| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/78 |
| Огноо | 2023-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/78
2023 01 13 2023/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Хохирогч .......................,
Шүүгдэгч .......................нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн .......................т холбогдох эрүүгийн 2206 04992 3780 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч .......................нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо .......................тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр .......................тай хардалтын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар биед нь халдаж тархи доргилт, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ....................... шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.
.......................с уучлалт гуйж байна гэв.
Хохирогч ....................... шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 10 дугаар сарын 7-ны шөнө аяга угаагаад зогсож байхад ....................... миний утсанд тухайн өдөр биш өмнө нь бичсэн манай сургуулийн хүүхдийн ном авъя гэсэн мессежийг уншаад Энэ хэн юм бэ? гэхэд би ангийн хүүхэд гээд худлаа ярьчихсан. Ер нь бол тэр хүүхэд манай ангийн хүүхэд биш манай сургуулийн нөгөө ангийн хүүхэд байсан юм.Чи яагаад надад худлаа хэлсэн юм бэ? гэхээр нь төрөөд 2 сар болсон байсан болохоор нөхөр нь харддаг гэж сургуулийн хүүхдүүд ярина гэж санаа зовоод надад хэцүү санагдсан. Тэр үедээ уураа барьж чадахгүй .......................ийн хувцсыг гаргаж шидэж муухай авир гаргасан нь үнэн.Нөхөр маань тэр хүүхэдтэй уулзаж ном авчирснаа энэ гөлөг чинь надаас айгаад нэг залуутай аваад ирлээ гээд хэлсэн. Яагаад энэ номыг авчхаж байгаа юм гэж би хэлсэн.Тэр үед бид хоёр тусдаа гараад хамт амьдарч байсан бөгөөд би .......................ийг уучлалт гуйгаад зөөлрөх байх гэж бодоод 16 давхрын цонхноос үсэрнэ гэж айлгахыг оролдсон. Би энэ үйлдлийг .......................өөр аргадуулж намайг боль, тайвшир гэж хэлүүлэх гээд тэгсэн. Би нүүр лүү нь алгадаад авсан. Тэгэхэд ....................... намайг хана руу түлхээд болиулах гээд дараад хэвтээд хөдлөхгүй болохоор нь би нүүр лүү нь нулимсан ........................ намайг зүгээр байхад цохиж аваагүй надаас тодорхой хэмжээний харизм гарсан зүйл байгаа. Хүүхдээ тэврээд гарах гэхэд намайг өшиглөснийг ерөөсөө ойлгоогүй. Тэр үед хадам ээж рүүгээ шөнө залгасан. Танай хүүхэд хардаад намайг зодоод байна гэхэд ээж нь чамайг зүгээр байхад миний хүү тэгэхгүй хохь чинь, битгий хуцаад бай гэсэн. Бид хоёрыг муудалцахад хаалга эвдэрсэн. ....................... над руу охин яаж байна гэж яриагүй болохоор цагдаа дуудсан. Би .......................ийг нулимсан, амиа хорлоно гэж сүрдүүлсэн нь үнэн. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэргээс болж миний хүүхэд хохирч байна” гэв.
Эрүүгийн 2206 04992 3780 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц........................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эхнэр уурлаад нөгөө өрөө рүү орж хаалга түгжээд миний хувцсыг гаргаад шидээд байхаар нь нөгөө залуугаас болж ингэж байгаа юмуу гэхэд эхнэр цонх руу авирахаар нь би татаад газар хэвтүүлээд дээр нь суусан чинь над руу нулимсан...би .......................г түлхсэн. Тухайн үед эхнэр .......................г зодоогүй. Уг гэмтлийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Хохирогч ....................... мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн орчимд манай нөхөр ....................... миний гар утсыг үзэж байгаад чи яагаад эрэгтэй хүнд номоо өгдөг юм гээд хэрүүл маргаан үүссэн. ...Тэгтэл чиний номыг авсан гөлөг надаас айгаад 1 найзтайгаа ирээд явлаа гэхээр нь би наад хүн чинь миний мэддэг бүх хүнийг танина нөхөр нь харддаг гээд шоолно гэхэд нөхөр би тэгвэл найзтай нь нийлүүлээд зодно гэхээр нь надад дарамттай байна би үхлээ гээд цонх руу ойрттол намайг хүчтэй татахаар нь би 1 удаа .......................ийг алгадсан. Тэгтэл намайг хана руу хүчтэй түлхээд намайг газарт унагаад босгохгүй болохоор нь би нүүр лүү нь нулимтал миний хацар луу олон удаа алгадаад, миний хөл рүү өшиглөчхөөд нөгөө өрөө рүү орсон. Миний биед учирсан гэмтлийг нөхөр ....................... учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч .......................ын:"... 2022 оны 10-р сарын 07-ны 22 цагийн үед ....................... эгч хог хаячхаад орж ирсэн. Тэгээд миний утас байхгүй байна гээд утсыг нь ....................... ах ....................... аниа бид 3 хайгаад тэгсэн чинь буйдангийн завсар байсныг нь би олсон. Аниа энэ таны утас байна ш дээ гэсэн чинь ....................... ах утсыг нь надаас аваад аниагийн фейсбүүк чатыг уншаад ....................... аниагаас ном авсан найзыг нь энэ чинь хэн юм гээд маргалдсан. ....................... аниаг жижиг өрөөнд 2 удаа алгадсан. Аниа өрөөнөөс гарч ирээд чи ямар сонин юм наадах чинь зүгээр манай найз тэгвэл би үхлээ гээд цонх руу авираад гарсан чинь ....................... ах тэгвэл чи намайг байхгүйд үхчихгүй яасан юм гээд цонхноос нь буулгаад хана руу 2-3 удаа түлхэхээр нь ....................... аниа чи тэгвэл цохилдоо гээд хэлсэн чинь ....................... ах газар унагаагаад 2 гарыг нь өвдгөөрөө дарж байгаад 2 гараараа хацар луу нь ээлжилж алгадаад байхаар нь ....................... аниа өөдөөс нь нулимсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 56-28 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл/хх-ийн 23-24 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 он 10 дугаар сарын 13-ний өдрийн 13955 дугаартай:"..........................гийн биед тархи доргилт, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......................нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч .......................нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц........................т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч .......................нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо .......................тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр хохирогч .......................тай хардалтын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар биед нь халдаж тархи доргилт, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц........................, хохирогч .......................гийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч .......................ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 13955 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч .......................нь мөрдөн шалгах ажиллагаанд “хохирогч .......................д хөнгөн хохирол учруулаагүй” гэж мэдүүлж байсан боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гарган прокурортой ял тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц........................ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Улсын яллагчаас Ц........................т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хуульд нийцэж байх тул шүүгдэгч Ц........................ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч ....................... нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох .......................өөс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хохирогч ....................... нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.
Иймд .......................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд шүүгдэгч .......................ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч .......................т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч .......................т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн ажилтай тодорхой орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ....................... нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ....................... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч .......................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......................ийн .......................ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......................ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан .......................т оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ....................... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч ....................... нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох .......................өөс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин ....................... болтол шүүгдэгч .......................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ....................... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч ....................... нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА