| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00254/И |
| Дугаар | 00284 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00284
| 2019 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2019/00284 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт оршин суух, дугаарын регистртэй, З овогтой Р-ын Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 153/2019/00254/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмждэгдсэн төлөөлөгч Б.Сонинцэцэг шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Р.Б нь 1964 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд Равжирын 7 дахь хүүхэд болж төрсөн. Дарви сумын 8 жилийн сургуульд 1972 онд орж 1976 онд 4 дүгээр анги төгсөөд сургуулиас гарч аав ээжтэйгээ хамт Ховд аймгийн Дарви сумын "Сутайн хөгжил” нэгдлийн 2-р бригадад 1980 оноос 1983 оны 6 дугаар сар хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд явж 1986 онд халагдаж ирсэн. Ингээд 1986 оны 7 дугаар сараас эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал малласан ба өнөөдрийг хүртэл хувийн малаа маллан амьдарч байна. 1988 онд эхнэр М.Цэцэгмаатай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. 1995 онд гэр шатаж бичиг баримт устсан тул аймгийн архиваас лавлагаа авсан боловч зарим онуудын материал олдохгүй байгаа болно. Би нэгдэл тартал Сутайн хөгжил нэгдэлд мал малласан. Одоо малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч материал дутуу, жил хүрэхгүй гэсэн шалтгаанаар тогтоолгох боломжгүй болоод байгаа тул архиваас лавлагаа авч нэхэмжлэлдээ хавсаргав. Мөн цэргийн архивын лавлагаа Батсайхан нэрээр гарсан тул нэрээ Б болгож засварлуулахаар хүсэлт гаргав.
Иймд Р.Б намайг Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1980 оноос 1983 оны 6 дугаар сар хүртэл,1986 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг, мөн Цэргийн албан хаасан хугацааны лавлагаа нь Равжир овогтой Б мөн болохыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Р.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оноос 1983 оны 6 дугаар сар хүртэл, 1986 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Р.Б нь 1980 оноос 1983 оны 6 дугаар сар хүртэл, 1986 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн 9423 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1604000548 дугаар баталгаажилтын хуудасны хуулбар,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 520 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадын 1980-1983, 1987-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Ц.Баяраагийн... “Р.Б Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн сургуулийг 1976 онд 4-р анги төгсөөд шууд мал дээр гарсан. Манайх тэднийнхтэй Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад хамт мал малладаг байсан. 1983-1986 он хүртэл цэргийн албан хаасан. Цэргийн алба хааж ирээд нэгдэлдээ 1990 он дуустал эм хонь малладаг байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Ч.Цэвээнсүрэнгийн... “Р.Б нь 1980 онд Ховд аймгийн Дарви сумын сургуулийн 4 дүгээр анги төгссөн. Аав ээжийн хамт Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд мал маллаж байгаад 1986-1989 онд цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Р.Бг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин цэргийн архивын лавлагаагаар Р.Батсайхан нэрийг Б гэж засварлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зэвгийнхэн овогт Равжирын Бг 1980 оноос 1983 оны 6 дугаар сар хүртэл, 1986 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн 9423 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар Р.Батсайхан гэснийг засварлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Р.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ