| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0175/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
Улсын яллагч Б.Сарантуяа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б ын Б т холбогдох эрүүгийн 2209034220011 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь ... тоотод 2022 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө нөхөр М.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжний зүүн талд, баруун гуяны гадна хэсэгт, зүүн гуяны дотор хэсэгт тус тус хутгалж, эрүүл мэндэд нь хоёр гуя, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б нь “...... тоотод 2022 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө нөхөр М.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжний зүүн талд, баруун гуяны гадна хэсэгт, зүүн гуяны дотор хэсэгт тус тус хутгалж, эрүүл мэндэд нь хоёр гуя, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал хөтөлбөргүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч М.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө би найз П тай хамт архи ууж байгаад гэртээ орсон чинь эхнэр Б хоол хийж байсан. Тэгээд би эхнэрийн аашийг хүргэж, өөрийн болгоомжгүй байдлаас болоод хоол хийж байсан хутганд нь өөрөө өртсөн. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,
Гэрч Х.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Б ийн гэрт ороход нөхөр Б охины хамт байсан. Манай найз хоол хийж идчээд 1 том пиво хувааж уусан. Тэгээд сууж байсан чинь нөхөр Б нь найзтайгаа уулзана гэж хэлээд гараад явсан. Нөхрийг нь гарсны дараа Б бид хоёр дахин нэг том пиво уугаад ойрд уулзаагүй гээд ойр зуурын юм ярилцаад сууж байхад гаднаас нөхөр нь 00 цаг болж байхад найз П гэх залуутай хамт орж ирэхэд нь манай найз хийсэн хоолноосоо өгсөн. Б , Б бид 3 ойр зуурын юм ярьсан бөгөөд урьд өмнө нь болсон асуудлаа яриад эхэлсэн. Б танай найз охин чинь хүүхдээ хаяж явж байсан, чи тэрийг мэднэ биз дээ гэж хэлэхэд нь Б юу яриад байгаа юм бэ чи гэж нөхөртөө хандаж хэлсэн. Тэгсэн Б нь хэл амаар доромжлоод янхан гэх мэтээр элдэв янзаар хэлээд байсан. Тэр хоёрын хэрүүл удаан үргэлжилсэн. Нөхөр Б нь миний өөдөөс хараад сууж байснаа гал тогооны тек рүү ойртож юм авах гэж босоод очсон тэр гал тогооны хавьцаа 3 минут орчим хэрэлдээд барьцалдаж авахаар нь би дундуур орох завдалгүй Б гал тогооны текин дээр мах хөшиглөж байсан хутгаа аваад нөхрийнхөө баруун гуянд 1 удаа хатгасан. Тухайн үед би дийлэхгүй байсан чинь найз П гэх залуу босож ирээд салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16259 дугаартай “....М.Б ы биед хоёр гуя, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр тал/,
2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар тал/,
... тоот гэрээс шар иштэй, нарийн үзүүртэй хутгыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-21 дүгээр тал/,
М.Б ы өвний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-48 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед нөхрийнхөө зүүн гуяыг нь нэг удаа зүссэн. Манай нөхөр Б намайг хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Б нь ... тоотод 2022 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө нөхөр М.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжний зүүн талд, баруун гуяны гадна хэсэгт, зүүн гуяны дотор хэсэгт тус тус хутгалж, эрүүл мэндэд нь хоёр гуя, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16259 дугаар дүгнэлтээр хохирогч М.Б ы биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч М.Б нь хэрэгт нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Б ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 75 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 76 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхээс шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Б ын Б ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН