Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/212

 

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Н.Энхтулга,

хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П  ,

шүүгдэгч Л.Ц   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Л гийн Ц ид холбогдох эрүүгийн 2209028982256 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ц   нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиплагаа явуулдаг “... " ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дизайнераар ажиллаж байхдаа албан үүргээ гүйцэтгэхдээ ашиглах зориулалттай өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг эзэмших эрхийг урвуулан ашиглаж, байгууллагын эд хөрөнгө болох 1.856.000 төгрөгийн үнэ бүхий процессорын карт, 1.223.920 төгрөгийн үнэ бүхий таблет зэргийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд шүүгдэгч Л.Ц   нь ...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиплагаа явуулдаг “... " ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дизайнераар ажиллаж байхдаа албан үүргээ гүйцэтгэхдээ ашиглах зориулалттай өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг эзэмших эрхийг урвуулан ашиглаж, байгууллагын эд хөрөнгө болох 1.856.000 төгрөгийн үнэ бүхий процессорын карт, 1.223.920 төгрөгийн үнэ бүхий таблет зэргийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П  гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш Ц  тодорхойгүй шалтгаанаар ажилдаа ирэхгүй байсан. Запгахаар утсаа авахгүй байхаар нь би мессеж бичихээр хариу өгөөгүй. Тэгээд дизайнерын ажил маш их гарч ирээд байсан болохоор ядаж Ц ийн компьютер дээрх ажлыг нь аваад сапбар компанийн дизайнераар хийлгзх гээд компьютерыг нь нээсэн чинь компмотер нь ажиллахгүй байсан тул холбооны инженер дуудаж шалгуулахад түүний ашиглаж байсан компьютерын GPO буюу график карт нь байгаагүй. Дахиад юу болсон талаар үзсэн чинь өөрт нь хүлээлгэн өгсөн байсан дизайнерын зураг зурдаг таблет бас байхгүй болсон байсан. Маргааш аваачиж өгнө гэж хэлээд алга болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Манай талаас учирсан хохирол болох  3.079.923 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хохирол төлөөгүй байна... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16 дугаар тал/,

Шүүгдэгч Л.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...2019 онд ...   ХХК-д график дизайнераар ажилд орсон. 2022 оны 8 дугаар сарын эхээр хувийн зорилгоор 16 инчийн компьютертой холбож зураг зурдаг таблет, компьютерийн 1080 TI загварын график картыг авч ашиглаж байгаад гэмтэл учруулсан. Тэгээд энэ асуудлаасаа болоод ажил дээрээ очиж чадахгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

 

            “...  ” ХХК-ийн захирлын тушаал, ажил горилогчийн анкет, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээний хуулбарууд /хх-ийн 32-56 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц аас: ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Л.Ц   нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиплагаа явуулдаг “... " ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дизайнераар ажиллаж байхдаа албан үүргээ гүйцэтгэхдээ ашиглах зориулалттай өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг эзэмших эрхийг урвуулан ашиглаж, байгууллагын эд хөрөнгө болох 1.856.000 төгрөгийн үнэ бүхий процессорын карт, 1.223.920 төгрөгийн үнэ бүхий таблет зэргийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Л.Ц   нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Ц   нь “...  ” ХХК-д ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс процессор, таблет зэргийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь “...Хөрөнгө завших...” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Ц   нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас “...  ” ХХК-д 3.079.920 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П  гээс ...хохирол төлбөр бүрэн барагдсан... талаарх баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Л.Ц ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Л.Ц ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Л.Ц   нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Ц ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.Ц ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрнгүй лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Л.Ц ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Л.Ц ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн гадаад улсад зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээнд оролцдог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц ийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 96 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, биечлэн эдлэх ялыг 254 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхан овогт Л гийн Ц ийг Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц ийг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц ийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 96 /ерэн зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, биечлэн эдлэх ялыг 254 /хоёр зуун тавин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Ц ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН