Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00219

 

2019 оны 05 сарын 16 өдөр                Дугаар 153/ШШ2019/00219                           Ховд аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн арван мянгатын 02-13 тоотод оршин суух, .. тоот регистрийн дугаартай, . овогт Т.ын Мын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны  5 дугаар сарын 6-ны өдөр 153/2019/00245/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1966 онд төрсөн. 1982 онд Ховд аймгийн Жаргалант сумын 8 жилийн 1-р сургуулийг 8 дугаар анги төгсөж, 1982 оны 7 дугаар сараас Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажилд орж, анх 10 дугаар дэлгүүрт 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл худалдагчаар, 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад тус дэлгүүр нь татан буугдаж хувьд шилжсэн.

Миний бие одоо тэтгэвэрт гаргах хугацаа дөхөж байгаа бөгөөд тухайн үед ажиллаж байх хугацааны баримтуудыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас шүүлгэхэд анх 1982 оны 7 дугаар сард ажилд орж байсан тушаал, 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаар дэлгүүрээс ажлаас чөлөөлж, тухайн өдөр Ховд аймгийн Гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар томилж ажиллуулж байсан тухай тушаалууд гарч ирээгүй болно.

Иймд Т.М намайг 1982 оны  7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа 10 дугаар дэлгүүрт худалдагчаар, 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.М нь 1982 оны  7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа 10 дугаар дэлгүүрт худалдагчаар, 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаартай лавлагаа,

-Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 77 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажил авах тухай” тушаалын хуулбар,

- Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Т.Мын нэр дээрх 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Т.Мын нэр дээрх 0700593 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Д.Дариймаагийн нэр дээрх 1977 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Д.Дариймааг Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар

-Гэрч Ц.Баасанхүүгийн нэр дээрх 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-Гэрч Ц.Баасанхүүг Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 89 дугаартай “Шагнах тухай” тушаалын хуулбар,

-Гэрч Д.Дариймаагийн шүүхэд өгсөн “...миний бие Д.Дариймаа нь 1977 онд Завхан аймгийн Худалдааны техникумын сургуулийг төгсөж, 1977 оны 7 дугаар сард Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд томилогдон ирж 1992 оны 2 дугаар сарын 20-ний өдөр тус байгууллага татан буугдах хүртэл худалдагчаар ажиллаж байсан. Т.М нь 1982 онд тус байгууллагад ажилд орж байсан бөгөөд бид хамт 1992 он хүртэл худалдагчаар ажиллаж байсан” гэх тодорхойлолт,

-Гэрч Ц.Баасанхүүгийн шүүхэд өгсөн “...миний бие Ц.Баасанхүү нь 1980 онд Улаанбаатар хотын Худалдааны техникумын сургуулийг төгсөж, Худалдаа бэлтгэлийн яамны 1980 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 115 тоот тушаалаар Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд томилогдон ирж 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагыг татан буугдах хүртэл худалдагчаар ажиллаж байсан.

Т.М нь 1982 онд тус байгууллагад ажилд орж байсан бөгөөд бид хамт 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр татан буугдах хүртэл худалдагчаар ажиллаж байсан” гэх тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Т.Мтай хамт 1982 оны  7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа 10 дугаар дэлгүүрт худалдагчаар, 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан гэх гэрч Д.Дариймаагийн 1977 оноос 1992 оны 02 дугаар сарын 20-ний өдөр хүртэл дээрх хугацаанд Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 1977 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар зэргээр, гэрч Ц.Баасанхүүгийн 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 89 дугаартай “Шагнах тухай” тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Т.М нь 1982 оны  7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа 10 дугаар дэлгүүрт худалдагчаар, 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Т.М нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ЕП66021807 тоот регистрийн дугаартай, Цагаан шувуу овогт Төмөрбаатарын Мыг 1982 оны  7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа 10 дугаар дэлгүүрт худалдагчаар, 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ