Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0810

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “СММ” ХХК                                                                

Хариуцагч: ЭХЗХ

Гуравдагч этгээд: “А*******” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “СММ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, ЭХЗХ/******* дугаартай тендерт “СММ” ХХК-иас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монгол улсын Сангийн яаманд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/056 тоот албан бичгээр “...тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн тендерийн баталгааны хуулбар”-ыг хавсаргаж ирүүлээгүй тул гомдлыг буцаасан.Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “...100 сая төгрөгөөс дээш худалдан авах тендерт оролцогчоос тендерийн баталгаа ирүүлэхийг шаардах”-аар зохицуулсан бөгөөд ЭХЗХноос зарласан олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх тендер нь 32,200,000 төгрөгийг төсөвт өртөгтэй тул тендерийн баталгааны хуулбарыг шаардсан Сангийн яамны хуулбарыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэг. Шаардлагад нийцээгүй  тендерийг сонгон шалгаруулсан тухайд:

Тухайн тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17:20 минутад тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулгыг нийтэд мэдээлсэн. Ингэхдээ олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нь “1 минутад 28 хуудас хэвлэдэг байх” тухай техникийн үзүүлэлт, шаардлагыг тавьсан байдаг.

Гэтэл сонгон шалгаруулалтад хамгийн сайн гэж үнэлэгдсэн “А*******” ХХК-ийн олон үйлдэлт оффис принтерт санал болгосон Canon iR2625 i загвар нь 1 минутанд 25 хуудас хэвлэдэг байхад тус компанийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гээд 27.1.2-т техникийн тодорхойлолт, 27.1.3-д тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага гэж заасан. Хуульд заасан эдгээр нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэхээр төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зохицуулсан. Харин шаардлага хангаагүй бол мөн хуулийн 27.4-д “энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай.

Түүнчлэн захиалагчаас өгсөн Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн /ТОӨЗ/ 5.1-д “нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангасныг тендерт оролцогч батлах үүрэгтэй. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагаас зөрчсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана” гэж тус тус зохицуулсан байхад захиалагч ЭХЗХ нь техникийн тодорхойлолт үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангаагүй компанийн тендерийг сонгон шалгаруулж холбогдох хуулийг зөрчсөн байна.

Хоёр. Зөвхөн шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх шалгуур нь тендерийн үнэ байх тухайд нэхэмжлэгч компанийн тендерт ирүүлсэн материал нь хуульд заасан шаардлагад бүрэн нийцсэн боловч хамгийн бага харьцуулах үнэтэй тендер гэж үнэлэгдээгүй шалтгаанаар тендер сонгон шалгаруулалтаас хасагдсан.

Гэтэл хамгийн сайн гэж үнэлэгдсэн үнэлэгдсэн “А*******” ХХК-ийн ирүүлсэн тендер холбогдох үзүүлэлт, шаардлагад нэгэн зэрэг нийцээгүй байхад шаардлагад нийцсэн тендер гэж үзэн тендерийн үнээр харьцуулж үнэлсэн нь худалдан авах ажиллагаа өрсөлдөх тэгш боломжтой байх зарчимд үл нийцсэн.

Тодруулбал төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх шалгуур нь тендерийн үнэ байна” 28.7-д “шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ” гээд 28.7.3-д энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс, их харьцуулах рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж тус тус зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зөвхөн шаардлагад нийцсэн тендерүүдийг л тендерийн үнээр нь харьцуулан үнэлэх бөгөөд энэ талаар мөн захиалагчаас өгсөн Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 7.3-д “захиалагч техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хангасан оролцогчдын үнийг харьцуулж хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид гэрээ байгуулах эрхийг олгоно” гэж зохицуулсан боловч захиалагч нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тендерийг шаардлага хангасан гэж үзэн, тендерийн үнээр харьцуулан үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд ЭХЗХ-ны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “СММ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭХЗХноос “А*******”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭХЗХ/******* дугаартай тендерт тоот “СММ” ХХК-иас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

... ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “СММ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, ЭХЗХ/******* дугаартай тендерт тоот “СММ” ХХК-иас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

... Манай “СММ” ХХК-ийн яагаад шүүхэд хандах болж байна гэвэл дараа дараагийн тендертэй холбоотой үйл ажиллагаанд байнгын оролцож явна. Тендер өөрөө шударга явагдах ёстой. ЭХЗХноос тендерийн шалгаруулалт гэсэн үзүүлэлтээ зөрчөөд өөр 25 хуудастай компанийг сонгочхоод ялагдсан ямар ч компани шүүхэд маргаан үүсэх эрх нь зөрчигдөж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг бас зөрчиж байна. Алдаатай гаргасан захиргааны актыг дүгнээд өг гээд тэрнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал шийдвэрээ хүчингүй болгож цуцалж байгаа нь төрийн байгууллагын зөв зохистой үйл ажиллагаа мөн юм уу, тендер дараа дараагийн удаа явагдахад шударга бус байдал үүсээд байх юм уу, гэдэг дээр шүүхэд хандаж байгаа юм. Зөвхөн захиргааны актыг хууль ёсны юм уу, хууль бус юм уу, гэдгийг дүгнэж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгож өгнө үү. “СММ” ХХК-д ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзээд гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гээд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тухай ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “СММ" ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, ЭХЗХны ******* дугаартай тендерт “СММ" ХХК-ийн ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах хэмээн өөрчилсөн.

Нэхэмжлэлийн үндэслэл нь Манай компани нь ЭХЗХ-ноос 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зарласан “олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх ЭХЗХ/******* дугаартай тендерт 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр материалаа цахимаар хүргүүлэн оролцсон ба уг тендерт захиалагчийн хууль бус үйлдлийн улмаас шалгарч чадалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тендер захиалагчийн үйлдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гээд 27.1.2-т техникийн тодорхойлолт, 27.1.3-д тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага гэж заасан. Хуульд заасан эдгээр нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зохицуулсан. Харин шаардлага хангаагүй бол мөн хуулийн 27.4-д энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасны дагуу тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай. 92 тендерт оролцогч үүрэгтэй. Түүнчлэн захиалагчаас өгсөн Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн ТОӨЗ/ 5.1-д нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангасныг батлах тодорхойлолтын шаардлагаас зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана гэж тус тус зохицуулсан байхад захиалагч Эрчим хүчний хороо нь техникийн тодорхойлолт, үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангаагүй компанийн тендерийг сонгон шалгаруулж холбогдох хуулийг зөрчсөн байна. Нийлүүлэх бараа нь техникийн мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна", 28.7-д шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ гээд 28.7.3-д энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн харьцуулах үнэтэйгээс үнэтэй тендерүүдийг бага их харьцуулах эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж тус тус зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад зөвхөн шаардлагад нийцсэн тендерүүдийг л тендерийн үнээр нь харьцуулан үнэлэх бөгөөд энэ талаар мөн захиалагчаас өгсөн тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 7.3-д захиалагч техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хангасан оролцогчдын үнийг харьцуулж хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид гэрээ байгуулах эрхийг олгоно гэж зохицуулсан боловч захиалагч нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тендерийг шаардлага хангасан гэж үзэн, тендерийн үнээр харьцуулан үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх байдлаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд захиалагчийн холбогдох шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчийн зүгээс “А*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, нэхэмжлэгчийн тендерийг шалгаруулаагүй шийдвэрүүдийг хүчингүй болгож, дахин тендер зарлах болсон тухай шийдвэр гаргасан тухайгаа шүүх хуралдааны явцад мэдэгдсэнээс үүдэлтэй "СММ” ХХК-ийн хүргүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож, эxзx******* дугаартай тендерт "СММ” ХХК-ийн ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн “А*******” ХХК нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна...

Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоол дээр хугацаа зааж байгаад өмнө нь зарлагдсан тендерт энэ тогтоол нь үйлчилгээнд хамаарахгүй гээд бичсэн байгаа. Тийм учраас энэ тогтоолын үйлчлэлд өнөөдрийн зарлагдсан ЭХЗХ ******* дугаартай тендерт хамаарахгүй. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны дагуу процесс явагдсан уу, үгүй юу, гэдэг асуудлыг хариуцагчийн зүгээс хэлдэг. Хуульд захиалагчийн шийдвэрт гомдол гаргахыг 55 дугаар зүйл дээр зохицуулсан байгаа. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан хууль ёсны дагуу шийдвэр нь эцсийн шийдвэр байхаар зохицуулагдсан. Мөн хуулийн 55.3.1 дэх хэсэгт хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл шийдвэрийг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хүчингүй болгон өөрчлөх, 55.3.2 дахь хэсэгт тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг зааж өгөх, 55.3.3 дахь хэсэгт зөрчлийг арилгасны үндсэн дээр тендерт шалгаруулалт явуулахыг захиалагчаас шаардах гэсэн 3 хариултыг өгөх ёстой байсан. Гэтэл хууль бус акт тавьсан гэж үзээд шүүхэд гомдол гаргаад явсан. Өгсөн хариуг бичгээр өгөөгүй гэсэн ойлгомжгүй хариулт хэлсэн. Сангийн яам нь зүй ёсны дагуу шалгалтыг явуулаагүй байна гэж харж байна. Яагаад гэвэл цахимаар явуулсан тендерт бичгээр цаас гараад хариуцагчаас надад цаас ирээгүй. Хууль бус үндэслэлгүй буцаах гэдэг зүйл явагдсан учраас эс зөвшөөрөөд шүүхэд гомдол гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бол тухайн үед гомдол гаргагч байсан “СММ” ХХК-ийн зүгээс харахад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа боломжийн хүрээнд хийсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад хэрэг үүсээд ажиллагаа явагдаж байх хугацаанд бид хүчингүй болгоогүй, хүчингүй болчихсон байсан гэдэг тайлбарыг хэлдэг. Тухайн харилцаанд оролцсон тэр харьцаанд өртөж байгаа этгээдэд энэ актыг мэдэгдээгүй бол хүчин төгөлдөр болохгүй. Эдгээрээс харахад нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“СММ” ХХК нь ЭХЗХ болон Сангийн яаманд нэгэн зэрэг буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 01/055, 01/056 дугаартай гомдол гаргасан. ЭХЗХ нь “СММ” ХХК-аас ирүүлсэн гомдлыг хүлээж авсан даруйдаа Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралт “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-т “...цахим тендер шалгаруулалттай холбоотой гомдлын агуулгыг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу бусад тендерт оролцогчдод мэдэгдэх гэсэн боловч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол ирсэн тухай бүртгэл бүртгэгдсэн байсан. Иймд дээрх зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гарсныг  Сангийн яам захиалагчид утсаар болон бичгээр мэдэгдэх бөгөөд захиалагч нь мэдсэн даруйд түр түдгэлзүүлсэн тендер шалгаруулалтыг зогсоох...” гэж заасны дагуу Сангийн яамнаас гомдолтой холбоотойгоор мэдэгдэл, шийдвэр ирэхийг хүлээж уг тендертэй холбоотой үйл ажиллагааг зогсоосон бөгөөд Сангийн яамны шийдвэрийг хүлээсэн.

Сангийн яамнаас “СММ” ХХК-ийн буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/056 дугаартай гомдолд материалын бүрдэл дутуу тул гомдлыг буцааж байна гэсэн агуулгатай хариуг 2021 оны 04 сарын 07-ны өдөр хүргүүлсэн байна.

Сангийн яамны хариу албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.4-т заасны дагуу Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

“Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6.2-т “Сангийн яам энэ журмын дагуу гомдлын хянан шийдвэрлэсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагыг хангасанд тооцно” гэж заасны дагуу одоог хүртэл Сангийн яамнаас шийдвэр гаргаагүй бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэсэн заалтын зөрчиж Сангийн яамнаас шийдвэр гараагүй байхад шүүхэд гомдол гаргасан байна...

ЭХЗХны 1/333 тоот албан бичгийг Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага байна. Үүн дээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2 нөхцөл байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа захиргааны актыг хүчингүй болгосон гэж маргаад байгаа. ЭХЗХнд энэ маргаантай холбоотойгоор шүүхээс 05 дугаар сарын 13-ны өдөр хэрэг үүсгэсэн тухай шүүхийн шийдвэр байгаа. Энийг манайх 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан. Тэгэхээр шийдвэр 05 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Энэнээс үзэхэд маргаан гарсны дараа маргаан бүхий актыг хүчингүй болгуулаагүй гэдгийг үүгээр нотолж байна. Ашиг сонирхол гэсэн заалт байсан. Тэр дээр ямар ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа юм, тендерт ирүүлсэн материалыг Төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер нээсний дараа тендер оролцогч нарт нээж үзүүлдэг байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаагаар 27 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй байна гээд байна. Тендерийн үнэлгээний заавар гээд 2012 оны 194 дүгээр тогтоол тушаалын 3 дугаар хавсралтад заасан тендерийн үнэлгээний зааврын дагуу тендерийг үнэлдэг. Энэ үнэлгээний зааврыг Үнэлгээний хорооны гишүүд дагаж мөрдөхөд туслах хэрэгсэл болж өгдөг. Тендерийг үнэлэхдээ тендерийг нээсэн даруйд хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэх ажиллагааг эхлүүлнэ. Тендерийг хянан үзэх зорилго нь тендерт оролцогч эрх бүхий хэсэг, ирүүлсэн тендер нь хүчин төгөлдөр бүрэн эсэх, тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан эсэхийг мөн гэрээ хэрэгжүүлэх чадвартай эсэх цаашид нарийвчлан үнэлгээ хийхэд боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дээр шаардлагад нийцсэн тендерийг тогтооход оршино гэж байгаа. Үүн дээр тендерийн баримт бичгийн үндсэн шаардлага гэж юуг хэлээд байна вэ, гэхээр арилжааны бүх нөхцөл, болзол болон шаардлага хангасан тендерийн үндсэн шаардлага гээд сайт дээр байршуулсан байдаг. Энэ материал дотор ямар нэгэн 25, 28 хуудасны шаардлага байхгүй байгаа. Бусад нөхцөл болзлыг тодруулах ёстой гэж байна. Үүн дээр тендерийг үнэлэх заавар дээр 6.3 дахь хэсэгт зааснаар тодруулна гэсэн нэмэлт зүйл заалт байхгүй. Хууль дээр мөн байхгүй. Хоёр дахь шаардлагын хувьд гэвэл урьдчилсан шийдвэрлэх ажиллагааныхаа дагуу энэ шаардлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Бид тендер яагаад хүчингүй болсныг өмнө нь хэлж байсан. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 30 хоног байдаг. 30 хоног нь хуулийн дагуу дууссан учраас гэрээг хүчингүй болгохоос өөр аргагүй болсон. Яагаад гэвэл Сангийн яамнаас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу шийдвэр ирүүлээгүй.

 “СММ” ХХК нь хэрвээ гээд 2 принтерийн үнэ санал болгож байсан. Энэ компани нь тендерт шалгараад оролцоод борлуулалтаа хийе гэсэн ашиг сонирхол байсан эсэх дээр эргэлзээ үүсэж байгаа. Бага үнэтэй принтерүүд байгаа гэдгийг өмнөх хурал дээр нотлох баримт гаргаж ирж байсан шиг санагдаж байна. “А*******” ХХК-ийн хувьд гомдол гаргана гэж байсан. Яагаад гаргаагүй гэвэл “СММ” ХХК нь 04 дүгээр сарын 01-ний өдөр анх Сангийн яаманд гомдол гаргасан. Үүний дараагаар манайх мэдэгдлээ тус хоёр компани руу хүргүүлэхэд “А*******” ХХК гомдол гаргана гэж байсан боловч шүүх дээр СММ” ХХК нь гомдол гаргасан гэсэн мэдээлэл ирээд “А*******” ХХК-д хэлэхэд шийдвэрийг нь хараад гомдол гаргаагүй. Сангийн яамнаас буцааж өгсөн хариу дээр баталгаа, захиалагчийн  шийдвэр гэсэн 2 шаардлага байгаа. Баталгаа өгөх боломжгүй. Захиалагчийн хувьд бол Сангийн яам, ЭХЗХнд нэгэн зэрэг 04 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасан. Манай хариуг хүлээлгээгүйгээр Сангийн яаманд гомдол гаргасан учраас Сангийн яамны шийдвэрийг захиалагчийн зүгээс хүлээсэн байгаа. Тендерийн хугацаа 04 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...  “А*******” ХХК нь ЭХЗХ-ноос зарласан “Олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх” тендерт оролцож, 2021 оны 04 дүгээр сарын  01-ний өдөр тендер шалгарсан  тухай мэдэгдлийг авсан.

Захиалагчийн зүгээс тус тендер шалгаруулалтад оролцогч компани энэхүү шалгаруулалтын хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэн гомдол гаргасан тул гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр түдгэлзэж одоогоор, гэрээ байгуулж, бараа нийлүүлэх ажил хийгдээгүй байна.

“Олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх тухай” ЭХЗХ/******* дугаартай  тендер шалгаруулалтаар 3 төрлийн 5 ширхэг хэвлэх төхөөрөмж нийлүүлэх оролцогчийг шалгаруулсан.

А******* ХХК нь тендер шалгаруулалтад бараа нийлүүлэх санал болгосон үнэ 24,102,650 төгрөг бол нэхэмжлэгч “СММ” ХХК нь тус тендерт 32,101,000 үнэ санал болгосон тул Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан.

Манай компани 24 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, албан ёсны үйлдвэрлэгчээс компьютер тоног төхөөрөмжийг дотоодын хэрэглэгчдэд нийлүүлж, борлуулалтын дараах үйлчилгээ, техникийн туслалцаа, засвар, оношилгооны мэргэшсэн инженерийн багийг ажиллуулж, үйлчлүүлэгчдэд цогц үйлчилгээг үзүүлж ирсэн.

Нэхэмжлэгч нь тендерийн шаардлагад “1 минутад 28 хуудас хэвлэдэг байх” гэж заасан атал “А*******” ХХК-ийн санал болгосон олон үйлдэлт принтер нь  “1 минутад 25 хуудас хэвлэдэг” тул хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй байна гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Захиалагч худалдан авах зөвлөхийн үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээний онцлогийг харгалзан өөрийн эдийн засгийн үр ашигт нөлөөлөх дор дурдсан хүчин зүйлсээс аль тохирохыг сонгож, мөнгөөр илэрхийлсэн тендерийн үнэ дээр нэмж харгалзан тооцож болно” 28.4.1.ажил үйлчилгээ дуусгах, бараа хүргэх хугацаа, 28.4.2.урсгал зардал, эсхүл зардал болон үр ашгийн тооцоо; 28.4.3.борлуулалтын дараах үйлчилгээ, техникийн туслалцаа; 28.4.4.сэлбэг хэрэгсэл нийлүүлэх болон үнийн талаар гаргах баталгаа; 28.4.5.бараа, ажил, үйлчилгээний чанар, техникийн үзүүлэлт; 28.4.6.энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт” гэж тус тус зааснаас үзэхэд тендерийг зөвхөн барааны техникийн тодорхойлолтыг үндэслэн үнэлдэггүй байна.

...Нэхэмжлэгч нь ЭХЗХны тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус тогтоолгох тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлд “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасан.

Нэхэмжлэгчээс гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага болох “Олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх тухай” ЭХЗХ/******* дугаартай тендер шалгаруулалт хүчингүй болсон тул тухайн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас гарсан буюу шүүх захиргааны байгууллага маргаан үүсгэсэн актаа хүчингүй болгосон байхад тухайн асуудлаар шийдвэр гаргах боломжгүй юм.

Хариуцагч ЭХЗХ нь “Олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх тухай” ЭХЗХ/******* дугаартай тендерийг дахин зарлаж, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн, тендерт оролцох эрхийг хязгаарлаагүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “СММ” ХХК нь тус шүүхэд хандан “ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “СММ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭХЗХноос “А*******”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭХЗХ/******* дугаартай тендерт “СММ” ХХК-иас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсныг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “СММ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, ЭХЗХ/******* дугаартай тендерт “СММ” ХХК-иас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай” болгож өөрчилсөн болно.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч “СММ” ХХК нь ЭХЗХ-ноос 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зарласан “Олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх” ЭХЗХ/******* дугаартай тендерт 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр материалаа цахимаар хүргүүлэн оролцсон.

1.2. Уг тендер шалгаруулалтын үнэлгээгээр тус компанийн санал болгосон тендерийн саналаас захиалагч татгалзаж, энэ тухай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот албан бичгээр мэдэгдсэн.[1]

1.3. Дээрх мэдэгдлийг хүлээж аваад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 01/056 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан.

1.4. Сангийн яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 6-1/1726 тоот албан бичгээр хариу өгсөн байх бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг “захиалагчид гаргасан гомдлын хуулбар, захиалагчаас ирүүлсэн шийдвэр буюу мэдэгдэл, тендерийн баталгааны хуулбар зэргийг хавсаргаж ирүүлээгүй тул” гэсэн үндэслэлээр буцаасан.

1.5. Бодит байдал дээр захиалагчид гаргасан гомдлын хуулбар болон захиалагчаас ирүүлсэн шийдвэр буюу мэдэгдэл нь нэхэмжлэгчид байсан буюу нэхэмжлэгч тэдгээрийг гаргаж өгөх боломжтой байсан, харин тендерийн баталгаа шаардагдахгүй үнийн дүнтэй тендер байсан тул тендерийн баталгааны хуулбар гэх баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан.

1.6. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр ЭХЗХноос нэхэмжлэгч “СММ” ХХК болон гуравдагч этгээд “А*******” ХХК нарт тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан тендерийн худалдах, худалдан авах гэрээг байгуулж чадаагүй тул тендер хүчингүй болж, дахин зарлах болсон тухай мэдэгдлийг[2] хүргүүлсэн байсан болохыг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болсон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал мэдсэн.

1.7. Захиалагчаас тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин тендер зарлах болсныг нэхэмжлэгч мэдсэн тул тус шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “ЭХЗХ-ны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “СММ” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, ЭХЗХ/******* дугаартай тендерт тоот “СММ” ХХК-аас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

1.8. Нэхэмжлэгчийн зүгээс “захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх хэсгүүдэд заасан холбогдох зохицуулалтыг зөрчиж, техникийн тодорхойлолт, үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангасан нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан атлаа техникийн тодорхойлолт, үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангаагүй компани болох “А*******” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус болсон, зөвхөн тендерийн шаардлагад нийцсэн баримт бичгүүдийг л тендерийн үнээр нь харьцуулан үнэлэх ёстой байхад хуульд заасан шаардлага хангаагүй тендерийг шаардлага хангасан гэж үзэн, тендерийн үнээр харьцуулан үнэлсэн нь буруу болсон” гэх зэргээр маргаж байна.

1.9. Хариуцагчийн зүгээс “тендерийг зөвхөн барааны техникийн тодорхойлолтыг үндэслэн үнэлдэггүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан байдаг тул маргаан бүхий акт нь хууль тогтоомжийн хүрээнд гарсан” гэх зэргээр маргасан.

1.10. Гуравдагч этгээдийн зүгээс “нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ЭХЗХ/******* дугаартай тендер шалгаруулалт хүчингүй болсон тул энэ маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас гарсан буюу шүүх захиргааны байгууллага маргаан үүсгэсэн актаа хүчингүй болгосон байхад тухайн асуудлаар шийдвэр гаргах боломжгүй” гэж тайлбарлаж байна.

Хоёр. “ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “СММ” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлийн талаар:

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;” гэж заажээ.

2.2. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл, нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн байхаас гадна маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа тохиолдолд шүүхээс тухайн эрх зүйн үйлчлэлгүй болсон буюу хэрэгжсэн маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг нөхөн тогтоож болохыг зөвшөөрчээ.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн онолын хүрээнд ч энэхүү нэхэмжлэлийн төрөл, шүүхээс гарах шийдвэрийг зөвшөөрдөг төдийгүй хуулийн хэм хэмжээнд дурдсан “нэхэмжлэгчийн ашиг сонирхол” гэдгийг онолын хувьд “хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол” гэж авч үздэгийг дурдах нь зүйтэй.

2.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч тус шүүхэд хандан анх маргаан бүхий захиргааны акт болох “ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот” албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч уг албан бичигтэй салшгүй холбоотой ЭХЗХ/******* дугаартай тендер шалгаруулалт хүчингүй болсныг талуудад мэдэгджээ.

2.5. Тодруулбал, захиалагч ЭХЗХны зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасан тендерийн хүчинтэй хугацаанд тендерийн худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын[3] дагуу барааны тоо хэмжээг бууруулан “Олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах болсон гэдэг үндэслэлүүдээр тендерийг дахин зарлах болсноо[4] нэхэмжлэгч “СММ” ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн, гуравдагч этгээд “А*******” ХХК-д мөн өдрийн мэдэгдлээр тус тус мэдэгдсэн байна.

2.6. Дээрхээс үзвэл, ЭХЗХ/******* тоот “Олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер” нь тендерийн худалдах, худалдан авах гэрээг тендерийн хүчинтэй хугацаанд багтаан байгуулаагүй үйл явдлын улмаас хүчингүй болсон болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, маргааны гол зүйл болсон тендер шалгаруулалт бодит байдал дээр байхгүй болсон байх тул маргаан бүхий захиргааны акт болох “ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот 1/333 тоот албан бичиг”-ийн эрх зүйн үйлчлэл ч мөн адил дуусгавар болсонд тооцогдоно.

2.7. Нэг талаас тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин зарлагдсан байх тул тухайн тендер шалгаруулалт хүчингүй болохоос өмнө гаргасан захиалагчийн аливаа захиргааны актууд болох мэдэгдэл, шийдвэрүүд de jure /де юрэ/ эрх зүйн үйлчлэл байхгүй буюу захиргааны хэргийн шүүхийн хяналтын объект байхгүй болсон байх хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс тухайн маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хууль бус байсан болохыг нөхөн тогтоох боломжтой.

2.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан “захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх хэсгүүдэд заасан холбогдох зохицуулалтыг зөрчиж, техникийн тодорхойлолт, үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангасан нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан атлаа техникийн тодорхойлолт, үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангаагүй компани болох “А*******” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус болсон, зөвхөн тендерийн шаардлагад нийцсэн баримт бичгүүдийг л тендерийн үнээр нь харьцуулан үнэлэх ёстой байхад хуульд заасан шаардлага хангаагүй тендерийг шаардлага хангасан гэж үзэн, тендерийн үнээр харьцуулан үнэлсэн нь буруу болсон” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2.9. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:” гээд мөн зүйлийн 27.1.1 дэх заалтад “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага;”, 27.1.2 дахь заалтад “техникийн тодорхойлолт;” гэж заажээ.

2.10. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гээд мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заажээ.

2.11. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд захиалагчийн боловсруулсан техникийн тодорхойлолт, шаардлага, чадавх нь тухайн тендерийг шаардлага хангасан гэж үнэлэх анхдагч шалгуур байна.

2.12. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл захиалагч ЭХЗХ нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ЭХЗХ/******* тоот “Олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер”-т техникийн шаардлагын тодруулга хийсэн байх бөгөөд тухайн тодруулгад “Олон үйлдэлт оффис принтер нь 1 минутад 28 хуудас болон түүнээс дээш хэвлэдэг байх” шаардлагыг оруулж өгчээ.[5]

2.13. Гэтэл нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн барааны техникийн тодорхойлолтоос үзэхэд тус компанийн санал болгосон принтер нь захиалагчаас тавьсан дээрх шаардлага болох 1 минутад 28 хуудас хэвлэдэг байх шаардлагад нийцсэн[6] байхад 1 минутад 25 хуудас хэвлэх боломжтой принтер санал болгосон “А*******” ХХК-ийн тендерийн баримт бичгийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.” гэж заажээ.

2.15. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээний дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан тендерт оролцогч “СММ” ХХК-ийн тендерт үнэлгээ хийлгүйгээр тус компанийн тендерээс татгалзсан агуулга бүхий 1/333 тоот албан бичгийг захиалагч гаргасан нь хууль бус болсон байна.

2.16. Түүнчлэн уг маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа болохыг өмнөх шүүх хуралдаануудын үед нэхэмжлэгч тодорхой нотлохгүй байсан боловч энэ удаагийн шүүх хуралдаан дээр дэвшүүлсэн нэхэмжлэгч талын тайлбарын үндэслэлээр “ашиг сонирхол байгаа” болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

2.17. Учир нь, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хэрвээ захиалагч хуульд заасан журмын дагуу тендерийн баримт бичгийн техникийн болон бусад шаардлагыг зөв хянаж, үнэлсэн бол тухайн тендерт нэхэмжлэгч компани шалгарах бүрэн боломжтой байсан, ашиг олох зорилготой хуулийн этгээд болохын хувьд уг тендерт шалгарснаар тодорхой хэмжээний ашиг олох боломж байсан” гэх зэрэг тайлбаруудаас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох талаар нэхэмжлэгчийн ашиг сонирхол бодитой байна гэж үзлээ.

2.18. Иймээс нэхэмжлэгчийн “ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “СММ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гурав. “ЭХЗХ/******* дугаартай тендерт “СММ” ХХК-иас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар:

3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заажээ.

3.2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж захиалагч тендерт шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд тендер хүчинтэй байх хугацаа дууссан тохиолдолд гэрээ байгуулах боломжгүй гэж үзнэ.

3.3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд захиалагчийн зарласан ЭХЗХ/******* тоот тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон, дээрх хугацаанд захиалагч хэнтэй ч гэрээ байгуулаагүй үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримттай талуудын хэн аль нь маргахгүй байгаа, түүнчлэн хариуцагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг хэрэгжүүлж, гэрээ байгуулаагүйг эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй тул “СММ” ХХК-иас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл байхгүй байна гэж шүүх үзлээ.

3.4. Түүнчлэн хариуцагч ЭХЗХноос дахин тендер зарлахдаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын[7] дагуу хэмнэлтийн зарчим дээр суурилж буюу өмнө тогтоосон байсан хэвлэх төхөөрөмжийн тоог бууруулан /3 ширхэг байсныг 2 ширхэг болгон/ зарлах болсон байх тул нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн зүгээс гаргасан 3 ширхэг принтерийн хувьд гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх нь хууль болон тендерийн зорилгод нийцэхгүй тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.3, 106.3.13 дахь заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.1.1, 27.1.2 дахь заалт, 27.3, 27.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн Эрчим зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “СММ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хангаж, ЭХЗХны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох ЭХЗХ/******* дугаартай тендерт “СММ” ХХК-иас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагч ЭХЗХноос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.МӨНХ-ЭРДЭНЭ