж өгч, илтгэх хуудас бичин ажилласан гэжээ.

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015.12.02-ны ¹10468 тоот дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн А.Мөнхбаяр, О.Ишгэрэл, П.Мэндбаяр нарын биеэс авсан гэх шээсний дээж шинжилгээнд тэнцэж байна.

            2.Шинжилгээнд ирүүлсэн Ариунаа овогтой Мөнхбаярын биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/, каннабисын агууламж, Отгонтөгс овогтой Ишгэрэлийн биеэс авсан гэх каннабис /ТНС/-н агууламж, Пүрэвжав овогтой Мэндбаярын биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/, каннабис /ТНС/-н агууламж илэрсэн байна.

            3.Сэтгэцэд нөлөөт бодис болох каннабис /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны нэгдсэн конвенцийн хэрэглээг нь хориглосон бодисын 1-р жагсаалтад, метамфетамин /МАМР/ тус конвенцийн 2-р жагсаалтад тус тус багтдаг гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.01.04-ны ¹1133 тоот дүгнэлтэд:

            1.П.Мэндбаяр нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

            2.П.Мэндбаяр нь одоо сэтгэцийн хувьд “F15.2 сэргээгч эм бодисын шалтгаант хараат байдлын хам шинж” эмгэгтэй байна.

            3.П.Мэндбаярын дээрх эмгэг нь сэтгэц идэвхит бодисоос шалтгаалан үүссэн олдмол шалтгаантай эмгэг болно.

            4.5.П.Мэндбаяр нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

            6.П.Мэндбаяр нь одоогоор мансууруулах бодисоос хамааралтай (хараат байдалтай) болсон байна.

            7.П.Мэндбаяр нь метамфетамин гэх сэтгэц идэвхит бодисоос хамааралтай байна гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.02.16-ны ¹189 тоот дүгнэлтэд:

            1.А.Мөнхбаяр нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.

            2.3.Одоогоор А.Мөнхбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

            4.А.Мөнхбаяр нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5.А.Мөнхбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            6.7.А.Мөнхбаяр нь мансуурах донтой, мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.

            8.А.Мөнхбаярт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

            9.Мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай, донтой хоёрын ялгааг шинжилгээгээр тодруулах боломжгүй байна гэжээ.

            Техникийн шинжээчийн 2015.11.18-ны ¹758 тоот дүгнэлтэд:

            1.63-59 УНӨ улсын дугаартай Т.Рав-4 маркийн автомашины жолооч Н.Энхтуяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            2.57-55 УНД улсын дугаартай Форд маркийн автомашины жолооч П.Мэндбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 2.5 в-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            3.Хурдыг тодорхойлох боломжгүй байна гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч П.Мэндбаяр нь

-2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 57-55 УНД улсын дугаартай Форд маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 42 дугаар байрны орчимд автомашины зогсоол дээр байсан 63-59 УНӨ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашиныг мөргөж, иргэн Н.Энхтуяад 680.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

-2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинд үйлчлүүлж явж байхдаа 15-53 УНС улсын дугаартай автомашины тоолуурыг авч шидэж, эвдсэнээс Б.Баттулгад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Залуучууд зочид буудлын 304 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан бодисыг урвуулан ашиглахыг хориглосон байхад метамфетамины агууламжтай “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан, мөн А.Мөнхбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол СОТ-3-ын 1 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна талд дээрх конвенцид заасан метамфетамины агууламжтай мөс мэт зүйлийг хууль бусаар олж авахыг завдсан;

Шүүгдэгч А.Мөнхбаяр нь 2015 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан, урвуулан ашиглахыг хориглосон тетрогидроканнабинолын агууламжтай 1.5 см урттай шавар гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан, шүүгдэгч П.Мэндбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3 дугаар хороолол СОТ-3-ын 1 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан, урвуулан ашиглахыг хориглосон метамфетамины агууламжтай, мөс мэт зүйлийг хууль бусаар олж авахыг завдсан  болох нь

шүүгдэгч П.Мэндбаярын “Мөнхбаяр над руу утсаар яриад мөс авах уу мөнгө байна уу гээд байсан. Би Чүлтэмсүрэн гэдэг жолоочдоо 90.000 төгрөг өгч явуулсан. Нацагдорж гэдэг найзтайгаа хамт Голден бридж дээр байж байтал Батболд гэдэг Нацагдоржийн найз ирсэн. Тэгээд новокайны шил, зип лок түгжээтэй, гялгар ууттай мөс гаргаж ирсэн. Бид 3 хамт хэрэглэсэн. Би тэр цагаан өнгийн Рав-4 маркийн машины зүүн хойд талын буфер хэсгийг шүргээд явсан юм. Тоолуур их гарсан шалтгаанаар тоолуурыг нь мулт татаж аваад цонхоор нь гаргаж шидсэн” гэх мэдүүлэг,

шүүгдэгч А.Мөнхбаярын “Мэндбаяр ах надаас урд өмнө нь олон удаа мөс гэх мансууруулах бодисыг олоод өгөөч гээд байдаг байсан. Тэр үед нь би олж өгдөггүй байсан. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө Ишгэрэл над руу болчихлоо авах уу гэхээр нь би Мэндбаяр ах руу утсаар яриад олчихлоо гэтэл жолоочдоо мөнгө өгөөд явуулчихая гээд явуулсан. Жолооч нь гэрийн гадаа 90.000 төгрөгтэй ирсэн байсан. Тэгээд надад байсан 100.000 төгрөг нэмээд нийт 190.000 төгрөгтэй болсон байсан. Тэгээд Ишгэрэлтэй манай байрны гадаа уулзаж байгаад цагдаа нарт баригдсан. 2015 оны 11 сарын 23-ны өдөр миний биед үзлэг хийхэд илэрсэн цэнхэр өнгийн асаагуурт наалдсан байсан 1.5 см урттай шавар гэх мансууруулах бодисыг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 50 дэлгүүрийн хажуу талын “ХОМ” гэх баарны гадаа тамхи татаж зогсож байгаад үл таних хүнээс авсан. Би шавар гэх зүйлийг цагдаад баригдахаасаа 14 хоногийн өмнө танихгүй хүнээс авчихаад гэртээ 2 удаа хэрэглэж үзсэн” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Баттулгын “2015 оны 11 сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын Соёл төвийн үүднээс такси дуудсаны дагуу би өөрийн эзэмшлийн 15-53 УНС улсын дугаартай автомашинтайгаа очиход 30 орчим насны дунд зэргийн нуруутай, шар царайтай эрэгтэй, тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан. Сүүлд нэрийг нь мэдсэн Мэндбаяр гэх залуу урд талын суудал дээр миний хажууд орж ирж суугаад ... Уртцагааны Улсын Их дэлгүүр рүү эргэдэг гэрлэн дохионы уулзвар дээр ногоон гэрэл асах дохио хүлээлгээд зогсож байсан. Тэр залуу намайг “чи яв л даа” гээд хэд хэдэн удаа миний автомашины хянах самбар руу цохьсон чинь автомашины тоолуур ховилноосоо салаад гараад ирсэн. Тэгээд би гэрэл дохио асахыг хүлээж байна гэж хэлтэл автомашины тоолуурыг шууд татаж аваад цонхоор гаргаад шидчихсэн. Тухайн үед миний автомашины тоолуур газар унасан байсан бөгөөд хэд хэд хагарч цуурч дахин ашиглагдах боломжгүй болсон” гэх мэдүүлэг,

            иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяагийн “2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны 1 дүгээр орцны урд чиглэлд саадны хажуудах машины зогсоол дээр 63-59 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Т.Рав-4 маркийн автомашинаа тавьсан байсан. Тэгээд 15 цаг 20 минутын үед талбайн цэвэрлэгч утасдаж таны машиныг цэнхэр өнгийн Тундра маркийн том машин мөргөөд арын буферийг нь унагаад гараад явлаа гэж хэлсэн. ... миний машины зүүн талын хойд хэсгийг мөргөөд буфер дээр байдаг жижиг гэрлийг салгаад газарт унагаад явсан байсан” гэх мэдүүлэг,

гэрч М.Чулуунборгилийн “Би 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уртцагааны уулзвар дээр явган хүний гарцан дээр зам гарах гээд ганцаараа зогсож байсан. Нэг автомашины цонхоор дөрвөлжин хэлбэртэй шар өнгийн автомашины тоолуур газар шидсэн. Тэгээд зогсож байхад тэр автомашин дотроос нэг хүн намайг тэр хайрцагийг аваад өг гэж хэлсэн. Би нөгөө хайрцагийг аваачиж өгөхөд тухайн авто машины жолоочийн эсрэг талд, урд сууж байсан сүүлд нэрийг нь мэдсэн Мэндбаяр гэх залуу бууж ирээд над руу дайраад “би хар тамхи хэрэглэсэн хүн байна” гэж хэлээд миний аваачиж өгсөн шар өнгийн автомашины тоолуураар миний духан дээр цохиод над руу дайраад байсан чинь цагдаа ирж тэр залууг болиулсан” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Чүлтэмсүрэнгийн “11 дүгээр сарын 23-нд Мэндээ ах над руу залгаад хорооллын эцсийн СОТ-ын байранд очоод өчигдрийн залуутай уулзаад хүнээс юм аваад ир гэж хэлсэн. Түүний дагуу би 17 цагийн үед нөгөө залуутай уулзаад Мэндээ ахын хэлсний дагуу надад байсан 90.000 төгрөгөө тэр залууд өгөөд нөгөө залууг машинд нь хүлээгээд сууж байтал цагдаа нар ирээд намайг барьсан” гэх мэдүүлэг,   

            гэрч Т.Анхбаярын “...нөгөө цэнхэр Форд машин хажуугаар гарахдаа өөрийнхөө баруун талд байсан 63-59 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Рав-4 маркийн автомашины зүүн хойд буферийг шүргээд зугтаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Х.Цэрэнчимэдийн “Хогны машины жолоч зам тавиад өгтөл хажуугаар нь гарахдаа зогсоол дээр тавьсан 69-59 УНӨ улсын дугаартай автомашины зүүн хойд буфер хэсгийг шүргээд шууд зугатаад яваад өгсөн” гэх мэдүүлэг,

            “Шинжилгээнд ирүүлсэн Ариунаа овогтой Мөнхбаярын биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/, каннабисын агууламж, Отгонтөгс овогтой Ишгэрэлийн биеэс авсан гэх каннабис /ТНС/-н агууламж, Пүрэвжав овогтой Мэндбаярын биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/, каннабис /ТНС/-н агууламж илэрсэн байна” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015.12.02-ны ¹10468 тоот дүгнэлт, “П.Мэндбаяр нь одоо сэтгэцийн хувьд “F15.2 сэргээгч эм бодисын шалтгаант хараат байдлын хам шинж” эмгэгтэй байна. П.Мэндбаярын дээрх эмгэг нь сэтгэц идэвхит бодисоос шалтгаалан үүссэн олдмол шалтгаантай эмгэг болно. П.Мэндбаяр нь метамфетамин гэх сэтгэц идэвхит бодисоос хамааралтай байна” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.01.04-ны ¹1133 тоот дүгнэлт, “57-55 УНД улсын дугаартай Форд маркийн автомашины жолооч П.Мэндбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 2.5 в-д заасан заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх Техникийн шинжээчийн 2015.11.18-ны ¹758 тоот дүгнэлт, шүүгдэгч А.Мөнхбаярын биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Залуучууд зочид буудлын 304 тоот өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, П.Мэндбаяраас хохирогч нарт бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Мэндбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн дээрх зүйлд заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авах гэмт хэрэг үйлдэхийг завдсан,

мөн шүүгдэгч А.Мөнхбаяр нь 2015 оны 11 дүгээр сард Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн дээрх зүйлд заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авах гэмт хэрэг үйлдэхийг завдсан байхад прокуророос тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээг Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамласнаар тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байхаар хязгаарлаж байна.

Гэвч шүүгдэгч П.Мэндбаяр, А.Мөнхбаяр нар гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсөн, түүнчлэн шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж, тэдгээрийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэж байгаа тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр зөвтгөх боломжтой гэж үзэж, прокуророос шүүгдэгч П.Мэндбаяр, А.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон зөвтгөв.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэргийг давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн тул тэдгээрт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус журамласан нь зөв болжээ.

Иймд шүүгдэгч Мөр зайсан овогт Пүрэвжавын Мэндбаярыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авахыг завдсан, уг бодисыг хууль бусаар олж авсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, мөн 153 дугаар зүйлийн 153.1, 216 дугаар зүйлийн 216.2-т заасан ял тус тус оногдуулах,

шүүгдэгч Гонгор овогт Ариунаагийн Мөнхбаярыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авахыг завдсан, уг бодисыг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Мэндбаяраас мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Баттулгад 350.000, Н.Энхтуяад 680.000 төгрөгийн хохирол тус тус төлж барагдуулсан болох нь бичгийн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүх шүүгдэгч П.Мэндбаярт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэргүүд үйлдсэн, үйлдсэн гэмт хэргүүддээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.Мөнхбаяр нь анх удаа Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр баривчлах ял оногдуулах боломжтой гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч П.Мэндбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болон хэрэглүүр зэргийг устгаж, Монгол улсын мөнгөн тэмдэгтийг зохих журмын дагуу Монголбанкинд хүргүүлэх нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч П.Мэндбаяр, А.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон зөвтгөсүгэй.

2.Шүүгдэгч Мөр зайсан овогт Пүрэвжавын Мэндбаярыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авахыг завдсан, уг бодисыг хууль бусаар олж авсан, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Гонгор овогт Ариунаагийн Мөнхбаярыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авахыг завдсан, уг бодисыг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч П.Мэндбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар баривчлах ялаар,

-шүүгдэгч А.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч П.Мэндбаярт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд тус тус багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч П.Мэндбаярын цагдан хоригдсон 23 хоногийг, шүүгдэгч А.Мөнхбаярын цагдан хоригдсон 3 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Мэндбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зип лок түгжээ бүхий гялгар ууттай 0.2 гр мансууруулах бодис, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, 4 см урттай тарианы усны шил 1 ширхэг зэргийг устгаж, АР2535829 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АК4998328 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монголбанкинд шилжүүлсүгэй.

8.Шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

9.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Мэндбаяр, А.Мөнхбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ