Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00216

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2019/00216

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Марина, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч  С.Бы нэхэмжлэлтэй, хариуцагч Х.С холбогдох холбогдох гэм хорын хохирол 911,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч С.Б, хариуцагч Х.Сайдал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багийн нутаг 7-н газар гэх газар ногоо тариалан эхнэр 7 хүүхдүүдийн хамт амьдардаг. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд Х.Сайдалын 30-аад тооны адуу манай ногооны талбай руу дайран орж луувангийн ургацын ихэнхийг нь идэж сүйтгэсэн. Ингээд Х.С хохиролыг төлж өг гэсэн боловч манай адуу хаагуур явж юу иднэ чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Манайх ногооны талбайгаа битүү торлож хамгаалсан байсан бөгөөд манай ногооны талбайгаас тухайн адуунуудыг А.Авдрасол, Р.Сагынган нарын тусламжаар гаргасан бөгөөд эдгээр хүмүүс гэрчилж өгөх тул гэрчээр асууж өгнө үү. Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газарт дуудлага өгснөөр ажлын хэсэг гарч хохиролын талаар хэмжилт хийж зургаар баталгаажуулан үнэлгээ гаргасан. Тус үнэлгээгээр нийт лууван тариалсан 0,21 га талбайн 45 хувь нь талхлагдсан ба нийт хураан авах ёстой кг лууван 881,244 төгрөг, Ховд сумаас ирсэн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсгийн үнэлгээ болон шатахуун зардал 30,000 төгрөг нийт 911,244 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Х.Сайдалаас 911,244 төгрөг гаргуулахаас 161,244 төгрөгийг татгалзаж эвлэрч байна гэв.

            Хариуцагч Х.Сайдал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дотор 750,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Бд төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Х.С холбогдуулан гэм хорын хохирол 911,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б хариуцагч Х.Сайдал нар нь дараах байдлаар эвлэрлээ. Үүнд хариуцагч Х.Сайдал нь нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч С.Бд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 161,244 /нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөгөөс нэхэмжлэгч С.Б нь татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 750,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 22,550 төгрөгийн 50 хувь болох 11,275 төгрөгийг хариуцагч Х.Сайдалаас гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Бы нэхэмжлэлтэй, хариуцагч Х.С холбогдох гэм хорын хохирол 911,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Х.Сайдал нь нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг нэхэмжлэгч С.Бд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлөхөөр, нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 161,244 /нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөгөөс татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 750,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 22,550 төгрөгийн 50 хувь болох 11,275 төгрөгийг хариуцагч Х.Сайдалаас гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                               Б.МАРИНА

                                                                                       С.ОЮУНЖАРГАЛ