| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0190/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/208 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Иргэдийн төлөөлөгч Ц.Ц,
Улсын яллагч С.Болорзул,
Хохирогч Э.Б,
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д ийн М д холбогдох эрүүгийн 2209000002412 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ... тоотод хохирогч Э.Быг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдсаны улмаас Э.Бын толгой хэсэгт сүхээр цохиж, хохирогчийн биед гавал ясны титэм заадасны цөмөрсөн, дух, цох, зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн нийлмэл хугарал, их тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зулай, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд
Шүүгдэгч Д.М нь “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ... тоотод хохирогч Э.Быг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдсаны улмаас Э.Бын толгой хэсэгт сүхээр цохиж, хохирогчийн биед гавал ясны титэм заадасны цөмөрсөн, дух, цох, зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн нийлмэл хугарал, их тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зулай, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэр У , төрсөн дүү С хоёр хэлэхдээ хашаанд хамт амьдардаг ээж Э ийн дүү М нь намайг хашааны гадна үүдэнд хүнтэй муудалцаад байхад болиулсан гэж хэлсэн. ...хашаанд орж ирээд үгэнд орохгүй болохоор нь цохисон гэж хэлсэн. Юугаар цохисныг нь санахгүй байна. Толгойн зүүн, дунд хэсэгт хоёр газар хагарсан. Хүзүүний зөөлөн эд гэмтсэн. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. ...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
-Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би согтуу байсан бөгөөд согтуу явж орсон нь миний буруу. Би ахыг нэлээн доромжилж уурыг нь их хүргэсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Өмнө нь бид хоёр маргалдаж байгаагүй бөгөөд манай ах архи дарс хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Г.У гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр Б ыг оруулах гээд орохгүй, тэрнээс болж О ах, Б хоёр маргалдсан. Б О ахыг цохих гээд заамдсан. Тэгсэн О ах гэр рүүгээ ороод сүх барьж гарч ирээд Сүхээрээ Б ын толгой руу 1 удаа, зүүн талын хүзүү, мөр орчим нэг удаа цохисон. Газарт унасны дараа нуруу хэсэгт нь нэг удаа цохисон. ...Тойлгойноос нь цус гараад түргэн дуудаж үзүүлээд оёдол тавиулсан. ...Б нь М ахыг цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 28 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би дадлагадаа явах гээд байж байхад гадна хүн орилоод байхаар нь У эгчийг сэрээгээд хэлсэн. ...Тэгээд би түрүүлж гараад харахад Б ах хажуу айлын хашааг өшиглөөд ...хүнтэй маргалдаад зогсож байсан. ...М ах гарч ирээд Б ахыг оруулах гэхэд орохгүй байсан. Тэгээд хашаанд ороод Б ах М ахтай маргалдаад заамдалцаад авцгаагаад байсан. Тэгээд М ах гэр рүү орж сүх барьж гарч ирээд Б ын толгойн хэсэгт 1 удаа, зүүн талын хүзүү орчим нэг удаа цохисон. Тэгээд У эгч тэр хоёрыг салгаад 103 дуудсан. Сүхний ар талаар толгой, хүзүү, нуруу орчим нэг нэг удаа цохисон. ...Хашааны гадна хүнтэй маргалдаж байхад биед нь ил харагдах шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15677 дугаартай “...Э.Бын биед гавал ясны титэм заадасны цөмөрсөн, дух, цох зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн нийлмэл хугарал, их тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гавал ясны титэм заадасны цөмөрсөн, дух, цох зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн нийлмэл хугарал, их тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулай, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Мы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Б агсам согтуу тавиад байхаар нь гэрт оруулах гээд маргалдсан. Бухимдсанаасаа болоод төмөр сүхээр цохисон. Намайг гарч очиход ил харагдах шарх байгаагүй. Намайг Б цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Моос: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ... тоотод хохирогч Э.Быг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдсаны улмаас түүний толгойн хэсэгт сүхээр цохиж, хохирогчийн биед гавал ясны титэм заадасны цөмөрсөн, дух, цох зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн нийлмэл хугарал, их тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт шарх, зулай, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий амь насанд аюултай эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас: “...гэм буруугийн талаар маргахгүй, харин гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх саналтай байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр олон тооны шарх, зулгаралт бүхий бие махбодын зовуурь шаналал үүсгэж үйлдсэн гэх шинж тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15677 дугаартай дүгнэлтэд “...Э.Бын биед гавал ясны титэм заадасны цөмөрсөн, дух, цох зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн нийлмэл хугарал, их тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулай, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Гавал ясны титэм заадасны цөмөрсөн, дух, цох зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн нийлмэл хугарал, их тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна гэжээ. Энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд хүнд хохирол” учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Мы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Д.Мы хохирогч Э.Бын толгой тус газарт сүхээр цохисон үйлдэл, түүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хүнд гэмтэл” нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ сүх ашигласан ба “Сүх” нь бүтцийн хувьд биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д хамаарч байна.
Прокуророос шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэж зүйлчлэн ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Ц.Ц нь шүүгдэгч Д.Мыг гэм буруутай /...сүхээр 2 удаа цохиж гэмтээсэн.../ гэж дүгнэсэн дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний хууль зүйн дүгнэлттэй нийцэж байгааг дурдах нь зүйтэй.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч ахуйн хүрээнд архидан согтуурсан, шүүгдэгчийн хувьд тухайн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж уураа тэвчиж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Мыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин прокуророос шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” буюу онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Онц харгис хэрцгий гэдэг нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдэх арга, сэдэл, түүний үр дагавар гэж ойлгож болох бөгөөд хохирогчийг ихээр тамлан зовоосон, олон тооны шарх гэмтэл учруулсан, тохуурхан, доромжилсон гэх мэт шинжтэй байна.
Шүүгдэгч Д.Мы үйлдлээс болж хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар олон тооны шарх учирсан ч шүүгдэгч уг олон тооны шарх, гэмтэл учруулснаар хохирогчийг тарчлаан зовоох зорилго сэдэлгүй буюу онц харгис хэрцгийгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Э.Б нь хэрэгт нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх бөгөөд мөн шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Мыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Би улсын яллагчийн саналтай эсрэг байр суурьтай байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг эхлээд дүгнэх ёстой ба хохирогч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, болсон үйл явдлыг мэдэхгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байдаг. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, бас ёс суртахууны хэм хэмжээ нөлөөлсөн гэж харж байна. Улсын яллагч 8 жил хорих ялын санал гаргаж байна. Ял шийтгэл, нийгмийн аюулын хор шинж хоорондоо тохирсон байх ёстой ба хохирогчийн биеийн байдлыг хараад дүгнэх боломжтой. Тиймээс ялын санал өндөр гэж харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл энэ хэрэгт байна гэж харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Тэгэхээр миний үйлчлүүлэгчид мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх боломжтой гэж харж байна. Иймд нэгэнт гэм буруутайг тогтоосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хуулийг хэрэглэж өгнө үү. Энэ нь гэмт хэргийн бодит байдалтай нийцэх үндэстэй байна. Мөн хүүхдүүдийн хувьд эцэг, эхтэйгээ байх боломжийг олгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д.Мы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 46-48 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Мыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон, нөгөөтэйгүүр Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “шүүгдэгч Д.Мыг сэтгэцийн хувьд F70 оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэж дүгнэсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн...”, 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Д.Мд оногдуулах хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай, 17х13 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн ар тал нь 6 см хэмжээтэй төмөр сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овогт Д ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Мыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай, 17х13 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн ар тал нь 6 см хэмжээтэй төмөр сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолгсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.