| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00100/И |
| Дугаар | 00272 |
| Огноо | 2019-05-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 00272
| 2019 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2019/00272 | Ховд аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багт оршин суух, .. дугаарын регистртэй, Ц. овогт Н.ийн Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн ТОСК-ийн 2 байрны .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Ц. овогт Л.ын Гт холбогдох “Хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 153/2019/00100/И иргэний хэрэг үүсгэн хянаад,
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Л.Г /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цалинч овогт Нямдашийн А миний бие нь 2018 оны 10 сард гэмт хэрэгт холбогдож, Ховд аймгийн Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай хүргэн ах Б.Дүгэрсүрэн над руу утсаар залгаж “Ганцоож гэдэг цагдаатай яриадах, сайн өмгөөлөгч олж өгнө гэсэн” гэж хэлсэн. Цагдаа Ганцоож руу залгаж бид уулзсан. Ганцоож намайг машиндаа суулгаад Л.Г гэдэг өмгөөлөгчтэй уулзуулсан.
Л.Г гэдэг өмгөөлөгчтэй уулзаж, холбогдсон хэргийн талаар ярихад “Энэ хэргээс ямар ч байсан чамайг салгана. 3000000 /гурван сая төгрөг/-ийг өмгөөллийн хөлсөнд миний данс руу одоо хий” гэж хэлээд 5007892860 гэсэн дансны дугаараа надад өгөхөөр нь тэр дор нь би Ховд аймгийн Манхан суманд мал худалдан авч байсан Цэвээндэмбэрэлийн Мөнхбат руу утсаар яриад “3 сая төгрөг өмгөөлөгчийн данс руу хийгээд өгөөч. Би суманд очиж байгаад мал өгье” гэж хэлсэн.
Ц.Мөнхбат Увс аймгийн П.Дуламдолгор гэх хүний мөнгөөр мал худалдан авч байсан учраас тэр хүн рүүгээ ярьж, П.Дуламдолгор нь тэр дороо өмгөөлөгч Л.Гын данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд Л.Г өмгөөлөгчтэй би гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед өмгөөлөгч Л.Г нь “Би чамайг энэ хэргээс салгана. Надад 3 сая төгрөг өгсөн гэж мөрдөн байцаагч болон ар гэрийнхэн, бусад хүмүүст хэлж болохгүй Өмгөөллийн хөлсөнд 300 000 /гурван зуун мянган/ төгрөг өгсөн гэж хэлээрэй” гэж хэлсэн.
Миний бие нь дунд сургуульд суралцаагүй, бичиг үсэг мэддэггүй, гарын үсгээ л зурж чаддаг. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаас хойш цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад өмгөөлөгч Л.Гтой хамт нэг л удаа байцаалт өгсөн. Байцаалт нэг удаа өгөхөд өмгөөлөгч Л.Гтой нэг л удаа уулзсан. Түүнээс хойш өмгөөлөгчтэй уулзах гээд утсаар ярихаар “ажилтай байна, Улаанбаатар хотод байна. Чи бид 2 байнга уулзаж болохгүй. Ер нь асуудал нууц байх хэрэгтэй. Би далдуур хөөцөлдөж байгаа шүү" гэдэг байсан.
Өрөөндөө сууж байхад нь би хайж явж нэг уулзсан. Тэр уулзалтаар “Муугаар хэлэхэд чи 2 жилийн ял авлаа гэхэд би 1 жил болгоод гаргаад авна. 1 жилийн хугацаанд би хоол ундыг чинь байнга зөөнө. Би ер нь далдуур их ажил хийж байгаа шүү. Надад 2-3 хөзрийн хувилбар байгаа” гэж хэлсэн. Дараа нь хөдөөнөөс Х.Нямсүрэн гэдэг хамаатны ах ирж өмгөөлөгч Л.Гтой уулзах гээд утсаар залгахад “Би завгүй гадуур явж байна” гэсэн. Л.Г нь оройн 22.00-23.00 цагийн үед над руу залгаад “Ахыгаа дагуулаад хүрээд ир” гэхээр нь ажпынх нь өрөөнд очиж уулзсан.
“Хэргийн явц яагаа ч үгүй байна. Цааш яах нь тодорхойгүй байна. Хоолоор зүйрлэвэл махаа хөшиглөөд хоолоо хийх гэж байна гэсэн үг. 1 дүгээр хоол болох уу 2 дугаар хоол хийх үү гэдэг нь тодорхойгүй байна. Хоол хийх үе шатаар бол 1, 2 дугаар үе дээр л явж байгаа. Би шатрын нүүдлээр ажилладаг. Асуудлыг тухай тухайн үед нь шийднэ” гэж хэлсэн.
Үүнээс хойш дахиад Л.Гтой холбогдож чадахаа байсан. Сурагласан чинь Улаанбаатар хот явсан гэсэн. Хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан өмгөөлөгчтэйгээ холбогдож чадахгүй болохоор өөр өмгөөлөгч авч дахин өмгөөллийн хөлс төлж, хууль зүйн туслалцаа авахаас өөр аргагүй болж, гэрээ байгуулсан. Өөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулах болсон тухайгаа Л.Г өмгөөлөгчид мэдэгдэх гээд утсаар олон удаа залгасан боловч утсаа аваагүй.
Өмгөөлөгч Л.Гтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан үеэс хойш 1 удаагийн байцаалт хамт өгч, 2 удаа л уулзсан. Ер нь мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байхад энэ өмгөөлөгчтэй уулзаж чадахгүй, хууль зүйн туслалцаагаа авч чадаагүй. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээсний дараа өмгөөллийн хөлсөө буцаан шаардсан боловч өмгөөлөгч Л.Г нь өгөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Иймд Хууль зүйн туслалцаа үзүүлэхээр байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй учир өмгөөлөгч Л.Гт төлсөн 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Л.Гт холбогдуулан “Хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Г нь 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг Н.Аэд төлөхөөр, нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэлийн зөрүү 2,200,000 төгрөгийг хариуцагч Л.Гоос гаргуулахаас татгалзан эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Гт холбогдох, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Г 800,000 төгрөгийг Н.Аэд төлөхөөр, нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэлийн зөрүү 2,200,000 төгрөгөөс татгалзан зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 34,475 төгрөгийг хариуцагч Л.Гоос гаргуулан нэхэмжлэгч Н.Аэд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ