| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00251/И |
| Дугаар | 00283 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00283
| 2019 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2019/00283 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суух, ... дугаарын регистртэй, Ж. овогтой Р-ын Сгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 153/2019/00251/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Миний бие 1963 оны 9 дүгээр сарын 09-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 56 настай. Ээж Х.Тогтохын хамт амьдардаг. Группт байдаг. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1971 онд Ховд аймгийн Буянт сумын бага сургуульд элсэн орж 7 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч Буянт сумын “Соёл” нэгдэлд аав ээжийн хамт мал маллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 08-нд цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд мөн аав ээжийнхээ хамт 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Буянт сумын “Соёл" нэгдлийг 1990 онд тарах хүртэл нь малчнаар ажиллаж байсан болно. Миний бие нь ганц бие эхнэр аваагүй, бичиг үсэг сайн мэдэхгүй, 1978 оноос хойш өнөөдрийг хүртэл 40 гаруй жил ээж Х.Тогтохынхоо хамт мал маллаж амьдарсаар байна.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд миний 1978 оноос 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх малчнаар ажиллаж байсан үеийн бичиг баримт олдохгүй, хөдөлмөрийн хөлс авч байсан баримт, хөдөлмөрийн дэвтэр байхгүй, мөн Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас шүүлгэхэд миний ажиллаж байсан үеийн баримт бичиг олдохгүй байгаа болно. Миний аав Равсал, ээж Х.Тогтох нарын малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлс авч байсан баримт байдаг боловч миний нэр бичигдээгүй, тухайн үеийн удирдлага, албан тушаалтны буруу үйлдлээс болж иргэн би хохирч байна.
Иймд намайг 1978 оноос 1982 оны 6 дугаар сарын 8 өдөр хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Р.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1978 оноос 1982 оны 6 дугаар сарын 8 өдөр хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Р.С нь 1978 оноос 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 483 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 1-р бригадын 1979-1982, 1985-1987 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1603000516 дугаар баталгаажуулалтын хуудасны хуулбар,
- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3620 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлаагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 126/001698 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
- Хүсэлт гаргагчийн 202 дугаар малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00276 дугаар шийдвэрийн хуулбар,
Гэрч Ш.Дулмаагийн... “Р.С нь Ховд аймгийн Буянт сумын сургуулийн 7 дугаар ангийг төгссөн. Хэдэн онд төгссөнийг нь мэдэхгүй байна. Аав, ээжийн хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд мал маллаж байгаад 1982-1985 онд цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1985-1990 он хүртэл тус нэгдэлдээ үхэрчнээр ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч О.Санжаагийн ... “Р.С нь Ховд аймгийн Буянт сумын бага сургуульд сурч байгаад гарсан. Яг хэддүгээр анги төгссөнийг мэдэхгүй. Миний мэдэхийн 1985-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Р.Сг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жагдбай овогт Равсалын Сг 1978 оноос 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын “Соёл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Р.Сгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ