| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00247/И |
| Дугаар | 00266 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00266
| 2019 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2019/00266 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, ... дугаарын регистртэй, Н. овогтой А.ийн Хы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 153/2019/00247/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяанар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1960 онд төрсөн. 1975 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийн 7 дугаар анги төгсөж, илгээлтийн эзнээр гарч Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1975 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байгаад 1978 оноос 1981 онд хугацаат цэргийн алба хаасан юм.
1981 оны 6 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Харин 1990 онд нэгдэл хувьчлагдсанаас хойш хувиараа мал маллаж амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд А.Х намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1975 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүртэл, 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч А.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1975 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүртэл, 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.Х нь 1975 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүртэл, 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 501 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1976-1978, 4 дүгээр бригадын 1982-1989 он 70 дугаар дансны хуулбарууд,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1613000236 дугаар баталгаажуулалтын хуудас, А0703877 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 367658 дугаар цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 505 дугаар малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- А.Х, М.Дамелхан нарын 126/001669 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа эх хувиар,
- Хүсэлт гаргагчийн 126/001668 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа эх хувиар,
- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 79 тоотоор ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 23-нд Сарыбулах ХКомпани болж бүртгэгдсэн гэх лавлагаа эх хувиар,
Гэрч А.Санахын ... “А.Х нь 1960 онд Ховд аймгийн Ховд сумын Улаанхаргана багт төрсөн. 1975 онд Ховд аймгийн Ховд сумын сургуулийг 7 анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад үхэрчнээр ажилласан. 1978-1981 он хүртэл цэргийн алба хаагаад нэгдэлдээ 1990 он хүртэл үхэр малласан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Э.Кабетайгийн ... “А.Х 1975 онд Ховд аймгийн Ховд сумын сургуулийг 7 дугаар анги төгсөөд илгээлтийн эзнээр гарч 1975-1978 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад үхэр маллаж байгаад 1978-1981 он хүртэл цэргийн алба хаасан. 1981-1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А.Хыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Найман овогт Адвашийн Хыг 1975 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүртэл, 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар А.Хы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ