Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,

шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г д холбогдох эрүүгийн 2209*********** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.Г , 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй гэх, Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 00 дугаар сургуульд дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн У сумын 00 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БК82******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.Г  нь 2011 оны 06 дугаар сарын 18-ний өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй төгсөөгүй атлаа уг сургуулийн гэх D2011***** дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн У сумын “О” дунд сургуулийн /одоо У сумын Ерөнхий боловсролын 00 дугаар сургууль/ дуу хөгжмийн багшаар 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр томилогдохдоо ашиглаж, 75.992.729 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Х.Г  мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн, хуурамч диплом гэдгийг нь мэдээгүй” гэв.

2. Эрүүгийн 2209*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Эрүүгийн цагдаагийн албаны эрүүгийн мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2202****** дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх” тухай тогтоол, илтгэх хуудас, хавсаргасан холбогдох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 1-10 дахь тал/,

2.2. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтын 249 дүгээр мөр “...төрөл: Ерөнхий боловсролын сургууль, аймаг: Баян-Өлгий, байгууллагын нэр: Баян-Өлгий аймгийн У сумын 2 дугаар сургууль, РД: БК82******, овог нэр: Х ы Г , сургуулийн нэр: Боловсролын их сургууль, ...мэргэжил: дуу хөгжмийн багш, боловсролын түвшин: бакалавр, он: 2011, дипломын дугаар: 2011*****, зөрчлийн тайлбар: Дипломыг хуурамчаар үйлдэж ашигласан, зөрчлийн код 1.2” гэх байдал /1 дэх хавтаст хэргийн 11-35, 2 дахь хавтаст хэргийн 21, 27-58 дахь тал/,

2.3. Гэрч Ч.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-40, 2 дахь хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

2.4. Гэрч Я.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-44, 2 дахь хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

2.5. Гэрч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-48, 2 дахь хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

2.6. Гэрч Б.Д гийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-52, 2 дахь хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

2.7. Гэрч Н.Б гийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хавтаст хэргийн 55-57, 2 дахь хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

2.8. Гэрч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-63, 2 дахь хавтаст хэргийн 83-86 дахь тал/,

2.9. Гэрч Х.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-69 дэх тал/, 

2.10. Гэрч Д.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,

2.11. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 3/1211 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 64 дэх тал/,

2.12. Баян-Өлгий аймгийн У сумын “О” дунд сургуулийн захирлын 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 31, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай иргэн Х.Г г дуу, хөгжмийн цагийн багш, багшаар томилон ажиллуулсан тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 70-71, 99-101 дэх тал/,  

2.13. Боловсролын их сургуулийн D2011***** дугаартай боловсролын дипломыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, диплом, түүний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 86, 2 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

2.14. Иргэн Х.Г гийн нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 102-104 дэх тал/,

2.15. Яллагдагч Х.Г гийн ажиллах хугацаанд буюу 2011 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын хооронд олгогдсон цалингийн цэсийн хуулбар, цалингийн тооцооны хуудас /1 дэх хавтаст хэргийн 106-112, 2 дахь хавтаст хэргийн 207 дахь тал/,

2.16. Дуу хөгжмийн цагийн багш болон соёлын арга хэмжээ хариуцан ажиллах Х  овогтой Г гийн албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 116-120 дахь тал/,

2.17. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 145-146, 148 дахь тал/,

2.18. Гэрч Х.Ө ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

2.19. Яллагдагч Х.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

2.20. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 194-202 дахь тал/,

2.21. Баян-Өлгий аймгийн У сумын 04 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 213 дахь тал/,

2.22. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 229-238 дахь тал/,

2.23. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/25 дугаартай захирамж /1 дэх хавтаст хэргийн 239-244 дэх тал/,

2.24. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30/833 дугаартай албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 08 дахь тал/,

2.25. Эрүүгийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч Т. Б ын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэлийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,

2.26. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 000 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох иргэн Х.Г гийн 5190216390 дугаартай харилцах дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 99, 130, 183 дахь тал/,

2.27. Шүүгдэгч Х.Г гийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Г гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Х.Г  нь 2011 оны 06 дугаар сарын 18-ний өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй төгсөөгүй атлаа уг сургуулийн гэх D2011***** дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн У сумын “О” дунд сургуулийн /одоо У сумын Ерөнхий боловсролын 00 дугаар сургууль/ дуу хөгжмийн багшаар 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр томилогдохдоо ашиглаж, 75.992.729 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтын 249 дүгээр мөр “...төрөл: Ерөнхий боловсролын сургууль, аймаг: Баян-Өлгий, байгууллагын нэр: Баян-Өлгий аймгийн У сумын 2 дугаар сургууль, РД:БК82******, овог нэр: Х ы Г , сургуулийн нэр: Боловсролын их сургууль, ...мэргэжил: дуу хөгжмийн багш, боловсролын түвшин: бакалавр, он: 2011, дипломын дугаар: 2011*****, зөрчлийн тайлбар: Дипломыг хуурамчаар үйлдэж ашигласан, зөрчлийн код 1.2” гэх байдал /1 дэх хавтаст хэргийн 11-35, 2 дахь хавтаст хэргийн 21, 27-58 дахь тал/,

3.1.2. Гэрч Ч.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг “PDF” файлаар татаж авах, архивын газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхөхийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад “ESIS”, “HEMIS” гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн “HEMIS” программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан, харин “ESIS” программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. “ESIS” систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм.

Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS Программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-40, 2 дахь хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

3.1.3. Гэрч Я.Н ийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлэх, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан.

...уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна” мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-44, 2 дахь хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

3.1.4. Гэрч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сайд Л.Э гийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н , Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм...

...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн, зөрчилтэй диплом бүхий багш нарыг төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан.

...Ангилсан кодыг уншихдаа “1.1” бол дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, “1.2” бол дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, “1.3” бол тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, “1.4” бол дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, “1.5” бол дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм.

...Дээрх зөрчлүүдээс “1.1”, “1.2” кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлж байгаа юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-48, 2 дахь хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

3.1.5. Гэрч Б.Д гийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан, мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм.

...Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийн дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа.

...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-52, 2 дахь хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

3.1.6. Гэрч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг.

... “ESIS” систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь “HEMIS” буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний “РDF”, “ДБ” гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна, тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хавтаст хэргийн 55-57, 2 дахь хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

3.1.7. Гэрч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн “Hemis” программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг" гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-63, 2 дахь хавтаст хэргийн 83-86 дахь тал/,

3.1.8. Гэрч Д.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна, харин үлдсэн иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна.

...Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,

3.1.9. Баян-Өлгий аймгийн У сумын “О” дунд сургуулийн захирлын 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 31, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай иргэн Х.Г г дуу, хөгжмийн цагийн багш, багшаар томилон ажиллуулсан тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 70-71, 99-101 дэх тал/,  

3.1.10. Боловсролын их сургуулийн D2011***** дугаартай боловсролын дипломыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, диплом, түүний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 86, 2 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

3.1.11. Иргэн Х.Г гийн нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 102-104 дэх тал/,

3.1.12. Яллагдагч Х.Г гийн ажиллах хугацаанд буюу 2011 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын хооронд олгогдсон цалингийн цэсийн хуулбар, цалингийн тооцооны хуудас /1 дэх хавтаст хэргийн 106-112, 2 дахь хавтаст хэргийн 207 дахь тал/,

3.1.13. Дуу хөгжмийн цагийн багш болон соёлын арга хэмжээ хариуцан ажиллах Х  овогтой Г гийн албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 116-120 дахь тал/,

3.1.14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2018 оны 02 дугаар сард анх тус 2 дугаар сургуульд нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Би анх ажилд томилогдсон үед Х.Г  тус сургуульд ажилладаг байсан. Тийм болохоор анх хэзээ, ямар бичиг баримт бүрдүүлж, ямар шалгуураар томилогдсон эсэхийг мэдэхгүй. Х.Г  нь нэг удаа 5 жилийн тэтгэмж авсан. Харин багш нарт улиралд нэг удаа урамшуулал олгодог байсан. Х.Г  нь манай байгууллагад ажиллаж байх хугацаанд ямар нэгэн завсардсан жил байхгүй.

...Миний бие өчигдөр байгууллагын архивын материалуудыг гаргаж шалгаж үзсэн. Х.Г  нь манай байгууллагад 2011 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл нийт 11 жил ажилласан байна. Энэ хугацаанд нийт 123 сар цалин хөлс авсан байна. Мөн нэг удаа 4.000.000 төгрөгийн урамшуулал авсан байна. Манай байгууллагад ажилласан 123 сард нийт 69.890.810 төгрөгийн цалин хөлс, урамшуулал авсан байна. Тухайн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрчний эвлэлийн хураамжийг тухай бүр төлж байсан байна.

Өөрөөр хэлбэл Х.Г  нь манай байгууллагад ажиллаж байх хугацаанд нийт 73.890.810 төгрөгийн цалин хөлс, урамшуулал авсан байна. Х.Г гийн авч байсан цалин хөлс нь төрөөс төсөвлөгдөж, манай сургуульд хувиарлагдсан мөнгө байсан ба Х.Г  нь өөрийн хийж гүйцэтгэсэн цалин хөлс, урамшууллыг хийж гүйцэтгэсэн ажил хөдөлмөрт тааруулж авч байсан гэж ойлгож байна. Хэрэв шүүхээс гэм буруу нь тогтоогдож заавал төлөх шаардлагатай гэх юм бол ажиллаж байх хугацаанд авч байсан 73.890.810 төгрөгийг төлүүлэх байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 145-146, 148 дахь тал/,

3.1.15. Гэрч Х.Ө ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.Г  нь 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тухайн үед ажиллаж байсан сургуулийн захирлын тушаалаар манай сургуульд дуу хөгжмийн цагийн багшаар томилогдсон байна. Улмаар зургаан жил цагийн багшаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний тушаалаар дуу хөгжмийн багш болон соёлын төвийн ажлыг хариуцуулж бүтэн орон тоогоор томилж ажиллуулж байгаа. Х.Г  нь манай сургуульд 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Х.Г  нь өнгөрсөн жил Засгийн газрын тогтоолоор олгох нэг удаагийн тэтгэмжид хамрагдаж, 4 сая гаруй төгрөг авсан байх гэж бодож байна. Учир нь тухайн мөнгө нь хөдөө орон нутагт 5 жил тасралтгүй ажилласан багш нарын өөрийнхөө дансанд шууд ордог учир энэ тухай тодорхой хэлж мэдэхгүй байна. Х.Г  нь ямар нэгэн чөлөө зөвшөөрөл авч ажил завсардсан зүйл байхгүй.

Миний бие захирал болохоос 6 жилийн өмнө Х.Г  нь ажилд томилогдсон байна. Тухайн үед ажилд томилогдсон үед дипломыг үндэслэн ажилд авсан байх гэж бодож байна. Миний бие захирлын ажлыг авснаас хойш бүх багш нарын хувийн хэргийн материалуудтай танилцсан. Тухайн материал дотор Х.Г  нь их сургууль төгссөн гэх дипломын хуулбар байсан. Нэгэнт диплом нь байгаа, дээр нь олон жил ажилласан багш хүн болохоор энэ хүний дипломоос ийм асуудал гарна гэж бодоогүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

3.1.16. Яллагдагч Х.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие 2011 оны өвөл 1 дүгээр сард Улаанбаатар хотод очиж Монгол Улсын Боловсролын их сургуулийн дуу хөгжмийн ангийг эчнээ ангиас суралцахаар очсон. Тэгээд тухайн сургуульд 2 сар сурсан ба дараа нь ар гэрийн асуудлаас болж сургуульд сурах боломжгүй болсон. Тэр үед сургуулиа орхиж явах болсон үед Ержан гэх залуутай танилцсан. Ержан надад хэлэхдээ “та надад кредитийн мөнгөө өгөх юм бол энэ жилийн хавар диплом авч өгнө” гэж хэлсэн. Тэр үед би түүний үгэнд итгэж кредитийн мөнгө болох 2.000.000 төгрөг өгсөн ба тухайн жил буюу 2011 оны 06 дугаар сард Ержанаас Монгол Улсын Боловсролын их сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжилтэй 2011***** дугаартай дипломыг хүлээн авсан. Тус дипломыг үндэслэн 2011 оны 11 дүгээр сард У сумын О дунд сургуульд ажилд орсон юм.

Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байна. Иймд миний гаргасан үйлдэл хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү “ гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч боловсролын диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчээс “...тухайн үед дипломыг хуурамч болохыг мэдээгүй” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж тус тус заасан. Бичмэл нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хэрхэн тусгах талаар мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, нотлох баримтыг хэрхэн бэхжүүлэх талаар мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ” гэж тус тус зохицуулсныг зөрчсөн.

Энэхүү байдал нь 1 дүгээр хавтаст хэргийн 1-92 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 21-93 дугаар тал хүртэл авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөгчөөс нотлох баримтыг хэрэгт тусгахдаа тогтоолоо гаргаж, тэмдэглэл үйлдэж тусгах ёстой. Мөн 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгчийн захирамжид заасан зөрчил арилаагүй. 2 дугаар хавтаст хэргийн 21-93 дугаар талд авагдсан нотлох баримтыг хаанаас, хэнд холбогдох, ямар дугаартай хэргээс авч, хэрэгт тусгасан болох нь ойлгомжгүй. Мөрдөгчийн тэмдэглэлээс үзэхэд эрүүгийн 2202******1205 дугаартай хэргээс хуулбарлан, хавтаст хэрэгт тусгуулах байдлаар тэмдэглэл үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл тусгаарлагдсан хэрэг буюу эрүүгийн 220900002322 дугаартай хэрэгт цагдаагийн ахмад Нурболат мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Гэтэл 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах тухай тогтоол, тэмдэглэл үйлдээгүй. 21-93 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг хэрхэн, яаж хавсаргасан болох нь тодорхой бус байгаа. Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан баримтаас үзэхэд  гэрчүүдийн мэдүүлэг хэмээн ерөнхийд нь бичсэн байгаа. Гэрчүүдийн мэдүүлэг авагдсан тэмдэглэлийн хуудсыг тоолж үзэхэд 28 хуудас гарахгүй байгаа бөгөөд 32 гарч байгаа. Мөн 1 дүгээр хэсэгт дурдсан 32 хуудас бүхий нотлох баримт гэж байгаа дутаж байгаа. Тэгэхээр 2 дугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн тэмдэглэл нь энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ” гэж заасныг мөрдөгч Нурболат зөрчсөн.

Хоёрдугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан. Тодруулбал 1 дүгээр хавтаст хэргийн 1-92 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 21-93 дугаар хуудас хүртэл авагдсан “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан нотлох баримтууд нотлох баримтаас хасагдах ёстой. Эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүсэж байна. Нотлох баримтыг үнэлэх тухай асуудлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ” гэж заасан. Мөн хуулийн 32.3 дугаар зүйлд мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудын талаар зохицуулсан бөгөөд 1.1-т “оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх” гэж байгаа. Тэгэхээр прокурор үүнд хяналт тавьж ажиллах ёстой байсан боловч хяналт тавьж ажиллаагүй. Эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтаас хассан тохиолдолд цаана нь яллагдагчийн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А ы 2 удаа өгсөн мэдүүлэг, цалингийн хүснэгт зэрэг хэдхэн нотлох баримт л үлдэж байгаа. Энэхүү нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй.

Гуравдугаарт, миний үйлчлүүлэгч тухайн дипломыг хуурамч болохыг мэдээгүй байсан гэж мэдүүлж байгаа. Сургуулийн захирал болох Ө ийн зүгээс дипломыг нь хараад жинхэнэ диплом гэж ойлгосон гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж нь хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан бол гэж байгаа. Хуурамч нотлох баримт гэдгийг аливаа нотлох баримтыг эх нотлох баримттай адилхан дуурайлгаж хийсэн байхыг ойлгохоор байгаа. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн дипломыг хуурамч болохыг тогтоосон баримт байхгүй. Өөрөөр хэлбэл хуурамч гэдгийг нь баталгаажуулаагүй. Дугаар нь давхардсан гэж байгаа иргэн Х.Г гийн дипломын дугаарыг ашигласан байж болзошгүй эргэлзээ төрүүлж байгаа. Тэгэхээр Х.Г гийн дипломын дугаартай давхардсан гэх иргэний аль нь түрүүлж авсан гэдгийг лавшруулан шалгах ёстой.

Тэгэхээр хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг хүчингүйд тооцохоор байгаа. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй. Миний үйлүүлэгчийг яллах талын нотлох баримтын хүрээнд гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Х.Г д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай, “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-оор багшийн ажлын байранд “багш мэргэжилтэй, бакалавраас доошгүй зэрэгтэй, багшлах эрхтэй байх” гэсэн ерөнхий болон тусгай шаардлага тавигджээ.

6. Шүүгдэгч Х.Г  нь 2011 оны 06 дугаар сарын 18-ний өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй суралцаж төгсөөгүй, D2011***** дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдэж байсан нь Боловсрол,  шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, түүний хавсралт, гэрч Ч.Э , Я.Н , А.Т э, Б.Д г, Д.А , Д.Ц , яллагдагч Х.Г  нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, D2011***** дугаартай боловсролын диплом, түүний хуулбар зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

7. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн А/000 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийх тухай ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, хяналт шинжилгээ хийхэд зөрчилтэй дипломтой нэр бүхий иргэд, түүний дотор шүүгдэгч Х.Г гийн Боловсролын их сургуулийн дуу хөгжмийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй D2011***** дугаартай диплом нь зөрчилтэй байж болох нөхцөл байдал илэрч холбогдох шалгалтыг явуулж, илэрсэн зөрчлийг нэгдсэн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

8. Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан авч, эрүүгийн хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.6 дугаар зүйлийн 3. “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.”, 16.14 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны... тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.” гэж заасантай нийцсэн байна.

9. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон байна.

10. Эрх зүйн дүгнэлт.

10.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.

10.2. “Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

10.3. Шүүгдэгч Х.Г гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил боловч боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2011 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас холбогдох үйлдэл холбогдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж үзнэ.

10.4. Шүүгдэгч Х.Г гийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

10.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Г гийн хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэлт, өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.   

11. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

11.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж хуульчилжээ.

11.2. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

11.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “...шүүгдэгч Х.Г  нь сургуульд ажиллах хугацаанд өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг авч байсан, ...цалин хөлсөө хөдөлмөр эрхэлж шударгаар авч байсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй.”, улсын яллагчаас “шүүгдэгч Х.Г гийн гэм буруутай үйлдлээс Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 00 дугаар сургуульд 76.847.377 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулан төрийн санд оруулах” тухай тайлбар мэдүүлэг, дүгнэлтээ гаргажээ.

11.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасныг үндэслэж шүүгдэгч Х.Г г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.Г  нь дуу хөгжмийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй, D2011***** дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн У сумын “О” дунд сургуулийн /одоо У сумын Ерөнхий боловсролын 00 дугаар сургууль/ дуу хөгжмийн багшаар 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр томилогдон ажиллаж, ажил олгогч болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөгүй байна.

11.5. Шүүгдэгч Х.Г  нь D  2011***** дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохын мэдсээр байж Баян-Өлгий аймгийн У сумын 2 дугаар сургуулийн багшийн орон тоонд 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс ажиллахдаа 2011 онд 275.271 төгрөг, 2012 онд 1.711.116 төгрөг, 2013 онд 1.562.629 төгрөг, 2014 онд 3.496.123 төгрөг, 2015 онд 2.647.028 төгрөг, 2016 онд 3.307.147 төгрөг, 2017 онд 7.120.671 төгрөг, 2018 онд 7.863.276 төгрөг, 2019 онд 10.357.748 төгрөг, 2020 онд 10.616.179 төгрөг, 2021 онд 10.965.606 төгрөг, 2022 онд 11.806.287 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 5 жил ажилласны тэтгэмжид 4.533.648 төгрөг, нийт 75.992.729 төгрөгийн орлого олж, мөн хэмжээгээр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт аваагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

11.6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г гаас гэмт хэргийн хохиролд 75.992.729 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, хохирлын зарим хэсэг болох 854.648 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.7. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Г гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 75.992.729 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэргийн хохирол 75.992.729 төгрөгийг төлөхөд зарцуулах нь зүйтэй. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг эдлүүлэхдээ оршин суугаа газаар болох У сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг,   

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн санал болгосон зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгчийн орлого олох боломж, гэр бүл үр хүүхдээ асран хамгаалах боломжийг хангах үүднээс улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.  

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Г гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Х.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.4. Шүүгдэгч Х.Г  нь 1982 онд төрсөн, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

2.5. Шүүгдэгч Х.Г  нь “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн хүндрүүлэх нөхцөл байдалгүй  зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгч Х.Г г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Х.Г д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4  цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн У сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /У сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мод тарих ажил тус тус хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

2.7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D 2011***** дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 2209*********** дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай, шүүгдэгч Х.Г гийн эзэмшлийн 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, 0000 БӨҮ улсын дугаартай, Уаз-220692 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4  цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Г д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн У сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /У сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мод тарих ажил тус тус хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г гаас гэмт хэргийн хохиролд 75.992.729 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, хохирлын зарим хэсэг болох 854.648 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Г гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 75.992.729 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэргийн хохирол 75.992.729 төгрөгийг төлөхөд зарцуулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D 2011***** дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 2209*********** дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай, шүүгдэгч Х.Г гийн эзэмшлийн 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, 0000 БӨҮ улсын дугаартай, Уаз-220692 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Г  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ