Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             Г.Ц, Ж.М нарт

                            холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Н.Мөнхбат

Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч М.Энхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ууганларь нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарын давж заалдах гомдлоор Г.Ц, Ж.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, халх, 1981 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 3-59 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь 2012.03.28-ны өдрийн 44дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх заасан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2012.06.07-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, 2018.08.27-ны өдрийн 2018/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэж байсан. ДК81060810 регистрийн дугаартай, Дажуу овогт Г. Ц

 

Монгол улсын иргэн, халх, 1970 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 49 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт 2-38 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд 2005.03.29-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, ДЭ70060818 регистрийн дугаартай Цоохор овогт Ж. М

 

Шүүгдэгч Г.Ц, Ж.М нар нь Бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн Цагаан дэрсний хөх толгой гэх газраас Ж.Мы эзэмшилийн 66-91 ГАА улсын дугаартай приус-10 маркын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Н.Бын зөв гуян дээрээ Т үсгэн тамгатай, урд бөхний зөв талд гарилан тэмдэгтэй, хөх халзан, бор зүстэй, нас бие гүйцсэн бувай ингэн тэмээг хулгайлан хохирогч Н.Бт 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.  

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Цоохор овогт Ж. М, Дажуу овогт Г. Ц нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 8 сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Мыг 6 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тус шүүхийн 0218 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Цад мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй гэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Цад Эрүүгийн хуулийн 17.12 дагуур зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж шүүгдэгч Г.Цын нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цад оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ж.Мы эзэмшлийн Toyota маркын 66-91 ГАА улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг хурааж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц, Ж.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч нарын ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Цаас 350.000 төгрөгний хохирлыг гаргуулж хохирогч Н.Бт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хамаг Монгол нэртэй архины шил, тамхины иш, 2 захаараа цэнхэр судалтай хар өнгийн уяа, 6м60 см урттай бор өнгийн сүлжсэн дээсэн уяа 1 ширхэг, 3 см өрнөгтэй 35 см, 41 см, 6м40см, 86 см, 2м63см, 1м15см, 64 см урттай 5 ширхэг 2 захаараа цэнхэр судалтай хар өнгийн уяа, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон алаг өнгөтэй зузаан ноосон бүтээлэг, бор өнгийн модон бариултай, бариулыг хар өнгийн лентээр ороосон урт нь 10 см, ажлын хэсэг нь 13 см, урттай хутга 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч Ж.Мы эзэмшлийн 02348886 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, Toyota маркын 66-91 ГАА улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашины хамт Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М, Г.Ц нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Н.Бт 600.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгчдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дардаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нарт, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Мы өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах шатны шүүхэд гарсан гомдол тайлбартаа: Анхан шатны шүүх Ж.Мд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцож 6 сарын хорих ялаар шийтгэсэн юм. Энэ ял нь Ж.Мы эрүүл мэндэд хүнд тусч байна. Учир нь Ж.М нь элэгний хорт хавлартай 4-р шатанд орсон сар бүр эмчийн хяналтад хэвтэж эмчлүүлдэг Хөдөлмөрийн чадвар алдалд 70% -иар орсон.

Ж.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдлээ ухамсарлан ойлгож байгаа. Хохирлыг бүрэн төлж хохирогчийг гомдолгүй болгосон. Иймд Ж.Мы эрүүл мэндийг харгалзан үзэж оноосон ялыг тэнсэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Г.Ц, Ж.М нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны 23 цагийн үед Ж.Мы эзэмшлийн 66-91 ГАА улсын дугаартай, приус-10 маркийн авто машинаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн Цагаан дэрсний хөх толгой гэдэг газарт очиж хохирогч Н.Бын нас бие гүйцсэн, сувай ингийг хулгайлан хохирогчид 950000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эдгээр үйл баримт нь хохирогч Н.Бын: “Миний хулгайд алдсан тэмээ хөх халзан, бор зүстэй, зөв гуян дээрээ Т үсгэн тамгатай, урд бөхний зөв талд гурилан хайруултай, нас бие гүйцсэн сувай ингэ байсан. Манай тэмээг цагаан дэрсний доод толгодод байхад төхөөрч аваад явсан байсан. Газар дээр нь хүмүүс очиход толгой гэдэс нь байсан гэсэн. Манай найз цагдаад хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг,

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тэмээндээ явж байгаад Дэлгэр сумын Баянбуурал багийн Дэрсний хөх толгой гэдэг газарт Н.Бын бор халзан зүстэй, сувай ингийг нядлаад махыг нь аваад явсан байсныг мэдсэн тухай гэрч А.Эын мэдүүлэг,

2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Г.Ц, Эрка нар намхан нуруутай, хөнхөр нүдтэй, бор царайтай танихгүй залуугийн хамт приус маркийн, 66-91 ГАА улсын дугаартай, цагаан өнгийн авто машинтай ирээд 229 килограмм ингэн тэмээний махыг “Дэлгэр сумын Энхбаатар гэдэг хүн зарж байгаа юм” гэж хэлээд 1 килограммыг нь 3800 төгрөгөөр бодож 870000 төгрөгөөр худалдсан тухай гэрч Б.Бийн мэдүүлэг,

Г.Ц 01 цагийн үед гэрт нь ирээд тэмээний мах аваад ирлээ үүнийг борлуулаад өг. Мөнгийг чинь өгмөөр байна гэхээр нь Баянмөнхтэй холбоо бариад тэмээний мах авах уу гэтэл авъя гэж хэлсэн тухай гэрч Д.Эрдэнэсайханы мэдүүлэг,

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн Цагаан дэрсний хөх толгой гэдэг газарт бор зүстэй, урд бөхний зөв талд гурилан тэмдэгтэй тэмээний шир дэлгэж тавьсан, тэмээний ширний хажууд, гэдэс дотор нь хар өнгийн уяаны тасархай, түүнээс баруун зүгт 87 метр газарт нүүр хэсэг нь цагаан тэмээний толгой байсан тухай тусгасан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

Түүнчлэн шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар тогтоогдож байна.

 Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, хоорондоо зөрүүгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг бодитой үнэлсэн байна.

Шүүгдэгч Г.Ц, Ж.М нарын үйлдэл нь бусдын малыг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээрээ мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд шүүгдэгч Г.Ц, Ж.М нар нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Ц урьд нь удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан ба хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэж шүүхээс уг гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр 2 жилээр тэнссэн хугацаанд дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Цад оногдуулсан ял хүнддээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээнд нийцүүлж хорих ял оногдуулсан байна.

Гэвч шүүгдэгч Ж.Мы анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал, биеийн эрүүл мэндийн хувьд элэгний хорт хавдар өвчний улмаас эмнэлгийн хяналтад байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнсэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 39.10 дугаар зүйлийн 3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Г.Цыг 8 сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Мыг 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.” гэснийг

    “...шүүгдэгч Г.Цад 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Мд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.” гэж,

     Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын: “... шүүгдэгч Г.Цад оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих гэсний дараа “ял,” гэснийг “ялыг” гэж өөрчилж, уг заалтаас  “...шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг” гэснийг хасч өөрчлөлт оруулсугай.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Мы өмгөөлөгч М.Энхзаяагийн давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйльд зааснаар шүүгдэгч Г.Ц, Ж.М нарын анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 26 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч Г.Цаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 350000 төгрөгийг Г.Ц нь төлж барагдуулсан болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                Ш.БАТТОГТОХ

                                         ШҮҮГЧ                                Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                                          Ч.ЭНХТӨР