| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Х д холбогдох эрүүгийн 2313********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.Х , 1975 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Н сумын 03 дугаарт багт оршин суух хаягтай ба одоо тус аймгийн Ө сумын 0 дугаар багт түр оршин суудаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, РД:Б375******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.Х нь 2022 оны 12 дугаар сарын 28-ний шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө түр оршин суугаа байшинд эхнэр Д.С гийн биед нь халдаж, хамар тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Ж.Х мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Эрүүгийн 2313********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн М.Х аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
2.3. Хохирогч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 22, 25 дахь тал/,
2.4. Гэрч О.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
2.5. Насанд хүрээгүй гэрч Х.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
2.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
2.7. Яллагдагч Ж.Х ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
2.8. Шүүгдэгч Ж.Х ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Х ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Ж.Х нь 2022 оны 12 дугаар сарын 28-ний шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө түр оршин суугаа байшинд эхнэр Д.С гийн биед нь халдаж, хамар тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн М.Х аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Д.С г нөхөр нь болох Ж.Х зодсон байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
3.1.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
3.1.3. Хохирогч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 23 цагийн үед манай нөхөр Х гаднаас авч ирсэн архиа гэрт ганцаараа ууж дуусгаад үг нь ихсээд үглээд байхаар нь би нөхөртөө унтаж амрах талаар хэлэхэд шууд над руу дайрч ирээд миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж авахад миний хамарнаас их хэмжээгээр цус гарсан. Өөрөөр надад гар хүрч зодоогүй. Тэгээд бүгдээрээ унтаж амраад өглөө босоход миний хамар хэсэг товойж хавдчихсан байсан. Хамрын хаван буухгүй байхаар нь өчигдөр 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр О.М гэх эмчийн хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хамарны яс цөмөрч хугарсан гэдгийг эмчээс мэдсэн.
...нөхөр Ж.Х миний хамар хэсэг рүү цохиж улмаар миний хамарнаас цус гарч би уйлах үед 9 дүгээр ангид сурдаг охин болох Х босож ирээд шаланд дуссан цусыг цэвэрлэсэн.
...нөхөр Х өмнө надад нэг ч удаа гар хүрч зодож байгаагүй.
...миний бие эмчилгээ хийлгэхэд 50.000 төгрөг төлсөн бөгөөд уг мөнгийг нөхөр Ж.Х аас нэхэмжлэхгүй, нөхөр маань надад анх удаа гар хүрсэн бөгөөд надаас уучлалт гуйгаад бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Надад нөхрөөсөө нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 22, 25 дахь тал/,
3.1.4. Гэрч О.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Д.С гэх 43 орчим насны эмэгтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу баасан гарагийн орой ажлын цаг дууссаны дараа миний хувийн эмнэлэгт ирж, хамрандаа гэмтэл авсан гээд хамраа эмчлүүлсэн. Тухайн үед С гэгч эмэгтэйн хамарны хянга яс нь баруун талд зөрүүтэй, зүүн талд цөмөрч дотогшоо орсон, баруун тийш мурийсан байдалтай байхаар нь миний бие хувийн эмнэлэгт хамарт нь эмчилгээ хийж өгөөд явуулсан, тэр үед нь эмчилгээний төлбөрт 50.000 төгрөг авсан санагдаж байна.
...Тэгээд маргааш нь Бямба гарагийн үдээс хойш над руу С холбогдоод цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа, хамраа үзүүлсэн бичиг хийлгэж авах хэрэгтэй байна, цагдаагаас шаардаад байна гэж хэлээд манайд хүрээд ирсэн бөгөөд тэр өдөр би гэртээ хүмүүст цай өгч байсан болохоор тэр хүнд тал цаасанд урд өдрийн үзлэгийн байдлыг бичиж өгсөн. Тэр үед бичигт өөрийн тэмдгийг дарж өгөх боломжгүй байсан болохоор би С д ажлын өдөр ирж тэмдэг даруулаад аваарай гэж хэлсэн. Гэтэл тэр хүн дахиж ирээгүй. Амралтын өдөр байсан болохоор эмчийн тэмдэг ажлын газарт байсан учир үзлэгийн тэмдэглэлдээ эмчийн тэмдэг дарж өгөх боломжгүй байсан.
...С д өөрийнхөө хувийн эмнэлэгт мурийсан хамар янзлах эмчилгээ хийж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
3.1.5. Насанд хүрээгүй гэрч Х.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө бид нар унтчихсан байхад манай аав ээжийн хамар хэсэг рүү цохичихсон бөгөөд ээж уйлах үед би сэрээд ээжийн хамарнаас гарсан цусыг арчиж цэвэрлэж өгсөн. Тэр өдөр манай аав гаднаас архи авчраад бид нарт харуулахгүйгээр уугаад согтчихсон байсан.
...Маргааш нь ээжийн хамар хавдаад хөхөрчихсөн, бид нар мөс тавьсан бөгөөд ээж ажил руугаа яваад орой ажил тарахаас өмнө эрт ирчихсэн ба учир нь ээж хамар өвдөөд байна гээд эрт хүрээд ирсэн. Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө хөдөө эмээ рүүгээ явсан бөгөөд манай ээжийн хамар 4 хоног хөхрөөд хавдаад болохгүй байсан ба бид өглөө болгон ээжийн хамарт хүйтэн жин тавьдаг байсан. Намайг хөдөө явсны дараа ээж эмнэлэгт очиж, хамраа янзлуулсан гэсэн. Тэрнээс өмнө аав маань ээжид гар хүрч байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
3.1.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай “1. Иргэн Д.С гийн шинжилгээнд ирүүлсэн 1 хуудас бүхий эмчийн бичиг нь шинжилгээнд тэнцэнэ. Иргэн Д.С гийн биед лор эмчийн 2022.12.28-ний өдрийн үзлэгээр хамрын ясны хугаралттай, хамрын нурууны мурийлттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. Иргэн Д.С гийн дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Иргэн Д.С гийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоосон 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №73 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
3.1.7. Яллагдагч Ж.Х ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. ...эхнэр надад унтаж амар гэж хэлсний төлөө би түүнд гар хүрч, баруун гараараа эхнэр С гийн хамар тус газар нэг удаа цохиж түүнд гэмтэл учруулсан. Тухайн үед эхнэрийн хамарнаас их хэмжээгээр цус гараад охин Х босож ирээд эхнэрийн хамарнаас гарсан цусыг цэвэрлэж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Х ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч Ж.Х “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.2. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
6.3. Шүүгдэгч Ж.Х нь хохирогч Д.С гийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “хамрын ясны хугаралттай, хамрын нурууны мурийлалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Х ы архидан согтуурсан, зүй бус үйлдэл нь шууд нөлөөлсөн байна.
7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Шүүгдэгч Ж.Х ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.С гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Д.С нь шүүгдэгч Ж.Х аас гэмт хэргийн хор уршигт мөнгөн хэлбэрээр төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй хэмээн тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Х ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Шүүхээс шүүгдэгч Ж.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгч Ж.Х д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ж.Х нь хохирогч Д.С тай сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн саналд яллагдагч Ж.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ж.Х нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 104-105 дахь тал/.
2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Ж.Х д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.4. Шүүгдэгч Ж.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ж.Х урьд нь ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
2.6. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
2.7. Шүүгдэгч Ж.Х д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х д 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Х д оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ