| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0045/И |
| Дугаар | 76 |
| Огноо | 2019-03-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Ж.С-т холбогдох
Зээлийн төлбөр 2,178,298.76 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.Г, хариуцагч Ж.С оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Ц, Ж.С нар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Х банктай 1390012033 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 2016 оны 11 сарын 17-ны өдөр зээлдэгч Ц.Ц-н Х банк дахь ... тоот дансанд 6,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон байна. Зээлдэгч Ц.Ц нь зээл авснаас хойш хэвийн төлж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан бөгөөд дээрх хугацаанаас хойш гэрээний 4.2 дахь заалтыг үндэслэн харилцагчийн ... тоот харилцах данснаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар зээлийн төлбөрт суутгасан. Зээлдэгч нь зээлийн хугацаанд нийт үндсэн зээлд 3,902,682.53 төгрөг, зээлийн хүүд 1,579,175.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 355,33 төгрөгийг төлсөн байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.С нь гэрээний 3.3 дахь заалтын дагуу зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд зээлдэгчийг нас барснаас хойш ... тоот зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан боловч сар бүр зээлийн төлбөрийг төлөлгүй 2018 оны 2 дугаар сараас хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 382 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг нас барсны дараа зээлийн төлбөрийг төлөх талаар түүний ар гэр болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, утсаар холбогдож, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг өгч, мэдэгдэх хуудсыг өгсөн боловч хамтран үүрэг гүйцэтгэгч нь банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан ... тоот зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2019 оны 02 сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 2,597,317.47 төгрөг, зээлийн хүү 1,246,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,836 төгрөг, нийт 3,869,801.47 төгрөгийн нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллага 2019 оны 03 сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага багасгасан нэхэмжлэлдээ: Замын-Үүд сумын Х банкны зээлийн хорооны 2019 оны 02 сарын 18-ны өдрийн ... тоот шийдвэрээр зээлдэгч Ц.Ц-н зээлийн хүүг нас барсан өдрөөс буюу 2017 оны 09 сарын 14-ний өдрөөс зогсоож, дээрх хугацаанаас хойш төлсөн хүүгийн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох, мөн нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 02 сарын 19-ны өдөр хүртэл тооцогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаах шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн мөнгөн дүнг дараах байдлаар өөрчилж байна. Нийт нэхэмжилсэн 3,869,801.47 төгрөгөөс нас барснаас хойш төлсөн 419,018.71 төгрөгийн хүү болон 2019 оны 02 сарын 19-ны өдөр хүртэл бодогдсон 1,272,484 төгрөгийн хүүг хасч нэхэмжлэлийн үнийн дүнг 2,178,298.76 төгрөг болгон хасагдуулсан болно гэжээ.
Хариуцагч Ж.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлдэгч Ц.Ц нь манай нөхөрийн ах юм. Энэ хүн нь 2016 оны 11 сарын 17-нд 6,500,000 төгрөгний зээл авч төлбөрийг гэрээний дагуу барагдуулж байгаад 2017 оны 09 дүгээр сард нас барсан. Тухайн үед төрсөн эгч Ц.А нь Х банкны дарга болон эдийн засагч нартай нь уулзаж учир явдлыг хэлээд хүүг нь зогсоож өгөхийг хүссэн өргөдөл өгсөн боловч таг чиг байж байгаад 2018 оны 12 сарын 27-ны өдөр мэдэгдэл өгсөн. Ц.Ц-г нас барсны дараа хугацаатай хадгаламжинд нь байсан 2.000.000 төгрөг, ажилгүйдлын тэтгэмжийг Х банк нь татан авсан. /Ажилгүйдлийн тэтгэмж хэдэн төгрөг татан авсан нь тодорхойгүй, нийгмийн даатгал нууц гээд хэлж өгөөгүй. Үүнийг тодруулах/ Нийт хэдэн төгрөг тухайн зээлдэгч төлж, хэдэн төгрөг суутгаж аваад хэд үлдэгдэлтэйг хэлээгүй 1 жил гаруй хугацааг өнгөрөөж өдий хүрчээд, хүсэлт өгсөөр байхад хүүг ч зогсоолгүй нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үед нь дуудаж учир явдлыг нь хэлээгүй таг болоход нь нас барсан хүний зээл хаагддаг юм байна гэж ойлгож өдийг хүрсэн. Ах нь зээл авах гэсэн юм миний дүү батлан даагаад өгөөч гэхэд нь ийм юм болно гэж төсөөлсөн ч үгүй батлан даасан. Нас барсны дараахан нь зээлийн асуудал яригдсан бол тэр үед нь гэр бүл ах дүүг нь наана цаана гээд хэлж ярих байлаа. Нөхөр болон би өөрөө ажилгүй 4-н хүүхэдтэй өөрийн амьдралаа зохицуулах гэж чадан ядан зүтгэж байгаа тул миний хувьд энэ зээлийг төлөх боломжгүй байна. Ц.Ц нь Х банканд данстай виза карттай түүнд нь мөнгө байгаа гэсэн. Бидэнд хэдэн төгрөг байгааг хэлж өгөхгүй байгаа тул Ц.Ц-н нэр дээрхи картанд байгаа мөнгийг татан авч Х банкны зээл рүү нь хийж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х банкны Замын-Үүд дахь сум дундын шүүхэд өгсөн бичиг баримттай танилцаж дараах тайлбар гаргаж байна. Ц нь 2017 оны 09 дүгээр сард нас барсан. Нас барсны дараа нь төрсөн эгч болох Ц.А нь Х банктай уулзаж нас барсан талаар мэдэгдэж зээлийг хаах талаар өргөдөл өгсөн байхад тухай үед нь банкны эдийн засагч нь өмнө нь төлсөн зээл дээр ажилгүйдэлийн тэтгэмж, хугацаатай хадгаламж нь нэмэгдээд зээл нь хаагдчих юм байна ш дээ гэж байсан. Түүнээс хойш таг чиг байсан мөртлөө 2-3 жилийн ар дээр гэнэт зээл нэхэмжилсэнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.С миний бие нь нөхөр 4-н хүүхдийн хамт амьдардаг. Ажил хийдэг орлоготой хүн байхгүй тул энэ зээлийг төлөх боломж байхгүй гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Ц, Ж.С нар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Х банктай ... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6,500,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Замын-Үүд сумын Х банкны зээлийн хорооны 2019 оны 03 сарын 18-ны өдрийн ... тоот шийдвэрээр зээлдэгч Ц.Ц-н зээлийн хүүг нас барсан өдрөөс буюу 2017 оны 09 сарын 14-ний өдрөөс зээлийн хүүг зогсоож, дээрх хугацаанаас хойш төлсөн хүүгийн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцон 2,178,298.76 төгрөгийн нэхэмжилж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Ж.С-с зээл 2,178,298.76 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 02 сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийт 3,869,801.47 төгрөгийн нэхэмжилж байгаад хэрэг хянагдаж байх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага 2,178,298.76 төгрөг болгон багасгасан байна.
Хариуцагч Зээлдэгч Ц.Ц, Ж.С нар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Х банктай ... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6,500,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан байх ба зохигч нарын ооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгууллагдсан. Зээлдэгч Ц.Ц нь зээл авснаас хойш хэвийн төлж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан. Хамтран зээлдэгч Ж.С нь 2016 оны 11 сарын 17-ны өдрийн ... гэрээний 3.3 дахь заалтын дагуу зээлдэгчтэй адил эрх, эдэлж, үүрэг хүлээх бөгөөд зээлдэгчийг нас барснаас хойш ... тоот зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Ж.С-с зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Зохигчид буюу гэрээний талууд нь зээлийн гэрээнд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан байх ба гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу зээлийг төлөх төлбөрийн хуваарийн дагуу төлөх үүргээ хамтран хариуцагч Ж.С нь биелүүлээгүй удаа дараа зөрчин 382 хоног хугацаа хэтэрч эргэн төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ж.С нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талийгаач Ц.Ц нь жил гарангийн хугацаанд зээлээ төлж байсан, нас барснаас нь хойш түүний ажилгүйдэлийн тэтгэмж, Х банкны хадгаламжийн дансанд байсан мөнгө төгрөгийг авч зээлийг хаах боломжтой гэж маргасан боловч татгалзлаа нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь зээлдэгч Ц.Ц-н ... тоот дансанд 2017 оны 10 сарын 09-ний өдөр ажилгүйдэлийн тэтгэмж 810,890 төгрөгийн, 2018 оны 11 сарын 19-ний өдрийн байдлаар хадгаламжинд нь байх 2,564,776.49 төгрөгийг зээлийн үлдэгдэлээс хасч тооцсон болох нь нэхэмжлэгч байгууллагийн төлөөлөгчийн тайлбар, ... дугаартай Х банкны дансны хуулга, ... дугаартай хадгаламжийн дансны хуулга, ... дугаартай цалингийн зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ж.С-с зээл 2,178,298.76 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Ж.С-с шалтгаалахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх тул улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 27,054 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Ж.С-с зээл 2,178,298.76 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дорноговь аймгийн Х банкны Замын-Үүд салбарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 76.867 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-с 2,178,298.76 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 49.803 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б