| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2023/0073/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
2023 02 08 2023/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: А.Оргилбаяр;
Шүүгдэгч: Э.А, түүний өмгөөлөгч Ж.Буджав;
Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Р.Баярхүү;
Насанд хүрээгүй хохирогч: Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;
Хэргийн дугаар: ....................;
1. Шүүгдэгч Э.А регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 3, эх, дүүгийн хамт , урьд ял шийтгэлгүй,
2. Шүүгдэгч Б.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт , урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)
Э.А, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын шинэ замын хажууд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Б.Быг “Сагсан бөмбөг хатуу тоглож байна” гэх зүйлээр шалтаглаж, улмаар түүний толгой, нүүр хэсэг болон биеийн бусад хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “... хамрын яс, таславчийн зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, дух, хүзүүнд зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Э.А, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “2022 оны 5 дугаар сарын 29-ний шөнө 22.00 цагт хохирогч гэх хүүхэд нэг найзтайгаа ирсэн. Тэгээд сагс тоглосон. Цуг тоглож байгаад манай найз Б.Бын найзтай шийдэн доор хүчтэй контакттай буюу ширүүн тоглосон. Манай найз Б.Б “жаахан эвтэйхэн тогло” гэж хэлээд бөмбөгөө гаргах гэхэд албаар түлхээд тэгээд муудалцаж ноцолдсон. Барьцалдаж авахад нь гар, толгой нь цохилдсон. Би салгах гэж очоод Б.Быг цохиж байхад цохилт нь над руу оносон. Б.Б салаад цаашаа куртик янзал гэхээр нь очсон. Б.Быг “эвтэйхэн тогло” гэж хэлэхэд “чи яах гээд байгаа юм” гэж өөдөөс нь доромжилж харьцсан, тэгээд муудалцсан. “Үзэх үү” гэж дайраад байсан. Тэгээд зодоон болсон. Зодоон болж дуусаад салж явсны дараа Б.Б нь манай найз руу тоосго барьж аваад дайрсан. Гэр лүү харих гээд явж байхад манай ээж намайг дэлгүүр орчихоод ир гэхээр нь доод талын дэлгүүр орох гэж явж байхад Б.Б нь ах, 3 найзтай цуг явж байсан бөгөөд зам дээр таарсан. “Яасан, юу болсон, очиж хэргээ шийдье” гэж машинд намайг бөөнөөрөө чирч суулгасан. Машинд суулгаж байхдаа “найзууд руу чинь очъё” гэж хэлсэн. Цагдаагийн газар луу явж байхад Б.Б намайг “чи яасан айхтар юм” гэж толгой руу 2-3 удаа мөргөсөн. Эхэндээ маргаан үүсэхдээ буюу надаас салахдаа Б.Б зүгээр байсан, чихэндээ ээмэгтэй байсан болохоор чих нь бага зэрэг сэтэрсэн байсан ба чихнээс нь бага зэрэг цус гарсан байсан. Хамраас нь цус гарсан байсан. Замд тааралдахдаа гар, хөлөө барьсан “чи миний гар, хөлийг гэмтээсэн, төлж өг” гэж хэлсэн. Б.Быг нийлж зодоогүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Эсрэг баг болоод тоглож байхад хүчтэй тоглосон. Ширүүн тоглоод сануулаад “зөөлөн тогло” гэхээр “ингэж тоглохгүй яаж тоглодог юм” гэж хэлсэн. Бөмбөг хаах гэж байгаад түлхсэн. Намайг цохисон. Би уурлаад өөдөөс нь бөмбөгөөр цохисон. Тэгээд хохирогчийг нүүр хэсэгт нь оносон. Бөмбөгөөр цохиулсны дараа намайг ирээд шууд цохисон. Талбайн нэг талаас нөгөө тал хүртэл түлхсэн. Ноцолдож байхад Э.А ирээд салгасан. Э.А хохирогчтой муудалцаж, хувцас урагдсан байсан болохоор цаашаа яваад өгсөн. Хохирогч талбайн хажуу талд сууж байхад хоёр ихэр найз уулзъя гэхээр нь талбайгаас гараад явж байхад хохирогч дөрвүүлээ ирж, шийдэн дотор гаднаас нь хаалга барьж байгаад бид нарыг гаргахгүй, зодсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр найзтай цуг анх удаа сагсны шийд орж тоглохоор очоод хүүхдүүдтэй хамт тоглосон. Энэ хоёр хүүхдүүдийн найзууд байсан. Шахаж тоглоод байхаар нь адилхан тэгж тоглосон. Цэнхэр цамцтай хүүхэд “эвтэйхэн тогло” гэхээр нь “ингэж л тоглодог биз дээ” гэж хэлсэн. Бөмбөг шидсэн. Бөмбөг авах гээд шахахад Б.Б нүүр лүү бөмбөг савсан. Барьцалдаж аваад цохилцсон. Э.А нь ирээд найзыгаа өмөөрөх байдлаар хандсан. Э.Атай бас цохилцсон. Хамар, чихнээс цус гарсан байсан. Явж байхад эмэгтэй найз нь “найз нарыгаа авч яваач” гэж хэлэхээр нь миний уур хүрээд дайрсан. Ахыгаа дуудаж машинтай ирсэн. Цусаа арилгаж байгаад очсон. Эрэгтэй найз гүйж очоод Б.Бтой зодолдсон. Хаалга хаагаагүй “боль” гэж хэлсэн. Тэгээд салсан. Цагдаа дээр очъё гээд явсан. Тэгээд Э.Атай таараад эвгүй харьцсан. Цагдаа дээр очоод шийдүүлэхээр болсон. Э.Атай нь удаан ноцолдсон, нүүр лүү цохисон. Б.Б нь хэсэг хугацааны дараа цаашаа явсан байсан, цохисон. Удаан ноцолдсон болохоор Э.Аын үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх магадлалтай гэж бодож байна. Өөртөө зарцуулсан эмчилгээний мөнгийг нэхэмжилнэ ” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Б /хх-ийн 12-14, 49-50/, насанд хүрээгүй гэрч Ш.Ө /хх-ийн 54-55/, гэрч Л.З /хх-ийн 67-68/ нарын мэдүүлэг, хохирлын баримтууд /хх-ийн 15/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 16-18/, Б.Бын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7920 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/, Э.Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 89-90, 93-94/, Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 108-109/, Э.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 110-111, 114/, Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 115-116, 118/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.А, Б.Б нар нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын шинэ замын хажууд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр Б.Бтай “сагс тоглохдоо дүрмийн бус, бохир тоглож байна” хэмээн маргалдаж, улмаар түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
насанд хүрээгүй хохирогч Б.Бын /хх-ийн 12-14, 49-50/: “...Тухайн өдөр П-ийн хамт гудамжинд байдаг тоглоомын талбайн сагсны шийдэн дээр очиж тоглохоор очсон. Гэтэл шийдэн дээр хүүхдүүд тоглож байхаар нь хамтраад тоглосон. Сагс тоглож байгаад 1 хүүхэд намайг шахаад байхаар нь би зөрүүлээд шахсан чинь намайг бөмбөгөөр нүүр рүү тэр хүүхэд цохисон. Тэгээд “яаж байгаа юм” гээд барилцалдаж авсан чинь найз нь хажуугаас орж ирээд намайг зодчихсон. Тэгээд “одоо болъё” гэсэн чинь нүүр рүү хэд хэд мөргөсөн. Ийм зодоон болоод салж яваад найзынхаа гэрт очиж хамраас гарсан цусаа арилгаад толгой өвдөөд байхаар нь хэсэг хэвтэж байгаад ах ирэхээр нь ахыг дагуулаад тухайн шийдэн дээр очсон. Уг хүүхдүүд байсан. ...намайг өндөр бор хүүхэд мөргөөд байсан. ... “2” гэж дугаарласан Б.Б нь эхэлж намайг цохисон. Дараа нь “1” гэж дугаарласан Э.А намайг дахин цохисон...” гэх мэдүүлгээр,
Б.Бын биед “хамрын яс, таславчийн зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, дух, хүзүүнд зулгаралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7920 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 41-42/,
насанд хүрээгүй гэрч Ш.Өн /хх-ийн 54-55/: “...Би найз Э.А, Б.Б нарын хамт шийдэн дээр сагсан бөмбөг тоглож байхад өмнө нь харж байгаагүй хүүхэд 2 найзтайгаа баг болоод хоорондоо тоглосон. Тэгсэн тэр дунд нэг хүүхэд их ширүүн сонин тоглоод бөмбөг таслах гэж их хүчтэй байгаад байхаар нь найз Б.Б “чи аятайхан тоглооч” гэхэд “угаасаа ингэж тоглодог шүү дээ” гээд байсан. Тэгээд цаашаа тоглож байтал Б.Быг бөмбөг залаад явж байхад нь нөгөө хүүхэд араас нь бөмбөг таслах гэж байгаад хүчтэй цохиод хоорондоо муудалцаад Б.Б нөгөө хүүхдийн нүүр рүү бөмбөгөө шидчихсэн чинь нөгөө хүүхэд нь уурлаад хоорондоо зодолдоод эхэлсэн. ...Тэнд байсан хүүхдүүд салгасан. Тэгээд босож ирээд хувцсаа янзалж байтал Э.А нөгөө хүүхэдтэй бас зодолдоод байсан. ...Сүүлд Э.Атай зодолдоход хамраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Л.Зын /хх-ийн 67-68/ “...манай найз Б.Б “чи зөөлөн тоглооч” гэхэд нөгөө банди юм хэлэхгүй байсан. Тэгсэн дахиад ширүүн тоглоод байхаар нь Б.Б “зөөлөн тоглооч” гэхэд хоорондоо барьцалдаад авсан. Би салгах гэж байснаа “хэрэгт ороод яахав” гээд хойшилсон. Тэгээд цус гараад байхаар нь бид нар салгасан...” гэх мэдүүлгээр,
Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 108-109/: “...нэг сургуульд хамт сурч байсан Өсөх-Ирээдүй болон Э.А нарын хамт 7 буудлын шинэ замын сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байтал тэр дундаас өмнө нь огт харж байгаагүй миний үеийн нэг хүүхэд их хатуу ширүүн тоглоод байхаар нь би “зөөлхөн тогло” гэхэд өөдөөс “сагсыг ингэж тоглохгүй яадаг юм” гээд байсан. Тэгээд цаашаа тоглож байтал нөгөө банди тоглож байхдаа миний нүүр рүү тохойлдчихсон. Тэгээд би залж байсан бөмбөгөө шидсэн чинь мөрийг нь оночихсон. Тэгсэн ирээд нүүр рүү цохиод малгайтай цамцны малгайнаас доош дараад дээрээс цохиод байсан. ...би босоод хувцсаа янзалж байхад Э.А нөгөө бандитай ноцолдоод байсан...” гэх мэдүүлгээр,
Э.Аын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 93-94/: “...Надад маргах зүйл байхгүй. Би санаатай гэмтэл учруулаагүй. Би тэр бандитай зодолдоод салахад хамраас нь цус гарчихсан байсан. Би тэр бандийн хөл, гар руу нь өшиглөж цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Э.А, Б.Б нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Бтай “сагсан бөмбөг хатуу тоглолоо” гэх шалтгааны улмаас муудалцаж улмаар Б.Бын нүүр рүү нь бөмбөгөөр цохисноос тэдний хооронд маргаан тэмцэлдээн болсон, энэ үед шүүгдэгч Э.А нь найз Б.Быг өмөөрөх байдлаар Б.Бтай маргааныг үргэлжлүүлснийг хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Э.А, Б.Б нар Б.Быг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Өмгөөлөгч Р.Баярхүү нь “Б.Быг энэ хэргийн оролцоогүй, Б.Бын үйлдлээс шалтгаалж гэмтэл учирсан нь тодорхойгүй” гэж, өмгөөлөгч Ж.Буджав “Э.А нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хохирогчид гэмтэл учруулсан” гэж өмгөөлсөн боловч энэ хэргийн тухайд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Б нар нь хоорондоо сагсан бөмбөг тоглох явцдаа маргаантай байсан, Б.Б нь эхэлж хохирогчийн нүүр рүү бөмбөг шидэж цохисон, улмаар харилцан зодолдсон. Үүний дараа Э.А нь найз Б.Быг өмөөрч хохирогч Б.Бтай муудалцан зодолдож хохирогчийн бие, эрүүл мэндэд хохирол учруулах биеийн хүчний давуу байдал, нөхцөл боломжийг бүрдүүлсэн нь шүүгдэгч нар энэ үйлдлийг гэмт хэрэг хийхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэхээр байна.
Нэгэнт шүүгдэгч нар хохирогч Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт санаа зорилгоороо нэгдэж оролцсон тул бий болгосон үр дагаварыг хамтран хариуцах учиртай.
Мөн хохирогч Б.Б нь илтээр давамгайлж Э.Аын амь нас, эрүүл мэндийн эсрэг халдсан байдал нотлогдоогүйгээс гадна Э.А нь өөрийгөө хамгаалах хүслээр бус харилцан маргааны улмаас хохирогчтой зодолдсон үйлдлийг нь аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймээс өмгөөлөгч Ж.Буджав, Р.Баярхүү нарын “Б.Б, Э.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу Э.А, Б.Б нар нь бүлэглэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Э.А, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул тэдэнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Э.А, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний доторх ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч нарыг хянан хүмүүжүүлэхдээ хөдөлмөрлөх, амьдрах зөв арга
барилд сургах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэв.
Шүүгдэгч Э.А, Б.Б нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол, төлбөр болох 182.000 төгрөгийг шүүгдэгч Э.А, Б.Б нар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.
Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,
шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.А, Б.Б нарт ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Б.Б нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.А, Б.Б нар урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Э.А, Б.Б нарт хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдсугай.
7. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ