Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/146

 

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,  

Шүүгдэгч О.Г  , түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт О ийн Г т холбогдох эрүүгийн 2209021151660 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим ...   тоотод буюу өөрийн амьдардаг хашаанд байхдаа гэр бүлийн маргааны улмаас тусдаа амьдарч байсан эхнэр Б.Я   ыг “өөртэй нь уулзаагүй, хадам эхийн гэр рүү орлоо” гэх шалтгаанаар өөрийн татаж байсан тамхиа хадам эх Л.Ж ийн эзэмшлийн 5 ханатай Монгол гэрийн баруун дээвэр хэсэгт шидэн гал тавьж, улмаар дээвэр, цагаан бүрээс, брезент зэргийг санаатай устгаж, гэмтээсний улмаас хохирогч Л.Ж т бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 363.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч О.Г   нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим ...   тоотод буюу өөрийн амьдардаг хашаанд байхдаа гэр бүлийн маргааны улмаас тусдаа амьдарч байсан эхнэр Б.Я   ыг “өөртэй нь уулзаагүй, хадам эхийн гэр рүү орлоо” гэх шалтгаанаар өөрийн татаж байсан тамхиа хадам эх Л.Ж ийн эзэмшлийн 5 ханатай Монгол гэрийн баруун дээвэр хэсэгт шидэн гал тавьж, улмаар дээвэр, цагаан бүрээс, брезент зэргийг санаатай устгаж, гэмтээсний улмаас хохирогч Л.Ж т бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 363.000 төгрөгийн хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Л.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдрийн шөнө 01 цаг гэхэд манай охин Я  ажлаасаа ирсэн. Тэгээд бид гэртээ байж байхад Г  манай гэрт 2 удаа орж ирээд гарсан ба унтах гээд хаалгаа түгжсэн байхад хаалга татахаар нь би "цаашаа явж унт” гэж хэлсэн. Удалгүй байж байтал том охин Я  "орны урд Т  2 ирээд буцаад явлаа” гэж хэлсэн. Удаач үгүй гал гарсан. Тэгээд дунд охин Я  гэрээ шатаачихлаа гэж хэлээд гарахад Г ийн гэр биш манай гэрийн баруун талын хэсгийн дээвэр хэсэг шатаж байсан. Манай дүү О  цагдаа руу миний нэрээр дуудлага өгсөн байсан. Тэрнээс хойш Г  2-3 удаа ирээд явсан. Г ийг ирэхэд дунд хүү яагаад гэр шатааж байгаа талаар асуухад ах нь согтуудаа тийм юм хэрэг хийсэн байна гээд зугтаагаад явсан. Гал тавьсныхаа маргааш нь гэрээ зарах гэж хүн дагуулж ирэхээр нь хохирлоо төлж байж гэрээ ав гээд заруулаагүй. Гэрт манай дүү Ч , манай хүүхдүүд болох Д , Я , Я , О , 3-6 насны 3 хүүхэд байсан. Ч , Д , О , 3 хүүхэд унтчихсан байсан. Охин Я ыг уулзсангүй гээд уурлахдаа шатаасан байх гэж бодож байна. Маргааш нь Г өөс яагаад шатаасан талаар асуухад юм дуугарахгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/,

 

Гэрч Б.Я   ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Шөнө 01 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд гэр рүүгээ орох гэж байхад Г  ирээд "ямар аймар оройтдог юм гэхээр нь би чамд ямар хамаатай юм" гэж хэлээд ээжийнд орсон. Тэгээд хоол идчихээд сууж байхад Г  2 удаа орж ирээд юм ярья гээд байхаар нь үгүй гэж хэлж гаргачхаад хаалгаа түгжээд унтах гээд хэвтсэн. Тэгээд хэвтэж байсан чинь манай эгч Я  "энд хөлийн чимээ гараад байна, 2 удаа ирээд явлаа гэж хэлсэн. Би дээшээ хараад хэвтэж байсан чинь тооноор гэрэл ассан, хаяагаар гэрэл гарахаар нь Г ийг гэрээ шатааж байгаа юм байна гэж бодоод гараад харахад манай ээжийн гэрийн баруун талын дээвэр хэсэгт гал гарч байхаар нь би гэрээсээ орж ус аваад цацаж унтраасан. Г  бага зэрэг согтуу байсан, өөрийгөө хянах чадвартай байсан. Г  тамхи татдаг, сэтгэл санаа нь ямар байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан надтай уулзъя гээд байсан. Г ийг гарснаас хойш нээх удаагүй, 10 орчим минутын дараа гал гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

 

Гэрч Б.Я ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний ор гэрийн баруун талд байдаг болохоор хэвтэж байхад Г  гэр рүүгээ ороод гэрийн баруун талд хоёр удаа ирчхээд явсан. Тэгээд нээх удаагүй тооноор гэрэл тусаад байсан ба манай дүү Я  гэр шатаад байна гэж хэлээд гараад гүйсэн, савтай ус гаргаж дээр нь асгасан. Гарахад Г  байгаагүй. Г  согтуу байсан, гэхдээ тийм аймар согтуу бол байгаагүй, хаалгаар зүгээр гарч ороод байсан, согтохоороо юм налж унаад байдаг юм. Гэрийн баруун талын дээвэр хэсэгт гал гарч байсан. Би бол Г ийг л гэж бодож байна, тэр хавьд ерөөсөө архи, тамхи хэрэглэсэн хүн байдаггүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

 

2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-41 дүгээр тал/,

 

Шүүгдэгч О.Г  ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Эхнэртэйгээ муудалцаад хүүхдүүдтэй уулзуулахгүй, надтай уулзахгүй зугтаад байсан юм. Тэгээд би тамхи татаж байгаад тамхины ишээ няслаад шидчихсэн. ...эхнэр Б.Я    гарч ирээд унтрааж байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч О.Г   нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч О.Г  ийн тамхины иш нясалж бусдын эд хөрөнгийг шатааж байгаа үйлдлийг олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болзошгүй аргаар бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэж үзэх бөгөөд түүний үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгөд хохирол учруулсанд тооцно.

Иймд шүүгдэгч О.Г  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан Олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ж т 363.300 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд нь хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд ...хохирлоо авсан... талаар мэдүүлсэн /хх-29/ байх тул шүүгдэгч О.Г  ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Г  ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан Олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Г  ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 61 дүгээр тал/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч О.Г  т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт О ийн Г ийг “Олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Г  ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г  т оногдуулсан торгох ялыг хуульд заасан  2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Г  т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН