Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн: Шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б;

Нэхэмжлэгч: “М” ГХОХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ГХОХХК-аас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “...тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх” 03/01110 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 888 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Т, Г.Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2024/0633/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ГХОХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ГХОХХК-аас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ... тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх 03/01110 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 888 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.14, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “М” ГХОХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ГХОХХК-аас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “...тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх” 03/01110 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүхээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Маргаж байгаа захиргааны акт болон нэхэмжлэлийн хууль зүйн үнджлэлийн талаар “М” ГХОХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар нь 2022 оны гуравдугаар улирлаас эхлэн https://etax.mta.mn сайт дахь татварын тайлангийн цахим систем /цаашид “татварын цахим тайлангийн систем” гэнэ/-ээр татварын ногдлыг татвар төлөгч өөрөө тодорхойлох боломжгүй байдлаар программчилж, татварын ногдлыг татварын байгууллага тодорхойлж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн “... татвар төлөгч төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж төсөвт төлнө...” гэснийг, хариуцагч Том татвар төлөгчийн газар нь цаасаар тушаасан татварын тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, тайланг залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэхийг шаардаж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” гэснийг тус тус зөрчсөн нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байсан.

Захиргааны ерөнхий хууль /цаашид “ЗЕХ” гэнэ/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг Захиргааны акт гэж ойлгохоор хуульчилсан. Нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан гурван захиргааны акт нь дор дурдсан үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актад хамаарч байгаа.

3.1.1. “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоох" шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг заавал бичгээр гаргасан байхыг шаарддаггүй бөгөөд захиргааны үйл ажиллагаа”-г захиргааны акт гэж үзэхээр тодорхой зохицуулсан. Хариуцагч Том татвар төлөгчийн газраас татварын цахим тайлангийн системээр АМНАТ-ийн ногдуулалтын хэмжээг татвар төлөгч өөрөө тодорхойлон оруулах боломжгүйгээр программчилсан атлаа татвар төлөгч цахимаар баталгаажуулахаар хийсэн өөрчлөлт нь дээр дурдсан “захиргааны ажиллагаа”-ны хэлбэрээр гаргасан захиргааны акт юм.

Уг үйл ажиллагаа нь татвар төлөгчөөс Татварын ерөнхий хуулийн 28.1 дэх хэсэгт заасан татвар төлөгчийн эрхийн хүрээнд явагдаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн” байх, нэхэмжлэгч компани худалдан авагчтай байгуулсан гэрээний үнээр цахим тайланд тусгах, уг үнийг өөрчлөх боломжгүй болгосноор “татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлох эрх”-ийг зөрчсөн, тус компанийн олоогүй орлогод АМНАТ тооцох үр дагаварт хүргэсэн зэрэг “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон”.

3.1.2. “М” ГХОХХК-иас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоох...” шаардлагын тухайд. Дээр дурдсан илт хууль бус захиргааны актын улмаас “М” ХГХОХК-аас 2024 оны 2 дугаар улирлын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг цаасан хэлбэрээр үйлдэн Том татвар төлөгчийн газарт тушаасан байна.

Хариуцагч Том татвар төлөгчийн газраас нэхэмжлэгч "М" ГХОХХК-ийн 2024 оны 2 дугаар улирлын АМНАТ-ийн тайланг цаасан хэлбэрээр үйлдэн хүргүүлснийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн “татгалзсан захиргааны үйл ажиллагаа” гэж ойлгох бөгөөд хариуцагч мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч компанийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг цаасан хэлбэрээр үйлдэн хүргүүлснийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн Татвар төлөгч татварын тайланг эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана..." гэсэнд нийцээгүй илт хууль бус захиргааны акт болно.

Нэхэмжлэгч АМНАТ-ийн тайланг цаасан хэлбэрээр үйлдэн хүргүүлснийг хүлээн авахаас татгалзсан үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан татвар төлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх хүрээнд явагдаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн” байх, татвар төлөгч татварын тайлангаа цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаах эрх, үүргээ хэрэгжүүлснийг хүлээн авахаас татгалзсанаар татварын тайлангаа цаасан хэлбэрээр гарган шийдвэрлүүлэх татвар төлөгчийн эрхийг зөрчсөнөөр “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон”.

3.1.3. “...тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх...” тухай Том татвар төлөгчийн газрын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №03/01110 дугаартай мэдэгдэл илт хууль бус болохыг тогтоох...” шаардлагын тухайд: Том татвар төлөгчийн газраас 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 03/01110 дугаартай албан бичгээр тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх..."-ийг нэхэмжлэгч “М” ГХОХХК-д мэдэгдсэн байна.

Тус албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан "бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр” хэлбэрээр гарсан захиргааны актад хамаарна.

Дээрх захиргааны акт нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан татвар төлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн "нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн" байх, татвар төлөгч худалдан авагчтай байгуулсан гэрээний үнээр АМНАТ-ийн ногдлыг тодорхойлох, түүнийг өөрчлөх боломжгүй татварын цахим тайлангийн системээр тайлангаа залруулахыг шаардаж байгаа нь "татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлох", "татвар төлөгч  татварын тайлангаа цаасан хэлбэрээр гаргах" эрхийг хязгаарласан, олоогүй орлогод АМНАТ төлөх үр дагаварт хүргэсэн зэрэг "эрх зүйн шууд үр дагавар бий болгосон”.

3.1.4. Нэхэмжлэгч компаниас маргаан бүхий захиргааны актын улмаас "татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлох эрх"-ийг зөрчсөн үйл баримтыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн талаас шүүх хуралдааны явцад "татварыг тайлагнах", "татвар ногдуулах", "төлөх", "татварын хяналт шалгалт хийх" харилцааг зохицуулсан Татварын ерөнхий хуульд заасан дарааллыг схемчилсэн зураг гарган маш тодорхой танилцуулсан. Үүнд:

1/ Дарааллын хувьд эхний үе шатанд татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлж, тайлангаа цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаах үйл ажиллагаа явагддаг. Энэ үе шатанд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар татварын тайлангаа цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаах эрх, үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан.

2/ Дараагийн үе шатанд тавар төлөгчийн тайланг хүлээн авсан татварын алба Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд татварын хяналт тавих, шалгалт хийх үйл ажиллагаа явуулдаг. Энэ үе шатанд татвар төлөгчийн тодорхойлсон ногдол нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг татварын алба шалгах ажиллагаа явуулах бүрэн эрхийг Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 21, 24 дүгээр зүйлээр зохицуулсан.

3/ Дээр дурьдсан хяналт тавих, шалгалт хийх үйл ажиллагаагаар татвар төлөгч татварын ногдлоо бүрэн тодорхойлоогүй гэж татварын алба үзвэл, нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бүрэн эрхийг Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгээр олгосон.

3.1.4. Үүний дараагийн үе шатанд татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 43, 81 дүгээр зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах, эрх бүхий этгээд түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах харилцааг хуульчилсан. Нэхэмжлэгч "хариуцагч байгууллага, нэхэмжлэгчийн экспортод гаргасан нүүрсний үнийг буруу тогтоосон" үйл ажиллагааны талаар маргаагүй, “татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлох эрхийг хязгаарлаж байгаа захиргааны үйл ажиллагаа"-ны талаар маргасан байхад шүүх "нүүрсний зах зээлийн үнийг Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор тодорхойлох боломжтой байх тул олон улсын жишиг үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны үнийг тогтооно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна...", "Засгийн газраас зарласан олон улсын жишиг үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байгаа хариуцагчийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэв..." гэж дүгнэсэн-ээс үзэхэд шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг буруу ойлгож, тодорхойлсон байна.

3.1.5. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа аливаа хуулиар татварын цахим тайлангийн системд татварын ногдлыг татвар төлөгч өөрөө тодорхойлж, өөрчлөх боломжгүйгээр программчлах эрхийг татварын байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтанд олгосон нэг ч зохицуулалт байхгүй.

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, татварын цахим тайлангийн системээр АМНАТ-ийн ногдуулалтын хэмжээг татвар төлөгч өөрөө тодорхойлон оруулах боломжгүйгээр программчилж, татвар төлөгч цахимаар баталгаажуулахаар өөрчилж, татварын тайланг зөвхөн цахимаар мэдүүлэхийг шаардаж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Нэхэмжлэлийн маргаж байгаа захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэх илт хууль бус үндэслэлд хамаарна.

3.1.6. Өнөөдрийн байдлаар Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан "Татвар төлөгч төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, төсөвт төлөх", Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан "Татвар төлөгч татварын тайланг цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаах" агуулга бүхий хуулийн зохицуулалтууд өөрчлөгдөөгүй, хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа.

Нийтийн эрх зүйн харилцаанд оролцогч захиргааны байгууллага, албан тушаалтны хувьд зөвхөн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй бөгөөд энэ үүрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.2.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтад заасан "хууль дээдлэх" төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимаар тодорхойлогддог бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т төрийн албан хаагч нь "өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах" нийтлэг үүрэг хүлээдэг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" болон Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3 дахь заалтад заасан "татвар төлөгч итгэл үзүүлэх" зарчмын дагуу нэхэмжлэгч "М” ГХОХХК-ийн хувьд АМНАТ-ийн ногдлоо өөрөө тодорхойлох, татварын тайлангаа цаасан хэлбэрээр гарган өгөх асуудлаар эрх бүхий этгээдэд хандах эрхээ хамгаалуулах эрхтэй.

3.1.7. Эдгээр хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах эрх үндэслэл байгаагүй болох илэрхий байгаа тул маргаж байгаа захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан үндэслэлд хамаарах бас нэгэн үндэслэл болно. Хариуцагч өөрийн илт хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийг зөвтгөхдөө "...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, тус хэсгийн 47.2.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын нооц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 2.4-т заасныг тус тус үндэслэн татварын цахим тайлангийн системд АМНАТ-ийн тооцооллыг автоматжуулж оруулсан..." гэж тайлбарласан нь дор дурьдсан хуулийн зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад хамааралгүй тайлбар байсан.

Татварын ерөнхий хуульд заасан "татварыг тайлагнах", "татвар ногдуулах", "төлөх", "татварын хяналт шалгалт хийх" дарааллын эхний эхний үе шатанд АМНАТ төлөгч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, тус хэсгийн 47.2.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 2.4-т заасны дагуу өөрийн борлуулсан ашигт малтмалын онцлогт АМНАТ-ийн тохируулан ногдлоо өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч компанийн тухайд өөрийн борлуулсан нүүрсний үнийг худалдан авагчтай байгуулсан гэрээний үнийг үндэслэн АМНАТ-ийн ногдлоо холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлно.

Хэрвээ нэхэмжлэгчийн тайлагнасан АМНАТ-ийн ногдлын тайлан Ашигт малтмалын тухай хууль, "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын дээр дурьдсан зохицуулалтад нийцээгүй байна гэж үзэж байгаа бол татварын алба дээр тайлбарласан дарааллын хоёр, гурав дахь үе шатанд шийдвэрлэх эрхийг хуулиар хариуцагчид олгосон.

3.1.8. Тодруулбал, хариуцагч хоёр, гурав дахь үе шатанд хийгдэх үйл ажиллагааг урьдчилан шийдвэрлэснээс нэхэмжлэгч "М” ГХОХХК-ийн хувьд Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 21, 24 дүгээр зүйл, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлүүлэх, мөн хуулийн 43, 81 дүгээр зүйлд заасан гомдол гаргах, маргах эрх шууд хязгаарлагдаж байгаа юм.

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар нь 2022 оны гуравдугаар улирлаас эхлэн татварын цахим тайлангийн системд татварын ногдлыг татвар төлөгч өөрөө тодорхойлох боломжгүй байдлаар программчилж, татварын ногдлыг татварын байгууллага тодорхойлж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд 28.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус заасан

"М" ГХОХХК-ийн эрх, үүргийг хязгаарлаж байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан илт хууль бус захиргааны актуудын улмаас "төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлох", "татварын тайланг цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаах", "татварын ногдлыг тодорхойлох асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх", "татварын ногдолтой холбоотой гарсан татварын албаны шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах" зэрэг хуульд заасан нэхэмжлэгчийн эрх хязгаарлагдаж, зарим байдлаар зөрчигдсөн. "М” ГХОХХК-ийн нэхэмжлэл хангагдсанаар дээр дурьдсан хязгаарлагдсан болон зөрчигдсөн эрхүүд нь сэргэж, тус компанийн борлуулсан нүүрсний АМНАТ-ийн ногдлыг Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрх хангагдах юм.

3.1.9. Давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт: Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0888 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “М” ГХОХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, М ГХОХХК-аас харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ...тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх 03/01110 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгчээс “...хариуцагч нь татвар төлөгч Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өөрөө тодорхойлж төлөх боломжийг хязгаарлаж татварын цахим системд автоматаар ногдуулж байгаа нь үндэслэлгүй, ...2022 оны 03 дугаар улирлаас эхлээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татвар төлөгч өөрөө тодорхойлж төлөх боломжийг хязгаарлаж, татварын цахим системд автоматаар ногдуулалт хийдэг өөрчлөлтийг оруулснаас болж манай компанид их хэмжээний эдийн засгийн алдагдал, өр төлбөр үүсгээд байна, ...хэдэн төгрөгийн татвар төлүүлэхийг татварын байгууллага шийдэх эрх хэмжээг олгосон хууль тогтоомж байхгүй, ... цахимаар тайлагная гэхээр цаанаас нь ногдуулж байсан учир манай компани бодит байдлыг тусгаж цаасан хэлбэрээр тайлангаа илгээе гээд илгээтэл татварын алба хүлээж аваагүй, заавал цахимаар ирүүл гэсэн шаардлага тавьсан” гэж, хариуцагчаас “...том татвар төлөгчийн газар нь ямар нэгэн эрх зүйн акт гараагүй, үр дагавар үүсгээгүй, ...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь тусдаа хуультай бөгөөд тус хуульд зааснаар олон улсын жишиг үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байгаа нь үндэслэлтэй, ...цахим тайлангийн системд АМНАТ-ийн тооцооллыг автоматжуулж оруулсан нь татвар төлөгчийн тайлагнах техник ажиллагааг хялбаршуулсан үйлдэл бөгөөд хуулийн хүрээнд татвар төлөгч өөрөө тодорхойлж төлөх эрхийг зөрчиж илүү төлбөр ногдуулаагүй, …татварын албанаас татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь "М" ГХОХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4.1. Анхан шатны шүүхээс “...нүүрсний зээлийн үнийг Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор тодорхойлох боломжтой байх тул олон улсын жишиг үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны үнийг тогтооно, ... гаалийн лабораторийн дүгнэлт болон Засгийн газраас зарласан олон улсын жишиг үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байгаа хариуцагчийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, ... татварын байгууллага татвар төлөгчийн тайланг хянаад тайлангийн зөрүүтэй байдал үүсвэл заруулахыг шаардаж тайланг буцаах эрхтэй, ... экспортод гаргаж буй нүүрсний олон улсын жишиг үнийг Монгол Улсын газар зүйн болон хилийн боомтуудын байрлал, зах зээлийн хамрах хүрээ зэргийг харгалзан өөр өөр байдлаар тогтоогүй тул нэхэмжлэгчийн манай компани нутаг дэвсгэрийн тухайд Монгол Улсын баруун хязгаарт байдаг бөгөөд хилийн баруун боомтоор нүүрсээ экспортод гаргадаг, үнийн тухайд хямд үнээр худалдан борлуулдаг гэх тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:, 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:, 47.2.1-т “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн”, 47.14-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана”, 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө” гэж,

Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.4-д Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно” гэж тус тус заажээ.

4.3. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо олон улсын зах зээлийн үнийг баримтлахаар байх бөгөөд дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн гэрээний үнийн дүнгээр экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тодорхойлохоор байна.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3“дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасан уг зохицуулалтын дагуу борлуулалтын үнэлгээг тооцохдоо “зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй нөхцөл” үүссэн байх урьдчилсан нөхцөлийг заасан байх бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн экспортолсон бүтээгдэхүүний чанар, ангилал гаалийн лабораторын дүгнэлтээр тодорхойлогдож, тухайн бүтээгдэхүүний агуулга, чанарын үзүүлэлтэд хамаарах үнийн мэдээлэл нийтэд зарлагдсан /уг үйл баримттай талуудын хэн аль нь маргаагүй/ байгаа энэ тохиолдолд зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн гэж үзэхээргүй байх тул уг зохицуулалтыг хэрэглэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

4.4. Дээрх хуулийн зохицуулалт болон Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллагаас зах зээлийн жишиг үнийг үндэслэн нэхэмжлэгчийн борлуулалтын үнэлгээг тооцон төлбөр ногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

5. Мөн Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина”, 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ”, 30.4-т “Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

5.1. Нэхэмжлэгч “М” ГХОХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/481 тоот албан бичгээр “2024 оны 2 улирлын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг” цаасан хэлбэрээр Татварын Ерөнхий газрын том татвар төлөгчийн газарт хүргүүлснийг тус газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03/01110 тоот албан бичгээр “...төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцсон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байгаа учир зөв тайлагнасан гэж үзэх үндэслэлгүй, ...тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэхийг мэдэгдэж байна” гэсэн хариу хүргүүлснийг “татвар төлөгч татварын тайлангаа цаасан хэлбэрээр гаргах эрхийг хязгаарласан, олоогүй орлогод АМНАТ төлөх үр дагаварт хүргэсэн зэрэг "эрх зүйн шууд үр дагавар бий болгосон” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

5.2. Учир нь татварын байгууллага татвар төлөгчийн тайланг хянаад тайлангийн зөрүүтэй байдал үүсвэл мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг заасан бөгөөд тус хуулийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэжээ.

Аливаа захиргааны байгууллагын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эрх хэмжээг хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлдог бөгөөд энэхүү тодорхойлж олгосон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд тухайн байгууллага ажиллах үүрэгтэй.

Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын цахим системд цаанаас нь автоматаар ногдуулж байгаа нь, …харьяа татварын албанд цаасан хэлбэрээр тушаасан татварын тайланг хүлээн авахгүй эс үйлдэхүй нь, ...тайлангаа залруулж, цахим тайлангийн системээр ирүүлэх тухай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй, бүрэн эрхийнхээ хүрээнд байх тул нэхэмжлэгчийн “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуулиудын холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 888 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                              

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН