| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00188/И |
| Дугаар | 00213 |
| Огноо | 2019-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00213
| 2019 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2019/00213 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багийн 6-8 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Т. овогт Ө.ийн Нийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 153/2019/00188/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.Г нь 1965 оны 9 дүгээр сарын 23-ны Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 54 настай. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1973 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцан 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод хөнгөн үйлвэрийн техник мэргэжлийн сургуульд орж суралцан 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төгсөж улмаар Улаанбаатар хотын арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Шевретийн үйлдвэрийн хатаах цехед ажилд орж ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар Ховд аймагт шилжин ирж 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын гутлын тасагт норомчоор ажилд орж 1990 онд үйлдвэр тартал тасралтгүй ажилласан юм.
Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт фото зураг гэх баримтууд гал түймэрт гэр орон шатахад шатсан. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авахад миний ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа.
Иймд Ө.Гийг Ховд аймгийн ахуйн үйлчилгээний комбинат-д 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ө.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын Гутлын тасагт нормчноор ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ө.Г нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын Гутлын тасагт нормчноор ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 322 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын цалингийн картнаас Ө.Гийн 1984-1989 оны хөдөлмөрийн хөлс, Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 153, 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 235, 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 194 тоот тушаалуудын хуулбарууд,
- ХХҮ-ийн Яам, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Шевретийн үйлдвэрийн захиргааны 1982 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 137 дугаар, 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 174 дугаар тушаалуудын хуулбарууд,
- Ховд аймгийн СХ-ийн Орон сууц Нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 113, 1986 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1600002764 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А0700461 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт,
- Д.Гэрэлт-Од, Ө.Г нарын гэрлэлтийн бүртгэлийн 126/0001322 тоот лавлагаа,
- Хүсэлт гаргагчийн 126/101330 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
Гэрч Г.Батаагийн “...Би 1952 онд Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан гэдэг газар төрсөн. Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийг 1967 онд 7 ангийг төгссөн. 1968 онд ЗХУ-ын Омск хотод хөдөө аж ахуйн сургуульд суралцан 1970 онд төгссөн. Сэлэнгийн аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд ажиллаж байгаад 1971 онд цэрэгт явсан. 1974 онд цэргийн алба хаагаад 1975 онд Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын гутлын тасагт гуталчин хийж байгаал 1976 онд Ахуй үйлчилгээний газрын бригадын даргаар 1991 он хүртэл ажилласан. Ө.Г нь 1981 онд Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын комбинатын гутлын тасагт нормчин, гуталчнаар 1991 он хүртэл ажилласан.... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Л.Сүх-Очирын “...Би 1940 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. Ховд аймгийн Алтай сумын сургуульд 4-р анги, Булган сумын сургуульд 5 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Жаргалант сумын 1-р 7 жилийн сургуулийг 1956 онд төгссөн. 1960 онд Ховд аймгийн хөдөө аж ахуйн техникумыг малын эмч, зоо техникчээр төгсөөд Өвөрхангай аймгийн Хужирт суманд малын эмчээр 1962 он хүртэл, Улаанбаатар хотын хөдөө аж ахуйн материал техникийн хангамжийн баазид малын бага эмчээр 1967 он хүртэл, Ховд аймгийн номын санд 1981 он хүртэл номын санчаар ажилласан. 1981-1993 он хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилласан. Ө.Г нь 1984 онд Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын комбинатын гутлын тасагт нормчин, гуталчнаар 1991 он хүртэл ажилласан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ө.Гийг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тольтон бургууд овогт Өлзийгийн Гийг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын Гутлын тасагт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ө.Гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ