Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 00268

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2019/00268

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, дугаарын регистртэй, М овогтой Т-ы Ры хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 153/2019/00208/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нухтархан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Р нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Т.Р нь 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын бүрэн дунд сургуулийг төгсөж улмаар Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд аав Тилеухантай хамт мал маллахаар илгээлтээр гарч 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3-р бригадад мал маллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаатай харьцуулахад зарим сар дутуу, хоорондоо зөрчилтэй байна.

Иймд Т.Рыг 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Т.Р нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Р нь тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 413 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын  1985-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд,

- Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1613000075 дугаар баталгаажуулалтын хуудас, А0704080 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Х.Нухтархан, Т.Р нарын 126/101480 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа эх хувиар,

-  Хүсэлт гаргагчийн 126/101481 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа эх хувиар,

- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 79 тоотоор ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 23-нд Сарыбулах ХКомпани болж бүртгэгдсэн гэх лавлагаа эх хувиар, 

Гэрч Э.Кабетайн ... “.Р нь Тилеухан гэдэг хүний 4 дэх хүүхэд. Манайхтай нэг бригадад малчин байсан. Т.Р 1986 онд Ховд аймгийн Ховд сумын сургуулийг 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарсан. 1986-1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт мал малладаг байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Х.Күзенбайн ... “Т.Р нь Тилеуханы 4 дэх хүүхэд бөгөөд би 1985-1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригад буюу Баруун салаа багт малын бага эмчээр ажиллаж байсан. Т.Р 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт 1990 он хүртэл бог мал малладаг байсан. 1990 онд Нухтархан гэдэг залуутай суугаад 2 дугаар бригадад шилжин мал маллаж амьдарсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Рыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Молхы машан овогт Тилеуханы Рыг 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Т.Ры улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ