| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0078/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/142 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А ийн Б д холбогдох эрүүгийн 2203005880573 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайдын яамны баруун замд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 50 минутын орчимд “Hyundai Sonata-7” маркийн ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын 3амын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3. “хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3. (үргэлжилсэн хос шугам)- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлййг тээврийн хэрэгсэл давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас РСХ /мопед/ маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч М.Б ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд
Шүүгдэгч А.Б нь “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайдын яамны баруун замд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 50 минутын орчимд “Hyundai Sonata-7” маркийн ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа:
Монгол Улсын 3амын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас РСХ /мопед/ маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч М.Б ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Талдуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч М.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг өнгөрч байхад мопедтой БНХАУ-ын ЭСЯ-ны баруун замд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд зүүн тал руугаа шахаад явж байсан. Тэгтэл гэнэт зорчийх хэсгийн 1, 2 дугаар эгнээнд явж байсан автомашинуудын урдуур нэг тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн голын үргэлжилсэн цагаан шугам даваад гараад ирсэн. Би тухайн үед ойртож ирсэн байсан учир тоормослосон боловч гүйцэд зогсож амжилгүй тухайн автомашиныг мөргөөд газарт унасан. Тэгээд би газарт мопедонд даруулаад хэвтсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
-хохирогчоор дахин өгсөн: “...Миний хөлийн шагай хэсгээр хаяа өвдөж байгаа. ...Эмчилгээнд нөгөө машины жолооч талаас ямар нэгэн хохирол барагдуулж өгсөн зүйл байхгүй. ...Миний зүгээс зам тээврийн ослын улмаас мопедод учирсан хохирол, мөн өөрийн биед хийлгэсэн эмчилгээ шинжилгээний зардлыг нэхэмжилж байна ...Би хохирлын баримтаа шүүх хурал дээр гаргаж өгнө. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,
-иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Тухайн РСХ маркийн /мопед/ улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь тээврийн байгууллагад ажилладаг хүний нэр дээр байгаа юм. ...Би өөрийн эмчилгээний бодит зардал, мөн мопедонд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн РСХ маркийн /мопед/ улсын дугааргүй мопедыг манай байгууллага нь Солонгос улсаас тээвэрлэж Монгол Улсад 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авч ирсэн. Тухайн үед мопедийг тээвэрлэж хил нэвтрүүлэх үед бид өөрсдийн нэр дээр шилжүүлж аваад эзэнд нь өгдөг юм. Тэгээд тухайн мопедийг Монгол Улсад тээвэрлэж авчраад эзэмшигчид нь хүлээлгэж өгчхөөд одоог хүртэл нэрээ шилжүүлж өгч амжаагүй явж байсан. Тухайн мопедийн эзэмшигч М.Б нь бүх төлбөр тооцоог хийж дуусгаад гаалийн бичгээ аваад явсан байсан. Тухайн мопед нь миний эзэмшлийнх биш. ... Тухайн РСХ /мопед/ маркийн улсын дугааргүй мопед биш учир ямар нэгэн хохирлын үнэлгээ хийлгэхгүй. ...Мопедод ямар эвдрэл учирсан талаар мэдэхгүй байна. ...Миний зүгээс РСХ /мопед/ маркийн улсын дугааргүй мопедонд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Тухайн мопед миний эзэмшлийнх биш учир надад хамааралгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,
-иргэний хариуцагчаар өгсөн: “...Тухайн мопед нь миний эзэмшлийнх биш учир зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч С.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч М.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлага тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 396.000 төгрөг гарсныг яллагдагч А.Б ас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 888 дугаартай: “...М.Б ын биед баруун өвдөгний урд чагтан холбоосын урагдал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо.зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашинд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн: “...Hyundai Sonata-7 маркийн ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А ийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3. “хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3. (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1 -1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгсэл давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
2. РСХ /мопед/ маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М ийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4. “Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараахь тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадлагаа /хх-ийн 66 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-12 дугаар тал/,
“Арвижих-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21303 дугаартай: “...Honda РСХ загварын мопедонд учирсан хохирлыг 6.197.500 төгрөгөөр тогтоосон...” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58 дугаар тал/,
“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 33119 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 65 дугаар тал/,
Шүүгдэгч А.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Зорчих хэсгийн 1, 2 дугаар эгнээнд явж байсан машинууд түгжрээд зогсчихсон байсан бөгөөд урдуур нь зөөлөн гарах гээд урагшаа явж байтал миний зүүн гар талын хаалга хэсэг рүү мопедтой жолооч ирээд мөргөсөн. ...” гэ мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй...” гэснийг дурдав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар гаргасан талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч А.Б нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайдын яамны баруун замд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 50 минутын орчимд “Hyundai Sonata-7” маркийн ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын 3амын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3. “хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3. (үргэлжилсэн хос шугам)- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлййг тээврийн хэрэгсэл давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас РСХ /мопед/ маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч М.Б ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч А.Б ас 6.197.500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, мөн 396.000 төгрөгийг гаргуулж даатгалын санд олгох саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөрөөс: “...Миний үйлчлүүлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, үүнээс үүдэн хохирол учирсан асуудалд маргаагүй. Харин хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг хүнд юм уу, хүндэвтэр юм уу гэдэг дээр маргаж байгаа. Миний үйлчлүүлэгч хохирогчийг шууд эмнэлэг авч явсан бөгөөд бие нь зөвхөн зулгарсан байдалтай байсан байдаг. Хэрэв хохирогчид хохирол учруулсан бол хохирол төлөх нь гарцаагүй асуудал. Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр зохицуулагдаж байгаа харилцаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж байж тогтоох ёстой. Хэргийн 44 дүгээр талд дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэсэн байх боловч хэрэг учрал болсноос 36 хоногийн дараа хувийн эмнэлгийн имрай аппаратад үндэслэн хүндэвтэр гэмтэл учруулсан байна гэж дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлт бодит байдалд нийцэх үү? Хэдийгээр яллах дүгнэлтэд хохирогчийг Замын хөдөлгөөний дүрмийн 24.4 дүгээр зүйлийг зөрчсөн гэж байх боловч өмгөөлөгчийн зүгээс мөн хуулийн 24.7 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Техникийн шинжээчийн дүгнэлтээр энэ дүрмийг зөрчсөн эсэхийг бүрэн тогтоогоогүй. Үндсэн хуульд зааснаар нотлох баримтыг шалгуулж болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэсэн байна. Мөн тээврийн хэрэгсэл нь яг ямар төрлийнх болохыг тогтоогоогүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 888 дугаартай дүгнэлтээр /хх-46-47/ хохирогч М.Б ын биед баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх;
Мөн мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн магадлагаанд: “...Hyundai Sonata-7 маркийн ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А ийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3. “хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3. (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1 -1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгсэл давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...” /хх-66/ талаар тус тус дурдсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Б ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүх шүүгдэгч А.Б ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...хэрэг учрал болсноос хойш 36 хоногийн дараа хувийн эмнэлгийн имрай аппаратад үндэслэн “хүндэвтэр” гэмтэл учруулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул дахин шинжээч томилуулах, хохирогчийн тээврийн хэрэгсэл нь ямар төрлийнх болохыг тогтоогоогүй байна...” гэх санал гаргасан ба шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 888 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй мөн РСХ маркийн /мопед/ тээврийн хэрэгслийн төрлийг тодорхойлох нь хэргийн үйл баримтад нөлөөлөх ач холбогдол бүхий нөхцөл байдал биш байна гэж шүүх үзсэн болно.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эрүүл мэндтэй холбоотой хохирлын баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Иймд хохирогч М.Б нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Б ас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 396.000 төгрөгийн үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан С.С ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.
Түүнчлэн “Арвижих-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21303 дугаартай тайлангаар Honda РСХ загварын мопедонд учирсан хохирлыг 6.197.500 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-58 дугаар тал/
Иймд шүүгдэгч А.Б ас 6.197.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б ад, 396.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөрөөс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хөнгөрүүлэх нөхцөлийн талаар заасан байгаа. Энэ зүйл ангид заасан 4 нөхцөл миний үйлчлүүлэгчид байна гэж харж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөхөө илэрхийлсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байгаа юм. Тэгэхээр дээрх нөхцөлүүдийг шүүгч харгалзан үзнэ үү. Улсын яллагч бага ялын санал тавьсан боловч шүүхээс миний үйлчлүүлэгчийг 450 нэгжээр торгож өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн...”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр тал/, түүний “Хаан банк”-нд эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 100-124 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хуульд зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт А ийн Баттулгыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ас 6.197.500 /зургаан сая нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Б ад, 396.000 /гурван зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.
5. Хохирогч М.Б нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Б ас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН