| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0116/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/178 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Ц.Төгөлдөр,
Шүүгдэгч Т.У , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Т ын У д холбогдох эрүүгийн 2209013432241 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.У нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... хашаанд байсан хохирогч Д.Г ын эзэмшлийн 6х4 хэмжээтэй байшингийн мод, банз, палк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд
Шүүгдэгч Т.У нь “...2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... хашаанд байсан хохирогч Д.Г ын эзэмшлийн 6х4 хэмжээтэй байшингийн мод, банз, палк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ... ХХК-д харуулын ажил хийдэг юм. Тэгээд тухайн байшинг 2021 оны өвөл харж өвөлжсөн. Тухайн хашаа байшин нь газарт орчихсон, нураана гэж байсан. Манай захирал Ц тухайн байшинг нурааж газрыг нь чөлөөлж, модыг нь намайг ав гэж хэлсэн юм. Байшингийн модонд төлбөр төлсөн зүйл байхгүй. Би тухайн байшинг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нураасан. Тэр үед 30 орчим насны эрэгтэй тухайн хашаа, байшинг зарна гээд бас нэг эрэгтэйг дагуулаад ирсэн. Тэгэхээр нь ажлынхаа нягтлан Т гэх залуу руу залгаад хэлсэн чинь тийм зүйл байхгүй, над руу зургийг нь дараад явуулчих гэж хэлсэн. Тэр үед надад утас байгаагүй учраас зургийг нь дарж чадаагүй явуулчихсан юм. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр модоо ачихаар очиход миний нураасан байшингийн урд тал болон зүүн талын нэг хана дээврийн банз, шувуун нуруу зэргийг ачаад явчихсан байсан тул цагдаад хандсан юм. Манай захирлыг Ч гэдэг. Утас нь ... Би тухайн хүнийг өмнө нь харж байгаагүй. Одоо харах юм бол танина. Өмнө нь намайг тухайн байшинд өвөлжиж байхад эзэн нь гэж хүн ирж байгаагүй. Тухайн байшин нь 6*4 харьцаатай байшин байсан. Алга болсон мод нь ойролцоогоор 1-1,5 сая төгрөг болох байх. Тухайн байшин палкан байшин байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дүгээр дэлгүүрийн эсрэг талд дулаан хөөс үйлдвэрийн борлуулагч гэсэн хаягтай дэлгүүрийн эзэн С гэх залуу миний утас руу залгаад ажил дээр хүрээд ир, юм ачих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би С гийн ажил дээр очиход С нэг залуугийн хамт байсан. Нөгөө залуутайгаа хамт яваад Хангай хотхоны зүүн талын хашаанаас нураасан байсан байшингийн модыг нөгөө залуугийн хамт ачсан. Тэгээд тэр залуу надтай хамт С гийн ажил дээр очоод би С гоос түлшний мөнгө авсан. Харин нөгөө залуу тухайн байшингийн модыг С д зарсан гэж ярьж байсан. Би тухайн модыг Дэнжийн 100-д С гийн дүүгийнх нь бололтой хашаанд буулгасан. ...Би тухайн залуугийн нэрийг мэдэхгүй. Өмнө нь харж байгаагүй. Тухайн өдөр надад хэлэхдээ энэ байшин манай аавын байшин байсан юм, манай аав өнгөрчихсөн болохоор зарж байгаа юм гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
Гэрч Я.Ч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ... тоотод байрлах хашаа байшинг 2016 онд худалдан авсан юм. Тэр цагаас хойш өөрийн хашаа байшиндаа ажилчдаа амьдруулж байгаад 2022 он гараад тухайн газар дээр өөрийн ... ХХК-иар орон сууцны барилга барих болоод газраа чөлөөлөх шаардлагатай болсон юм. Тэгээд өөрийн ажилчин Г гэх хүнд ажлын нөхцөлтэйгөөр тухайн газар дээр байсан хуучин байшинг нурааж авахыг хэлсний дагуу Д.Г а зөвшөөрөөд 2022 оны 02 дугаар сард тухайн байшинг Г д өгсөн. Г ажлын зав чөлөөгөөр тухайн газрын хогийг ачиж цэвэрлээд 2022 оны 5 дугаар сарын 08-нд байшингаа буулгаад 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ирж авах гэхэд нь тухайн байшингийн модноос байхгүй болсон байна гэж надад хэлсэн. Би тухайн газар болон байшинг худалдан авахад ямар нэгэн маргаан гараагүй. ...Би тухайн байшинг анх авахдаа 30 сая төгрөгөөр авч байсан. Д.Г ад тухайн хашааны хогийг ачаад төлбөрт нь аваарай гэж хэлсэн. Нэг машин хогийг ойролцоогоор 50,000 төгрөгөөр ачдаг. Тухайн хашаанаас 50 орчим машин хог гарна гэж тооцож мөнгөнд нь өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,
Гэрч Д.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 100 айлд ажил дээрээ байж байхад 25 орчим насны, туранхай, тагнай муутай, муухан ярьдаг залуу орж ирээд түлээний мод авах уу, минийх байгаа юм, ачаад ав гэхээр нь үнийг нь асуухад эхлээд 500,000 төгрөг гэж байгаад би түлээний мод тийм үнэтэй авахгүй гээд 100,000 төгрөгөөр авахаар тохиролцоод би өөрийн танил ачаа ачдаг жолоочийг гуйгаад тэр залуутай хамт явуулахад ачаад ирсэн. Тэгээд би тэр залууд 100,000 төгрөгийг бэлнээр өгөөд тухайн модыг Хайлаастад байдаг хашаандаа аваачиж буулгасан. Одоо хүртэл ашиглаагүй байгаа. Би тэр модыг жинхэнэ эзэнд нь гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 дугаар тал/,
2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар тал/,
Шүүгдэгч Т.У ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байрныхаа яг урд зүгт байрлах хашаанд байшингийн буулгасан хуучин моднууд байхаар нь надад мөнгөний хэрэгцээ гарчихсан, мөнгө хэрэгтэй байсан учраас 100 айл худалдааны төвийн орчмоор нөгөө модоо зарах гээд явж байгаад танихгүй эрэгтэй хүнтэй таараад зарахаар болсон. Ц гэх хүнтэй танилцаад хашаанаас авсан модоо буулгаад зарж байгаа юм худалдаж авах юм уу, би 500,000 төгрөгөөр зарж байна гэж хэлэхэд доошоо буулгавал авъя гэсэн. Тэгэхээр нь бид хоорондоо ярилцаж байгаад 250,000 төгрөгөөр зарахаар болж, би тэр хүнээс 200,000 төгрөгийг бэлнээр авч, тэр Ц гэх нэг найзыгаа дуудаад машинаар ачаад аваад явсан. Мод байсан гэх хашаанд өмнө нь би эцэг, эхийн хамтаар амьдардаг байсан. Одоогоос 6 жилийн өмнө буюу 2016 онд амьдарч байсан хашаа байшингаа одоогийн 515 дугаар байрны 3 тоотод байх 2 өрөө байраар сольчихсон. Тэр хашаа байшин надад ямар ч хамаагүй болчихсон байсан юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Т.У нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... хашаанд байсан хохирогч Д.Г ын эзэмшлийн 6х4 хэмжээтэй байшингийн мод, банз, палк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Т.У , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Т.У нь хохирогч Д.Г ын 1.880.000 төгрөгийн үнэ бүхий палк, банз, мод зэргийг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.У ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г ад 1.880.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Т.У аас 1.880.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г ад олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Т.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхийн шатанд хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч Т.У нь 3 настай хүүхэдтэй, эхнэр нь 100 хувийн группэд байдаг. Иймд хувийн байдлыг нь харгалзан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Т.У ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Т.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялын хэмжээг 300 цагийн хугацаагаар тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т ын У ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У аас 1.880.000 /нэг сая найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г ад олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН