Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

шүүгдэгч К.Е  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Е д холбогдох эрүүгийн 2213*********** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, К.Е , 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн А с д төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, эгч дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн А сумын 0 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БВ97*****.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч К.Е  нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.С ыг “Д  бааранд байхдаа томроод байсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч К.Е  мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, шүүхээс тогтоосон хохирлыг төлж өгөх болно” гэв.

2. Эрүүгийн 2213*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн М.С аас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

2.2. Хохирогч М.С ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 16, 106-107 дахь тал/,

2.3. Гэрч Т.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

2.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 230 дугаартай иргэн  М.С ы эрүүл мэндэд гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

2.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 264 дугаартай “1.2.3.4. Иргэн Т.А ын биед шинэ гэмтэл тогтоогдоогүй. 5. Т.А ын биед хамрын нуруунд хуучин сорвитой байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

2.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 263 дугаартай “1.2.3.4. Иргэн К.Е ы биед шинэ гэмтэл тогтоогдоогүй. 5. К.Е ы биед зулайнд хуучин сорвитой байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

2.7. Яллагдагч К.Е ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 109 дэх тал/

2.8. Шүүгдэгч К.Е ы хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд /хавтаст хэргийн 53-64 дэх тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.Е ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч К.Е  нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.С ыг “Д  бааранд байхдаа томроод байсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн М.С аас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг 30 минутын үед зам дагуу явж байхад цагаан өнгийн “Тоёота ист” загварын тээврийн хэрэгслээс үл таних залуу бууж ирээд намайг зодож миний эрх чөлөөнд халдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

3.1.2. Хохирогч М.С ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 03 дугаар сарын 02-ны оройн 21 цагийн үед өөрийн найз С.Р , Е , Т.А  нарын хамт Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Д ” бааранд орж, 4-5 шилтэй пиво уусан. Тэгээд тэндээ хэсэг сууж байгаад 23 цаг өнгөрч байхад бүгд гэртээ харихаар гарсан. С.Р , Е  хоёр нэг машинд суугаад гэртээ харьсан. Харин Т.А  бид хоёр гэртээ харих гээд таксины зогсоол руу алхаж байхад засмал зам дагуу цагаан өнгийн “Тоёота ист” загварын тээврийн хэрэгслээс 2 залуу бууж ирсэн ба дотор нь миний зүс таньдаг А сумын К.Е  гэх залуу байсан бөгөөд тэрээр над руу гүйж ирээд миний ам руу гараа атгаж байгаад нэг удаа, дахиад гараа атгаж байгаад толгой руу 2-3 удаа цохиод намайг газарт унагаагаад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. К.Е  нь хөх өнгийн куртиктэй байсан.

...би энэ хэргийн улмаас өөртөө 1.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Нэхэмжлэх мөнгөн дүнд томографын үзлэгт төлсөн мөнгөн дүн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гар баримт зэрэг байна. Бусад эм авсан, эмнэлэг гэр хооронд таксигаар явсан зэрэг баримт байхгүй. Би нийтдээ 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 16, 106-107 дахь тал/,

3.1.3. Гэрч Т.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.С  бид хоёр гэртээ харих гээд баарнаас гараад талбайн өөдөөс харсан засмал зам дагуу явж байхад Шүүхийн шинжилгээний албаны машины зогсоол дээр цагаан өнгийн жижиг суудлын машин зогсож, дотроос нь хоёр залуу бууж ирээд эрээн хувцастай залуу миний энгэрээс татаж байгаад толгойгоороо нэг удаа мөргөсөн, тэгээд би хамраа дараад уг газраас хэсэг холдож байгаад хамрынхаа цусыг тогтоочхоод буцаж ирэхэд М.С ыг зодчихоод яваад өгсөн байсан. Тэгээд би М.С ыг гэрт нь хүргэж өгчхөөд өөрөө гэртээ харьсан. Намайг зодсон залууг танихгүй, дээд талдаа эрээн цоохор хувцастай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

3.1.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 230 дугаартай “1. М.С ы биед тархи доргилт, дагзны орой хэсэгт шарх, зүүн чихэнд шалбарсан шарх, зүүн доод зовхи, нүдний дотор салстад, дээд уруулын дотор талд цус хуралт, үүдэн зүүн 2 шүдний үзүүр хэсгээр хугаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

3.1.5. Яллагдагч К.Е ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2022 оны 03 дугаар сарын 02-ны орой “Д ” бааранд найз А ы хамт орж 4-5 шилтэй Сэнгүр нэртэй пиво ууж дуусгаад баар хаах үед гараад такси бариад талбайн 3 замын уулзварт явж байхад замын зүүн талд М.С  нэг залуутай хамт явж байхаар нь таксиг тэнд зогсоол руу зогсоогоод би машинаас буугаад тэр хоёр бааранд намайг өдөөд байсан болохоор эхлээд түүний хажууд байсан залууг нэг мөргөөд М.С ыг “чи түрүүн томроод байсан байх аа” гээд гараа атгаж байгаад ам руу нь 1 удаа, зүүн нүд рүү нь 2-3 удаа зодсон. Тэгээд буцаад таксинд суугаад гэртээ харьсан, Хохирогч М.С ыг надаас өөр хүн зодоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 109 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Е ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгч К.Е  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргасан болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3. “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13. “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

6.3. Шүүгдэгч К.Е  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч М.С ы дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд үл ялих зүйлээр шалтаглан гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд “тархи доргилт, дагзны орой хэсэгт шарх, зүүн чихэнд шалбарсан шарх, зүүн доод зовхи, нүдний дотор салстад, дээд уруулын дотор талд цус хуралт, үүдэн зүүн 2 шүдний үзүүр хэсгээр хугаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

6.4. Шүүгдэгч К.Е ы гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч,  шүүгдэгч К.Е ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч К.Е ы архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.

7.3. Шүүгдэгч К.Е ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.С ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч М.С  нь гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч К.Е аас 1.000.000 төгрөг нэхэмжилжээ.

7.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.С аас гэмт хэргийн хор уршгийг арилгахад төлсөн эмчилгээний зардал болох 130.000 төгрөгийн е-баримт, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн гэх 151.800 төгрөгийн баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгч, гэмт хэргийн хор уршигтай холбоотой өөр нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.

7.5. Хохирогч М.С  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, эмчилгээ хийлгэхэд 130.000 төгрөг төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул энэхүү мөнгийг шүүгдэгч К.Е аас гаргуулан олгох нь зүйтэй байна. Харин хохирогч М.С  нь 151.800 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн гэх боловч тамга тэмдэг нь тод биш, ямар дансанд тушаасан нь тодорхой бус, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, мөн үлдэж буй гэмт хэргийн хор уршиг 870.000 төгрөгийн талаар холбогдох нотлох баримтгүй тул тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой, мөн цаашид шүүгдэгч К.Е аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

2.2. Шүүгдэгчээс “...хуулийн хөнгөлөлтийг хүсэж байна” гэх тайлбарыг гаргасан болно.

2.3. Шүүхээс шүүгдэгч К.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.4. Шүүгдэгч К.Е  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч К.Е  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

2.6. Шүүгдэгч К.Е  нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч К.Е ы цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох нь зүйтэй. 

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн А сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.8. Шүүгдэгч К.Е д оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

2.9. Шүүгдэгч К.Е аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

2.10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Е д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1. “Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана.” гэж заасныг үндэслэн түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт К.Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е ыг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн А сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е ы цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч К.Е д оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Е аас гэмт хэргийн хор уршигт 130.000 төгрөг гаргуулан хохирогч М.С д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.С ы гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч К.Е аас 870.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч К.Е аас цаашид гэмт хэргийн хор уршигт нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шүүгдэгч К.Е аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Е д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч К.Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ