Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/154

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Хохирогч Б.Б ,

Шүүгдэгч М.Г , түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Гэрч Г.У ,

Насанд хүрээгүй гэрч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М ы Г од холбогдох эрүүгийн 2209002900563 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г  нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...  тоотод үйл ажиллагаа явуулах “... ” үсчин гоо сайхны газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Б гийн эзэмшлийн Iphone-12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Г  нь “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...  тоотод үйл ажиллагаа явуулах “... ” үсчин гоо сайхны газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Б гийн эзэмшлийн Iphone-12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрөөд яваад очтол миний өмнө нэг хүн үсээ засуулж байсан. Би үсчинд явж ороод гадуур хувцсаа өлгөөд цүнхээ сандал дээр нь тавиад дээр нь гар утсаа тавьсан. Намайг ороход үсээ засуулж байсан хүн дуусаад би үсээ угаалгахаар явсан юм. Тэгээд үсээ угаалгаад хэвтэж байтал миний өмнөх үйлчлүүлэгч мөнгөө дансаар хийчихлээ, баярлалаа гээд гарсан. Тэгээд би үсээ угаалгаж дуусаад цүнхээ автал миний гар утас байгаагүй. Гар утсаа хайгаад олоогүй учраас үсчин эгч буюу бэр эгчийнхээ утаснаас өөрийнхөө гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Үсээ угаалгаад босож ирээд гар утсаа хайсан хугацаа 7-8 минут орчим л байсан. Сая өмнөх өгсөн үйлчлүүлэгч мөнгөө дансаар шилжүүлсэн юм чинь таны дансны хуулгыг харъя гээд шүүж үзэхэд өөрийнхөө утасны дугаарыг бичээд мөнгөө шилжүүлсэн байсан. Тэгэхээр нь шууд нөгөө дугаар руу эгчийнхээ утаснаас залгаад би шууд тулгаад та миний гар утсыг аваад явчихсан байна, танаас өөр хүн байгаагүй, би цагдаа дуудахгүй гэхэд одоо орчин үед Iphone хулгайлдаг хүн байдаг юм уу, чи миний нэр төрд халдлаа, би чамайг цагдаад өгнө гэсэн. ...Тэгээд байж байгаад нөгөө эгч эргүүлж залгаад чи яг гар утсаа хаана тавьсан юм бэ, би олон тортой юм барьж явсан болохоор миний цүнхэнд орчихсон байж магадгүй, би үзье, тортой юмаа 3 дугаар сургуулийн автобусны буудал дээрээс хүүхдэдээ өгөөд явуулчихсан гэсэн ба бас хэсэг хугацааны дараа залгаад миний тортой юм руу чиний гар утас орчихсон байна, би өөрөө Дархан явах гээд Драгон явж байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд тухайн хүнтэй гар утсаар яриад миний гар утсыг 5-6 настай эрэгтэй хүүхэд авчирч өгсөн. Би гар утсаа яг цүнхнийхээ хажууд тавьсан. Миний гар утас цоо шинэ байсан учраас 30-40 хувь цэнэгтэй байсан. Тэр эмэгтэйн авч явсан эд зүйлс нь нэг цаасан өндөр тор байсан. Дотор нь шилтэй эд зүйл байсан. Бас цүнх нь хаалттай байсан. Миний өөрийн цүнх жижиг хар учраас дээр нь тавьсан байсан. Сандал дээр эд зүйлүүд эмх цэгцтэй, хүний тор руу юм уначихаар эмх цэгцгүй байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Тухайн өдөр над руу сургуулиас залгаад ур чадварын шалгалтад суугаад өгөөч гэхээр нь тэр үсчингийн газарт цаг аваад  очсон байдаг. Тэгээд үсээ угаалгах гээд үсчинд ороход нэг эмэгтэй үсээ янзлуулаад дуусч байсан ба 2-3 минутын дараа тэр эмэгтэйн үйлчилгээ нь дуусаад дансаар тооцоогоо хийгээд гарсан. Би үсчинд орж ирээд гар утсаа өөрийн цүнхэн дээр доошоо харуулж тавиад хувцсаа өлгүүрт өлгөсөн байсан. Би үсээ угаалгаж дуусаж байхдаа гэнэт утсаа тавьснаа санаад босоод хайтал байхгүй байсан ба өөрийн утас руу залгахад холбогдохгүй болсон байсан. Тэгээд хамгийн сүүлд энэ эмэгтэй байсан бөгөөд төлбөрөө хийхдээ утасны дугаараа үлдээсэн байсан тул тэр дугаар луу нь залгахад би удирдах албан тушаалтан, надад хулгай хийх зүйл байхгүй гэж хэлсэн. Тэрхэн зуур би өөр хэн гар утсыг авсан талаар ч бодсон. Удалгүй би цагдаа дуудсан бөгөөд цагдаа дуудахтай зэрэгцээд Г  над руу яриад миний тортой зүйлд гар утас орчихсон байна гэдгийг хэлсэн. Удалгүй жаахан хүү ирээд цагдаа нарт гар утсыг өгсөн юм шиг байсан. Би тухайн үед цагдаагаас утсаа авсан тул гомдол саналгүй... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Б.Г  ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...40 орчим насны эмэгтэй орж ирээд үсээ сэнсдүүлж янзлуупаад тооцоог интернэт банк ашиглаж төлбөр болох 10.000 төгрөг шилжүүлээд гарсан. Тухайн эмэгтэй үйлчлүүлж дуусаж байхад манай дүү болох Б  нь надаар үсээ янзлуулахаар орж ирсэн. ...Тэгээд удалгүй эгч нь мөнгө шилжүүлчихсэн гэж хэлээд гараад явсан. Бид үсээ угааж дуусаад үсчний өрөөнд орж ирэхэд Б гийн сандал дээр тавьсан байсан гар утас байхгүй байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

 

Гэрч Г.У гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...өглөө 11 цагийн үед ээж залгаад гэрт тортой юм үлдээсэн байгаа, тэр торон дотор утас байна уу үзээд өг гэхээр нь гэрт нь очоод үзтэл Iphone маркийн гар утас байхаар нь ээж рүү залгаад ийм утас байна гэж хэлсэн. Намайг ээжийн гэр лүү ороход хоёр дүү ээжийн тортой юмнаас утас гаргаж ирээд асаагаад тоглож байсан. Тэгээд ээж хүн ирж авна гэхээр нь хоёр дүүгээ гаргаж өг гэж хэлээрэй гээд гаргасан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 166-167 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ..Өглөө унтаж байхад ээж залгаад гэрт тортой зүйл оруулсан байгаа ба тэр дотор утас байна уу, үзээд өгөөч гэж хэлсэн. Би очоод ортол манай хоёр ихэр дүү хаалга тайлж өгсөн. Торон дотор утас байна уу гэхэд манай хоёр дүү утсыг аль хэдийн олоод гаргаад ирчихсэн байсан. ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.А н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би гэртээ байж байхад ээж сургуулийн монитад өгөх бэлгийг гэрийн гадаа гарч ирээд аваадах гэхээр нь гарч аваад буцаад гэртээ ороод задлаад үзтэл гар утас байсан ба асаах гээд оролдоод үзтэл код нэхээд байсан тул өөрийнхөө симийг хийх гээд утсыг унтраачихсан юм. Тэгтэл эгч У  гэрийн гадаа ирээд утсаар залгааад наана чинь нэг гар утас байна уу, аваад гараад ир гэхээр нь нөгөө утсыг аваад гартал эгч наад утсаа хүнд аваачиж өг гэхээр нь би цагдаа ахад аваачиж өгсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 168 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Бэлэг дотор утас, бал гэх мэт зүйлүүд байсан. Надад авч өгч байгаа утас гэж бодсон. Хүний утас гэдгийг эгч ирээд мэдээд дараа нь би утсыг аваачиж өгсөн... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15, 122-124, 159-163 дугаар тал/,

Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн СБ2-22-330 дугаартай ...Iphone 12 pro max загварын гар утасны үнийг 2.700.000 төгрөгөөр тогтоосон... хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38 дугаар тал/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 118-119 дүгээр тал/,

Шүүгдэгч  М.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...гэрээсээ гараад үсчин хайж яваад 3 дугаар сургуулийн урд нэг үсчин олж ороод үсээ засуулчхаад гарсан. Би ажилдаа явахдаа зөндөө олон тортой юм авч явсан. Бас үүдэнд 2-3 хүн зогсож байсан болохоор тэрэндээ уймарч яваад юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд би тэндээс гарч яваад ажил дээр очиж 1 цаг гаруй хугацаа өнгөрч байтал миний утсанд дуудлага ирээд байсан учраас би эхлээд авахгүй байж байгаад аваад яритал нөгөө хүүхэн гар утсаа авъя, миний утсыг танаас өөр хүн аваагүй гээд байхаар нь би тухайн үед уурлаад утсаа тасалчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би 50 нас хүрч байгаа бөгөөд боловсролын салбарт удирдах албан тушаалд олон жил ажилласан. Тухайн өдөр би маш их яарч байсан бөгөөд үүний улмаас хүний эд зүйлийг авчихсан байсан. Би тухайн үед үүнийгээ мэдээгүй тул өөртөө итгэлтэйгээр би утсыг аваагүй гэж хохирогчийг бухимдуулсан. Би хүний халаас уудалж гар утас аваагүй тул өөрийгөө гар утас авсан гэж бодоогүй байсан. Гэтэл миний тортой зүйлд гар утас орсныг мэдсэн. Тиймээс үйлдэлдээ гэмшиж байх тул үнэн зөв шүүж өгнө үү. Би хэрэв байнга ордог газраас хүний утсыг авсан байсан бол хэргээ аль эрт шийдүүлчих байсан... гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч М.Г  нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...  тоотод үйл ажиллагаа явуулах “... ” үсчин гоо сайхны газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Б гийн эзэмшлийн Iphone-12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэдийгээр гэрч болон шүүгдэгч нар санаатайгаар гар утсыг хулгайлаагүй, санаандгүй гар утас тортой эд зүйлд орсон гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар эдгээр нь үгүйсгэгдэж байна. Хохирогч гар утсаа үүдэнд үлдээгээд явсан хойгуур М.Г  гар утсаараа тооцоо хийгээд явсан байдаг. Удалгүй хохирогч гар утсаа хайж байгаад М.Г ын утас руу залгахад утсаа авахгүй байж байгаад сүүлд нь авахдаа би захирлын өрөөнд байсан гэж тайлбарладаг. Түүнчлэн шүүгдэгч санаандгүй хийсэн гэж яриад байгаа бүх зүйл нь үгүйсгэгдэж байгаа. Тухайн тортой зүйл нь мөн монитогийн бэлэг биш тортой вайн байсныг хохирогч мэдүүлдэг...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржоос: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих зүйл гэж бий. Прокурор дан ганц хохирогчийн мэдүүлэгт үнэлэлт өгч байна. Гэвч хэрэгт 3-4 хүн мэдүүлэг өгсөн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд яагаад шүүгдэгчийн явсан газрын цаг хугацааг тодорхойлоогүй вэ? Мөн энэ гэмт хэргийн субъектийн санаа зорилго ямар байсныг л тогтоох ёстой байсан юм. Үнэхээр шүүгдэгч шунахайн сэдэлттэй байсан бол яагаад хүүхэд явуулаад харуулаад байна вэ? Заавал субкектив шинжийг тодорхойлж байж хэргийг шийдэх ёстой. Гэмт  хэргийн нөхцөл байдлын хувьд шууд болгоомжгүй гэх асуудал. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж, мөн хуулийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж тус тус заасан байна. Өнөөдөр бодит үнэнийг тогтоохын тулд жаахан хүүхдийг хуралдаанд оролцуулсан ба хэргийг субектив шинж байхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Эрх зүйн дүгнэлт:

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт этгээд ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

Шүүгдэгч М.Г  нь хохирогч Б.Б гийн “...гар утсыг авсан, ...гар утсыг буцааж өгсөн...” үйл баримт хэрэгт авагдсан, дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар уг үйл баримттай маргаагүй, харин “...хулгайн гэмт хэргийн сэдэл зорилго тогтоогдохгүй байна...” гэж мэтгэлцсэн.

Энэ нь хохирогч Б.Б гийн: “... Тэгээд би үсээ угаалгаж дуусаад цүнхээ автал миний гар утас байгаагүй. Гар утсаа хайгаад олоогүй учраас үсчин эгч буюу бэр эгчийнхээ утаснаас өөрийнхөө гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Үсээ угаалгаад босож ирээд гар утсаа хайсан хугацаа 7-8 минут орчим л байсан. ...утас цэнэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Гэрч Б.Г  ийн: ...40 орчим насны эмэгтэй орж ирээд үсээ сэнсдүүлж янзлуупаад тооцоог интернэт банк ашиглаж төлбөр болох 10.000 төгрөг шилжүүлээд гарсан. ...Бид үсээ угааж дуусаад үсчний өрөөнд орж ирэхэд Б гийн сандал дээр тавьсан байсан гар утас байхгүй байсныг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/ болон бусад бичгийн баримтуудаар няцаагдаж байна.

Тухайлбаал, шүүгдэгч М.Г  нь үсчний газарт үйлчлүүлээд гарахдаа хохирогч Б.Б гийн гар утсыг авч гарсан, хохирогч уг үйлдлийг мэдээгүй нь шүүгдэгч нууц, далд аргаар гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн, гар утсыг унтрааж, гэртээ үлдээж байгаа үйлдэл нь эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бий болгосон, шунахайн сэдэлтэй байна.

Шүүгдэгч М.Г  нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээ /гурван зуун мянган төгрөгөөс доош/-ний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учирсан байна. 

Иймд шүүгдэгч М.Г ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Б д гар утсыг буцаан өгсөн байх тул шүүгдэгч М.Г  нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч М.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал хувийн байдлыг харгалзан үздэг. Харин маргасан эсэхийг харгалзан үздэггүй. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр барагдсан байх тул зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оноохдоо Сүхбаатар дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчих боломжтойгоор ялыг оноож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч  М.Г ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, Монгол Билэг Оюун сургуулийн тодорхойлолт /хх-ийн 89 дүгээр тал/, боловсрол, шагналын талаарх баримтууд /хх-ийн 96-106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч М.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч М.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч М.Г  нь ...тоотод тоотод байнга оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр, мөн ...  байрлах ...  цэцэрлэгт эрхлэгчээр ажилладаг болох нь тус газрын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

 

 Иймд шүүгдэгч М.Г ыг дээрх хугацаанд ажил болон оршин суух хаягийн харьяалах дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г од шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М ы Г ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г од шүүхээс оногдуулсан ажиллаж байгаа болон байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.БАТСАЙХАН