| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2023/0120/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/141 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/141
2023 01 26 2023/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис
улсын яллагч Ж.Бүрэнжаргал
шүүгдэгч ........................., түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .........................т холбогдох эрүүгийн 2206046533761 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ......................... нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн .........................тоотод оршин суух хохирогч .........................ийн гэрээс 1.092,650 төгрөгийн үнэ бүхий алтан маргад эрдэнэтэй алмазан бөгж 1 ширхэг, 742.393 төгрөгийн үнэ бүхий дөрвөн ширхэг алмазтай алтан бөгж 1 ширхэг, 3.100.000 төгрөгийн үнэ бүхий шүрэн ээмэг нэг хос, шүртэй алтан бөгж 1 ширхэг, 979.800 төгрөгийн үнэ бүхий хос шижир алтан бөгж 2 ширхэг, 930.847 төгрөгийн үнэ бүхий долоон ширхэг зааны дүрстэй нүд бүр нь алмазан шигтгээтэй алтан бөгж 1 ширхэг, 930400 төгрөгийн үнэ бүхий зааны дүрстэй алтан ээмэг 1 хос, 835.478 төгрөгийн үнэ бүхий сувдан унжлагатай эрвээхэй хэлбэртэй, эрвээхэй дээрээ арван хоёр ширхэг алмазтай алтан ээмэг 1 хос, 920.000 төгрөгийн үнэ бүхий хүзүүний алтан гинж 1 ширхэг, 1.380.000 төгрөгийн үнэ бүхий хүзүүний алтан гинж 1 ширхэг, 460.000 төгрөгийн үнэ бүхий хүзүүний алтан гинж 1 ширхэг, 460.000 төгрөгийн үнэ бүхий алтан гинж 1 ширхэг, 228.000 төгрөгийн үнэ бүхий рубин шигтгээтэй монетан бөгж 1 ширхэг, 1.188.000 төгрөгийн үнэ бүхий 5.85 сорьцтой монетан гинжин бугуйвч 1 ширхэг, 8.050.000 төгрөгийн үнэ бүхий 1.5 сантиметрийн өргөнтэй алтан бугуйвч 1 ширхэг , 2.300.000 төгрөгийн үнэ бүхий 0.5 мм-ийн өргөнтэй алтан бугуйвч 1 ширхэг, 920.000 төгрөгийн үнэ бүхий шижир алтан бөгж 1 ширхэг, 890.100 төгрөгийн үнэ бүхий алтан ээмэг 1 хос, 920.034 төгрөгийн үнэ бүхий дундаа жижиг алмазтай алтан бөгж 1 ширхэг, 625.000 төгрөгийн үнэ бүхий 128 gb-ийн багтаамжтай Айфоне 10 загварын гар утас, 2.400.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер 1 ширхэг нийт 29.360.701 төгрөгийн үнэт эдлэл, шүүгээнээс 600.000 төгрөг, бурхны шүүгээнээс 220.000 төгрөг нийт бэлэн 820.000 төгрөг, 30.180.701 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ......................... шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2206046533761 дугаартай хэргээс:
Шүүгдэгч .........................ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Дамно хөрөнгийн үнэлгээний дүгнэлттэй танилцлаа, үнэлгээтэй санал нийлж байна. Би үнэлгээнд дурдсан эд зүйлийг гэрээс нь авснаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,
Шүүгдэгч .........................ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын эхээр хадам ээж болох ......................... хөдөө аялахаар явсан. Би Энхцэцэг эзэмшлийн үнэт эдлэлүүдийг 2022 оны 08 дугаар сарын 05-наас 10-ны өдрийг хүртэл зөвшөөрөлгүйгээр авч барьцаат зээлийн газарт тавьсан. Олимп хотхонд байрлах "Банбан" нэртэй барьцаат зээлийн газарт ээмэг бөгжийг 1.300.000 төгрөгийн барьцаанд тавьсан, Хүүхдийн 100-д байрлах "Голд" гэх зээлдүүлэх газарт... монетон бугуйвч 600.000 төгрөгөөр, Сансар Баянцээлийн зээлдүүлэх газарт .... 900.000 төгрөгөөр, Монгол 3 дугаар сургуулийн зүүн талд байрлах зээлдүүлэх газарт хос монетон ээмэг 720.000 төгрөгөөр, Зүүн 4 замын хойд талд байрлах Про гэх зээлдүүлэх газарт ...800.000 төгрөгөөр эд зүйлийг тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Хохирогч .........................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай байрны үзэж хардаг бөө залуу надтай уулзах үедээ хар шигтгээтэй гадаадаас худалдаж авсан өрөөсөн ээмгийг овоонд өргөөрэй гэж хэлсэн. Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байрныхаа хүмүүстэй хөдөө аяллаар явах үедээ өглөө нь нөгөө өрөөсөн ээмгээ өргөхөөр хайж байх үед миний эдэлж хэрэглэдэг үнэт эдлэлүүд бүгд байсан. Улмаар би нөгөө өрөөсөн ээмгээ аваад өөрт байсан бэлэн мөнгөнөөсөө 600.000 төгрөг унтлагын өрөөний шүүгээнд хийгээд үлдээсэн. Тэгээд би байрныхантайгаа аяллаар 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яваад 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирээд өөрийн эдэлж хэрэглэдэг үнэт эдлэлээ алдагдсан талаар мэдсэн. Өөрийн төрсөн охин болох .........................ын найз залуу .........................ийг сэжиглэсэн. Учир нь би хөдөөнөөс ирэх үедээ машиндаа бензин болон хүнс авах гээд охин .........................аас мөнгө явуулчих гэхэд манай охин надад мөнгө байхгүй гэсэн. Тэгэхээр нь унтлагын өрөөний шүүгээнд 600.000 төгрөг үлдээсэн байгаа тэрийг шилжүүлчих гэтэл манай охин ......................... тус мөнгийг хайгаад байхгүй талаар надад хэлсэн. Би өөрийн үнэт эдлэлээ охиноосоо асуухад би таныг мөнгө явуулчих гэхэд алтны хайрцгийг хөл дээрээ унагаах үед доторх эд зүйл нь бүгд асгарсан тэгэхэд байгаагүй гэж хэлсэн. Манай гэрт .........................өөс өөр гадны хүн орж ирдэггүй учир ......................... авсан байж таарлаа яагаад гэрт ирэхгүй байгаа юм гэхэд ......................... таныг хөдөө явснаас хойш ирээгүй ээж чинь дандаа намайг хулгайд сэрдээд байдаг учир би ээжийг чинь байхгүй үед гэрт чинь ормооргүй байна гэсэн. .........................ийг гэрт авчируулаад чи шүүгээнд байсан бэлэн 600.000 төгрөг, миний эдэлж хэрэглэдэг үнэт эдлэлийг аваад явсан байна авчир гэхэд би аваагүй гэсэн. Манай гэрээс зочны өрөөнд байх бурханы шүүгээнд зарагдсан бүтээгдэхүүний дээж орлого болох 220.000 төгрөг, цагаан шүүгээний үнэт эдлэлийн савнаас 4 ширхэг эмэгтэй алтан гинж, эрэгтэй бүдүүн монетан гинж 1 ширхэг, алтан колцойн бөгж 1 ширхэг, алтан бөгж дундаа цагаан алтан суурилсан алмаазан 1 ширхэг, 600.000 төгрөг, орны хажууд байх жижиг шүүгээнээс Маргад-Эрдэнэтэй тойруулаад алмаазан шигтгээтэй алтан бөгж 1 ширхэг, 4 ширхэг алмаазтай алтан бөгж, алтан бугуйвч 1 ширхэг, 0.5 мм өргөнтэй алтан бугуйвч 1 ширхэг, доороо сувдан унжлагатай эрвээхэй дээрээ алтан алмаазан шигтгээтэй 1 хос ээмэг, яст мэлхий хэлбэртэй доороо шүрэн унжлагатай ээмэг 1 хос, шүрэн ээмэг 1 хос, шүрэн бөгж 1 ширхэг, шижир алтан бөгж 2 ширхэг, зааны хэлбэртэй 1 хос алтан ээмэг, 7-8 зааны дүрстэй зааны нүд болгон алмаазан шигтгээтэй алтан бөгж 1 ширхэг, 1.2 см орчим өргөнтэй хээтэй алтан бугуйвч 1 ширхэг, манай охины өрөөнд байсан гоо сайхны хайрцагт байсан алтан ээмэг 1 хос зэрэг эд зүйл алдагдсан байна.
......................... нь манай гэрээс миний болон .........................ын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Дамно ХХК-наас гаргасан 2138 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Надад нийт 44.000.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ болох 29.360.701 төгрөг харин үлдсэн зөрүү мөнгө нь манай гэрээс ......................... бэлнээр болон охиноос авсан мөнгө юм. Тухайн учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. ......................... нь 2021 оны 06 сараас эхлэн амьдарч эхэлсэн ба манай гэрт чөлөөтэй орж гарах эрхтэй манай гэрийн хаалганы цоожинд хурууны хээгээ таниулсан. Надад гомдол санал байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй.
Хэргийн материалтай танилцахад ......................... нь миний үнэт эдлэлийн үнэ 29.360.701 төгрөгийн эд зүйлийг хулгайлан авсан шүүгээнээс 600.000 төгрөг, бурхны шүүгээнээс 220.000 төгрөг нийт 880.000 төгрөг бэлнээр хулгайлан авсан. .........................ийн ар гэрээс ломбардад тавьсан байсан эд зүйлийн төлбөрт 4.000.000 төгрөг, мөн манай охины цуг амьдарч байх хугацаандаа охиноос зээлж авсан 8.000.000 төгрөг миний барааны 1.760.000 төгрөгийг өгсөн ба 13.700.000 төгрөг нь хулгайн хэрэгтэй огт хамааралгүй бөгөөд өр авлагын асуудал тул хулгайн хохиролд хамаарагдахгүй юм. Би өмнө нь мэдүүлэхдээ 500 болон 600 доллар олоогүй болохоор .........................ийг авсан гэж бодсон боловч өөр газраас гарч ирсэн. .........................т холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол санал байхгүй, .........................т хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/,
Гэрч Д..........................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2022 оны 08 дугаар сарын эхээр миний төрсөн ээж болох ......................... нь хөдөө аялалаар найзуудтайгаа явсан. Тэгээд ээж гэрээсээ гарснаас хойш хоёр дахь хоног дээрээ надруу залгаад сүлжээгүй боллоо гэж мэдэгдсэн. Тэр өдрөөсөө хойш дөрвөн хоног холбоо байхгүй болчихсон. Тэгсэн дөрвөн хоногийн дараа надтай утсаар яриад төөрөөд бензингүй шаварт суусан талаараа хэлсэн. Ээж надтай холбогдсоноосоо хойш хоёр хоногийн дараа над руу залгаад шүүгээнд 600.000 төгрөг байгаа явуулчих гэсэн. Би хайгаад байхгүй байна гэж хэлээд өөрийнхөө мөнгөнөөс ээж рүү 650.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа ээж шүүгээгээ шалгаад өөрийн эдэлж хэрэглэдэг үнэт эдлэл нь байхгүй байгаа талаар хэлсэн. Ээж бид хоёр манай найз .........................ийг сэжиглээд гэртээ дуудаж ээжийн хэрэглэдэг үнэт эдлэл болон бэлэн мөнгө зэргийг авсан уу гэхэд ......................... би аваагүй гээд байсан. Түүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын 27-ны орой ......................... манай гэрт ирээд охин бид хоёрыг унтуулчихаад явна ээд манай унтлагын өрөөнд хамт байсан. Өглөө сэрэхэд ......................... явсан байсан. Дараа нь ээж мөнгө алга болчихлоо гээд орж ирсэн. ......................... урьд шөнө ирээд явсан болохоор мөнгийг авсан нь тодорхой байсан. Орой нь миний шүүгээнд байсан 460.000 төгрөгөөс 280.000 төгрөгийг авсан байсан. Тэр өдрөө .........................өөс асуухад ......................... мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн. .........................өөс өөр гадны хүн огт орж ирдэггүй. Өмнө гэрээс эд зүйл, бэлэн мөнгө алга болдоггүй байсан. ......................... манай гэрт ирснээс хойш жижиг сажиг зүйл алга болоод байдаг болсон" гэх мэдүүлэг/ хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “............................ үерхэж байсан охин болох .........................ын төрсөн ээжийн хэрэглэдэг үнэт зүйлсийг гэрээс нь авч барьцаанд тавьсан байсан. .........................ын ээжийн эд зүйлийг ломбардаас буцааж авна гэж бодож байсан боловч амжаагүй гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
"Дамно" үнэлгээний компанийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-52 дугаар хуудас /,
Хохирогч .........................ийн мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан “ .........................өөс өөрт учирсан бодит хохирол болон бусад зардлуудыг багтаан нийт 44.000.000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж авсан бөгөөд цаашид түүнээс нэхэмжлэх хохирол төлбөргүй иргэний болон эрүүгийн журмаар гомдол гаргахгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсч байна” гэх хүсэлт/ хх-ийн 104,108 дугаар хуудас/,
Шүүгдэгч .........................ийн мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол мөнгийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-ийн 109/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ......................... нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч ......................... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч .........................т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ......................... нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн .........................тоотод оршин суух хохирогч .........................ийн гэрээс 1.092,650 төгрөгийн үнэ бүхий алтан маргад эрдэнэтэй алмазан бөгж 1 ширхэг, 742.393 төгрөгийн үнэ бүхий дөрвөн ширхэг алмазтай алтан бөгж 1 ширхэг, 3.100.000 төгрөгийн үнэ бүхий шүрэн ээмэг нэг хос, шүртэй алтан бөгж 1 ширхэг, 979.800 төгрөгийн үнэ бүхий хос шижир алтан бөгж 2 ширхэг, 930.847 төгрөгийн үнэ бүхий долоон ширхэг зааны дүрстэй нүд бүр нь алмазан шигтгээтэй алтан бөгж 1 ширхэг, 930400 төгрөгийн үнэ бүхий зааны дүрстэй алтан ээмэг 1 хос, 835.478 төгрөгийн үнэ бүхий сувдан унжлагатай эрвээхэй хэлбэртэй, эрвээхэй дээрээ арван хоёр ширхэг алмазтай алтан ээмэг 1 хос, 920.000 төгрөгийн үнэ бүхий хүзүүний алтан гинж 1 ширхэг, 1.380.000 төгрөгийн үнэ бүхий хүзүүний алтан гинж 1 ширхэг, 460.000 төгрөгийн үнэ бүхий хүзүүний алтан гинж 1 ширхэг, 460.000 төгрөгийн үнэлгээтэй алтан гинж 1 ширхэг, 228.000 төгрөгийн үнэ бүхий рубин шигтгээтэй монетан бөгж 1 ширхэг, 1.188.000 төгрөгийн үнэ бүхий 5.85 сорьцтой монетан гинжин бугуйвч 1 ширхэг, 8.050.000 төгрөгийн үнэ бүхий 1.5 сантиметрийн өргөнтэй алтан бугуйвч 1 ширхэг , 2.300.000 төгрөгийн үнэ бүхий 0.5 мм-ийн өргөнтэй алтан бугуйвч 1 ширхэг, 920.000 төгрөгийн үнэ бүхий шижир алтан бөгж 1 ширхэг, 890.100 төгрөгийн үнэ бүхий алтан ээмэг 1 хос, 920.034 төгрөгийн үнэлгээтэй дундаа жижиг алмазтай алтан бөгж 1 ширхэг, 625.000 төгрөгийн үнэ бүхий 128 gb-ийн багтаамжтай Айфоне 10 загварын гар утас, 2.400.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер 1 ширхэг нийт 29.360.701 төгрөгийн үнэт эдлэл, шүүгээнээс 600.000 төгрөг, бурхны шүүгээнээс 220.000 төгрөг нийт бэлэн 820.000 төгрөг, 30.180.701 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч .........................ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч ........................., гэрч Д.........................., Б.Ганчимэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч .........................ийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч .........................ийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч .........................ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ......................... нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч .........................т хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч .........................ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.
Улсын яллагчаас .........................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч .........................ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч .........................т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч .........................т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж 450 /дөрвөн зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоон, түүний цагдан хоригдсон 56 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .........................ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .........................ийг 450 /дөрвөн зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .........................т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .........................ийн цагдан хоригдсон 56 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасч тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......................... нь оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч .........................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч .........................т нь энэ хэргийн улмаас 56 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч ......................... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч .........................т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА