| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 124/2024/0013/З |
| Дугаар | 221/МА2025/0175 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0175
“Ш ш” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н
Нэхэмжлэгч: “Ш ш” ХХК
Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ш ш” ХХК-ийн Увс аймгийн төвд “Гудамж” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн 5.1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас “Ш ш” ХХК-д учирсан хохирол 8,431,373.160 төгрөгийг Увс аймгийн төсөвт тодотгол хийж, батлуулж өгөхийг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 124/2024/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш ш” ХХК-ийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2015 онд “Ш ш” ХХК-иас ирүүлсэн Гудамж төслийн үргэлжлэл болох авто замыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтийг хүлээн авч, санхүүжилтийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж өгөхөөр тохиролцсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоон, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 3,980,345,251 /гурван тэрбум есөн зуун наян сая гурван зуун дөчин таван мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг “Ш ш” ХХК-д олгуулахаар аймгийн төсөвт тусган батлуулахыг Увс аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох хохирол 4,451,027,909 /дөрвөн тэрбум дөрвөн зуун тавин нэгэн сая хорин долоон мянга есөн зуун ес/ төгрөгийг аймгийн төсөвт тодотгол хийлгүүлэн батлуулж өгөхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг “Увс аймгийн 2026 оны төсөвт 1,326,781,750 төгрөг, 2027 оны төсөвт 1,326,781,750 төгрөг, 2028 оны төсөвт 1,326,781,750 төгрөг байхаар тооцоолон батлуулахыг Увс аймгийн Засаг даргад даалгахаар тус тус шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1. ...Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар нэхэмжлэгч компани нь илт хууль бус захиргааны актын үндсэн дээр гүйцэтгэсэн ажлын хохирол 7,960,690,502 төгрөг гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгч “Ш ш” ХХК нь ажлыг гүйцэтгэхдээ Засаг даргатай авто зам барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр барьж дуусгасны дараагаар эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлж авахаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэсэн", "мөн шийдвэр гаргах эрхгүй этгээд гэдгийг мэдсээр байж үргэлжлүүлэн ажил гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргуулж буюу авто зам барилгын ажлын гүйцэтгэлийн төлбөрөөр хохирох нөхцөл бүрдэхэд өөрөө хайхрамжгүй хандсаны улмаас уг хохирол бий болсон байх" тул хохирол төлбөрөөс 4,451,027,909 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Учир нь Нэхэмжлэгч “Ш ш” ХХК нь Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд үргэлжлэл авто зам барилгын ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэх зөвшөөрөл олгогдоход Увс аймгийн Засаг даргын шийдвэр гаргахад хууль бусаар нөлөөлж айлган сүрдүүлэх, заналхийлэх, өөрт болон бусдад давуу байдал олгуулахаар тулган шаардсаны үндсэн дээр илт хууль бус шийдвэрийг гаргуулсан үйл баримт тогтоогддоггүй. Захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлт, гомдлыг хүлээн аваад өөрийн чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах эсэх шийдвэрлэх нь өөрийн бүрэн эрхийн асуудалд хамаардаг. Хэрвээ шийдвэр гаргахад нь шийдвэрийн эрх зүйн үйлчлэл чиглэж буй этгээд ямарваа нэгэн арга, хэлбэрээр нөлөөлсний үндсэн дээр өөрт ашигтай шийдвэр гаргуулсан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл бий болно.
2.2. Нэхэмжлэгч компани нь ”Гудамж” төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд 2014-2015 онд хийгдэх авто зам барилгын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэхээр эрх олгогдсон тул Увс аймгийн Засаг даргад үргэлжлүүлэх тохиролцоонд хүрэх бус, хариуцагчид тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байдаг.
Гэтэл шүүхээс илт хууль бус шийдвэр гаргаж ажил гүйцэтгүүлснийг "харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил гүйцэтгэсэн байна" гэж хэрэгт байхгүй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай байна. Мөн 2002 оны захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.4."захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна;" гэж зааснаар захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт нь гарсан цагаас эхлэн үйлчлэл нь чиглэж
буй этгээдүүд эс зөвшөөрч маргаснаас бусад тохиолдолд заавал биелүүлэх шинжтэйгээр хэрэгжиж биелэлт нь хангагдах, биелүүлээгүй тохиолдолд үйлчлэл чиглэсэн этгээдэд хариуцлага тооцох, цаашлаад хохирол нэхэмжлэх эрх зүйн үр дагавар үүсдэг тул нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал байсан.
2.3. Түүнчлэн анхан шатны шүүх захиргааны байгууллагаас өөрт эрх олгогдоогүй асуудлаар захирамжилсан шийдвэрээр олгосон эрхээ хэрэгжүүлж ажил гүйцэтгэснээр нийтийн эрх ашиг сонирхол тэр дундаа тухайн аймгийн иргэдийн зайлшгүй хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээ, тог цахилгаан, гудамж талбайн гэрэл гэрэлтүүлэг, гэрлэн дохио бүхий автозам, замын байгууламж зэрэг цогц бүтээн байгуулалт бүхий ажил нь иргэдийн амьдралд эерэг үр дүнг бий болгож өнөөдрийг хүртэл ямар нэгэн гологдол, доголдолгүй ашиглагдсаар байхад хохирол төлбөрийн 50%-г хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан "төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх" зарчмуудад нийцээгүй болох нь тогтоогдож байна.
Учир нь Засаг даргын гаргасан илт хууль бус шийдвэрээр олгосон эрхийг биелүүлсний улмаас тухайн засаг захиргааны нэгжид харьяалагдаж буй иргэдийн амьдралд сайн сайхан үр дагаврыг бий болгосон ажлын хохирол төлбөрийг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэх нь нийтийн эрх ашиг болон улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулагдах сөрөг үр дагавар үүсэхээргүй байдаг. Маргаан бүхий авто зам барилгын ажлын нийт батлагдсан 27 тэрбум төсөвт өртгөөс 50%-д хүрэхгүй зардлаар гүйцэтгэсэн нь нийтийн эрх, ашиг сонирхолд эерэг үр дагаврыг бий болгосон болох нь тогтоогддог.
2.4. Хохирлын хэмжээг бууруулан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.7-д заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах, эсвэл өөрчилж тогтоох зохицуулалт болох шүүхээс гарах шийдвэрийн төрлийг зохицуулсан процессын шинжтэй зохицуулалтыг материаллаг хууль зүйн зохицуулалтад шууд иш татаж хууль буруу хэрэглэсэн. Маргаан бүхий харилцааг зохицуулсан материаллаг хуулиар хохирол төлбөрийг ямар хувь хэмжээгээр тогтоох нь үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэсний үндсэн дээр хохирлын хэмжээг өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэглэх зохицуулалтад хамаарна. Мөн хариуцагч байгууллагаас гаргуулах хохирлыг 2026, 2027, 2028 онуудад 3 хуваан олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч компанийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байна.
Учир нь нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэснээр үйл ажиллагааны тогтвортой явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж их хэмжээний алдагдал хүлээсээр байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ багасгаж шийдвэрлэхдээ Монгол Үндсэн хуульд заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчиж маргааны зүйлд хамааралгүй хууль хэрэглэж хэрэгсэхгүй болгосон хэсэг өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хохирол төлбөрийг олгох давтамжийг багасган өгч нэхэмжлэгч компанийн эрхийг бүрэн сэргээн эдлүүл өгнө үү” гэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандахаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ... Хэргийн материалд авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн тухайд ойлгомжгүй: Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шүүгчээс шинжлэн судалсан бөгөөд тэрхүү шинжлэн судалсан нотлох баримтууд нь хариуцагч болох аймгийн Засаг даргад холбоо хамааралгүй буюу хариуцагч нь Сангийн яам болохыг, санхүүжүүлэгч нь хөгжлийн банк бөгөөд улсын төсөвт тухайн авто зам барилгын ажлын төсвийг төлөвлөж батлуулаагүй болохыг нотолсон баримтууд хангалттай байсаар байхад "Ш ш" ХХК-ийн хүсэлтийг харгалзан үзэж ашигтай байдлаар давуу байдал олгосон дүгнэлт хийж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шүүхийн "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" гэж заасан бөгөөд энэхүү заалтын агуулга нь Шүүхийн шийдвэр хууль болон нотлох баримтад үндэслэж гарах ёстой.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг нь бүхэлдээ "Ш ш" ХХК-ийн талаас нотлох баримтыг үнэлж дүгнэсэн. "Т х" ХХК-ийн өдөр тутмын тайланг хүртэл үнэлж дүгнэсэн, баримтаар тооцсон зэргээс үзвэл аймгийн тухайн үеийн нөхцөл байдал, аймгийн Засаг дарга зөвшөөрөл өгөх эрхтэй хүн биш болохыг тухайн "Ш ш" ХХК мэдэж байсан, зориудаар тохиролцсон эсэх талаар нотлох баримтад үндэслэн энэ хэргийг бүхэлд нь үнэн зөв үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадсангүй гэж үзэхээр байна.
3.2. Энэ төслийн ажилд гудамж төсөл ямар байрь суурьтай, ямар чиглэл өгч байсан, УИХ-ын гишүүн, Засгийн газар, холбогдох яамны хэрэгт авагдсан баримт зэргийг үнэлж дүгнэсэн бол аймгийн Засаг дарга хариуцагч байх боломжгүйг, 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.4-д ...захирамжилсан үйл ажиллагааг, гэснийг буруугаар тайлбарлаж үүрэг үүсгэсэн мэтээр тайлбарлаж аймагт их хэмжээний хохирол учрах шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Тухайн ажлыг хийж болох, хийхгүй байх нь “Ш ш” ХХК-д байсан, байх боломжтой. Ажил хийх эсэх талаар чиглэл, шууд удирдлагыг "Гудамж" төслийн удирдах хороо шууд чиглүүлэн шийдвэрлэж байсан.
3.3. Хариуцагчийг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийн тухайд: "Гудамж" төсөл нь "Ш ш" ХХК-д хандаж улсын төсөвт тусгагдаагүй, Засгийн газраас шийдвэр гаргаагүй байхад ажил гүйцэтгэх боломжгүй тухай албан бичгээр хандаж чиглэл хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд Увс аймгийн Засаг дарга нь улсын төсөвт авто зам барилгын ажлын санхүүжилтийг тусгуулах албан тушаалтан биш бөгөөд 5,1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж, Улсын Их Хурал, Засгийн газарт хандаж мөнгөө шийдвэрлүүлээд авч чадна гэвэл та бүхний саналыг үгүйсгэж чадахгүй тухайгаа аймгийн Засаг дарга Д.Ц нь илэрхийлсэн болох нь түүний мэдүүлэгт дурдсан байдаг бөгөөд "Ш ш" ХХК-ийг үргэлжлүүлэн барьж дуусгах, санхүүжилтийг шийдвэрлэж өгнө гэж өөртөө хамааруулж үүрэг хүлээх байдлаар шууд хэлээгүй байдаг.
Үүнийг зөвшөөрөл гэж үзэж нэхэмжлэлдээ тайлбарлаж түүнийг шүүх нь илт хууль бус акт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Бүтээн байгуулалтын ажилд аймгийн Засаг дарга байсан Д.Цгийн хэлсэн дээрх мэдүүлэг нь захиргааны акт болох ямар ч боломжгүй юм. Учир нь бүтээн байгуулалтын ажил нь батлагдсан зураг төсөл, төсөвтэй, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай нарийвчлан зохицуулсан салбар хуулиудтай байдаг. “Ш ш” ХХК нь 3,2 км авто зам барихдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу оролцсон байдаг.
Увс аймагт хэрэгжиж байсан "Гудамж" төслийг тухайн төслийн нэгж хариуцан ажиллаж байсан ба аймгийн Засаг дарга шууд оролцох эрх байхгүйгээс гэрээ байгуулагдаагүй, төслийн нэгж татан буугдаж одоо Сангийн яаманд харьяалагдаж байгаа, энэ хэргийн хариуцагч нь Сангийн яам байх тул нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1-т зааснаар шүүгч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан.
3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсанаас үзэхэд Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэж заасан зохицуулалтын талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд энэхүү шийдвэрээрээ аймгийн төсөвт тодотгол хийж батлуулах, 3,9 тэрбумыг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуулийг ноцтойгоор зөрчихөд хүргэлээ.
Үүнээс үзэхэд үндэслэх хэсэг нь бүхэлдээ нэг талыг барьсан, Шүүхийн тухай хуулийн 4.1.3-д заасан шударга ёсны зарчим нэрээр яаж тооцоолон бодсон нь тодорхойгүй эргэлзээтэй 8,5 тэрбумын гэх хохирлыг тал хувиар бууруулан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн дээрх хууль дээдлэх зарчим, 6 дугаар зүйлд заасан Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах гэснийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан зэрэгт гомдолтой байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс “Ш ш” ХХК-ийн Увс аймгийн төвд “Гудамж” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн 5.1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас “Ш ш” ХХК-д учирсан хохирол 8,431,373.160 төгрөгийг Увс аймгийн төсөвт тодотгол хийж, батлуулж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан.
2.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Ш ш” ХХК-иас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2015 онд “Ш ш” ХХК-иас ирүүлсэн “Гудамж” төслийн үргэлжлэл болох авто замыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтийг хүлээн авч, санхүүжилтийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж өгөхөөр тохиролцсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоон, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 3,980,345,251 /гурван тэрбум есөн зуун наян сая гурван зуун дөчин таван мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг “Ш ш” ХХК-д олгуулахаар аймгийн төсөвт тусган батлуулахыг Увс аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох хохирол 4,451,027,909 /дөрвөн тэрбум дөрвөн зуун тавин нэгэн сая хорин долоон мянга есөн зуун ес/ төгрөгийг аймгийн төсөвт тодотгол хийлгүүлэн батлуулж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.2. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “Ш ш” ХХК нь 5,1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн Увс аймгийн Засаг даргатай авто зам барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр барьж дуусгасны дараагаар эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлж авахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэсэн, мөн шийдвэр гаргах эрхгүй этгээд гэдгийг мэдсээр байж үргэлжлүүлэн ажил гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргуулж, авто зам барилгын ажлын гүйцэтгэлийн төлбөрөөр хохирох нөхцөл бүрдэхэд өөрөө хайхрамжгүй хандсаны улмаас уг хохирол бий болсон гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчээс нэхэмжилж буй хохирлын нийт 8,431,373.160 төгрөгөөс 4,451,027,909 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3. Дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.1. Анхан шатны шүүхээс Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цгийн “...2013 онд Монгол Улсын Засгийн газраас “Гудамж” төсөл хэрэгжүүлэхээр болж, ... тендер зарлагдаад “Ш ш” ХХК шалгарсан, эхний ээлжид 3.2 км замын ажлыг хийхээр шийдвэрлэгдэж, ажил нь хийгдсэн. Энэ үеэр тус компани 100 гаруй техник оруулж ирэхийн зэрэгцээ 2 үйлдвэр барьсан байсан. “Ш ш” ХХК 27 тэрбум төгрөгийн ажил хийх ёстой тул үлдэгдэл ажлаа хиймээр байна гэж хүсэлт тавьсан, тухайн үед Засгийн газар огцроод “Гудамж” төсөл зогсоо байдалд орсон, тэгээд манай зүгээс болон “Ш ш” ХХК-ийн зүгээс ч тэр Засгийн газарт хүсэлт тавьж байсан. “Ш ш” ХХК өөрийн хөрөнгөөр зам тавиад өгье, концессын гэрээ байгуулъя гэхэд нь “би гэрээ байгуулах эрхтэй хүн биш учраас дараа нь Засгийн газраас авна гэвэл үргэлжлүүлээд хийж болно, бид захиалагчийн хяналт тавиад явж болно. Миний аймагт хийгээд өгье гэж байхад захиалагчийн хяналт тавиад хийлгэнэ ш дээ” гэсэн. “Т х” ХХК-иар захиалагчийн хяналт тавиулсан, энэ компани өөрийн хөрөнгөөр амжилттай замыг тавьж дуусгасан. Энэ компани ажлаа хийгээд мөнгө авах болохоор гэрээ байхгүй гээд мөнгө нь өгөгдөөгүй, “Гудамж” төсөл хэрэгжих төрийн шийдвэр гараад УИХ, Засгийн газрын шийдвэртэй гэж бодож дараа мөнгө нь олгогдох байх гэж тооцоолоод замаа бариулсан...” гэх мэдүүлгийг,
Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зарласан Увс аймгийн Улаангом суманд хэрэгжиж буй 5.1 км авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт “Т х” ХХК шалгарснаар 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Д.Ц, “Т х” ХХК-ийн захирал Ч.Ю нар Увс аймгийн төвд “Гудамж” төслөөр баригдаж буй 5.1 км авто замын байгууламжийн барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсныг,
Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Увс аймгийн Улаангом хотын авто зам, уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын барилгын ажлын зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтэд Цагаан хаалганы аюулгүйн тойрог 0.4 км, Хөгжимт драмын театрын хойд уулзвар 0.5 км, Т худалдааны төвийн урд уулзвар 0.25 км гэж заасныг тус тус үндэслэж Увс аймгийн Засаг даргын тохиролцсон гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, “Ш ш” ХХК-ийг нийт 5.742 км зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх дүгнэлтийг хийж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг олгуулахаар тус аймгийн төсөвт тусган батлуулахыг Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.
3.2. Учир нь Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд ингэхдээ уг нэхэмжлэлийн зүйл нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт байхыг шаарддаг.
Мөн Захиргааны ерөнхий хуульд, аливаа захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн акт нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа бол захиргааны акт гэж үзэхээр заасан.
3.3. Аливаа захиргааны байгууллагын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эрх хэмжээг хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлдог бөгөөд энэхүү тодорхойлж олгосон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд тухайн байгууллага ажиллах үүрэгтэй.
Маргаан бүхий энэ тохиолдолд Увс аймгийн Засаг даргын хууль зөрчин замын ажлыг хийхийг зөвшөөрсөн үйлдэл нь нэхэмжлэгч компанийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд холбогдох хууль журмын дагуу явагдах ёстой ажиллагааг харилцан тохиролцсон гэх үндэслэлээр өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлснийг захиргааны байгууллагын шийдвэр, буруутай үйл ажиллагаа гэж үзэж түүний улмаас учирсан гэх хохирлыг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй.
3.4. Тухайлбал, “Ш ш” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт нэмж 5.1 км авто зам байгууламжийг барихдаа эрх бүхий этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, уг замын ажлын төсвийг эрх бүхий төсөвчнөөр хийлгээгүй, зардлын хөрөнгийн төсвийг батлуулаагүй, уг ажлын зардлыг Монгол Улсын 2015, 2016 оны төсөвт суулгаагүй байхад барьж байгуулсан нь хууль бус гэж үзэхээр байна.
3.5. Түүнчлэн “Гудамж” төслийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 299 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанид хандан “Гудамж” төслийн Удирдах хорооны 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Увс аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжид 3.2 км авто замын барилгын ажлыг танай компаниар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн болон уг тогтоолын хүрээнд замын барилгын ажлыг гүйцэтгэх шаардлагатай бөгөөд тогтоолд заагдаагүй, захиалагчийн зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэхгүй байхыг мэдэгдэхийн хамт илүү ажил гүйцэтгэсэн нөхцөлд санхүүжилт олгогдохгүй, хариуцагч тал хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж, энэ албан бичгийн хувийг нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.
3.6. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгчээс нэмж тавьсан гэх 5.1 км авто замыг тавихдаа “Гудамж” төслийн Удирдах хорооны 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар тогтоолд зааснаар ажлын зураг төсөл, зураг батлагдсаны дараа магадлагдсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, 2015 оны улсын төсөвт зардал нь төсөвт тусгаж батлагдаагүй байхад уг ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
4. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий авто замын ажлыг гүйцэтгэх санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй, захиалагчаас зөвшөөрөл өгч, гэрээ байгуулагдаагүй нөхцөлд “аймгийн Засаг даргатай харилцан тохиролцсон” гэх агуулгаар тус ажлыг эхлүүлэх эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй.
4.1. Учир нь Увс аймгийн Засаг даргад тухайн эрх олгогдоогүй бөгөөд Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ”, 20.4-д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.”, 21 дүгээр зүйлийн 21.1-д Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж ,
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “"улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 42 дугаар зүйлийн 42.7-т “Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно.”, 57 дугаар зүйлийн 57.5-т “Орон нутгийн төсөвт Өрийн удирдлагын тухай хууль болон энэ хуулийн 41.5, 57.4, 62.2-т зааснаас бусад тохиолдолд өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно.” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй болон төсөвт тусгаагүй арга хэмжээний зардлыг санхүүжүүлэхийг хориглосон байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч Ш ш” ХХК-иас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ш ш” ХХК-ийн Увс аймгийн төвд “Гудамж” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн 5.1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас “Ш ш” ХХК-д учирсан хохирол 8,431,373.160 төгрөгийг Увс аймгийн төсөвт тодотгол хийж, батлуулж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН