Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0192

 

 

 

 

 

 

 

 

 

С.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.Г

Нэхэмжлэгч: С.Г

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэгж талбарын 1801801***, 1802708*** дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгасан захирамж гаргаж, эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/1064 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0760/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Г нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан “Нэгж талбарын 1801801***, 1802708*** дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгасан захирамж гаргаж, эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/1064 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Гаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т “Нэхэмжлэгч нь анх газар эзэмших эрхийг 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр, орон сууцны хашааны газар-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай олж авснаас хойш Ч.Ганхуяг нь уг газруудыг зориулалтын дагуу ашиглаагүй өөрөөр хэлбэл, газруудыг бодитойгоор эзэмшиж байгаагүй болох нь шүүхээс явуулсан маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэсэн үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй.

Учир нь шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлд маргаан бүхий хоёр газар хашаа баригдсан байгаа зураг авагдсан. Харин нэг хашааг нураагаад үлдэгдэл нь үлдсэн байгаа ч зураг мөн авагдсан. Гэтэл шүүх ямар нэг хашаа байгаагүй гэсэн нь өөрийн нүдээр үзсэн хашааг байхгүй мэтээр шийдвэртээ тусгасан. Түүнчлэн энэ заалтад нэхэмжлэгчийн овгийг Ч.Ганхуяг гэж буруу бичсэн.

3.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т нэхэмжлэгчийн овгийг Ч.Г гэж буруу бичсэн.

3.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 15.3-т “...шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явуулсан үзлэгээр маргаан бүхий нэг газар дээр ямар нэг байдлаар хашаа хатгасан, бусад этгээдийн газраас тусгаарласан зүйлгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баригдсан барилга байгууламжгүй хоосон газар байсан нь тогтоогдсон, маргаан бүхий нөгөө газар нэхэмжлэгчээс “зардал гаргаж хашаа барьсан” гэх авч энэ тохиолдолд анх 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр, орон сууцны хашааны зориулалтаар газрын эзэмшиж эхэлснээс хойш зориулалтын дагуу газраа ашигласан гэдэг нь тогтоогдохгүй, гэрчилгээ сунгуулахын тулд 2024 оны 05 сард хашаа барьсныг зориулалтын дагуу газраа ашигласан байна гэж үзэх үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 2009 оны 07 дугаар сард хашаа барьсныг зориулалтын дагуу газраа ашигласан байна гэж үзнэ, харин 2024 оны хавар хашаа барьсныг зориулалтын дагуу газраа ашигласан байна гэж үзэхгүй гэж байгаа нь хэргийн бодит нөхцөл байдлыг тайлбарлаж хэрэглэхдээ ноцтой алдаа гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 12/ШШ2024/1064 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч С.Гаас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан “нэгж талбарын 1801801***, 1802708*** дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгасан захирамж гаргаж, эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 169 дүгээр захирамжаар нэгж талбарын 1802708*** дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Гурав жаран есийн гарам” нэртэй газрын 488 тоот хаягт байрлах 699 м.кв газар, мөн нэгж талбарын 1801801*** дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Дарцагт уул” нэртэй газрын 14 тоот хаягт байрлах 699 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар тус тус арван таван жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч С.Гт эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгч С.Г нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудын эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, тус албаны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 18/1301 тоот албан бичгээр “... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг тус тус зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

2.3. Анхан шатны шүүх “... 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр, орон сууц хашааны зориулалтаар газрыг эзэмшиж эхэлснээс хойш зориулалтын дагуу газраа ашигласан гэдэг нь тогтоогдохгүй, гэрчилгээгээ сунгуулахын тулд 2024 оны 5 сард хашаа барьсныг зориулалтын дагуу газраа ашигласан байна гэж үзэх үндэслэлгүй ... Газрын тухай хуулийн 40.1.6 гэсэн тайлбартайгаар нэхэмжлэгчийн захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, хавсралтыг хянаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь эрхийн гэрчилгээг үргэлжлүүлэн эзэмших нөхцөлийг хангаагүй болох нь нотлогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгчээс “... анх газар эзэмших хүсэлт гаргахдаа газраа өөрөө сонгож гаргаагүй, дүүргийн газрын албанаас нэгдсэн журмаар газар олгож байсан. Иргэдэд ногдсон газрыг үзүүлэх үеэр нэгдсэн төлөвлөлт хийсэн, цаашид төрөөс цахилгаан, дулаан, засмал зам барина, сургууль цэцэрлэг ч төлөвлөгдсөн, дэд бүтэц шийдсэний дараа амины хашаа байшингаа бариарай гэж хэлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл юу ч бариагүй. Хашаагаа барьчих юм бол гэрчилгээг чинь сунгаж өгнө гэхээр нь би 2024 оны 5 дугаар сард газар дээрээ хашаа бариад газрын хянан баталгааны дүгнэлт гаргуулаад, газрын төлбөрөө бүрэн төлөөд хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрчилгээгээ сунгуулахаар хүсэлт гаргахад гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн. 2024 оны 04 дүгээр сарын үед цахимаар гэрээ баталгаажуулсан ...” гэж тайлбарлан маргаж байх бөгөөд хариуцагч талаас уг тайлбарыг үгүйсгэсэн аливаа тайлбар, баримтыг гаргаж мэтгэлцээгүй, газар эзэмших гэрээ хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэл түүний үндэслэл, тайлбар үндэслэлтэй.

3.1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.6-д газар эзэмших гэрээнд тусгах зүйлүүдийг жагсааж, гэрээний 2 талын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон, 34 дүгээр зүйлийн 34.8-д “гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

3.2. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.

3.3. Дээрх хуулийн заалт, тайлбараас үзвэл эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрийг үндэслэн тодорхой хугацаа, болзолтойгоор газар олгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор Монгол Улсын иргэнд газар эзэмших эрх үүсэхээр зохицуулж, эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хугацааг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн 2 жилийг тооцохоор тайлбарласан байна.

3.4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 169 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Гт гэр, орон сууцны хашааны зориулалтаар газрын эзэмших эрхийг олгосон байх боловч захиргааны байгууллагаас газар эзэмшигчтэй гэрээ байгуулаагүй, гэрээний биелэлтийг Газрын тухай хуулийн 34.8-д заасны дагуу дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа “гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

4. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гээд 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ; 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, мөн хуулийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж тус тус заасан.

4.1. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор байх бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн “Нэгж талбарын 1801801***, 1802708*** дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө буюу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дээрх хуульд заасан баримтуудыг хавсарган хугацаа сунгуулах хүсэлт гаргасан боловч сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

4.2. Дээрхээс дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч С.Гийг гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул хариуцагчийн татгалзал хууль бус гэж шүүх үзлээ.

4.3. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нэгэнт тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “... дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор ... газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж заасны дагуу “Нэгж талбарын 1801801***, 1802708*** дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгах нь зүйтэй байна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/1064 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан, “Нэгж талбарын 1801801***, 1802708*** дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоож,  газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ