Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 16

 

                       

 

 

 

 

 

 

 

 

                             Д.Ад холбогдох эрүүгийн

                                              хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдолоор Д.Ад холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат,  1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7-3 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ДЕ97010171, Цоохор овогт Д. А нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч П.Мын Самсунг галакси вайд маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Цоохор овгийн Д. А-г Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Д.Аг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Агийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Д.Агийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Д.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэнсэх санал тавиагүй тул 6 сарын хорих ял оногдууллаа гэснийг үл зөвшөөрч байна. Д.А нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөгдсөн зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.   

 

Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Агийн өмгөөлөгчөөр оролцож байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Тус шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчийг тэнсэх санал тавиагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж байна гэж 6 сарын хорих ял оногдуулсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэг дээр үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Хэргийн материалаас хараад үзэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд би өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэж хүсэлт хэргийн материалд хийж өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүх дээр 22 настай энэ залуугийн ээж нь над дээр ирж уулзсан. Төлбөрийн чадвар байхгүй манай хүүхэд анх өмгөөлөгч авч чадалгүй шүүх хуралдаанд орсон өмгөөлөөд өгнө үү гэсэн. Өмгөөлөгчийн хувьд үнэ төлбөргүй өмгөөлж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр төлбөрийн чадваргүй өмгөөлөгчтэй орох боломжгүй байсныг эх нь хэлдэг. Аав нь нас бараад нэг жил болж байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Хувийн байдлыг тогтоосон зүйл хэрэгт дутмаг харагдаж байсан. Өндөр настай ээжтэйгээ байдаг. Анхан шатны шүүх тэнсэх санал тавиагүй учраас 6 сарын хорих ял оногдуулж байна гэж дүгнэлт гаргасан байдаг. Анх мөрдөн шалгах ажиллагаа байгаад прокуророос хэргийг шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг танилцуулдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд холбогдох хохирлоо төлөх юм бол эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл болдог гэдгийг Прокурор хэргийг шилжүүлэхэд танилцуулж гарын үсэг зуруулдаг. Анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал нь юу юм гэхээр тухайн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ямар нөхцөл байдал байна. Хувийн байдлыг нь судлаад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бүрэн боломж байсан. Гэтэл энэ хүнийг хууль зүйн туслалцаа авч чадаагүй, төлбөрийн чадваргүй байсан энэ хүүхдийн хувьд тэнсэх гэдэг ойлголтыг ч мэдэхгүй. Гэтэл тэнсэх санал тавиагүй тул 6 сарын хорих ял оногдуулж байна гэж дүгнэлт гаргаж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр өөрөө хуульд нийцээгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг сануулсан энэ залуугийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Хх-74-рт байгаа ял шалгах хуудсыг шалгахад анх удаа гэмт хэрэгт холбогдсон.  Хх-78-рт энэ хүүхэд цэрэгт явж ирээд 2 хоноод энэ хэрэгт холбогдсон. Цэрэгт байх хугацаанд нь аав нь нас барсан. Энэ хүүхэд аавынхаа хойноос буяны ажил ч хийж чадаагүй гэмт хэрэгт холбогдсон. Үүндээ маш их харамсаж байгаа өөрөө илэрхийлдэг. Хх-95-рт хохирогч Манлайбаатарын хувьд хэргийн материалтай танилцаад гомдол, саналгүй гэдгээ илэрхийлдэг гэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэгдсэн Д.Ад холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцсан, тайлбарыг сонслоо. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Учир нь шүүгч шүүгдэгч шүүх хуралдаан дээр өөрийгөө өмгөөлж оролцсон. Гэм буруугийн талаар маргаагүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болно гэж шийтгэх тогтоолын дүгнэлт дээр дурдсан боловч тогтоох хэсэг дээр тэнсэх талаар санал хүсэлт гаргаагүй тул 6 сарын хорих ял оногдууллаа гэдэг өгүүлбэр тогтоох хэсэгт байхгүй байгаа. Өмгөөлөгчийн хэлээд байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх эсэх нь шүүхийн дотоод итгэлийн асуудал байсан. Д.Агийн тухайд шүүх хуралдаан дээр өөрийгөө илэрхийлэх биеэ авч яваа байдал болон үг ярианы хэллэгээр шүүхэд дотоод итгэл үзүүлээгүй байх боломжтой. Энэ бол цэвэр шүүхийн дотоод итгэлийн асуудал. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж болно гэж байгаа учраас заавал хэрэглэх талаар хуульд зааж өгөөгүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг танилцуулах эсэх асуудал нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчөөс танилцуулж хавтаст хэрэгт авагдсан байгаа. Прокурорын шатанд гарын үсэг зуруулдаггүй. Энэ талаар Д.А өмгөөлөгчгүй байсан учраас тайлбарлаж, танилцуулсан байгаа. Шүүхийн шийдвэрийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 39.8 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолд заасан хэргийн бодит байдалд нийцээгүй болон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй учраас анх шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

             Д.А нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч П.Мын  самсунг галакси вайд маркийн гар утасыг дээрэмдэж 200000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Эдгээр үйл баримт нь насанд хүрээгүй хохирогч Д.М, гэрч А.Сүхбат нарын: “Тухайн өдөр хамт дотуур байрнаасаа гарч явахад нь үл таних хүн дуудаж приүс 20 авто машины арын суудалд суулгаад “Мөнгө байна уу? гээд “Байхгүй” гэхэд нь “Гар утас байна уу? Гар утасаа гаргаад ир“ гэж өндөр дуугаар хэлээд Д.А нь өөрийн самсунг галакси вайд маркийн гар утасаа гаргаж ирэхэд нь шууд авч халаасандаа хийгээд  утасаа авъя гэхэд нь “Юу гээд байгаа юм бэ? Дэмий шүү” гэж сүрдүүлээд жолоочийг дэлгүүрийн үүдэнд зогсоож уг утасыг өгч барьцаанд тавиад юм аваад ир гэж хэлж авхуулсан” тухай мэдүүлгүүд,

 

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн: “Амарбуян гэдэг залуу Манлайбаатар, Сүхбат нараас “Мөнгө байна уу?” гэж асуугаад “Байхгүй” гэхэд нь “Утас байна уу?” гэж асуугаад “Байгаа” гэж байсан бөгөөд Д.А нь ухаалаг гар утас өгч барьцаанд тавиулж 0.75 грамм хэмжээтэй ерөөл өрхи, панта нэртэй ундаа зэрэг хүнсний зүйл авхуулсан тухай мэдүүлэг,

 

Гэрч Г.Анхзаяагийн: “Д.А тэр хоёр залууг “Хаанахынх вэ? Мөнгө байна уу?” гэж асуугаад “Байхгүй” гэхэд нь “Тэгвэл 10000 төгрөг олоод өгчих” гэж дээрэнгүй өнгө аястай хэлээд  “Үнэхээр мөнгө олдохгүй” гэхэд нь “Гар утас байна уу?” гээд гар утасаа гаргаж ирэхэд нь авах шиг болсон тухай мэдүүлэг,

 

Гэрч Б.Баярсайханы: “2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Пүрэвсүрэн гэдэг залуу Их мөрөн дэлгүүрт нь шаргал өнгийн самсунг галакси маркийн гар утасыг 23000 төгрөгийн хүнсний зүйлийн барьцаанд тавьсан тухай мэдүүлэг, Б.Баярсайханаас уг гар утасыг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Ад уг гар утасыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, хоорондоо ноцтой зөрүүгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг бодитой үнэлсэн байна.

 

Шүүгдэгч Д.Агийн үйлдэл бусдын мэдэлд байгаа эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч өөрийн дураар захиран зарцуулснаараа дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Тиймээс шүүгдэгч Д.А нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Гэвч давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хуулиар олгогдсон хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ шүүгдэгчид  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дах Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газараа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, Д.Аг сулалсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агийн цагдан хоригдсон 46 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ш.БАТТОГТОХ

 

    ШҮҮГЧИД                                 Б.АРИУНБАЯР

 

                                                      Ч.ЭНХТӨР