Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

                

  2023            02            28                                          2023/ШЦТ/42

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж, ерөнхий шүүгч Ж.Байгалмаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

Иргэдийн төлөөлөгч А.Отгонбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ст холбогдох эрүүгийн 2219000000363 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд:

Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2/03 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Э.С /..../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт Б.Быг зөвшөөрөлгүй мөнгө авсан байна гэх зүйлээр шалтаглан зодож, улмаар түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сайншанд сумын сумаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт 4 км Хамрын хийд явах замаас зүүн тийш 2 км зайд байрлах газарт аваачин хаяж Б.Быг санаатай алсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Машинд бөөлжөөд байхаар нь чи бууж үлд, ийм царайтай яаж явах юм гэж хэлсэн. Тэр өдөр цаашаа явна гэхээр энгэр, өмд рүүгээ бөөлжөөд байсан. Тэгээд Хамрын хийд дээр очихоор бас л хүнд хөөгдөх байх гэж бодоод хоёулаа явахаа больё, чи эрүүл бол гээд тэнд үлдсэн. Тэгээд би буцаад барилга дээр ирсэн. Тухайн өдөр дулаахан би пудволктой явж байсан. Би Быг осгож нас барна гэж бодоогүй. Би үлдээж явсандаа маш их харамсаж байна. Дахин босгож ирж чадахгүй учраас хүүхдэд нь өөрийнхөө чадах чинээгээр тусалж, дэмжиж явна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү  гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бтой 2010 онд танилцаж, 2012 онд хүүхдээ төрүүлсэн. Бид хоёр нийт 8 жил хамт амьдарч ковидын үеэс тусдаа амьдарч эхэлсэн. 2022 онд гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлтээ цуцлуулаад 4 сарын дараа ийм зүйл болсон. Надад охин маань үлдсэн, би гомдолтой байна. Би худалдагчаар ажилладаг. Би ээж, ааваасаа гуйж оршуулгын зардлыг нь гаргасан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Оршуулгын зардал 3,739,300 төгрөг нэхэмжилж байна, үүнээс 2,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 1,739,300 төгрөгийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Оын “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд Тэс шатахуун түгээх станцаас бензин авч мотоциклоо дүүргэчхээд тэмээгээ эрэхээр ганцаараа явсан юм. Сайншанд сумаас урагш байдаг Зээгийн хөтөл орчмын говиор тэмээнүүд хэд хэдэн талд байсан бөгөөд би тэр хавьд байсан тэмээнүүдийг очиж үзээд явж байтал ойролцоогоор 13 цагийн орчимд жуулчны баазаас ертөнцийн зүгээр хойд зүгт ойролцоогоор 2 км орчим зайд хар бараан өнгийн өмдтэй, хар цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн цамцтай, хар өнгийн нимгэн куртиктэй хүн хэвтэж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-65/,

Гэрч Г.Гын “ ... 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр санаж байна цаг хэд болж байсныг мэдэхгүй байна намайг “Маргад” буудал дээр ирэхэд хар бараан өнгийн хувцастай туранхай бас нэг махлагдуу залуу хоёр согтуу зогсож байсан туранхай залуу нь халзан толгойтой, бор царайтай залуу байсан. Тухайн залуугийн толгой нь хагарсан цус толгойноос нь гарч нүүр хацар хэсэг нь нэлэнхүйдээ цус болсон байсан би тухайн хоёр залууд манайх согтуу хүнд үйлчлэхгүй шүү гэж хэлтэл буудал ороод гарч байна аа гэж надад хэлсэн. Би юу болсон юм бэ энэ залуу чинь цус нөж болсон байна гэж махлагдуу залуугаас асуухад энэ буудалд миний юмыг хулгай хийгээд би зодчихсон юм одоо энийг цагдаад хүргэж өгөх гэж байна гэж хариулж байсан тэгээд удалгүй тухайн хоёр залуу гараад явсан. Тухайн өдөр манай буудалд жижүүрээр Дагийсүрэн гэж хүн гарч байсан би жижүүрээс тухайн хүмүүсийн талаар асуухад энэ хоёр хүн буудалд хамт орсон эхлээд туранхай залуу нь бичиг баримт байхгүй орох гээд байхаар нь оруулаагүй тэгтэл махлагдуу залуугийнхаа бичиг баримтыг өгөөд хамт 304 дугаартай өрөөнд орсон энэ хоёр залуу өрөөнд ороод удаагүй хоорондоо маргалдаад буцаж гарч байгаа гэж хэлж байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-75/,

 

Гэрч У.Дгийн “...Намайг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 09 цаг 40 минутын үед 160-170 см орчим өндөртэй туранхай, үсээ ул тавьж хусуулсан юм шиг үстэй, цэлдэн хөх царайтай буюу мэнгэтэй юм шиг цоохор нүүртэй, уруул нь омголдож цайрсан, 2 чих нь дэлдэн буюу 2 чих 2-лаа ээмэг зүүдэг хэсэг нь их том нүхтэй, том нүдтэй, дээгүүрээ хар хөх өнгийн нимгэн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай 30 орчим насны ядарсан царайтай, халамцуу залуу орж ирээд надад хандаж өрөө байна уу? гэж асуухаар нь тэр залууд би бичиг баримт байгаа юу? гэж асуухад тухайн залуу бичиг баримт байхгүй гэхээр нь би бичиг баримтгүй хүнийг буудалд оруулахгүй гэхэд тэр залуу ахтайгаа байгаа би ахыгаа аваад ирье гэж гараад удалгүй эхлээд орж ирсэн залуу нэг өндөр, махлаг буюу гүзээтэй, улаан шаргал царайтай нэлээн урт үстэй, үсээ хойшоо самнасан дээгүүрээ тод цэнхэр өнгийн нимгэн куртиктэй, бараан өнгийн өмд, гуталтай байсан. Тэр хүн нь цахим үнэмлэхээ надад өгөхөөр нь би хараа муутай болохоор нэрийг бичиж авсан ба тухайн хүн нь С гэх нэртэй байсан ба регистрийн дугаарыг өөрөөс нь асууж буудлын бүртгэлийн дэвтэр дээрээ бичиж авсан. Мөн гар утасны дугаарыг бичиж авсан. Тухайн 2 хүн нь манай буудлын 3 Давхрын 304 тоот өрөөнд оруулсан ба би өрөөний түлхүүрийг өгөөд явуулсан юм. Мөн би тухайн үед ажлаа авсан учраас Маргад буудлын өрөөнүүддээ цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд явж байгаад 3 давхарт 304 тоотын үүд нээлттэй байхаар нь шагайгаад харахад өрөөнд хүн байхгүй байхаар нь энэ 2 хүн чинь яваад өгсөн юм байна гэж бодоод доошоо буугаад хүлээлгийн өрөөнд суухад гаднаас 304 тоот өрөөнд орсон С болон хамт явсан залуу гаднаас орж ирээд С нь би авсан өрөөгөө буцаая гээд нөгөө хамт явсан туранхай залууг заагаад энэ миний хамаг юмыг хулгай хийгээд авсан байна. Би авсан өрөөгөө буцаая энэ залууг Цагдаад өгнө гэхээр нь 304 тоот өрөөгөө хүлээж авах гээд өрөөний үүдэнд очоод С гэх хүнтэй явсан туранхай залууг харахад духны дээд хэсэгт нь хагарч цус нь чихийг нь дагаад гоожсон, товойсон байхаар нь би С гэх хүнд хандаж чи чинь яагаад энэ хүүхдийг зодож байгаа юм бэ гэж асуухад С гэх залуу нь надад хандаж би энийг 2 цохисон юм аа гэж хэлж байсан. Би 304 тоот өрөө рүү нь ороод өрөөгөө шалгахад өрөө нь 2 ортой ба ертөнцийн зүгээр хойд талын орны хөнжлийн даавууны яаг гол хэсэгт баримжаалахад 3 хуруу хэмжээтэй цус болсон ба мөн дэрний даавууны ирмэг хэсэг нь алга дарам газар цус болсон байхаар нь энэ цус болсон болохоор даавууны цусыг арилгах мөнгө авна гэхэд С нь буудлын мөнгөнөөс 15 мянгыг нь авчих гэж хэлээд би нөгөө цус болсон хөнжил, дэрний уутыг аваад доошоо буугаад өөрийн интернэт банкаар 55 мянгыг С гэх хүний хэлсэн данс руу шилжүүлэхэд С гэх залуугийн өөрийнх нь данс байсан ба би даавууны цус арилгах мөнгө 15 мянгыг авч үлдсэн. Тэгээд тухайн 2 хүн нь уг өдрийн 12 цагийн үед буцаад гараад явсан ..." гэсэн мэдүүлэг /1-р хх-79- 81/,

 

Хэрэг учрал болсон буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Сайншанд сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт засмал замаар 4 км яваад ертөнцийн зүгээр зүүн тийш шороон замаар 2 км зайд байрлах хөдөө хээр тал газарт амь хохирогч Б.Бын нас барсан байдалтай байсныг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 15 цаг 48 минутад олж тогтоон, хэргийн газрын үзлэг хийж, “...Цогцсын ойр орчимд ул мөр эрж хайхад шороон хөрс нь гутлын улны мөр илрээгүй. Харин уг цогцсын зүүн хойд зүгээс ирсэн мэт тээврийн хэрэгслийн дугуйны мөр үүссэн... Уг тээврийн хэрэгслийн ирсэн чиглэл нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгээс ирж зогссон байх ба уг тээврийн хэрэгслийн зогссон хэсэг ба ертөнцийн зүгээр зүүн талын урд дугуйны мөрийг 1 тоогоор, баруун дугуйны мөрийг 2 тоогоор, мөн тээврийн хэрэгслийн ухарсан буюу хойд талын зүүн дугуйны мөрний төгсгөлд 3 тоогоор, баруун хойд талын дугуйны мөрийг 4 тоогоор... уг үйлдэл хийсэн тээврийн хэрэгслийн зүүн талын урд дугуйны төгсгөлийг 5 тоогоор, баруун талын урд дугуйны төгсгөлийг 6 тоогоор дугаарлаж...” бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-2-18/,

 

Амь хохирогчийн хувцаст үзлэг хийж, “...Хөх саарал өнгийн гадуур хүрэм 1 ширхэг, энгэр хоёр ханцуйн гадна тал цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон, баруун суганы залгаас оёдол 10 см ханзарч урагдсан, зүүн суганы залгаас оёдол 57 см ханзарч урагдсан... хар өнгийн даавуун цамц 1 ширхэг энгэр хэсгийн гол дээд хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон... хар өнгийн даавуун подвалк 1 ширхэг,... хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг..., хар өнгийн даавуун дотуур өмд 1 ширхэг..., хар өнгийн даавуун дотоож 1 ширхэг..., цагаан өнгийн ултай, хар хөх өнгийн пүүз 1 хос хар үдээстэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон...” гэснийг бэхжүүлсэн тэмдэглэл/1-р хх-29-34/,

Сайншанд-Зүүнбаян чиглэлийн постын хяналтын камерын бичлэгт үзлэг хийж,"... 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн лхагва гаригийн 12 цаг 54 минут 50 секунтэнд Сайншанд сумаас Зүүнбаян баг руу гарах чиглэлээр ... улсын дугаартай, дээд талдаа хар өнгийн ачааны хэрэгсэлтэй цагаан өнгийн Эдван маркийн тээврийн хэрэгсэл гарч байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь буруу талдаа жолооны хүрдтэй ба хажуу талын суудал дээр халзан толгойтой, нүүрний хэлбэр нь шөвгөр, туранхай байрын хүн сууж байв...,

2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цаг 46 минут 48 секунтэд Зүүнбаян багаас Сайншанд сум руу орох чиглэлээр ... улсын дугаартай Дээд талдаа хар өнгийн ачааны хэрэгсэлтэй цагаан өнгийн Эдван маркийн тээврийн хэрэгсэл орж байх бөгөөд уг тээврийн хэрэгсэлд жолооч л байх бөгөөд хажууд талын суудал хүнгүй хоосон орж байв...” гэснийг бэхжүүлсэн тэмдэглэл /1-р хх-35-40/,

Маргад зочид буудлын 3-н давхрын коридорын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-41-47/,

Цагаан өнгийн ... улсын дугаартай Ниссан Ад маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-48-51/,

Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаартай албан бичиг, түүний хавсралт “Сайншанд станцын 11 сарын 9-ний мэдээнд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр агаарын хамгийн бага /*С/ - 4” гэсэн баримт /1-р хх-162-164/,

Э.Сийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 -р хх-180-183/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 126 дугаар тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Отгонбаатараас шүүгдэгч Э.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Э.С нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байх Ганзам дэлгүүрийн хойд талд баригдаж байгаа 9 давхар барилга дээр ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан Б.Быг зөвшөөрөлгүй данснаас мөнгө авсан байна гэж маргалдан зодож, ажиллаж байсан газраасаа гарч “Маргад” зочид буудалд өрөө авч Б.Бын хамт согтууруулах ундаа хэрэглэж уг буудлаас Хамрын хийд орох зорилгоор  ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.Бтай хамт явах замдаа түүнийг машинд бөөлжлөө гэж Сайншанд сумаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт 4 км, Хамрын хийд явах замаас зүүн тийш 2 км зайд байрлах газарт машинаасаа буулган орхиж явснаас Б.Б осгож амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдов.

 

 Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох гэрч Б.Оын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд ...Сайншанд сумаас урагш байдаг Зээгийн хөтөл орчмын говиор ...тэмээнүүдийг очиж үзээд явж байтал ойролцоогоор 13 цагийн орчимд жуулчны баазаас ертөнцийн зүгээр хойд зүгт ойролцоогоор 2 км орчим зайд хар бараан өнгийн өмдтэй, хар цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн цамцтай, хар өнгийн нимгэн куртиктэй хүн хэвтэж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, гэрч Я.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 сарын 09-ний өдөр хоолны гэрт байж байхад Б,С хоёр орж ирээд С нь Быг данснаас мөнгө аваад зугтаах гэсэн гэж хэлээд нүүрний хэсэгт цохисон,...гал тогооны зүүн гэрт ороход Б нь толгойны ар хэсэг дагз нь хагарч цус гарсан байдалтай байсан, бид нар тэр хоёрыг муудаад байхаар нь та нар барилгын хашаанаас гар гэхэд С нь өөрийн цагаан өнгийн машинаа бариад Быг хажуудаа суулгаад аваад гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр санаж байна цаг хэд болж байсныг мэдэхгүй байна намайг “Маргад” буудал дээр ирэхэд хар бараан өнгийн хувцастай туранхай бас нэг махлагдуу залуу хоёр согтуу зогсож байсан туранхай залуу нь халзан толгойтой, бор царайтай залуу байсан. ... тэгтэл махлагдуу залуугийнхаа бичиг баримтыг өгөөд хамт 304 дугаартай өрөөнд орсон энэ хоёр залуу өрөөнд ороод удаагүй хоорондоо маргалдаад буцаж гарч байгаа гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, Хэрэг учрал болсон буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Сайншанд сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт засмал замаар 4 км яваад ертөнцийн зүгээр зүүн тийш шороон замаар 2 км зайд байрлах хөдөө хээр тал газарт амь хохирогч Б.Бын нас барсан байдалтай байсныг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 15 цаг 48 минутад олж тогтоон, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-14/, хэргийн газрын схем зураг/хх-ийн 15-18/, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сайншанд-Зүүнбаян чиглэлийн постын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/35-40/, Маргад зочид буудлын гадна болон дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/41-47/, шүүгдэгч Э.Сийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

          Шинжээчийн 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 02/068 дугаартай дүгнэлтээр амь хохирогч нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байсан болохыг тогтоосон ба орчны температурын нөлөөгөөр биеийн температур 35 ба түүнээс доош градустай болоход осголт үүсдэг болохыг, мөн хүчтэй зэргийн согтолтын үед амь хохирогч Б.Быг тээврийн хэрэгслээс буулгаж үлдээх үед амь хохирогч идэвхтэй үйлдэл хийх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй талаар  шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байна.

 

         Дээрх нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Сийн амь хохирогчийг хөдөө хээр орхиж явсан үйлдэл нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэргийн шинжгүй болох нь хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарсан шалтгаан,нөхцөл,гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээр үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх ойлголтод хамаарахаар байх тул түүнийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Харин хор уршгийг субъектив шинжийн хувьд мэдээгүй, ухамсарлаагүй боловч объектив талаас нь дүгнэхэд мэдэх ёстой, мэдэх боломжтой, уг үйлдлээс гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 “Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд гэмт үйлдэл, сэдэлт зорилго нь амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг  агуулдаг.

 

 Харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол,хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан байсанд оршдог.

 

Иймд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хгаас оршуулгын зардал 3739300 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Э.С  шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2000000 төгрөгийг, гэм буруугийн шүүх хуралдааны явцад 1739300 төгрөгийг төлсөн,хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өөр нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага ял шийтгэлийн талаар:     

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.   

 

             Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,  эрүүл мэндийн  хувьд бактерийн гаралтай ходоодны архаг үрэвсэл,шалбархайн үрэвсэл,сэдрэлийн үе оноштойгоор эмчлүүлж байгаа зэрэг нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгчид 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

                                                                                          

   Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч нь хохирогчийн биеэ авч явах чадваргүй үед, хөдөө буулгаж орхиж байгаа гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

  

Шүүгдэгч Э.Сийн 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 сарын 27-ны  өдрийг хүртэл нийт 57 хоног хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтоов.

       

          Бусад асуудлаар:

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хар өнгийн гадуур хүрэм 1 ширхэг, Raison бичиглэлтэй тамхины хайрцаг 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун подволк 1 ширхэг, хар ногоон өнгийн жинсэн өмд 1 ширхэг/тэлээний хамт/, НӨАТ-ын баримт 1 ширхэг /Ган зам дэлгүүр/, хар өнгийн даавуун дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ултай хар хөх өнгийн пүүз 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, PS9243361 дугаартай 10000 төгрөгийн 1 ширхэг, AS0419570, AT0651205, AZ3478327, AZ4160715 дугаартай 1000 төгрөгийн 4 ширхэг, AR1469292, AR9883710 дугаартай 500 төгрөгийн 2 ширхэг, PS1688087 дугаартай 100 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртүүд нийт 14100 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хд олгож, хэрэгт хавсарган ирүүлсэн Маргад зочид буудлын хяналтын камерын бичлэг 3 ширхэг, Сайншандаас Хамрын хийд явах замын постын хяналтын камерын бичлэг 2 ширхэг сидиг хэргийн хамт хадгалахаар,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.Ст аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй. 

 

2.Шүүгдэгч Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “хар өнгийн гадуур хүрэм 1 ширхэг, Raison бичиглэлтэй тамхины хайрцаг 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун подволк 1 ширхэг, хар ногоон өнгийн жинсэн өмд 1 ширхэг/тэлээний хамт/, НӨАТ-ын баримт 1 ширхэг/Ган зам дэлгүүр/, хар өнгийн даавуун дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ултай хар хөх өнгийн пүүз 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, PS9243361 дугаартай 10000 төгрөгийн 1 ширхэг, AS0419570, AT0651205, AZ3478327, AZ4160715 дугаартай 1000 төгрөгийн 4 ширхэг, AR1469292, AR9883710 дугаартай 500 төгрөгийн 2 ширхэг, PS1688087 дугаартай 100 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртүүд нийт 14100 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хд олгож, хэрэгт хавсарган ирүүлсэн Маргад зочид буудлын хяналтын камерын бичлэг 3 ширхэг, Сайншандаас Хамрын хийд явах замын постын хяналтын камерын бичлэг 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АДЪЯАСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                           Ж.БАЙГАЛМАА,

                                 ШҮҮГЧ                                             А.ЦЭРЭНХАНД