Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 00208

 

2019 оны 05 сарын 13 өдөр

      Дугаар 153/ШШ2019/00208

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, өөрийн байр, Төрийн Банк ХХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багийн 2 дугаар 24 айлын ..  тоотод оршин суух, дугаарын регистртэй, Г овогт Н О,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, үйлдвэрий районы .. тоотод оршин суух, дугаарын регистртэй, А. овогт Х.ын С нарт холбогдох

Үндсэн зээл 12,108,205.38 төгрөг, хүүгийн төлбөр 721,913.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,022 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3,600 төгрөг, нийт 12,839,741.62 төгрөг гаргуулах,

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагадаа үндсэн хүү 751,173.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,921.92 төгрөг, нийт 727,936.24 төгрөг нэмж гаргуулах,

2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа үндсэн хүү 1,021,866.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,934.02 төгрөг, нийт 1,053,800.2 төгрөг, бүгд 14,843,881 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 153/2018/00507/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.О нь 2017 оны 09 сарын 18-ны өдөр Төрийн банкны Ховд салбартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 50 сарын хугацаатай, 13,500,000 төгрөгийг авсан. Зээл авснаас хойш эхний 3, 4 сарын зээлийн төлөлтийг хэвийн төлж байгаад, 11 сард 1 хоног, 1 сард 9 хоног, 2 сард 7 хоног, 3 сард 19 хоног, 4 сард 28 хоногийн хугацаа хэтрүүлж, график зөрчиж байсан. Мөн Н.О нь 4 дүгээр сарын 02-ны өдөр төлөх ёстой байсан зээлийг 4 дүгээр сарын 31-ний өдөр хамгийн сүүлд төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон хүүгийн төлөлт хийхгүй буюу 1 жилээс дээш хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардаж, мэдэгдэл өгч байсан боловч биелүүлээгүй учраас банкны зүгээс 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед нэхэмжлэлийн шаардлага гаргах үед үндсэн зээл 12,108,205 төгрөг, хүү 724,913 төгрөг 45 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 302,279 төгрөг, нотариатын хөлс 3,600 төгрөг, нийт 12,839,741 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хойш шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн хүү зогсдог гэсэн байгууллагын дотоод журмын дагуу өнөөдрийг хүртэл хуримтлагдаад явж байгаа. Энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 05–ны өдөр тус тус нэмэгдүүлсэн бөгөөд нийт 14,653,000 төгрөгийг хариуцагч Н.Оээс нэхэмжилж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар дахин хүү хуримтлагдаад үндсэн зээл 12,108,205 төгрөг 38 мөнгө, хүү 2,680,670 төгрөг 65 мөнгө, нэмэгдүүлсэн хүү  54,605 төгрөг 86 мөнгө, нийт 14,843,881 төгрөг 89 мөнгө болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Өнөөдрийг хүртэл хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилж байсан. Харин бид нарын зүгээс шалтгаалж шүүх хуралдаан хойшлоогүй бөгөөд хэргийг хурдан шийдвэрлүүлж, хүүг зогсоох хүсэлтэй байсан гэв.

            Хариуцагч Н.О нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний зүгээс Төрийн банкны Ховд салбартай ирээдүйд бий болох орлого буюу цалингаа барьцаалж зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Зээлийн гэрээний дагуу болон Иргэний хуульд зааснаар үүргийн гүцэтгэл болон мөнгөн төлбөрийн зээлтэй холбоотой зээлээ төлж чадахгүй байх нөхцөл буюу эрсдэл үүсээгүй. Харин миний зүгээс зээлийн хугацаа хэтрэлт гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хугацаа хэтрэлт гарсан үндэслэлээр шүүхэд хандсан асуудал нь хувь хүмүүсийн харилцааны хоорондох асуудлаас болсон гэж ойлгож байгаа. Миний бие Ховд Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуульд эрх зүйн багшаар ажилладаг бөгөөд тэр үеийн банкнаас зээл авахдаа барьцаалж байсан мөнгөн дүнгээс өссөн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д ямар нөхцөлд зээлийн гэрээ цуцлагдах талаар заасан. Тус заалтад зээлдэгчийн төлбөрийн чадвар доройтсон, чадваргүй болсон гэж банк үзсэн, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлүүд тусгагдсан байгаа. Мэдэгдэх хуудсыг 1 удаа надад биш 18 нас хүрээгүй охинд маань гардуулсан байсан. Үүнээс шалтгаалаад банкны үйл ажиллагааны талаар хувь хүний нэр төр лүү халдсан, амьдралд нөлөөлөхүйц хэмжээний үйл явдлуудыг бий болгосон учраас нэр төр сэргээлгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч татгалзсан. Банк нь үйлчилгээний байгууллага бөгөөд үйлчлүүлэгчтэйгээ зүй зохистой харьцах үүрэгтэй гэж ойлгож байгаа. Мөн насанд хүрээгүй хүүхдэд мэдэгдэх хуудсыг гардуулснаараа үйл ажиллагаагаа явуулсан гэж үзээд байгаа нь хэр хуульд нийцэхийг ойлгохгүй байна. Банкны зүгээс хуурамч баримт бүрдүүлэн хуурч мэхлэх замаар зээл авсан гэх мэт нэр төртэй холбоотой асуудлыг ярьдаг. Гэтэл шүүхийн шийдвэр цахим санд нээлттэй  тавигдах маргааны хувьд нэр төртэй холбоотой асуудал үүсэж байгаа. Миний зүгээс эвлэрэх талаар Төрийн банкны Ховд салбарын ахлах эдийн засагчтай уулзахад төвөөс шийдвэр ирэхийг хүлээж байгаа талаар хэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гаргасан гэж үзэж байгаа. Банкны зүгээс 2018 оны 05 сарын 28-ны өдөр мэдэгдэл өгснөөрөө зээлийн гэрээг цуцлах болон дуусгавар болгох үндэслэл бий болсон гэж ойлгоод байгаа. Өөрөөр хэлбэл зээлийн мэдэгдэлд “гэрээг цуцлах болохыг мэдэгдэе” гэсэн байдлаар хандсаныг гэрээ цуцлагдсан гэж ойлгогдохоор нөхцөл байдал бий болж байгаа. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлээр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзвэл Төрийн банкны Ховд салбар нь зээлдэгчээсээ гэрээ цуцлагдах үе хүртэл буюу 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан асуудлыг банкнаас шалтгаалаагүй талаар тайлбарлаад байна. Гэтэл зохигчид тэгш эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн дагуу оролцох эрхтэй учраас ажиллагаануудыг хийлгэж явсан. Өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь зээлийн гэрээ цуцлагдаагүй гэж үзэхээр байна. Хэрвээ өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь зээлийн гэрээ үргэлжлээд явж байгаа гэж ойлгоод, шүүхийн шийдвэр гарсан үеэс үлдсэн хугацаагаар графикийн дагуу явагдах хууль зүйн үндэслэл бий болж байна. Гэрээний хугацаа дуусгавар болоогүй гэдэг үндэслэлээр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа тохиолдолд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийг төлөх ёстой гэж ойлгож байгаа. Мөн 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийн гэрээ хэвээр үргэлжлээд явах боломжтой. Тухайлбал талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4-т зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээлээ бүрэн төлөөгүй тохиолдолд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусгаагүй хүртэлх хугацаагаар гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа. Яагаад гэхээр гэрээ цуцлагдсан уу? цуцлагдсан бол хэдийнээс эхэлж цуцлагдсан юм бэ? хариуцагчийн зүгээс 2018 оны 05 сарын 28-ны өдрийн мэдэгдлийг авснаар зээлийн гэрээ цуцлагдаад, гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл дуусгавар болчихсон гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж заасан. Энэ зохицуулалтын дагуу хариуцагчийн тухайд гэрээний хугацаа дуусгавар болоогүй учраас биелэгдээгүй үүргийн үнийн дүнгээр буюу гэрээний хугацаа дуусаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаад байгааг үндэслээд зээл төлөгдөөгүй 2019 оны 05 сарын 13-ны өдөр хүртэлх зээлийн төлбөрийг нэхэмжлээд, цааш гэрээний хугацаа үргэлжлээд явахаар байгаа. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан учраас өнөөдрийг хүртэл зөрчигдсөн саруудын хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хамтран хариуцагчаар Х.Сийг татан оролцуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан боловч Х.Сийн хувьд хамтран хариуцагчаар гарын үсэг л зурсан байдаг. Гэтэл зээлийн гэрээнд зөвхөн хариуцагч Н.Оийн цалинг барьцаалж зээл олгосон байдаг. Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч Х.Сийн зүгээс өөрийнхөө цалинг ямар нэгэн байдлаар барьцаалаагүй байгаа. Иймд Х.Сийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж шүүхийн шийдвэртээ тусгаж өгнө үү. Х.С нь өөрөө Төрийн банкны Ховд салбарт зээлтэй, тусдаа субъект байгаа. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан. Өөрөөр хэлбэл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанар нь зөвхөн Н.О нь ирээдүйд бий болох орлогоо барьцаалж зээл авсан байдаг. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл хамтран зээлдэгчийн тухайд зээлдэгчтэй адил эрхийг эдэлдэггүй. Зээлийн гэрээний зүйл дээр Н.Оийг зээлдэгч, Х.Сийг хамтран зээлдэгч гэсэн агуулгаар оруулж өгсөн. Харин гэрээний нийтлэг үндэслэл дээр хамтран зээлдэгчийн эрх үүрэг байхгүйгээр, зээлдэгчийн  эрх үүргийг тусгаад явсан ойлголт байдаг. Миний зүгээс шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүхээс хуулийн дагуу буцаан олгож шийдвэрлэж өгнө үү. Эцэст нь дүгнээд хэлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзээд, гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа тохиолдолд хариуцагчийн зүгээс зээлийн гэрээ 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дуусахаар байгаа учраас 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөөд, зээлийн гэрээг цааш хэвийн үргэлжлүүлэх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбар  нь хариуцагч Н.О, хамтран хариуцагч Х.С нараас үндсэн зээл 12,108,205.38 төгрөг, хүүгийн төлбөр 724,913.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,022.79 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3,600 төгрөг, нийт 12,839,741.62 төгрөг гаргуулах,

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагадаа үндсэн хүү 751,173.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,921.92 төгрөг, нийт 727,936.24 төгрөг нэмж гаргуулах,

2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа үндсэн хүү 1,021,866.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,934.02 төгрөг, нийт 1,053,800.2 төгрөг, бүгд 14,843,881 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбар нь “....зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг зөрчсөн тул шүүхэд хандсан, зээлийн гэрээг цуцлаагүй, үргэлжилж байгаа тул шаардлагаа нэмэгдүүлсэн ...”гэж маргав.

Хариуцагч Г.О нь “.... цалингийн зээл авсан нь үнэн, ар гэрийн байдлаас болж зээлийн хугацаа хэтрүүлсэн, миний бие банкны өмнө  үүрэг хүлээсэн, миний цалин ирээдүйд олох орлогыг  барьцаалсан учир Х.Ст хамааралгүй зээлийн үүргийг би хүлээнэ, цалин барьцаалсан зээлийн гэрээ цуцлагдаагүй байгаа тул 2018 оны 05 сарын 02-ноос 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөд  зээлийн гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байна...” гэж маргав.

Хариуцагч Г.О нь  нэхэмжлэгч Төрийн  банкны Ховд салбартай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13 500 000 төгрөгийг  сарын 1,7  хувийн хүүтэй, 50 сарын хугацаагаар 110000405175 дугаартай барьцаат цалингийн зээлийн гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбар , Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар  /хх-ийн 10-12 хуудас/ баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх / нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар , зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө , гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан байна.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “ мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч Г.О нь мөнгийг заасан хугацаанд шилжүүлэх үүргээ үүрэг гүйцэтгэгч /зээлдүүлэгч Төрийн банкны Ховд салбар/-т гүйцэтгээгүй ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар,хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн хуулийн шаардлагыг хариуцагч зөрчжээ.

Хариуцагч Г.Оийн ар гэрийн амьдралд гачигдал гарч зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүйн улмаас хугацаа хэтрүүлсэн гэх тайлбартай нэхэмжлэгч маргаагүй болно.

Мөн хариуцагч Г.О нь Ховд их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд багшийн ажилтай, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа мөн өмгөөллийн ажлыг давхар хийж  гүйцэтгэдэг, цалин хөлс авч орлого олж байгаа нь талуудын тайлбараар тогтоогдлоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь”..... хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээ цуцлагдаагүй ,гэрээ үргэлжилж байгаа бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 02-нд дуусна ...” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д “... Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан , эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Г.О нь Ховд их сургуулийн хуулийн багшийн ажил хөдөлмөрөө хэвийн гүйцэтгэж, өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь тайлбараар нотлогдож, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д заасан нөхцөл байдал үүсээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй”  гэж хуульчилжээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч Н.О нь гэрээ ёсоор төлвөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөүй учраас зээл нь хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээ үргэлжилж байгаа, гэрээ цуцлагдаагүй, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дуусна гэж тайлбарлаж байх тул хариуцагч Н.Оээс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх төлөөгүй үндсэн зээл 2,790,579 төгрөг, хүүгийн төлбөр 2,410,946 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 482,189 төгрөг нийт 5,683,714 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Оээс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх төлөөгүй үндсэн зээл 2 790 579 төгрөг, хүүгийн төлбөр 2 410 946 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 482 189 төгрөг нийт 5 683 714 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 160 167 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбар нь мэдэгдэх хуудсыг хариуцагч Г.От гардуулаагүй насанд хүрээгүй охинд гардуулсан болох нь /хх-ийн 48-р хуудас/ баримтаар тогтоогдов. Мөн Хариуцагч Х.О нь цалингийн зээлийн гэрээний үүргээ хамтран хариуцагч Х.Ст хариуцуулахгүй, өөрөө хэрэгжүүлэхээр тайлбарласныг тэмдэглэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас 9,160,167 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, талууд зээлийн гэрээгээ үргэлжлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.

 Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 110000405175 тоот  зээлийн гэрээг байгуулсан ба гэрээ цаашид үргэлжлэх боломжтой гэж дүгнэв.

Учир нь зээлдэгч Н.О нь ар гэрийн гачигдал гарсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байх тул хэтрүүлсэн хугацааны төлбөрийг төлж зээлийн гэрээг үргэлжлүүлэх талаар талууд маргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан Төрийн банкны нэхэмжлэлтэй, Г.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,790,579 төгрөг, зээлийн хүү 2,410,946 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 482,946 төгрөг, нийт 5,683,714 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,160,167 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Оээс 105,889 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгож, хариуцагч Н.Оийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 208 дүгээр зүйлийн 208.4, 208.6, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хариуцагч Н.Оээс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх төлөөгүй үндсэн зээл 2,790,579 төгрөг, хүүгийн төлбөр 2,410,946 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 482,189 төгрөг нийт 5,683,714 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,160,167 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Оээс 105,889 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгож, хариуцагч Н.Оийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг буцаанолгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ