| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2016/0224/Э |
| Дугаар | 220 |
| Огноо | 2016-12-09 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг
Улсын яллагч П.Нямцэцэг
Шүүгдэгч Б.Өлзийбат, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
Хохирогч Ч.Батбилэг нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Бавгын Өлзийбатад холбогдох, 201625031954 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1964 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бөртэ оёдлын үйлдвэрт харуул ажилтай, ам бүл 5, хүүхдүүд, ач хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горкийн 28 дугаар гудамж 1233 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бавгын Өлзийбат (РД:АИ64082716),
нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ” оёдлын үйлдвэрийн харуулын өрөөнд ажил хүлээлцэж байгаад маргалдаж улмаар Ч.Батбилэгийг зодож түүний биед зүүн атгаал ясны толгой хэсгийн далд хугарал, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-2016 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө намайг ажил хүлээж авах үед Батбилэг гадаах талбайгаа дутуу цэвэрлэснээс болж бид хоёрын хооронд маргаан болсон. Бас дээр нь Батбилэг намайг матлаа гэсэн. Бид хоёр үйлдвэрийн байшингийн булан тойроод, Батбилэг үзчихэе гээд бид хоёр заамдалцсан. Намайг өшиглөснөөс болж бид хоёр харилцан зодолдсон. Би хохирогчийг унахаар нь өшиглөөгүй. Батбилэгийг хий өшиглөхөөр нь би түлхэхэд тэр хойш савж унасан. Тэгэхдээ л гэмтэл авсан байх. Хүн ирж бид хоёрыг салгасан. Батбилэгийн нэхэмжилсэн 338.700 төгрөгийг хохиролд өгсөн гэв.
Шүүх хуралдаан дээр хохирогчоос мэдүүлэхдээ:-Ц.Өлзийбат бид хоёр Бөртэ төрийн өмчит үйлдвэрийн газарт харуул хийдэг. Би 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өглөө харуулд гараад маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө нөгөө ээлжийн харуул Өлзийбат ирээд ажил хүлээлцэх гээд гадаа явж байхдаа би Өлзийбатад “чи яагаад намайг хүнд муулаад яваад байгаа юм бэ” гэж хэлэхэд урдаас хуц пизда минь гэхээр нь өөдөөс нь бас хуц гээд, дарга дээр оръё гэж хэлтэл Өлзийбат чамтай зодолдоно, чамайг зодно, чамтай үзье, наашаа хүрээд ир гээд хүзүүнээс багалзуурдаад авах гэхээр нь би бултаад хойшоо ухраад гараараа цээж рүү нь түлхэх хооронд зүүн талын нүд рүү гараараа цохьсон чинь нүд бүрэлзээд юм харагдахаа больсон. Хоёр гараараа хаагаад авсан чинь намайг газар унагаад дээрээс балбаад өшиглөсөн. Тэгж байтал манай ажлын газрын урд талын үзүүрт суудаг залуу ирээд бид хоёрыг салгасан. Би харуулын байранд ороод хувцсаа тайлж байхад Өлзийбат хэсэг хугацааны дараа орж ирээд надтай хэрүүл маргаан хийж заналхийлсэн. Тухайн үед миний зүүн талын нүдний дээд хэсгээс цус гараад байсан учраас би нүдээ төлүүлнэ гэсэн чинь чи муу тэр цагдаа нартаа хэл гэсэн. Миний хувьд Өлзийбатын өөдөөс гар хүрээгүй зодолдож чадаагүй. Миний зүүн талын нүд хавдаад хөхөрсөн, тухайн үед би гараа хугарсан гэдгийг нь мэдээгүй, өвдөөд байсан. Баруун гарын мөрөн дээр яс цуурсан байсан зургийг нь авахуулсан. Өлзийбатаас хохирлын мөнгө авсан. Бид нэг дор ажилладаг тул ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Гомдол саналгүй гэв.
Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:
1.Н.Жаргалсайханаас:-Би Бөртэ улсын үйлдвэрийн зүүн урд талын буланд гар дээрээс худалдаа эрхэлдэг. Тэр өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр худалдаагаа хийж байтал уг үйлдвэрийн 2 манаач зүс таних нэрийг нь мэдэхгүй 2 эрэгтэй хүн Бөртэ улсын үйлдвэрийн урд талын замын хажууд барилцчихсан зогсож байхаар нь очоод та хоёр чинь нэг дор ажилладаг байж боль гээд салгасан. Би очоод хар толгойтой арай залууг нь бариад болиулсан чинь нөгөө буурал толгойтой өвгөн нь араас нь дайраад чи намайг барах уу гээд дайраад байсан гэжээ.
2.Г.Мягмарнарангаас:-2016 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө харуулын өрөөнд хяналтын камер хараад сууж байтал Батбилэг аймаар уурлачихсан тэр хавиар хашгичаад, чамайг би чадахдаа нэг чадна гээд орилоод байсан. Тэгсэн араас нь Өлзийбат ах орж ирээд Батбилэг дээр очсон чинь Батбилэг ах Өлзийбат ахын мөр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан тэгсэн Өлзийбат ах Батбилэг ах 2 хоорондоо барьцалдаад авахаар нь урд талын өрөөнд сууж байсан Гантулга ахыг дуудаад салгуулсан гэжээ.
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016.09.30-ны ¹13599 тоот актын дүгнэлтэд:
1.Ч.Батбилэгийн биед зүүн атгаал ясны толгой хэсгийн далд хугарал, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.
Шинжээч М.Золжаргалаас өгсөн тайлбартаа:-Ч.Батбилэгийн биед зүүн атгаал ясны толгойн хэсгийн далд хугарал нь 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мөн өшиглөх цохих үед үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь өшиглөсөн хөлийг бариад газар унагах үед үүсэх боломжгүй. Батбилэгийн зүүн атгаал ясны толгой хэсгийн далд хугарал нь зөрүүгүй хугарал учраас идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. Гэхдээ дээрх идэвхитэй үйлдлийг хийхэд өвчтөний биед зовиур илэрнэ. Зүүн мөрний үеэр хөдөлгөөн хязгаарлагдахад уг хэсгээр өвчин эмзэглэлтэй байна. Уг гэмтэл нь шинэ гэмтэл, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Б.Өлзийбат нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ” оёдлын үйлдвэрийн харуулын өрөөнд болон үйлдвэрийн гадна талд хамт ажилладаг Ч.Батбилэгийг гадаах цэвэрлэгээ дутуу хийлээ гэх, мөн түүний “чи яагаад намайг хүнд муулаад яваад байгаа юм бэ” гэж хэлснээс шалтгаалан түүнтэй маргалдаж, зодсоноос хохирогчийн биед зүүн атгаал ясны толгой хэсгийн далд хугарал, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “2016 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө би Өлзийбатад “чи яагаад намайг хүнд муулаад яваад байгаа юм бэ” гэж хэлэхэд урдаас хуц пизда минь гэхээр нь өөдөөс нь бас хуц гээд, дарга дээр оръё гэж хэлтэл Өлзийбат чамтай зодолдоно, чамайг зодно, чамтай үзье, наашаа хүрээд ир гээд хүзүүнээс багалзуурдаад авах гэхээр нь би бултаад хойшоо ухраад гараараа цээж рүү нь түлхэх хооронд зүүн талын нүд рүү гараараа цохьсон чинь нүд бүрэлзээд юм харагдахаа больсон. Хоёр гараараа хаагаад авсан чинь намайг газар унагаад дээрээс балбаад өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Н.Жаргалсайханы “уг үйлдвэрийн 2 манаач Бөртэ улсын үйлдвэрийн урд талын замын хажууд барилцчихсан зогсож байхаар нь очоод та хоёр чинь нэг дор ажилладаг байж боль гээд салгасан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2016.09.30-ны ¹13599 тоот акт, “Ч.Батбилэгийн биед зүүн атгаал ясны толгойн хэсгийн далд хугарал нь 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мөн өшиглөх цохих үед үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь өшиглөсөн хөлийг бариад газар унагах үед үүсэх боломжгүй” гэх шинжээч М.Золжаргалаас өгсөн тайлбар, хохирогчийн эмчилгээ хийлгэсэн баримтууд, хохирогчид 338.700 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Бавгын Өлзийбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.
Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч Б.Өлзийбатын хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаа с учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Бавгын Өлзийбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.Өлзийбатыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Өлзийбатад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Өлзийбатад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Өлзийбатад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ