| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Х ,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б т холбогдох эрүүгийн 2209*********** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б , 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, математик, мэдээлэл зүйн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:Б389120700.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Б нь 2012 оны 00 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй төгсөөгүй атлаа уг сургуулийн гэх D2012****** дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Н сумын Хүүхдийн 0 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/00, Б/00 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн харьяа Х багийн цэцэрлэгийн бүлгийн багшаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр томилогдохдоо ашиглаж, 30.089.309 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас өгсөн мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байна” гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Х мэдүүлэхдээ: “...шүүгдэгч Б.Б нь тухайн хугацаанд хөдөлмөр эрхэлсэн нь үнэн, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
2. Эрүүгийн 2209*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтын 250 дугаар мөр “...төрөл: Сургуулийн өмнөх боловсрол, аймаг: Баян-Өлгий, байгууллагын нэр: Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар цэцэрлэг, нэр: Б.Б , сургуулийн нэр: Боловсролын их сургууль, ...мэргэжил: сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч, боловсролын түвшин: бакалавр, он: 2012, дипломын дугаар: 201222177, зөрчлийн тайлбар: бусдын дипломын дугаарыг ашигласан, зөрчлийн код 1.1” гэх байдал /1 дэх хавтаст хэргийн 11-35, 2 дахь хавтаст хэргийн 23-47 дахь тал/,
2.2. Гэрч Ч.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-40, 2 дахь хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
2.3. Гэрч Я.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-44, 2 дахь хавтаст хэргийн 53-56 дахь тал/,
2.4. Гэрч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-48, 2 дахь хавтаст хэргийн 57-60 дахь тал/,
2.5. Гэрч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-52, 2 дахь хавтаст хэргийн 62-64 дэх тал/,
2.6. Гэрч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хавтаст хэргийн 55-57, 2 дахь хавтаст хэргийн 67-69 дэх тал/,
2.7. Гэрч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-63, 2 дахь хавтаст хэргийн 72-75 дахь тал/,
2.8. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 3/0000 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал/,
2.9. Гэрч Д.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал/,
2.10. Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дугаартай, мөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/00, Б/00 дугаартай “...Батхуягийн Б ийг тус цэцэрлэгийн харьяа Х цэцэрлэгийн бүлгийн багш, үндсэн багшаар ажилд томилох тухай” тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 72, 78, 124-127 дахь тал/,
2.11. Боловсролын их сургуулийн D2012****** дугаартай боловсролын дипломыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, диплом, түүний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
2.12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113-114 дэх тал/,
2.13. Гэрч Т.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал/
2.14. Иргэн Б.Б ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид цэцэрлэгийн багшийн ажилд томилуулах тухай өргөдөл, D2012****** дугаартай сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйчийн дипломын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 128-131 дэх тал/,
2.15. Иргэн Б.Б ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 144 дэх тал/,
2.16. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал/,
2.17. Яллагдагч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91-93, 107-108 дахь тал/,
2.18. Шүүгдэгч Б.Б ийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Б.Б нь 2012 оны 00 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй төгсөөгүй атлаа уг сургуулийн гэх D2012****** дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Н сумын Хүүхдийн 0 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/00, Б/00 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн харьяа Х багийн цэцэрлэгийн бүлгийн багшаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр томилогдохдоо ашиглаж, 30.089.309 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтын 250 дугаар мөр “...төрөл: Сургуулийн өмнөх боловсрол, аймаг: Баян-Өлгий, байгууллагын нэр: Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар цэцэрлэг, нэр: Б.Б , сургуулийн нэр: Боловсролын их сургууль, ...мэргэжил: сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч, боловсролын түвшин: бакалавр, он: 2012, дипломын дугаар: 201222177, зөрчлийн тайлбар: бусдын дипломын дугаарыг ашигласан, зөрчлийн код 1.1” гэх байдал /1 дэх хавтаст хэргийн 11-35, 2 дахь хавтаст хэргийн 23-47 дахь тал/,
3.1.2. Гэрч Ч.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг “PDF” файлаар татаж авах, архивын газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхөхийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад “ESIS”, “HEMIS” гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн “HEMIS” программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан, харин “ESIS” программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. “ESIS” систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм.
Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS Программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-40, 2 дахь хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
3.1.3. Гэрч Я.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлэх, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан.
...уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна” мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-44, 2 дахь хавтаст хэргийн 53-56 дахь тал/,
3.1.4. Гэрч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сайд Л.Э гийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н , Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм...
...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн, зөрчилтэй диплом бүхий багш нарыг төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан.
...Ангилсан кодыг уншихдаа “1.1” бол дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, “1.2” бол дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, “1.3” бол тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, “1.4” бол дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, “1.5” бол дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм.
...Дээрх зөрчлүүдээс “1.1”, “1.2” кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлж байгаа юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-48, 2 дахь хавтаст хэргийн 57-60 дахь тал/,
3.1.5. Гэрч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан, мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм.
...Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийн дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа.
...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-52, 2 дахь хавтаст хэргийн 62-64 дэх тал/,
3.1.6. Гэрч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг.
... “ESIS” систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь “HEMIS” буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний “РDF”, “ДБ” гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна, тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хавтаст хэргийн 55-57, 2 дахь хавтаст хэргийн 67-69 дэх тал/,
3.1.7. Гэрч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн “Hemis” программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг" гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-63, 2 дахь хавтаст хэргийн 72-75 дахь тал/,
3.1.8. Гэрч Д.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна, харин үлдсэн иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна.
...Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал/,
3.1.9. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 3/0000 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал/,
3.1.10. Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дугаартай, мөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/00, Б/00 дугаартай “...Батхуягийн Б ийг тус цэцэрлэгийн харьяа Х цэцэрлэгийн бүлгийн багш, үндсэн багшаар ажилд томилох тухай” тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 72, 78, 124-127 дахь тал/,
3.1.11. Боловсролын их сургуулийн D2012****** дугаартай боловсролын дипломыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, диплом, түүний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
3.1.12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б анх 2020 оны эхээр ажилд орсон байсан. Намайг анх ажилд ороход бүлгийн багш нар 650.000 гаруй төгрөгийн цалин авдаг байсан, Б.Б бас адилхан авч байсан. Одоо Б.Б 947.817 төгрөг гар дээрээ авч байгаа. ...2020 он, 2021 онуудад 3 сар тутамд үр дүнгийн урамшуулал гэж цалингаасаа тусдаа 130.000 төгрөг авдаг байсан. Тэтгэмж авч байгаагүй.
...Нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдсэн нь зүйтэй гэж үзэж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113-114 дэх тал/,
3.1.13. Гэрч Т.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н сумын 0 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг болох Ховд гол багийн цэцэрлэгт бүлгийн багшаар миний Б/00 тоот түр тушаалаар томилогдсон боловч Ковидын улмаас 2020 онд ажиллаагүй, тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/00 тоот миний тушаалаар тухайн цэцэрлэгийн багшаар томилогдож ажиллаж байна.
...2019 онд ажилд орохыг хүссэн өргөдөл, дипломын хуулбар, багшлах эрхийн гэрчилгээ, төрийн албан хаагчийн анкет зэргийг авч ирж өгөөд ажил хүссэн. Удалгүй Ховд гол багт 0 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд орж цэцэрлэгийн багш хэрэгтэй байсан тул анх ажилд орж байсан юм. Б.Б 3 дахь жилдээ ажиллаж байна. ...жирэмсний амаржсаны амралт авч байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
3.1.14. Иргэн Б.Б ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид цэцэрлэгийн багшийн ажилд томилуулах тухай өргөдөл, D2012****** дугаартай сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйчийн дипломын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 128-131 дэх тал/,
3.1.15. Иргэн Б.Б ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 144 дэх тал/,
3.1.16. Яллагдагч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2012 оны 07 дугаар сард Баян-Өлгий аймгийн Н сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд Юра гэх багш жирэмсний амралт авсан байсан тул би 1 сарын хугацаатай бага ангийн багшаар ажилласан энэ хугацаанд нийгмийн даатгалаа тухайн сургуулиар төлүүлсэн. 2012 оны 08, 09, 10, 11, 12, 2013 оны 01, 02, 03 саруудад би хувиараа нийгмийн даатгалаа төлж байгаад Баян-Өлгий аймгийн Н сумын 3 дугаар багт 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр улирлын чанартай ажилдаг хүүхдийн гэр цэцэрлэгт туслах багшаар ажилласан. Энд ажиллах хугацаандаа нийгмийн даатгалыг тухайн цэцэрлэгээс төлж байсан. Би 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орохдоо 10 жилийн сургууль төгссөн суурь боловсролын гэрчилгээ, Ховд их сургуулийг Математик-мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн дээд боловсролын диплом, иргэний үнэмлэхийн хуулбар, ажил орохыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлж өгч ажилд орж байсан.
...2020 оноос хойш хуурамч диплом ашигласан үйлдэлдээ харамсаж байна, гэмшиж байна, би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Надад ямар нэгэн гэм буруугийн маргаан байхгүй тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91-93, 107-108 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч боловсролын диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,
шүүгдэгч Б.Б ээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хохирлыг төлж өгнө” гэх тайлбарыг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг буруу тогтоосон байна. Хавтаст хэрэгт авагдсан төрийн албан хаагчийн анкетаас үзэхэд 2021 оны 01 дүгээр сард үйлдэгдсэн, анкетад урьд нь хийж байсан ажлыг дурдсан, хуурамч дипломыг бичсэн байсан. Хавтаст хэрэгт нэг огноотой өөр дугаартай тушаал авагдсан. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж маргаан бүхий орон тоонд хуурамч дипломыг ашиглаж ажилд орсон нөхцөл байдал харагдаж байгаа. Хоёр тушаал нь өөрөө яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт яллах талын нотлох баримтаар авагдсан. Нэг эргэлзээтэй зүйл байгаа. Яллах дүгнэлтээс яллаж байгаа товч агуулгыг харахад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуурамч дипломыг ашигласан гэж байна. Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тушаал гараагүй байсан. Тушаал 2021 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр гарсан байхад гэмт хэрэг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гарсан мэтээр бичсэн нь хэр үндэслэлтэй вэ. Гэмт хэрэг гарсан байдлыг буруу тогтоосон гэж үзэж байна. Гэм буруугийн талаар маргааж байгаа асуудал биш буруу зүйлийг залруулж байгаа гэж ойлгохыг хүсэж байна.
2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс эхэлж ажилласан гэж үзвэл энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ бол нэгдүгээрт нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн тодорхойлолтоос харахад 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 365 хоногтой бол 9.718.657 төгрөг гарч байна. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 7.550.024 төгрөг гарч байгаа. 2022 оныг яагаад 8 сараар тооцож байгаа вэ гэхээр Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоол гарсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2021 оны 01 дүгээр сард хуурамч дипломыг ашиглаж ажилд орсон энэхүү үйлдэл нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр илэрсэн. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргаад 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэж авч дараа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Улсын дээд шүүхийн тогтоолоос харахад гэмт хэрэг гарсан үеэс төгссөн үеийг цагдаагийн байгууллага мэдсэн үеэс гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Иймд гэмт хэрэг 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төгссөн байна. Миний тооцоогоор 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар дуустал нийт нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн хэмжээгээр 17.268.681 төгрөг болж байгаа. Жирэмсний амралтын 4 сарын хугацааны асуудал байгаа. 420.000 төгрөгөөр тооцсон байна. Энэхүү 4 сарын цалинг олгоогүй гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг төсөвт шилжүүлсэн гэж байна.Тухайн үед мөрдөгдөж байсан ажил олгогчоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэдэн хувь гэдгийг сайн мэдэхгүй байна ямар ч байсан сард 52.500 төгрөг шилжүүлсэн байна. 52.500 төгрөгийг хоёр удаа шилжүүлж дараа 56.700 төгрөгийг хоёр удаа шилжүүлсэн байна. Хувь хэмжээ нь 0,5 хувиар нэмэгдсэн юм шиг байна. Иймд нийлбэр дүнгээр 18.400 төгрөгийг ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд шилжүүлсэн байна. Энэ дүнг хохиролд тооцно гэж үзвэл зөрүү нь миний тооцоолсноор 15.807.081 төгрөг гарч байгаа. 2020 онд ажилласан хугацааны цалин хөлсийг яагаад хохиролд тооцоогүй вэ гэхээр 2020 онд бусдын орон тоонд түр ажилласан байна. Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2007 оны тушаалаар батлагдсан жишиг ажлын байрны тодорхойлолтоос харахад багш мэргэжилтэй бакалавраас дээш боловсролын зэрэгтэй хүн энэхүү ажлыг хийхээр заасан байгаа. Миний үйлчлүүлэгч 2 дипломтой. Нэг диплом нь жинхэнэ диплом, багш мэргэжлийн. Энэхүү дипломыг 2020 онд ашиглахаар харагдаж байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилд орсон тушаал гарахдаа төрийн албан хаагчийн анкет бөглөгдөж, хуурамч диплом ашигласан үйл баримт тогтоогдсон. 2021 онд 10 сар, 2022 онд 8 сар ажилласан байна. Хохирлыг дээрх байдлаар тооцох нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байгаа гэв.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
5. Шүүгдэгч Б.Б нь 2012 оны 00 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцан төгсөөгүй, D2012****** дугаартай бакалаврын диплом хуурамч болохыг мэдэж байсан нь Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, түүний хавсралт, гэрч Ч.Э , Я.Н , А.Т э, Б.Д , Н.Б , Д.А , Д.Ц , яллагдагч Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, D2012****** дугаартай диплом, түүний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
6. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай, “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын дөрөвдүгээр хавсралтаар цэцэрлэгийн багшийн албан тушаалд томилогдож ажиллахад тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, боловсролын зэргийн хувьд бакалавраас доошгүй зэрэгтэй байхаар тусгажээ.
7. Энэхүү шаардлагад нийцүүлэхийн тулд шүүгдэгч Б.Б нь 2012 оны 00 дугаар сарын 15-ны өдөр олгосон гэх Монгол Улсын Боловсролын их сургуулийн “сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” гэх дээд боловсролын бакалавр зэрэгтэй D2012****** дугаартай диплом хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Н сумын Хүүхдийн 0 дугаар цэцэрлэгийн харьяа Х багийн цэцэрлэгийн бүлгийн багшаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр томилогдож, 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд томилогдон ажиллахдаа тус тус ашигласан байна.
8. Гэрч Т.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н сумын 0 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг болох Ховд гол багийн цэцэрлэгт бүлгийн багшаар миний Б/00 тоот түр тушаалаар томилогдсон боловч Ковидын улмаас 2020 онд ажиллаагүй, тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/00 тоот миний тушаалаар тухайн цэцэрлэгийн багшаар томилогдож ажиллаж байна.” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч Б.Б ийн 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд ажил олгогч байгууллага болох Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар Хүүхдийн цэцэрлэгээс бүлгийн багш ажилтай Б.Б т 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан тул цалинг нь олгож, нийгмийн даатгалын тайланг нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлсэн байна.
9. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн “сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” гэх дээд боловсролын бакалавр зэрэгтэй D2012****** дугаартай диплом хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн харьяа Х багийн цэцэрлэгийн бүлгийн багшаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр тус тус томилогдон ажиллахдаа ашиглаж, цалин хөлс авч байсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.
10. Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан авч, эрүүгийн хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.6 дугаар зүйлийн 3. “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.”, 16.14 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны... тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.” гэж заасантай нийцсэн байна.
11. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон байна.
12. Эрх зүйн дүгнэлт.
12.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.
12.2. “Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.
12.3. Шүүгдэгч Б.Б ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил боловч боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас холбогдох үйлдэл холбогдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж үзнэ.
12.4. Шүүгдэгч Б.Б ийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
12.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Б ийн хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэлт, өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
13. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
13.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж хуульчилжээ.
13.2. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.
13.3. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “шүүгдэгч хөдөлмөр эрхэлсэн нь үнэн, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг, улсын яллагчаас “Б.Б ийн гэм буруутай үйлдлээс улсын төсөвт нийт 30.089.309 төгрөгийн хохирол учирсан байна” гэх дүгнэлтийг гаргасан байна.
13.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасныг үндэслэж шүүгдэгч Б.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийн орон тоонд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд ажиллаж, нийт 30.089.309 төгрөгийн орлого олж, мөн хэмжээгээр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт аваагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.
13.5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б ээс гэмт хэргийн хохиролд 30.089.309 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
13.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 30.089.309 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэргийн хохирол 30.089.309 төгрөгийг төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй” гэх тайлбарыг,
Шүүгдэгч Б.Б ээс “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлж цалингаа авсан, диплом нь хуурамч гэдгийг хожим ухаарсан, хохирлын хэр хэмжээ шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
2.3. Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.5. Шүүгдэгч Б.Б нь “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Б.Б ийг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Н сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
2.7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D2012****** дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 2209*********** дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Б.Б ийн Хаан банкан дахь 5187******* дугаартай дансанд 28.537.154 төгрөг байхгүй тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төртсары овогт Батхуягийн Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Н сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б т оногдуулсан 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б ээс гэмт хэргийн хохиролд 30.089.309 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 30.089.309 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэргийн хохирол 30.089.309 төгрөгийг төлөхөд зарцуулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D 2012******* дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 2209*********** дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Б.Б ийн Хаан банкан дахь 5187******* дугаартай дансанд 28.537.154 төгрөг байхгүй тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ