| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00193/И |
| Дугаар | 00269 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00269
| 2019 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2019/00269 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багт оршин суух, ... дугаарын регистртэй, И овогтой А-ы Аийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 153/2019/00193/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жанибек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанибек шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багийн төвд Аманы 2 дахь охин болж 1967 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. 8 нас хүртэл аав ээжийн гарт хүмүүжиж 1976 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1984 онд 8 дугаар ангиа төгсөж Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор 1990 он хүртэл ажилласан. Мөн 1988 онд Хасымбайн Жанибектэй гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. 1991 оноос одоог хүртэл 28 жил мал маллаж байна.
Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1984 оноос 1990 он хүртэл ногоочноор ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн, Аймгийн архивийн газраас 70 дугаар дансийг шүүлгэхэд 1989 оны лавлагаа гарч бусад онуудын ажилласан жил гарахгүй байгаа тул 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч А.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.А нь 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан болох нь
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1613000342 дугаар баталгаажуулалтын хуудас, 0704125 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 385 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа бригадын 1989 оны 70 дугаар дансны хуулбар,
- Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн 126/101293 дугаар лавлагаа эх хувиар,
- Х.Жанибек, А.А нарын гэрлэлтийн бүртгэлийн 126/101407 дугаар лавлагаа эх хувиар,
- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоотоор ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 31-нд Сарыбулах ХКомпани болж бүртгэгдсэн гэх лавлагаа эх хувиар,
- Хүсэлт гаргагчийн 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн баярын бичиг эх хувиар,
- Хүсэлт гаргагчийн 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Тэргүүний туршлага эзэмшсэн гэрчилгээ эх хувиар,
Гэрч Б.Мутаны ... “А.Аийн аав Аман нь Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадын даргаар ажиллаж байсан. А.А нь 1984 он Ховд аймгийн Ховд сумын сургуулийг төгссөн. Хэддүгээр анги төгссөнийг нь мэдэхгүй байна. Төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор 1990 он хүртэл ажилласан. 1990 оны 6 дугаар сард хувьчлал явагдаж сум руу би нүүгээд явсан... гэх гэрчийн мэдүүлэг
Гэрч Д.Жолдыгийн ... “1984 онд Ховд аймгийн Ховд сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Ховд сумын тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор 1989 он хүртэл ажилласан. 1989 оноос нөхөр Жанибектэй суугаад Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадад малчнаар 1991 он хүртэл ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А.Аийг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ители күйк овогт Аманы Аийг 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар А.Аийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ