Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1151

 

 

 

 

 

 

 

Г.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Намуун,

хохирогч А.Дөлгөөнлхам,

иргэний нэхэмжлэгч Г.Гантогтох, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/807 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Г.Гантогтохын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Бт холбогдох 1903 0037 80286  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1985 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Бөхөд” ХХК-ийн хашаанд оршин суух бүртгэлтэй, /РД: /;

Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Г.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 05 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Grand plaza” төвийн зүүн хойд уулзварт Г.Ганжолоогийн эзэмшлийн “Toyota Prius” загварын 07-23 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна. Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас А.Дөлгөөнлхамын жолоодож явсан “Honda Insight” загварын 70-59 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч А.Дөлгөөнлхамын биед хүндэвтэр, зорчигч Г.Гантогтохын эрүүл мэндэд хөнгөн, “Honda Insight” загварын 70-59 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Гантогтоход нийт 5.670.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Бын үйлдлийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Быг 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Дөлгөөнлхамд 300.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Баас 6.146.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Гантогтоход олгож, иргэний нэхэмжлэлээс 871.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Г.Гантогтох нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Г.Бын 841910 дугаартай В, С, Е, М ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Гантогтохын өмгөөлөгч Д.Цэрэнханд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоолын тодорхойлох хэсэгт: “... иргэний нэхэмжлэлээс “Эм Би Жи Мед” эмнэлэгт хэвтсэн 551.500 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн 320.000 төгрөгийн баримт, нийт 871.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Иргэний нэхэмжлэгчийн “Эм Би Жи Мед” эмнэлэгт хэвтсэн 551.500 төгрөгийн төлбөр, 320.000 төгрөгийн толгойны зураг авахуулсан төлбөрүүд нь шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой хохирол биш гэж үзсэн болно.” гэжээ. Гэтэл шүүхийн хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэл нь Г.Бын буруутай үйлдэлтэй шууд холбоотой. Учир нь, Г.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж А.Дөлгөөнлхамын жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бол Гантогтоход хохирол төлбөр учрахгүй, улмаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй байсан. Ослын улмаас Г.Гантогтох нь бэлтгэл дээрээ ухаан алдаж  унаад шагайгаа гэмтээсэн. Тэгээд ухаан алдаж унаад байхаар нь толгойны зураг авахуулсан байхад яагаад ослоос болоогүй, Г.Б хариуцахгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Хор уршиг, гэм буруугийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэж байна.

Г.Гантогтох иргэний нэхэмжлэгчээр “... осол болсны дараа бэлтгэл хийж байгаад хоёр удаа ухаан алдаж унасан. Сүүлд ухаан алдаж унахдаа баруун хөлийн шагайг дарж унаад зөөлөн эдийн гэмтэл авсан юм шиг байна, гишгэж чадахүй байсан. Энэ үед бэлтгэл хийж байхдаа ухаан алдаж унасан учир манай аав ирээд шууд намайг аваад “Эм Би Жи Мед” эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн. ...” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн Г.Гантогтох нь оюутан, спортоор хичээллэдэг тамирчин хүн юм. Гэтэл шүүх “... иргэний нэхэмжлэгч Г.Гантогтох 3 сарын цалин нийт 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч нь тухайн байгууллагаас авсан цалингийн хүснэгт, хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгал төлсөн гэх баримт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж ...” шийдвэрлэсэн.

Г.Гантогтох нь оюутан клубтэй хамтран ажиллах гэрээтэй, тухайн клубийн тодорхойлолт албан бичиг зэрэг баримтаар тэрээр сард 500.000 төгрөгийн хөлс авдаг нь нотлогдож байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгч Г.Гантогтохын нэхэмжилсэн 8.509.500 төгрөгийг бүгдийг Г.Баас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Гантогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ...” гэв.

 

Хохирогч А.Дөлгөөнлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд  хохирлын асуудлыг шийдсэн. Мөн хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 6 сар хорих ял оногдуулжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, ...” гэсэн нэмэгдэл ялыг Г.Бт оногдуулаагүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй;...” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул иргэний нэхэмжлэгч Г.Гантогтохын өмгөөлөгч Д.Цэрэнхандын иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/807 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Г.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЧМАНДАХ