Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч Л.Э ын хууль ёсны төлөөлөгч Л.Э , түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, 

Насанд хүрээгүй хохирогч Ц.М ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ш.С ,

Шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч Б.Цолмон,

Иргэний нэхэмжлэгч П.Ч , А.С ,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Д ийн Д д холбогдох эрүүгийн 2203004160530 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д  нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 39 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Сансар” худалдааны төвийн баруун замд “Hyundai Aerocity” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ:

 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтад заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй.../... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцны өмнө зогсож байсан “Hyundai Sonata-6” маркийн ... УБА, “Nissan Tiida” маркийн ... УББ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн араас мөргөж, “Nissan Tiida” маркийн ... УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Л.Э ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол, “Hyundai Sonata-6” маркийн ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Ч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Д.Д  нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 39 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Сансар” худалдааны төвийн баруун замд “Hyundai Aerocity” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж “Hyundai Sonata-6” маркийн ... УБА, “Nissan Tida” маркийн ... УББ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн араас мөргөсний улмаас “Nissan Tida” маркийн ... УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Л.Э ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Талдуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Л.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 7 буудлаас ...гэр лүүгээ явах гээд явган хүний гарцаар гараад дунд хэсэгт нь явж байтал ...зам дээр зогсож байсан машинууд хоорондоо мөргөлдөөд ...харахад автобус харагдаж байсан. ...Юу болсныг мэдээгүй. ...гэмтлээс болоод зүүн нүд маань харвалт өгөөд бүдэг хардаг болсон. Баруун гараа шаруулж байгаа. Хавирга байнга өвддөг. Хэдэн төгрөгийн тооцоо гарсныг эгч Э мэдэж байгаа. ...гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

 

Хохирогч Л.Э ын хууль ёсны төлөөлөгч Л.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байсан чинь над руу танихгүй дугаараас залгаад Э  гэдэг хүнийг таних уу, ...осолд ороод гэмтлийн эмнэлэг явлаа гэж хэлсэн. ...сахиуртай эмчилгээ хийгдэж байгаад 13 хоногийн дараа эмнэлгээс гарсан. ...Ослоос болж аарцаг цууралттай, баруун, зүүн талын хавирга хугарсан. Элэг уушиг бяцарсан. ...манай дүүгийн эм тарианы зардалд жолооч 1.200.000 төгрөг зарцуулсан. Хоол хүнс, эм тариа, цалин хөлс нийлээд нийт 13.747.641 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар  тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...7 дугаар сарын 15-ны өдөр манай бага дүү Сэлэнгээс ирсэн байсан бөгөөд бид хүүхдүүдтэйгээ хоол хийгээд гадаа суугаад байж байгаад Туулыг хайгаад гэр лүү нь очиход гэртээ байхгүй байсан. Ингээд хаачсан юм бол гэж бодоод байж байхад цагдаагаас утсаар яриад гэмтчихлээ, эмнэлэгт яаралтай ир гэж хэлсэн. Бид эмнэлэгт очиход дүү маань танигдахын аргагүй болсон байсан. Тэр явц маш хүнд, мөрөөрөө явж байсан хүнийг ийм болгосонд маш их гомдолтой байна. Би бас харваж байсан хүн тул тайван байхыг маш их хичээсэн. Би өөрийн дүүгээ сахиад эмнэлэгт хонодог байсан бөгөөд маш хүнд нөхцөлд байсан. Миний дүү ганц бие, хань ижил нь нас барсан байсан. Өнөөдөр миний дүүг алхаж байсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Миний дүү алхаж болохгүй юм уу, бие нь дээрдэж болохгүй юм уу? Шүүгдэгч тусламж үзүүлж байсан нь бол үнэн, маргах зүйлгүй. Д  эмчилгээний зардал болон бэлнээр 30.000 төгрөгийг гурван удаа миний данс руу шилжүүлсэн ба мөн 150.000 төгрөгийн таяг авч өгсөн. Э  үйлчлэгчийн ажил хийдэг байсан ба ажилгүй байх үеийн цалин буюу 1 сарын 660.000 төгрөг гэж тооцоод бүтэн жилийн 7.590.000 төгрөгийг, мөн тарианы зардал гэж 4.057.641 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн би бас ажлаа хийж чадахгүй дүүгээ асарсан тул хамгийн багаар тооцоод 5.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс нийт 13.747.641 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн автобус базад гомдолтой байгаагаа хэлмээр байна. Манайд ямар ч сэтгэл гаргаагүй. Мөн өөрөө мөргөөгүй ч иргэний нэхэмжлэгч нар нэг ч нинжин сэтгэл гаргаагүй байж машиныхаа араас гүйгээд байгаад гайхаж байна. ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг өнгөрч байхад аав Ц , ээж С  нарын хамт Nissan Tiida маркийн автомашинтай явж байхад араас машин мөргөж осол болсон. ...Би машины ард сууж явж байсан. Ослын улмаас миний хүзүү өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.М ын хууль ёсны төлөөлөгч Ш.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ослын улмаас хүү Ц.М ын толгой, хүзүү, нуруу нь өвдөөд байгаа. Эмчилгээний зардалд гарсан мөнгийг нэхэмжилнэ. ... гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар тал/,

-иргэний нэхэмжлэгчээр өгсөн: ...Миний хүзүү, толгой өвдөж байгаа. ... гэх мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би тухайн өдөр явган хүн гаргах гээд зам дээр зогсож байсан ба хүүгийн хамт явж байсан. Гэтэл араас гэнэт юм ирээд мөргөсөн. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн бөгөөд ард сууж явсан манай хүүхэд ард гэмтсэн бол яах байсан бэ? Шүүгдэгч маш ёс зүйгүй, хохирол учруулчихаад хэнээс ч уучлалт гуйгаагүй. Автобазаас ч мөн ярьсан зүйл байгаагүй. Тиймээс би машины 3.090.000 төгрөг, зогсоолын үнэ 174.000 төгрөг, хүүгээ эмчилгээнд үзүүлсэн 260.000 төгрөг, нийт 3.525.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр эхнэр С , хүү Ц.М  нарын хамт Nissan Tiida маркийн  автомашинтай ...явган хүний гарцаар гарч байсан хүмүүсийг хүлээгээд зогсож байтал араас машин мөргөж осол болсон. ...Тэнд байсан хүмүүс миний машин доор орсон хүнийг гаргасан. Удалгүй 103  ирээд уг хүнийг аваад явсан. ...Эхнэр урд суудал дээр, хүү арын суудал дээр сууж байсан. ...Машины эвдрэл үнэлсэн үнэлгээ 3.090.000 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилж байна. ...Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103, 119-120 дугаар тал/,

 

Иргэний нэхэмжлэгч П.Ч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ослын дараа хүзүү, баруун хөлний өвдөг, зүүн гарны мөрнөөс тохой хүртэл гэмтсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хохирлыг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нөхөртэйгээ хамт явж байгаад осолд орсон. Гэнэт чимээ гарсан чинь автобус ирээд мөргөсөн байсан. Би тухайн үед машинаас бууж чадахгүй гэмтэл авсан байсан тул Э тай хамт эмнэлэг явсан. Иймд би эмчилгээний зардал 632.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/

 

Иргэний нэхэмжлэгч А.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ослын дараа хүзүү өвдсөн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Миний машинд 2.385.000 төгрөгийн хохирол учирсан. ...Үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэр Ч тэй ижил саналтай байна. Тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа тул машины төлбөр нийт 2.385.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Иргэний нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай автобусанд эвдрэл учирсан. Гэхдээ үнэлгээ хийлгээгүй. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Тормос бүрэн ажиллагаатай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-113 дугаар тал/,

-иргэний хариуцагчаар өгсөн: ...Манай байгууллага бусдад учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэйгээ ойлгож байна. Даатгалтай учраас даатгалаасаа барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Д.М гийн өгсөн: ...Манай байгууллага 5 хоног явуулсан гэж байх боловч жолооч зөвшөөрөөгүй тохиолдолд ажилуулдаггүй. Жолооч нар өөрсдөө 5 хоног гараад 2 өдөр явах боломжтой байдаг. Учиргүй нойр муутай хүнийг шугамд гаргадаггүй ба зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зураад шугамд гардаг. Манай талаас тухайн өдрийн автобусны камерыг шүүсэн, яах ч аргагүй жолооч маань осол гаргасан байсан. 10 сая төгрөг даатгалаас гарчих байх, үлдсэн төлбөрийг графикийн дагуу төлөх боломжтой. ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...уг хэргийн улмаас иргэн Л.Э ын эмчилгээнд 2.346.000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг буруутай этгээдээс гаргуулж манай байгууллагад олгож өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 231-232 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9984 дугаартай шинжээчийн: “...П.Ч ийн биед баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлэл нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10006 дугаартай шинжээчийн: “...Л.Э ын биед бүх биеийн доргилт, хоёр талын олон хавирганы хугарал, уушги, элэгний голомтлог няцрал, баруун зовхи, шанаа шуу хэвлийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...олон удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. ...дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 170-171 дүгээр тал/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 999400 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт хэсэгт “...Hyundai Aerocity маркийн ... УНЭ улсын дугаартай автобус техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. ...урд буфер гол хэсэгт дотогш чихэгдсэн зүүн их гэрэл хагарсан, урд нүүр хонхойсон, хойд буфер зүүн талын булан зурагдсан, баруун хойд гэрэл доод хэсгээрээ хагарсан, зүүн урд оврын гэрэл, ухрахын гэрэл арын оврын гэрэл тормосны гэрэл дугаарын гэрэл зүүн баруун ойрын гэрэл асахгүй, 2-р тэнхлэгийн баруун талын дотор дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй эвдрэл гэмтэлтэй байна. ...урд буфер гол хэсэгт дотогш чихэгдэн, зүүн их гэрэл хагарсан, урд нүүр хонхойсон зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна. ...хойд буфер зүүн талын булан зурагдсан, баруун хойд гэрэл доод хэсгээрээ хагарсан, зүүн урд оврын гэрэл, ухрахын гэрэл арын оврын гэрэл тормосны гэрэл дугаарын гэрэл зүүн баруун ойрын гэрэл асахгүй, 2-р тэнхлэгийн баруун талын дотор дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-ийн 180-184 дүгээр тал/,

 

Мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 963 дугаартай “...“Hyundai Aerocity” маркийн ... УНЭ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Д  нь Монгол Улсын замын хөдөлгөөний 3.7 дахь заалт “...Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Hyundai Sonata-6 маркийн ... УБА, Nissan Tiida маркийн ... УББ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн жолооч Х.Ц , А.С  нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. ...Явган зорчигч Л.Э  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна... гэх магадлагаа /хх-ийн 187-188 дугаар тал/,

 

Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тайланд “...Nissan Tiida маркийн ... УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 3.090.000 төгрөг...”-өөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 141 дүгээр тал/,

 

Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тайланд “...Hyundai Sonata-6 маркийн ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 2.385.000 төгрөг...”-өөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 167 дугаар тал/,

 

Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тайланд “...Hyundai Sanata-6 маркийн ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 2.385.000 төгрөг...”-өөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 167 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 07 цаг 30 минутад ... ХХК-ийн эзэмшлийн ... УБЭ улсын дугаартай автобусыг жолоодон Монел-Сансарын чиглэлд ажилдаа гаррсан. Тэгээд 3 дахь тойргоо тойрох гээд 9 дүгээр дэлгүүрийн урдуур яваад 32-ын гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргээд урдаас хойш чиглэлд нэг талдаа 2 эгнээтэй замын 1 дүгээр эгнээнд явж байхдаа нойр хүрээд хэсэгхэн хугацаанд зүүрмэглэсэн ба сэргэхэд урд явсан 2 автомашиныг мөргөөд, урд талд нь байсан Nissan Tiida маркийн автомашин нь явган хүний гарцаар гарч явсан хүнийг мөргөж осол гаргасан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 226 дугаар тал/,

 -шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...7 дугаар сарын 15-нд би 5 хоног жолоо бариад ядарсан байсан тул осол гаргасан. Би өөрийн хэргийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн болохыг дурдав.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10006 дугаартай шинжээчийн /хх-ийн 170-171 дүгээр тал/ дүгнэлтээр хохирогч “...Л.Э ын биед бүх биеийн доргилт, хоёр талын олон хавирганы хугарал, уушги, элэгний голомтлог няцрал, баруун зовхи шанаа шуу хэвлийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...олон удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. ...дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэж;

Мөн мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №963 дугаартай магадлагаанд: “...“Hyundai Aerocity” маркийн ... УНЭ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7 дахь заалт “...Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрсөн /хх-ийн 187-188 дугаар тал/ гэж тус тус дурдсан байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Д ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.    

Иймд шүүх шүүгдэгч Д.Д ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Д ын хууль бус үйлдлийн улмаас “...П.Ч ийн биед баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл...” учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9984 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 41-42 дугаар тал/ тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүнд “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” бол гэж заасан тул эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй болно. 

Прокуророос тус хэрэгт эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол хүлээсэн П.Ч , Х.Ц , А.С , Ш.С  нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Тус гэмт хэргийн улмаас Л.Э ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан түүний хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э , өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нар нь хохирогчийн эмчилгээний зардал, түүний ажилгүй байсан хугацааны цалин, асран хамгаалагчийн цалин зэрэгт нийт 13.657.641 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хохирогч Л.Э ын гаргаж өгсөн баримттай нэг бүрчлэн танилцахад “...хогийн шүүр, гурилын мод, шилэн сав, суулга, үсний будаг, зайрмаг, гэр ахуйн бараа, бохь, чихэр, архи...” зэрэг худалдан авсан баримт авагдсан байх бөгөөд эдгээрийг хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулах бодит зардал биш юм. Иймд баримтаар тогтоогдсон 1.620.738 төгрөг,

Мөн хохирогч Л.Э , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э  нар ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн ба хохирогч Л.Э  нь ... ХХК-д үйлчлэгчээр 660.000 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь тус байгууллагын тодорхойлолт, хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд хохирогч Л.Э ын ажилгүй байсан хугацаа болох 7 сарын цалин 4.620.000 төгрөг, нийт 6.240.738 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Д  нь хохирогчийн эмчилгээний зардалд 90.000 төгрөг бэлнээр өгсөн талаар хэн аль нь мэдүүлсэн, баримт авагдсан байх тул 6.240.738 төгрөгийн хохирлоос хасч 6.150.738 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э ын ажлын газрын тодорхойлолт, цалингийн хэмжээ, нийгмийн даатгал төлсөн баримт зэрэг нь хэрэгт авагдаагүй, шүүх түүний цалингийн хэмжээг бодитой тогтоох боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалин, хохирогч Л.Э  нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа тус тус холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д оос 531.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Ч т, 410.000 төгрөгийг гаргуулж Ш.С д, 2.537.000 төгрөгийг гаргуулж А.С д, 3.284.000 төгрөгийг гаргуулж Х.Ц эд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Зочигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж заасан.

Шүүгдэгч Д.Д ын унаж явсан ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ... ХХК болох нь тогтоогдож байх тул иргэний хариуцагчаас шүүгдэгч Д.Д ын бусдад учруулсан дээрх хохирлыг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож, ... ХХК нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Д оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Д.Д оос 2.346.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмонгоос: “...Энэ хэрэг нь өөрөө болгоомжгүй үйлдэл гэдгийг оролцогч нарт хэлэхийг хүсч байна. Мөн би автобус баазын ажилтны хэлсэн үгэнд их эмзэглэж байх ба энэ байгууллага маш хариуцлагагүй байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгч ажил үүргээ гүйцэтгэж яваад энэ хэргийг үйлдсэн. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Гэвч миний үйлчлүүлэгчид 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял оноож өгнө үү...”  гэх дүгнэлтийг;  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугаас: “...Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх нь зүйтэй байх...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Д.Д  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Д ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 204 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 199 дүгээр тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 200 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 201 дүгээр тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 202 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 203 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

-шүүгдэгч Д.Д ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн BD ангиллын ...  дугаартай жолооны үнэмлэхийг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгож;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Д ийн Д ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Д ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй

            3. Шүүгдэгч Д.Д д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн BD ангиллын ...  дугаартай жолооны үнэмлэхийг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч ... ХХК-иас 6.150.738 /зургаан сая нэг зуун тавин мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э д, 531.000 /таван зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Ч т, 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.С д, 2.537.000 /хоёр сая таван зуун гучин долоон мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.С д, 3.284.000 /гурван сая хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Ц эд тус тус, мөн шүүгдэгч Д.Д оос 2.346.000 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э  нь ажилгүй байсан хугацааны цалин, хохирогч Л.Э  нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, иргэний нэхэмжлэгч, хариуцагч ... ХХК нь өөрт учирсан хохирлоо тус тус холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТСАЙХАН