Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 230

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Д.Оюунгэрэл,

Шүүгдэгч Д.Уянга, түүний өмгөөлөгч Э.Бурмаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Булгадар овогт Дамдиндоржийн Уянгад холбогдох, 201625031979 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-389 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Булгадар овогт Дамдиндоржийн Уянга (РД:МФ93021308),

нь (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд тэмдэглэснээр) 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Теди” төвийн 5-3 тоотод байрлах иргэн Л.Билэгбаярын лангуунд худалдагчаар ажиллах хугацаандаа 5.433.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах талын болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-2016 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Теди төвд ажиллаж байгаад 5.433.000 төгрөг дутаасан байсан. Заримыг нь лангуун дээрээс алга болгосон. Хохирлоо бүрэн барагдуулсан. Хэрэг бүртгэлтэд 1.100.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг, өнөөдөр 3.330.000 төгрөгийг хохирогчид өгсөн. 2 гар утас лангуун дээрээс алдсан. 2 утас өөртөө хэрэглэсэн. Хохирогчтой сайн эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Д.Уянгаас хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:-Миний бие 2014 оны 11 дүгээр сараас эхлэн Теди төв дэх лангуун дээр худалдагчаар ажиллаж эхэлсэн. Урд нь бол ямар нэгэн төлбөр тооцооны асуудал гарч байгаагүй. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тооллого хийхэд нийт 1.153.000 төгрөгний дутагдал гарсан. Би тухайн мөнгийг цалингаасаа төлөхөөр тохиролцсон байсан бөгөөд түүний дараа 7 дугаар сарын 18-наас 25-ны хооронд тооцоо хийхэд урд мөнгөтэйгээ нийлээд 5.433.000 төгрөгний тооцоо дутсан. Би тухайн үед гар утас нь байгаа гэж Билэгбаярт хэлсэн байсан. Тэр төлсөн тооцоо нь би банкны төлбөрт болон өөрөө хэрэглэсэн мөнгө байсан, хагас төлбөр тооцоо нь гар утаснууд алга болсон тохиолдол байгаа. Мөн би өөрөө барьж явсан 2 утсаа алга болгочихсон. Энэ бүгд нийлээд 5.433.000 төгрөг болсон. Би түүнээс хойш хөдөө явж ажил хийж байгаад ирсэн юм. Надад мөнгөний бололцоо байхгүй байсан учраас айгаад уулзахгүй байсан. Мөнгөний хэрэгцээ гарсан болохоор хэрэглэчихсэн юм. Өөрийн буруу гэдгийг ойлгож байна. Яг хэдэн ширхэг утас зарж мөнгийг нь авсан талаар би нарийн сайн мэдэхгүй байна гэжээ.

Хохирогч Л.Билэгбаяраас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:-“Теди” төв дэх миний лангуунд 2015 оны 8 дугаар сараас эхлэн Дамдиндорж овогтой Уянга нь худалдагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллах үеэсээ бага багаар дутагдал гаргадаг байсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын тооллогоор ямар нэгэн тооцоогүй байснаа 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооллого хийхэд 1.153.000 төгрөгний тооцоо дутсан. Үүнийгээ машиныхаа барьцааны мөнгийг төлчихсөн, цалингаасаа суутгуулаад өгье гэж хэлж байсан. Тэр үедээ энэ тооцооноос гадна хэд хэдэн утсыг өөр лангуун дээр тавиулаад заруулах гэж байгаа гэж хэлж байсан. Түүний дараа 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 7 дугаар сарын 25-ны хооронд би тооцоогоо шахаад Уянгаас хүний лангуун дээр тавьсан утсаа авч ир, эсхүл зарсан бол мөнгийг нь авч ир гэж шахсан. Тэгэхэд Уянга нь 4-5 ширхэг утас зарагдсан байна, 2.900.000 төгрөг миний дансанд орчихсон байгаа, надад банкны карт байхгүй, Мобайлаар шилжүүлэе гэхээр дугаарын эрх хаагдчихсан байна гэж 23-ны өдөр хэлж байсан. Дараа нь 7 дугаар сарын 25-ны өдөр Уянга нь маргааш ирэхдээ мөнгө бэлнээр нь аваад ирье гэж хэлээд явсан. Дахин ажилдаа ирээгүй. 8 дугаар сард лангууныхаа түлхүүрийг буцааж авсан. Тэр үед нийт 5.433.000 төгрөгний тооцоо гарсныг тулгаж үзэхэд өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж өгөөд 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хүлээчих би талыг нь ч гэсэн ядаж төлж барагдуулъя гэж хэлсэн. Түүнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй, уулзаагүй зугтааж алга болсон. Утаснуудыг бүгдийг нь зараад мөнгийг нь ашиглачихсан байгаа юм. Уянга надад учруулсан 5.433.000 төгрөгнөөс 1.100.000 төгрөгийг өгсөн. Өөр ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би мөнгөө гүйцээж олж авмаар байна гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Д.Уянга нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Теди” төвийн 5-3 тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Л.Билэгбаярын лангуун дээр худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 25-ны хооронд хариуцсан бараанаас 5.433.000 төгрөг завшсан болох нь шүүгдэгчийн “...7 дугаар сарын 18-наас 25-ны хооронд тооцоо хийхэд урд мөнгөтэйгээ нийлээд 5.433.000 төгрөгийн тооцоо дутсан” гэх мэдүүлэг, хохирогч Л.Билэгбаярын ““Теди” төв дэх миний лангуун дээр 2015 оны 8 дугаар сараас эхлэн Дамдиндорж овогтой Уянга нь худалдагчаар ажиллаж эхэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тооллого хийхэд 1.153.000 төгрөгний тооцоо дутсан. 7 дугаар сарын 25-ны өдөр Уянга нь 5.433.000 төгрөгний тооцоо гарсныг тулгаж үзэхэд өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж өгөөд ... зугтааж алга болсон. Утаснуудыг бүгдийг нь зараад мөнгийг нь ашиглачихсан байгаа” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хохирогчийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр гаргасан хүсэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Булгадар овогт Дамдиндоржийн Уянгыг Эрүүгийн хуулийн 152 дүгээр зүйлийн 152.1-д заасан бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Билэгбаяр нь “Шүүгдэгч Д.Уянгатай харилцан тохиролцож нэхэмжлэх зүйлгүй болсон, гомдолгүй, сайн дураараа эвлэрсэн” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Уянгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Булгадар овогт Дамдиндоржийн Уянгыг Эрүүгийн хуулийн 152 дүгээр зүйлийн 152.1-д заасан бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Д.Уянгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.

4.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Уянгад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.БУЯННЭМЭХ