| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00202/И |
| Дугаар | 00270 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00270
| 2019 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2019/00270 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо 2-43д тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Н овогтой Н-ийн Майн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 153/2019/00202/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Май нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Н.Май нь 1964 онд Ховд аймагт төрсөн. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 1978 онд бага залуу наснаасаа буюу 14 наснаасаа эхэлж Гачуурт сангийн аж ахуйд туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн. Улмаар 18 насанд хүрээд 1982 онд тракторын 1 сарын курсэд суралцаж ирээд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус сангийн аж ахуйд тракторчнаар, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баяндөхөм сүүний аж ахуйд тракторчнаар ажилласан. 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 6 дугаар сар хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт тракторчнаар мөн ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд тус үйлдвэр нь 1996 он 4 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл Буян ХК, үүнээс хойш Алтайн буян ХК болж нэрээ өөрчилж байсан.
Одоо өндөр насны тэтгэврээ хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр, хөнгөлөлтэй тогтоолгох болоход Алтайн буян ХК-д ажиллаж байсан үеийн нийгмийн даатгалын дэвтэр дээр миний ажилд орсон гарсан он, тушаал болон ямар ажил хийж байсан талаар бичилтийг хийгээгүй, зөвхөн шимтгэл төлсөн бичилтийг л хийсэн тул тус компанид тракторчнаар ажиллаж байсан болохоор заавал тодруулах шаардлагатай болсон. Иймд Н.Май намайг 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 6 дугаар сар дуустал тракторчнаар Алтайн буян /Буян/ ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Май нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 6 дугаар сар дуустал Ховд аймгийн Алтайн буян ХКомпанид тракторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Май нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 6 дугаар сар дуустал Ховд аймгийн Алтайн буян ХКомпанид тракторчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн хүнсний Буян хувьцаат компаний захирлын 1997 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаар “Болзол дүгнэх, зардал гаргах тухай”, 1995 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар “Жижүүр томилох тухай”, 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар “Болзол дүгнэж, шагнаж урамшуулах тухай” тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1978 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 267273 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар Ховд аймгийн Хүнсний үйлдвэр нь 1996 оны 4 дүгээр сарын 10-нд Алтайн буян ХК болж өөрчлөгдсөн гэх лавлагаа эх хувиар,
Гэрч К.Авдарахын ... “Н.Май нь 1994 онд Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт тракторчноор 2000 он хүртэл ажилласан. Тэгээд Ховд аймгийн Хүнсний үйлдвэр хувьчлагдах үед тракторыг нь зарсаны дараа нь Май хот явсан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Ц.Насандэлгэрийн ... “Н.Май нь 1992-1993 оны үеэс эхэлж Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн. Манай үйлдвэр 10 гаруй цэгүүдэд хүнсний бүтээгдэхүүнээ тараадаг бөгөөд тэр цэгүүдээс сав баглаа боодлыг татаж авдаг тракторчин байдаг байсан. 1995 онд Алтайн буян компани болсон. Н.Май нь 2000 он хүртэл ажилласан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Майг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Наяман овогт Нүсэвийн Майг 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 6 дугаар сар дуустал Ховд аймгийн Алтайн буян ХКомпанид тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Майн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ