Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

 

 

 

 

  2022        12           22                                         2023/ШЦТ/15

           

           

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.О  холбогдох эрүүгийн 2206 05197 3787 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.О  , Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах …. баарны гадна өөрийн найзууд болох Б.Н, Н.С нарын хамт шорлог идэхээр зогсож байхдаа тухайн үед шорлог идэж байсан М.Т-тэй  үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар М.Т-ийн биед цохих, өшиглөх зэргээр халдаж баруун чамархай, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн мөр, нуруу, зүүн тохой, зүүн эгэм, цээжинд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би үхрийн мах чинь ийм хатуу байдаг билүү гэж асуухад миний хажууд шорлог идээд байж байсан үл таних эмэгтэй нь миний ярианд ороод зүгээр амттай байна шүү дээ, сонин ярианы өнгө аястай юм хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд хандан чамтай яриагүй байна, чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд тэр үл таних эмэгтэй бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгтэл тэр эмэгтэйтэй цуг явж байсан залуу нь чи яаж харьцаад байгаа юм бэ, яах юм гээд тэр залуу бид хоёрын дунд маргаан үүсэж байхад хажуу талаас нэг залуу миний нүүрний баруун шанаа хэсэгт цохиж орж ирсэн. Тэгээд би тэр залууг зөрүүлээд цохих гэж оролдох үед надтай тухайн үед хамт явж байсан найз болох А нь салгасан. Тэгээд ярилцаад байж байхад намайг эхэлж цохидог залуу нь дахиад намайг цохисон. Тэгээд би тэр залуутай зууралцаад бие биеэ 2-3 удаа цохисон.... би нөгөө залуугаас зугтаагаад явж байхад намайг цохисон залуу CU-ийн гадаа намайг өшиглөөд унагаасан. Тэгэхэд би биеэ хамгаалаад нүүрээ дараад доош харан хэвтэхэд дээрээс хүмүүс өшиглөөд зодоод байх шиг байсан, би тэр залууг олуулаа явж байна гэж бодсон. Тухайн үед тэнд хамт явж байсан хүмүүс нь боль боль гээд салгаад байх шиг байсан. Яг хэдэн хүн намайг зодсоныг нь би харж чадаагүй. Сүүлд санахад надтай анх маргалддаг бор царайтай залуу л ер нь намайг зодсон юм шиг байна билээ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас),

Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид хоёрын хажууд бас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр шорлог идээд байж байсан. Тэр зогсож байсан эрэгтэй, эмэгтэй хоёр манай найз Т-г үгээр өдөөд бага зэрэг маргаан болоод больсон. ... CU-ийн гадна Тгийн хамт нөгөө залуусаас холдох гээд байж байсан чинь анх Т-тэй  маргалдсан залуу хүрч ирээд Тгийн араас нь цохиод Т зугтаасан. Т зугтаж байгаад нэг мэдэхэд CU-ийн гадна уначихсан байсан. Анх эхэлж Т-тэй  маргалдсан залуу өшиглөөд хажууд нь хамт явж байсан залуучууд тэр залууг салгаад хойш нь болгосон. ...тухайн үед Тгийн нүүрний баруун хэсэг шалбараад цус гарсан, толгой нь хавдчихсан, дээгүүрээ нүцгэн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… машины зогсоолд машинаа байрлуулаад машин дотроо сууж байсан чинь хэсэг хугацааны дараа гадаа зодоон болоод байх шиг байхаар нь машинаасаа буугаад харсан чинь манай найз Тг хэдэн залуус тойроод зогсчихсон, нэг залуу нь өшиглөөд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О шорлогоо авах үедээ тэнд шорлог идэж байсан залуутай маргалдаад хэрэлдээд байх шиг байсан. ...Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдоод нөгөө залуу дээш зугтсан, араас нь О хөөгөөд нөгөө залуу CU-ийн ойролцоо газар уначихсан. О нөгөө залуу дээр очоод өшиглөх шиг болохоор нь би болон манай найз Б, С, Б, Н нар ирээд О-тыг салгаад холдуулаад аваад явцгаасан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би О, С нартай шорлогын талаар юм яриад зогсож байсан чинь нөгөө шорлог идэж байсан хоёр залуугийн нэг нь бидний дундуур ярианд орж ирээд сонин сонин юм яриад байсан. Би тэр залууд хандан чамд хамаагүй шүү дээ гэсэн чинь О тэр залуутай маргалдсан. ...нөгөө маргалдсан залуу Отай маргалдаад зодолдъё гээд хувцсаа тайлаад нүцгэлээд дайраад байсан. ...Бид нарыг очиход Отай маргалдсан залуу газар хэвтчихсэн хажууд нь О ганц хоёр цохисон байдалтай байхаар нь бид нар очиж салгаад аваад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

Гэрч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...CU дэлгүүрийн гадаа ирсэн чинь дээгүүрээ цээж нүцгэн залуу газар хэвтчихсэн тэр залууг О өшиглөсөн. Тэр үед би очоод Оыг салгаад нөгөө залуугаас салгаж аваад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14079 дугаар: “... ДҮГНЭЛТ 1.М.Т-ийн биед баруун чамархай, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн мөр, нуруу, зүүн тохой, зүүн эгэм, цээжинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. М.Т-ийн хамарт гэмтэл тогтоогдсонгүй. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43- 44 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хохирогч М.Т нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламжийн зардалд 214.000 тегрег эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд нийт 214.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай тогтоол, санал (хавтаст хэргийн 67, 76, 77-78, 79-80 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа ( хавтаст хэргийн 50 дугаар хуудас)

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

“…” Их сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.            

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.О нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... баарны гадна өөрийн найзууд болох Б.Н, Н.С нарын хамт шорлог идэхээр зогсож байхдаа тухайн үед шорлог идэж байсан М.Т-тэй  үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар М.Т-ийн биед цохих, өшиглөх зэргээр халдаж баруун чамархай, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн мөр, нуруу, зүүн тохой, зүүн эгэм, цээжинд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Онь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Онь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... баарны гадна өөрийн найзууд болох Б.Н, Н.С нарын хамт шорлог идэхээр зогсож байхдаа тухайн үед шорлог идэж байсан М.Т-тэй  үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар М.Т-ийн биед цохих, өшиглөж гэмтэл учруулсан байна.

Хохирогч М.Т-д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14079 дугаар дүгнэлтээр: “баруун чамархай, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн мөр, нуруу, зүүн тохой, зүүн эгэм, цээжинд зулгаралт, тархи доргилт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г.Онь хохирогч М.Т-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч М.Т-д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14079 дугаар дүгнэлтээр: “баруун чамархай, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн мөр, нуруу, зүүн тохой, зүүн эгэм, цээжинд зулгаралт, тархи доргилт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Онь хохирогч М.Т-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “513.1.Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,

мөн 513.2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газраас хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 214,000 төгрөгийг шүүгдэгч Г.О-аас нэхэмжилсэн байх бөгөөд холбогдох баримт хавтаст хэргийн 68 дугаар хуудаст авагдсан байна.

Иймд шүүгдэгч Г.О-аас 214,000 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв. 

Харин хохирогч М.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба Г.О нь 2,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Г.Оуг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Т-д 2,000,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-аас 214,000 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ