| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0126/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/161 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М ийн З т холбогдох эрүүгийн 2209000002454 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.З нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр сургуулийн зам дагуу гээгдүүлсэн “Samsung A52” загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 660.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч М.З нь “...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр сургуулийн зам дагуу гээгдүүлсэн “Samsung A52” загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 660.600 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гар утсаа өвөр дээрээ тавьсан байсан. Тэгээд 4 дүгээр сургуулийн ойролцоо зам дагуу машинаас буухдаа гар утсаа газар унагааж гээгдүүлсэн байсан. Тэр үедээ мэдээгүй бөгөөд сургууль руугаа ороод гар утсаа гээгдүүлсэн талаар мэдээд буцаж гараад машинаас буусан газарт очиж гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд би ээж дээр буцаж очоод өөрийн дугаар руугаа залгахад эмэгтэй хүн аваад “би замын голоос олсон, одоо төвд явж байна” гэж ярихаар нь “байгаа газарт чинь очоод авъя” гэхэд “өгөхгүй боломжгүй байна” гээд тасалсан. Тэгээд дахин ээжээр яриулахад 300.000 төгрөг өгчих гэхээр нь 100.000 төгрөг өгье гэхэд тэгвэл боломжгүй гээд утсаа тасалсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
Гэрч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гар утасны лангуун дээр ажлаа хийгээд сууж байтал үл таних 25-35 насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд мөнгө хэрэг болчихлоо, гар утсаа зарах гэсэн юм гээд “Самсунг А52” загварын хөх өнгөтэй, хуучин гар утас үзүүлэхээр нь гар утсыг нь үзээд бичиг баримт юу байна гэхэд ... утасны дугаар, “Хаан” банкны З нэртэй данс бүртгүүлсэн. Тэгээд би тухайн гар утсыг 330.000 төгрөгөөр худалдан авч Хаан банкны З гэх нэртэй данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 дугаар тал/,
Шүүгдэгч М.З ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулна. ...Замын голд дөрвөлжин хар юм байхаар нь бууж очоод харахад “Самсунг А52” маркийн цайвар цэнхэр өнгийн гар утас байсан ба би тэр гар утсыг аваад ажил дээрээ очсон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн орчимд би тухайн гар утсыг “Тэди” төв дээр авч очоод лангуун дээр 330.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч М.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би ажил руугаа явж байхдаа замын голоос гар утас олсон. Тэгээд дууг нь хаасныг нь мэдэхгүй явсаар байгаад ажил дээр очсон ба эзэнтэй нь ярьсан. Байж байхад манай ажлын эгч энэ гар утас 1 сая төгрөг болох байх, чи зарчих гэхээр нь би тоглоод 300.000 төгрөг гээд хэлчихсэн гэж хэлсэн. Удалгүй манай хоёр ажлын залуу тэр утсыг үзье гэж байгаад симийг нь гаргаад эвдсэн. Би дараа нь утсыг нь зарсан. Удалгүй цагдаа над руу залгахаар нь би зарсан гэдгээ хэлсэн. Тэгээд хүний утас зарсан тул хайрцагтай шинэ утас авч өгсөн...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.З нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч М.З нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр сургуулийн зам дагуу гээгдүүлсэн “Samsung A52” загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 660.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч М.З нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Эрх зүйн дүгнэлт:
Гээгдэл эд хөрөнгө гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл шалтгаалан хаягдаж орхигдсон тухайн үед эзэн нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа зүйлийг хэлнэ.
Шүүхээс тогтоосон үйл баримтаар насанд хүрээгүй хохирогч Б.Г ийн гар утсаа хаяхыг хүсээгүй буюу түүний хүсэл зоригоос үл шалтгаалах байдлаар гээгдэж, орхигдсон эд зүйл болох “Samsung A52” загварын гар утсыг шүүгдэгч М.З олж авч, бусдынх гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангаж байна.
Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос шүүгдэгч М.З т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч М.З нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Г эд хохирол төлбөрийг төлж барагдуулсан /хх-32/ байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.З нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.З ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.З-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч М.З т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч М.З т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М ийн З ийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.З т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН