Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 00258

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2019/00258

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Ц багт оршин суух, .. дугаарын регистртэй, Мовогтой Кы Ун хүсэлттэй Тохтарбай овогтой Жазиг 1958 оны 01 дүгээр сарын 30-ны нас барсныг сэргээн тогтоож, улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгах тухай хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 153/2019/00153/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “К.Жн төрсөн эцэг болох Нажидбайн овогт Ибрахим нь 1894 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Хошоог /одоогийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум/ суманд төрсөн. Ээж Тохтарбай овогтой Жази нь 1913 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Хошоог /одоогийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум/ суманд төрсөн. К.Ж нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00010 дугаартай шзийдвэрээр Нажидбайн Ибрахим /Ивраким/-ын төрсөн охин мөн болохыг тогтоолгосон. Тухайн үедээ Нажидбайн Ибрахим буюу Ивраким нь лам хүн байсан бөгөөд казак үндэстний уламжлалаар хоёр эхнэртэй байсан. Энэ нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн 872 дугаартай архивыг тасгийн лавлагаагаар “...Дэлүүн сумын 1944 оны хүн амын тооллогоор 10 дугаар багийн 2 дугаар өрхөд Ивраким Хапиз 10 настай, Мустапа Зейнеп 58 настай, Тохторбай Жази 31 настай, Ивраким Ж 8 настай, Жупар 7 настай гэж бүртгэгдсэн байна. Ф№1, Д№1, ХН-126 Х01 лавлаганы нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тогтоогдсон. Архивын ерөнхий газрын Үндсэний төв архив 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-6/5299 дугаартай албан тоотоор"...Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн 1956 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 55 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Тохторбай Жазий, 50 настай, эмэгтэй..” гэж бүртгэгдсэн. Т.Жази нь 1958 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт ходоодны хорт хавдрын улмаас нас барсан.

Иймд Улсын бүртгэлийн нэгдсэн санд 1958 оны 01 сарын 30-ны өдөр Тохтарбай овогт Жази нь нас барсаныг бүртгээгүй байх тул Тохтарбай овогтой Жазиг 1958 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болохыг сэргээн тогтоож, улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч К.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар шаардах эрхтэй байх тул Тохтарбайн Жазиг 1958 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болохыг сэргээн тогтоож, улсын бүртгэлд нөхөн бүртгүүлэхийг даалгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тохтарбайн Жазиг 1958 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болох нь

- Архивын ерөнхий газар, үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03-1/4801 дугаар Баян-Өлгий аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн 1947 оны хүн амын тооллогын лавлагаа, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-6/5299 дугаар Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн 1956 оны 2 дугаар сард явагдсан хүн амын тооллогын лавлагаа, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03-1/4802 дугаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын лавлагаа,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 872 тоот Дэлүүн сумын 1944 оны хүн амын тооллогын лавлагаа,

- Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00010 дугаар шийдвэрийн хуулбар,

- Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 05/5663 дугаар архивын лавлагаа,

Гэрч Х.Тилеуханы ... “Бид эмээгээ аав, ээжээсээ асуухад намайг төрөөгүй байхад нас барсан. Өвчнөөр өвөл нас бараад 6 сар болоод чи төрсөн гэдэг байсан. Манай эмээ Жази 1930 оны үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд нөхөр болох Ивракамын хамт амьдарч байгаад нөхөр нь аав, ах дүүгийн хамт хэлмэгдэн тэр чигээрээ эргэж ирээгүй гэж хэлдэг байсан. Удалгүй манай ээж Ховд аймгийн Ховд сум руу шилжин ирэхдээ Кабис, Аси нарыг Баян-Өлгийн Дэлүүн суманд үлдээж Жубар, Ж хоёр охиноо дагуулан ирсэн. Ховд аймгийн Ховд суманд Килимжан гэдэг хүнтэй суугаад Баянхан гэдэг ганц залуутай болсон. Килимжан манай эмээтэй суухаас өмнө 5 залуутай байсан бөгөөд эхнэр нь өнгөрөөд манай эмээ Жазитай гэр бүл болсон... гэх гэрчийн мэдүүлэг

Гэрч К.Баянханы “....Би 1956 онд онд төрсөн. Намайг төрөөд 2 сар гаруйтай байхад миний аав болох Келемжан нас барсан. Намайг 2-3 настай байхад ээж Жази нас барсан. Тэгээд намайг миний аавын ах болох Канижанд өргүүлсэн. Намайг 7-8 дугаар ангид байхад миний өргөж авсан ээж надад миний төрүүлсэн эцэг эхийн талаар ярьж өгдөг байсан. Жази гээд миний ээж урьд нь Ивреким гэдэг хүнтэй гэр бүл байж байгаад нөхөр нь хилсээр хэрэгт явсан. Түүний дараа нэг залуугаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд үлдээгээд хоёр охин Ж, Жубар нараа дагуулан Ховд аймгийн Ховд суманд ирж миний аав болох Келемжантай гэр бүл болсон. Одоо миний санахад ээж минь бие нь өвдөөд би түүний хөлийг нь хучиж өгдөг байсан санагдаж байна. Тэгэхээр миний ээж Жази өвчнөөр нас барсан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тохтарбайн Жазиг 1958 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсныг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан Тохтарбайн Жазиг 1958 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсныг тогтоосугай.

2. Тохтарбай овогт Жазиг 1958 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсныг улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар К.Жгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ