| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00207/И |
| Дугаар | 00205 |
| Огноо | 2019-05-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 00205
2019 оны 05 сарын 10 өдөр Дугаар 153/ШШ2019/00205 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, .. регистрийн дугаартай Т. овогт Д.ийн Хийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 153/2019/00207/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1968 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд Цэрэндоржийн Дулмаагийн том охин болж мэндэлсэн. Би эхээс ах дүү 8-уулаа байсан ба 2 нь нас барсан. Манай ээж Ц.Дулмаа нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад насаараа нэгдлийн мал малласан хүн байгаа юм. Би Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуульд сурч байгаад 7 дугаар ангиасаа сургуулиас гарч малчин болсон юм. Учир нь би айлын том хүүхэд ээж маань нэгдэл нийгмийн малыг ганцаараа маллахад хэцүү байсан учир би арга буюу сургуулиас гарч ээжтэйгээ цуг нэгдлийн мал малласан. Тухайн үед хөдөлмөр хөлс ээжийн минь нэр дээр бичигддэг байсан. Нас залуу байсан болохоор хөдөлмөрийн дэвтэр нээсэн эсэхийг нь мэдэхгүй явжээ. Сүүлд хөдөлмөрийн дэвтрээ олж авах санаатай сураглахад нэгдэл тарах үеэр бригадын дарга Цэвээн, тоо бүртгэгч Батсуурь нарт өгсөн гэдэг боловч зарим хүмүүсийн дэвтрүүд олдоогүй гэдэг. Би ч тухайн үед сураглахгүй явсаар тэтгэврийн нас хүрэхээр Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд ажиллаж байсан үеийнхээ хөдөлмөрийн дэвтрийг хайсан боловч олдоогүй үрэгдэж алга болсон байсан. Миний бие нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосон ба 1984-1986 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг нээлттэй үлдээсэн. БНМАУ-ын 1973 оны хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн насыг онцгой тохиолдолд 15 наснаас эхлэн тооцдог байсан. Манай ээж Ц. Дулмаа нь өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй байсан болохоор би арга буюу 7 дугаар ангиасаа гарч ээждээ тусалж дэмжих зайлшгүй шаардлагатай болсон учраас улс нийгэмдээ 15 наснаасаа эхлэн хөдөлмөрлөж явчихаад баримт байхгүй гээд ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүй хохирч явна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас малчнаар ажиллаж байсан тухайгаа шүүлгэхэд миний нэрээр 1983 оны 6 сараас 1986 оныг дуустал ажиллаж байсан тухай баримт олдохгүй байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтуудыг бүрдүүлж өгсөн болно.
Намайг Хувьт гэж дууддаг байсан ба тэр үед манай гэрт хөдөлмөрийн насанд хүрсэн Хувьт гэж хүн байгаагүй нь олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрээр тогтоогдож байна.
Иймд Д.Хийг Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадад 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Д.Хийг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад 1983 оны 6 сараас 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодуурллаа.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.Х нь 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 563 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадын 1983-1986 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
- Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
- №95159 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр,
Гэрч Ж.Цэцэгмаагийн “...Д.Х нь Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуульд сурч байгаад 1983 оны хавар 7 дугаар ангиасаа сургуулиас гарч ээж Дулмаагийн хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэдлийн Зэрэг гол бригадад малчнаар нэгдэл тартал мал малласан. Д.Х нь тус нэгдэлд хонь, ямаа маллаж байсан. Д.Х нь ээжтэйгээ хамт нэгдлийн мал малладаг байсан мундаг ажилтай эмэгтэйчүүд байсан. Хийн ээжийг Дулмаа гэдэг байсан. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байсан. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд олон жил мал малласан эмэгтэй. Х нь айлын том хүүхэд байсан. Социалист нийгмийн үед нэгдэл нийгмийнхээ малыг маллахын тулд олон ч хүүхэд сургууль завсардаж малчин болдог байсан. Тэдний нэг нь энэ Х байгаа юм.Манай нутгийнхан Хийг Хувьт гэж дууддаг. Х, Хувьт чинь утга нь нэг үг л дээ...” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Мөнх-Очирын “...Д.Х нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадын малчин Дулмаагийн том охин байгаа юм. Д.Х нь Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийн 7 дугаар ангийг төгсөж илгээлтээр хөдөө гарч малчин болсон. Ээж Дулмаагийн хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэдлийн Зэрэг гол бригадад малчнаар нэгдэл тартал малчнаар ажилласан. Хийн ээжийнх нь нэрийг Дулмаа гэдэг байсан. Нэг хүүтэй, таванохинтой өрх толгойлсон эмэгтэй байсан. Х нь айлын том хүүхэд байгаа юм. Том охин Х нь сургуулиа төгсөж чадалгүй сургуулиас гарч нэгдлийн малыг ээжтэйгээ нэгдэл тартал малласан. Тухайн үед өрх толгойлсон болон ам бүл цөөтэй малчдын хүүхдийг 6-7 дугаар ангиас нь гаргаад малчин болгочихдог байсан. Хийг манай нутгийнхан Хувьт ч гэж дууддаг, Х ч гэж дууддаг... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 10-11, 16, 50-54 дүгээр тал/
Хүсэлт гаргагч Д.Хийг Хувьт гэж дууддаг байсан нь хавтас хэрэгт авагдсан 95159 дугаар Олон хүүхэдтэй эхийн дэвтэр болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Д.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Тавинаахан овогт Дулмаагийн Хийг 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ